Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/767

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр,

улсын яллагч Р.Мягмардорж,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос О овогт Б-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208000000497 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт амьдардаг гэх, Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо ... дугаар гудамж ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, О овогт Б-ийн Б (РД:...);

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Уулын 3-21 тоотод иргэн А.У-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан баруун гар орчимд заазуураар зүсэж эрүүл мэндэд нь “баруун долоовор хурууны нугалагч булчин тасалсан зүсэгдсэн шарх, хүзүүнд зулгаралт, зүүн ташааны ард цус хуралт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, түүнийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 3-5 дахь тал), хохирогч А.У-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дахь тал), гэрч Г.Т-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 27 дахь тал), шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 2977 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 31-32 дахь тал), шүүгдэгч Б.Б-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 55 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 58 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 59 дэх тал), оршин суух хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 60 дахь тал), үл хөдлөх эд хөрөнгөгүй лавлагаа (хавтаст хэргийн 61 дэх тал), шүүгдэгч Б.Б-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 76-77 дахь тал) зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Нэг: Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо ... тоотод иргэн А.У-ыг өөрийн хамтран амьдрагч Г.Т-тэй хардаж маргалдах, мөн буудал орох эсэх асуудлаас үүдэлтэйгээр муудалцаж, баруун гарын долоовор хуруу орчимд заазуураар зүсэж эрүүл мэндэд нь “баруун долоовор хурууны нугалагч булчин тасалсан, зүсэгдсэн шарх” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, түүнийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 3-5 дахь тал),

2. Хохирогч А.У-ын: “...2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 13 цагийн орчимд би би дэлгүүрээс 0,75 литрийн Соёрхол нэртэй архи 1 шилийг аваад Тийн гэрт буюу Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо ... тоотод очсон. Тэгээд Т, түүний нөхөр Б бид гурав тэр архиа хувааж уусан. Тэгсэн чинь Б тэр архиа ууж байснаа над руу агсраад байсан, би нэг их тоогоогүй. Т надад түмпэнтэй мах өгөөд заазуураар ид гээд өгсөн. Тэгээд байж байтал Б над руу архиндаа агсраад чи манай эхнэртэй явдаг гээд байхаар нь би “чи юу яриад байгаа юм бэ” гэсэн чинь гэнэт Б ширээн дээр байсан заазуурыг аваад над руу дайрахаар нь би өөрийгөө хамгаалаад түлхсэн чинь дахиж дайраад Б над руу заазуураараа далайгаад намайг гэмтээх гээд байхаар нь би сандраад заазуурынх нь ирнээс нь баруун гараараа бариад авсан чинь Б заазуураа өөр лүүгээ татаад миний баруун гарын хурууг зүсчихсэн. Тэгсэн чинь миний гараас цус гараад Т миний гарыг юбкаараа боож өгсөн. Тэгээд би гарч яваад цагдаад дуудлага өгсөн. Б миний баруун гарын долоовор хурууг заазуураар зүссэн, бас над руу дайраад миний нуруу, хүзүүг улайж шалбаруулсан байсан. Тэр үед Б миний гарыг зүссэн заазуур нь ногоон өнгийн иштэй заазуур байсан. Би Баас хохирол мөнгөө барагдуулж авмаар байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дахь тал),

3. Гэрч Г.Т-ийн: “...Тухайн үед манай найз У нь манай хамтран амьдрагч Б-ыг гаръя, явъя буудал оръё гээд байхаар нь Б явахгүй гэж хоорондоо маргалдаж байснаа гэнэт У-ын баруун гараас нь цус гараад байхаар нь харсан чинь У-ын баруун гарынх нь долоовор хуруу нь зүсэгдсэн байсан. Тэр үед У-ын биед учирсан баруун гарынх нь долоовор хурууг манай хамтран амьдрагч Б зүссэн байсан. Дараа нь би Баас юу болсон юм бэ гэхэд Б надад “У бид хоёр хоорондоо маргалдаад би ширээн дээр байсан заазуурыг бариад авсан чинь У миний барьсан байсан заазуурыг авах гэж байгаад ирнээс нь барьж авахад нь би заазуураа өөр лүүгээ татсан чинь У-ын хурууг нь зүссэн гэж хэлсэн. У нь манай гэрт ирэхэд биед нь ямар нэгэн гэмтэл шарх байгаагүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 27 дахь тал),

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 2977 дугаартай:

