Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/784

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Жавхлантөгс,

улсын яллагч Р.Мягмардорж,

шүүгдэгч Н.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос А овогт Н-н С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208005930895 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1976 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ногоон байгууламж компанид туслах ажилтнаар ажилладаг гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... дугаар гудамж ... тоотод оршин суух хаягтай, урьд

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 428 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн, уг ялыг биелүүлсэн, А овогт Н-н С (РД:...);

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.С нь 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... дугаар гудамж ... тоотод иргэн С.Б-ийг “гар утсаараа бичлэг хийлээ” гэх шалтгаанаар маргалдаж эрүүл мэндэд нь “тархи доргилт, хуйхны няцарсан шарх, зүүн нүдний доод зовхи, зүүн хацар, доод эрүү, зүүн гуяны цус хуралт, зөөлөн эдийн няцралт, зүүн завьжны зулгаралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

      ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Хохирогч С.Б-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 9 дэх тал), гэрч Г.Г-гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дахь тал), шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 1754 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 19-20 дахь тал), шүүгдэгч Н.С-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 45, 48-50 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 33 дахь тал), шүүгдэгч Н.С-гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 28 дахь тал) зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Н.С нь 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... дугаар гудамж ... тоотод иргэн С.Б-ийг “гар утсаараа бичлэг хийлээ” гэж уурлан маргалдаж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь: 

1. Хохирогч С.Б-ийн: “...2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... дугаар гудамж ... тоотод Н.С болон танихгүй эмэгтэйн хамт архи уусан, архи ууж байх явцад намайг гар утсаа оролдсон чинь Н.С гар утсаараа бичлэг хийлээ гэж уурлаад модон сандлаар миний толгой руу цохиод хөлөөрөө гуя руу өшиглөөд, нүүр лүү гараараа цохисон. Сандлаар цохиулаад миний толгойноос цус гарсан ба би буцааж огт цохиогүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би шүүх хуралд оролцохгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 9 дэх тал),

2. Гэрч Г.Г-гийн: “...Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт С ахтай хамт Хараа нэртэй архи 2022 оны 01 дүгээр сарын эхээр уусан ба гаднаас сүүлд нэрийг нь мэддэг болоход С.Б гэдэг шулганаж ярьдаг ах гар утсаа бариад ороод ирсэн. С ах архи уусан согтуу байхад бичлэг хийлээ гэж уурлаад гэрт байсан модон сандлаар толгой руу нь нэг удаа цохиод өшиглөөд цохиод хөөгөөд явуулсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дахь тал),

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 1754 дугаартай: “...С.Б-ийн биед тархины доргилт, хуйхны няцарсан шарх, зүүн нүдний доод зовхи, зүүн хацар, доод эрүү, зүүн гуяны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн завьжны зулгаралт гэмтэл учирсан нь тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 19-20 дахь тал),

4. Шүүгдэгч Н.С-гийн: “...Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... дугаар гудамж ... тоотод 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Г-тай хамт архи ууж байхад зүс таних С.Б утсаа бариад ороод ирэхээр нь бид хоёрын бичлэг хийгээд байна гэж бодоод зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан, би С.Б-тэй уулзаж уучлалт гуйсан. Хоорондоо эвлэрсэн надад ямар нэгэн гомдол саналгүй гэсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 28 дахь тал) зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Хэргийн үйл баримтыг дүгнэхэд, шүүгдэгч Н.С нь хохирогч С.Б-ийг архи ууж байхад бичлэг хийлээ гэх шалтгаанаар түүний толгой руу модон сандлаар цохих, гуя руу нь өшиглөх, нүүр лүү нь гараараа цохих зэргээр зодон бие махбодод нь халдаж гэмтэл учруулсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр илрэх ба тэрбээр өөрийн дээрх үйлдлийг хууль бус шинжтэйг болохыг ухамсарласан төдийгүй түүнийг хүсэж үйлдсэн, шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчид хөнгөн гэмтэл учирсан буюу хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, уг үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Н.С-гийн энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул тус зүйл, хэсгээр гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирол төлбөрийн тухайд: Гэмт хэргийн улмаас хохирогч С.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь эмчилгээ хийлгэсэн баримтыг гаргаж өгөөгүй, “гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Н.С-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч нь “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай жил хийлгэх ял оногдуулах” тухай дүгнэлтийг,

Шүүгдэгч нь “...уг ялыг биелүүлье” гэсэн саналыг тус тус гаргасан.

Шүүгдэгч Н.С-гийн үйлдэлд эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, мөн шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу тэрбээр сандлаар хүний толгой тус газар цохиж буй нь нийгмийн аюулын шинжийг ихэсгэсэн, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж, мөн шүүгдэгч Н.С-гийн хувийн байдал /өмнө ял шийтгэгдэж байсан ч дахин гэмт хэрэг үйлдсэн, засраагүй байдал/, тогтсон тодорхой ажил хөдөлмөр эрхэлдэггүй, цалин хөлс орлоготойг илэрхийлэх ямар нэгэн баримтгүй зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч Н.С нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Н.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон 

   ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А овогт Н-н С-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С-д 300 (гурван зуу) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.     

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

      

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.АЛТАНЦЭЦЭГ