Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 135/ШШ2018/00033

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс:135/2017/00730/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь би,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* хэсэг ******* /Утас: *******, *******/-ны нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* тоотод оршин суух ******* овгийн ******* ******* /РД:*******, Утас:*******/-т холбогдох

2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 5073 тоот тэтгэврийн зээлийн гэрээг цуцалж, 9,268,331.61 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхжаргал, М.Гэрэлмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа:

...Иргэн ******* овогтой ******* /нас барсан/, овогтой ******* нар нь тус банкны Тосгон тооцооны төвөөс 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 5073 тоот тэтгэвэрийн зээлийн гэрээ байгуулж, 10.638.200 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, өрхийн хэрэглээний зориулалтаар тэтгэвэрийн зээл авсан. Зээлдэгч нь тэтгэврийн зээлийн гэрээний эргэн төлөх хувиарын дагуу нийт үндсэн зээлд 2.226.250 төгрөг, хүүгийн төлбөрт 722.765 төгрөг, нийт 2.949.015 төгрөгийг төлсөн байна. Зээлдэгч тэтгэврийн зээлийн гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн тул банк зээлдэгчээс зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөөгүй байна. Иймээс банк тэтгэвэрийн зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.1 дахь хэсгийг үндэслэн шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 5073 тоот тэтгэвэрийн зээлийн гэрээг цуцлах, 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн байдлаарх зээлийн төлбөр гаргуулах, үндсэн зээлийн төлбөр 8.411.950 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 8.54.881 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 1500 төгрөг, бүгд 9.268.331 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 163.243 төгрөг гаргуулж өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.******* нь зээл авахдаа өргөдөлдөө хүүхдэд хашаа байшин авах зорилготой гэсэн байдаг. О.*******ийг хамтран үүрэг гүйцэтгэгчээр сонгоно гээд мөн О.******* нь энэ зээлийг төлж дуустал эрсдэлийг хүлээнэ гэдгээ илэрхийлээд гарын үсэг зурсан. Д.******* нь зээлийг аваад юунд ашигласан талаар мэдэх боломжгүй, тэтгэврийн зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-т зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгч нь үндсэн зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэж заасан байгаа. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд зааснаар батлан даагч үүрэг хүлээснээр гэрээ дуусгавар болно гэж заасан байгаа тул тэр утгаараа О.*******оос энэ мөнгийг нэхэмжилсэн... гэв.

Хариуцагч О.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

...Би уг тэтгэврийн зээлийг талийгаач Д.*******тай хамтран зээл авч өөртөө хэрэглээгүй. Өөрийн төрсөн эгч О. хөрш амьдардаг Д.******* гуайд гэр бүл, хамаатан дунд нь батлан даагч байхгүй тул тус болооч гэж гуйснаар нь янз бүрийн юм бодоогүй, батлан даагч нь болсон. Энэ зээлийг аваад талийгаач нь хүүдээ байшин барих засварлах зэргээр хэрэглэсэн ба би ганц ч төгрөг аваагүй, өөрийнх нь хэлснээр тэтгэврээрээ төлөөд дуусгах юм л бодсон. Уг зээл надад ямар ч хамааралгүй болохыг баталж 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр *******инд гаргаж өгсөн төрсөн хүүхдүүдийнх нь өргөдлийг хавсаргав. Иймд зохих журмаар нь шийдэж өгнө үү. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

******* хариуцагчаа буруу сонгосон гэж үзэж байна. Учир нь ******* Д.******* нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар зээлийн харилцаа үүссэн. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 4-т зааснаар зээлсэн мөнгийг Д.******* бэлнээр авсан. Тэр мөнгөнөөс О.******* ямар ч мөнгө аваагүй, гэтэл ******* хамтран үүрэг гүйцэтгэгчийг татаж оруулсан нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь ******* О.******* нарын хооронд зээлийн гэрээ хийгээгүй, Д.******* 2016 оны 07 сарын 06-ны өдөр нас барсан. Зээлдэгч нас барсан тохиолдолд түүний өв залгамжлагч нь ямар хүн байна, өөрийнх нь нэр дээр өв хөрөнгө байна уу гэдгийг судлах ёстой. Өв хөрөнгө байвал өв хөрөнгөөс нь үүргийн гүйцэтгэлийг хангуулах ёстой. Талийгаачийн өв залгамжлагч гэж 4 хүүхэд нь байгаа. Хавтаст хэргийн 61 дүгээр талд талийгаач Д.*******ы зээлийг 4 хүүхэд нь хуваагаад төлнө гэдгээ илэрхийлсэн. Мөн хавтаст хэргийн 71 дүгээр талд Д.*******ы өмчлөлийн газар байгаа, тэр газраас нь яагаад үүргийн гүйцэтгэлийг шаардахгүй байгаа вэ? ******* Д.******* нарын хооронд байгуулсан зээлийн гэрээнд Д.******* нас барвал О.******* төлнө гэсэн зүйл байхгүй. Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т зааснаар зээлдэгч нас барсан бол үүрэг дуусгавар болно гэж заасан байна. Энэ зээлийг авахад ямар нэгэн эд хөрөнгөө барьцаалаагүй, авч байсан тэтгэврээ барьцаалсан. Иймд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4, 240 дүгээр зүйлийн 240.1.2, 535 дугаар зүйлийн 535.1, 536 дугаар зүйлийн 536.1-д тус тус зааснаар ******* шүүхэд нэхэмжлэл гаргах биш, эхний ээлжинд өв залгамжлагч нарт хандах ёстой байсан. Иймд шүүхэд дахин нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *******ны Дархан салбар нь хариуцагч О.*******т холбогдуулан 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 5073 тоот Тэтгэврийн зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээл 8,411,950 төгрөг,хүү 854,881.61 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 1,500 төгрөг, нийт 9,268,331.61 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Нэхэмжлэгч *******ны Дархан салбар нь хариуцагч Д.*******, хамтран үүрэг гүйцэтгэгч О.******* нартай 2016 оны 07 дугаар с арын 06-ны өдөр 5073 тоот Тэтгэврийн зээлийн гэрээ байгуулж 10,638,200 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон байна.