“...А.У-ын баруун долоовор хурууны нугалагч булчин тасалсан зүсэгдсэн шарх, хүзүүнд зулгаралт, зүүн ташааны ард цус хуралт тогтоогдлоо. Дээрх шарх нь иртэй зүйлээр, хүзүүний зулгаралт, зүүн ташааны цус хуралт нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, үрэх үйлдлээр үүсэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүндэвтэр зэргийн гэмтэл тогтоов. Дээрх гэмтэл нь нэг хоногийн өмнө үүссэн байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын алдалтанд тогтонги нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 31-32 дахь тал),  

5. Шүүгдэгч Б.Б-ын: “...манай хамтран амьдрагч Т түмпэнд байсан махыг ширээн дээр тавиад Ут өгсөн чинь хутга байхгүй байсан болохоор нь манай хамтран амьдрагч Т нь У-т шүүгээнд байсан ногоон өнгийн иштэй заазуурыг гаргаж өгсөн. У махаа тэр заазуураар идэж байгаад ширээн дээр тавьсан байсан. Тэгээд У намайг буудалд очиж архи уух уу гэхээр нь би үгүй гэсэн чинь У уурлаад байхаар нь би зөрүүлж уурлаад юун буудал орох вэ, чадахгүй гэсэн чинь У намайг авъя гээд зууралдаад байхаар нь би Утай маргалдаад ширээн дээр байсан ногоон өнгийн иштэй заазуурыг аваад У-ын гарыг нь зүсчихсэн. Тэгсэн чинь У-ын гараас нь цус гараад байхаар нь манай хамтран амьдрагч Т юбкаа ураад У-ын гарыг нь боож өгөөд байж байтал У гараад яваад өгсөн... “ гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 76-77 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч Б.Б, хохирогч А.У нар нь нийлж согтуулах ундааны зүйл хэрэглэх явцдаа үл ялих зүйлээр шалтаглан маргалдсан байх төдийгүй шүүгдэгч Б.Б нь ширээн дээр байсан заазуурыг авч хохирогч руу дайрч бие махбодод нь халдсан байх ба түүний үйлдлээс шалтгаалан хохирогчийн баруун гарын долоовор хуруунд зүсэгдэж, булчин гэмтээсэн шарх бүхий гэмтэл учирсан, уг гэмтэл нь хүндэвтэр зэргийн агилалд хамаарч байгаа нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон болно.

Шүүгдэгч нь зэвсэг хэрэглэн хүний биед халдаж буй тухайн үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарласан ч түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн шинжтэй байх тул шүүгдэгч Б.Б-ыг тус хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж дүгнэхээр байна.

Иймд шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч нар нь хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй, хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдав.

Хохирол, хор уршгийн тухайд: Тус гэмт хэргийн улмаас хохирогч А.У-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь эмчилгээ хийлгэсэн баримтыг гаргаж өгөөгүй тул түүний хохирол, хор уршигтай холбоотой зардлын асуудлыг энэ тогтоолын хамт шийдвэрлэх боломжгүй байна.

Харин хохирогч А.У- нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбогдон гарсан зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Б-аас нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч нь “...шүүгдэгч Б.Б-ад Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, түүний цагдан хоригдсон 8 хоногийг эдлэх ялд оруулан тооцох” тухай дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Улсын яллагчаас санал болгосон ялын төрөлд тайлбар байхгүй. Харин 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх оногдуулж өгнө үү” гэж,

Шүүгдэгч “...Хэлэх зүйлгүй” гэсэн саналыг тус тус гаргасан.

Шүүгдэгч Б.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, улмаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу тэрбээр зэвсэг хэрэглэн хүний биед халдсан нь нийгмийн аюулын шинжийг ихэсгэсэн, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзсанаас гадна нөгөө талаас шүүгдэгч Б.Б нь хувийн байдлын хувьд, өөрийн гэсэн эд хөрөнгөгүй, хадгаламж эзэмшдэггүй, мөн ажил хөдөлмөр эрхэлж цалин хөлс, бусад орлого олдог эсэхийг илэрхийлсэн ямар нэгэн баримтгүй зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 8 хоног цагдан хоригдсон байх тул түүний эдлэх хорих ялын хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна. (8х8=64 цаг)

Иймээс шүүгдэгч Б.Б-ын цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон түүнд оногдуулсан 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж (500-64=436), түүний эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялын хугацааг 436 цагийн хугацаагаар тогтоов.

Харин шүүгдэгч Б.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Б.Б-ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О овогт Б-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ад 500 (таван зуу) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ын цагдан хоригдсон 8 (найм) хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын  найман цагаар тооцон хасаж (500-64=436), түүний эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялын хугацааг 436 (дөрвөн зуун гучин зургаа) цагийн хугацаагаар тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хохирогч А.У нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбогдон гарсан зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Б-аас нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг заазуурыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Б-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Г.АЛТАНЦЭЦЭГ