Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/746

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

улсын яллагч Д.Ганчимэг,

шүүгдэгч М.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Ө Н овогт М-ын А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2208000000899 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1998 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Орхон аймгийн ... суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, “М” ХХК-д тоног төхөөрөмжийн механик ажилтай, ам бүл 3, эх, өвөөгийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн ... дүгээр хороо хоршоолол ... гудамж ... байрны ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Ө Н овогт М-ын А (РД:....);

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” шатахуун түгээх станцын орчимд ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явж байхдаа урдаа яваа тээврийн хэрэгслийг мөргөж, улмаар тус машины жолооч Д.Э-ийг машинаа эвтэйхэн барьж явсангүй хэмээн түүний нүүрэн тус газарт цохиж, Д.Э-ий биед зүүн нүдний зовхи, алимны салстын цус хуралт, дээд уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн гэмтлийг учруулсан, мөн салгах гэж оролдсон иргэн Ц.У-гийн нүүрэн тус газар мөргөж, Ц.У-гийн биед дээд уруулын язарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүдийг учруулж, 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

        ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Хохирогч Д.Э-ий мэдүүлэг (хавтаст хэргийн 3-10 дахь тал), хохирогч Ц.У-гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 11-18 дахь тал), шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 6022 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 32-33 дахь тал), шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 6020 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 36-37 дахь тал), шүүгдэгч М.А-ын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 50 дахь тал), ажлын газрын тодорхойлолт (хавтаст хэргийн 52 дахь тал), оршин суух хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 53 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 72 дахь тал), шүүгдэгч М.А-ын яллагдагчаар мэдүүлэг (хавтаст хэргийн 44-47 дахь тал) зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Нэг: Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч М.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” шатахуун түгээх станцын орчимд ... улсын дугаартай ... маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа урдаа яваа ... улсын дугаартай приус 30 маркийн тээврийн хэрэгслийг араас нь мөргөж, улмаар тус машины жолооч Д.Э-ийг “машинаа эвтэйхэн барьж явсангүй” хэмээн түүний нүүрэн тус газарт цохиж, Д.Э-ий биед зүүн нүдний зовхи, алимны салстын цус хуралт, дээд уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн гэмтлийг учруулсан, мөн салгах гэж оролдсон иргэн Ц.У-гийн нүүрэн тус газар мөргөж, Ц.У-гийн биед дээд уруулын язарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүдийг учруулж, 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь: 

1. Хохирогч Д.Э-ий: “...2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 22:10 минутын орчим “Нисэх”-н тойрог дээр байх Номин худалдааны төвөөс өөрийн эхнэр У-г ... улсын дугаартай приус 30 маркийн автомашинтайгаа ажлаас нь аваад гэр лүүгээ явж байсан. Тэгсэн 22 цаг 30 минутын орчим Энхжин худалдааны төвийн замын эсрэг талд авто зам дээр өөрийн тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцож байхад араас ... улсын дугаартай цагаан өнгийн кроувн загварын автомашин хүчтэй ирж мөргөсөн. Тэгээд би автомашинаасаа буугаад очиход тус ... улмын дугаартай автомашины жолооч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн, миний урдаас яаж яваад байгаа юм гэж хэлээд орилоод уруул орчим руу баруун гараараа 2 удаа, мөн зүүн нүд рүү баруун гараараа нэг удаа цохисон. Тэр хугацаанд манай эхнэр У- нь автомашины урд талын зорчигчийн талаас бууж ирээд намайг цохисон согтуу жолоочоос салгах гэхэд манай эхнэрийн уруул руу нэг удаа мөргөчихсөн. Мөн намайг өшиглөх гэж байгаад эхнэрийн баруун гуя руу нь баруун хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тэгсэн замын хөдөлгөөнд оролцож байсан тээврийн хэрэгслүүдийн жолооч, зорчигч нар намайг болон эхнэрийг маань цохиж зодсон согтуу жолоочийг салгаж холдуулсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан. Миний толгой, эрүү, нүд, уруул өвдөж байна. Миний бусдад зодуулсан газар Нисэх, Сонсголонгийн зам талаасаа хотын төв орох талдаа буюу ертөнцийн зүгээр замынхаа урд талд нь зодуулсан. Надад эмчилгээтэй холбоотой томографын 240,000 төгрөгийг А гаргаж өгсөн. Өөр эмчилгээтэй холбоотой баримт гараагүй. Баримтыг нь утгасан байна. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Миний зүгээс А эмчилгээний зардлыг бүрэн барагдуулсан байгаа тул уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлтэй байна...” гэсэн  мэдүүлэг (хавтаст хэргийн 6, 9-10 дахь тал),

2. Хохирогч Ц.У-гийн: “...2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 20 цаг 10 минутын орчим “Нисэх”-н тойрогт байх Номин худалдааны төвөөс өөрийн ажил дээр байхад манай нөхөр Э өөрийн ... улсын дугаартай приус 30 маркийн автомашинтайгаа ирж авсан. Манай гэр Хайлаастад байдаг болохоор хотын төв тал руугаа 5-н шар орчим руу явахаар Энхжин худалдааны төвийн эсрэг талд замын хөдөлгөөнд оролцоод явж байхад манай автомашины араас цагаан өнгийн кроувн загварын автомашин ирээд мөргөчихсөн. Манай нөхөр автомашинаас буугаад араас мөргөсөн автомашины жолоочтой уулзах гэхэд тухайн жолооч нь согтуу архи уусан байдалтай байсан.Тэгээд манай нөхрийн уруул орчим баруун гараараа 2 удаа, зүүн нүд рүү нь нэг удаа баруун гараараа тус тус цохичихсон. Тэр хугацаанд би манай нөхрийг зодсон согтуу жолоочийн гарыг нь барих гэтэл намайг нэг удаа дух хэсгээрээ уруул орчим мөргөчихсөн. Тэгсэн замын хөдөлгөөнд оролцож байсан хүмүүс автомашинаасаа бууж ирээд нөхөр бид хоёрыг зодсон залуугаас салгасан. Тэгээд манай нөхөр цагдаа дуудсан. Томографын 240,000 төгрөгийн зардал гарсныг А-аас бүрэн авсан. Өөр эмчилгээ хийлгээгүй. Ямар нэг баримт байхгүй. Миний зүгээс Ат ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 14, 17-18 дахь тал),

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 6022 дугаартай:

“...Ц.У-н биед дээд уруулын язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Учирсан гэмтэл нь нэг хоногийн дотор үүссэн шинэ гэмтэл байна...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 32-33 дахь тал),

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 6020 дугаартай:

“...Д.Э-гийн биед зүүн нүдний зовхи, алимны салстын цус хуралт, дээд уруул цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Учирсан гэмтэл нь нэг хоногийн дотор үүссэн шинэ гэмтэл байна...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 36-37 дахь тал),

5. Шүүгдэгч М.А-ын: “...Тухайн үед согтуудаа хохирогч Д.Э, Ц.У нарын биед учирсан шүүх эмнэлгийн дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүдийг учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Хохирогч Д.Э, Ц.У нараас уучлалт гуйж эмчилгээний зардлыг бүрэн төлж барагдуулсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 46-47 дахь тал) зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Хэргийн үйл баримтуудаас харвал, шүүгдэгч М.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож хохирогч Д.Э-ий жолоодож явсан тээврийн хэрэгслийн араас нь  мөргөсөн төдийгүй уг зам тээврийн осол өөрөөс нь шалтгаалан гарсан байх атал бусдаас шалтгаалсан мэтээр өө хайж улмаар мөргүүлсэн автомашины жолооч Д.Э-ийг зодож гэмтэл учруулсан, мөн тэднийг салгах гэж оролдсон Д.Э-ий эхнэр Ц.У-г толгойгоороо мөргөж,  хөл рүү нь өшиглөх зэргээр зодож, бусдын буюу 2 хүний эрүүл мэнд, бие эрхтэнд халдаж хохирол, хор уршиг учруулсан нь үйлдэл нь дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтогдсон байна.

Шүүгдэгч М.А нь хүний биед халдвал гэмтэл учрах эрсдэлтэй гэдгийг мэдэж, ухамсарласан атлаа хохирогч нарыг цохих, мөргөх, өшиглөх зэргээр тэдгээрийн бие махбодод халдаж хүч хэрэглэж буй үйлдлийг хохирогч нарт хохирол учруулахыг хүсэж үйлдсэн гэж үзэх, дүгнэх үндэслэл болсон төдийгүй шүүгдэгчийн энэхүү үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзэхээр байна.

Иймд шүүгдэгч М.А-ын 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүнийг” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн хэмээн зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж, шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тогтов.   

Хохирол төлбөрийн тухайд: Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Э, Ц.У нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нар нь эмчилгээ хийлгэсэн баримтыг гаргаж өгөөгүй, тэдгээр нь нийтдээ 720,000 төгрөг авсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлцгээсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор нь М.А-т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг яллагдагч (шүүгдэгч) М.А-т танилцуулсан байх ба тэрбээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

Шүүгдэгч М.А-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдэгдэх болсон шалтгаан, гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэмжээ зэргийг харгалзсанаас гадна тэрбээр хохирогч нарт төлөх төлбөргүй, хувийн байдлын хувьд өмнө гэмт хэрэгт холбогдож байгаагүй зэргийг харгалзан прокуророос гаргасан саналын хүрээнд шүүгдэгч М.А-т Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 4 сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч М.А нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                          ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ө Н овогт М-ын А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хоёр хүнд учруулсан гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.А-т 550 (таван зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А-т оногдуулсан торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.А нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Г.АЛТАНЦЭЦЭГ