2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 5073 тоот зээлийн гэрээг талууд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1-д зааснаар бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлж, хуульд нийцүүлж хийсэн хүчин төгөлдөр гэрээ байна.

Зээлийн гэрээний хугацаа 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр дуусах бөгөөд хариуцагч нар нь тэтгэврийн зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу зээлд 2,226,250 төгрөг, хүүд 722,765 төгрөг төлсөн бөгөөд 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 8,411,950 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 854,881.61 төгрөг төлөөгүй болох нь зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэргээр тогтоогдож байна.

Зохигч зээл, зээлийн хүү, хүүгийн тооцооллын талаар маргаагүй болохыг дурдаж байна.

2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 5073 тоот тэтгэврийн зээлийн гэрээнд талуудыг *******ны Дархан Тосгон Тооцооны төв, зээлдэгч Д.*******, хамтран үүрэг гүйцэтгэгч О.******* гэж тодорхойлж гэрээнд зааснаар зээлдэгч Д.*******, хамтран үүрэг гүйцэтгэгч О.******* нар нь 10,638,200 төгрөгийг 24 сарын хугацаанд ашиглаж, тохирсон хуваарь, эргэн төлөх дүнгийн дагуу төлж барагдуулах үүрэг хүлээж, үндсэн зээл, зээлийн хүүг төлөх үүрэг хүлээжээ.

5073 тоот тэтгэврийн зээлийн гэрээний хугацаа дуусгавар болоогүй, гэрээгээр тохирсон үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэг биелэгдээгүй байхад зээлдэгч Д.******* 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр нас барсан болох нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, 0000192187 тоот нас барсны бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч *******ны Дархан салбар ...5073 тоот тэтгэврийн зээлийн гэрээний зээлдэгч Д.******* нас барсан тул гэрээний 5.1.1-д зааснаар зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зохих ёсоор биелүүлээгүй гэсэн үндэслэлээр гэрээг дуусгавар болгож цуцалж байгаа... гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...зээлдэгч Д.******* нас барсан тул Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.3-т зааснаар үүрэг дуусгавар болсон, гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгч гэх О.******* хэдийд ямар үүрэг гүйцэтгэхийг тодорхойлоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй... гэж маргаж байгаа болно.

Маргааны зүйл болж байгаа 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 5073 тоот Тэтгэврийн зээлийн гэрээний нэг тал болох Д.******* нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн даалгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно гэснээр өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн даатгуулагч байсан байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар ...Өндөр насны тэтгэврийг даатгуулагч өргөдлөө тэтгэвэр тогтоолгох насанд хүрэхээс өмнө гаргасан бол уг насанд хүрсэн өдрөөс, хэрэв тэтгэвэр тогтоолгох насанд хүрснээс хойш гаргасан бол өргөдлийг даатгагч хүлээн авсан өдрөөс эхлэн, нас барсны дараагийн сар дуустал олгоно... гэж хуульчилсан бөгөөд зээлдэгч 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр нас барснаар зээлийн эргэн төлөлт хийгдээгүй тул нэхэмжлэгч *******ны Дархан салбар зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зохих ёсоор биелүүлээгүй гэсэн үндэслэлээр гэрээг дуусгавар болгож цуцалж байгаа гэсэн тайлбар нь үндэслэлгүй байна.

5073 тоот зээлийн гэрээний зүйл болсон олгосон зээл 10,638,200 төгрөгийг гэрээнд зааснаар ******* дахь зээлдэгчийн 5073139475 тоот төгрөгийн тэтгэврийн харилцах дансны үлдэгдэлийг зээлийн дүнгээр бууруулан бэлэн олгохоор гэрээгээр тохирсон бөгөөд Д.*******д бэлнээр олгосон болох нь зарлагын мэдүүлгээр тогтоогдож байгаа, талууд энэ талаар маргаангүй байгаа болно.

5073 тоот зээлийн гэрээний 1.3.4-т зааснаар банк зээлийн гэрээний үүрэг бүрэн биелэгдэх хүртэл хугацаанд зээлдэгчийн 5073139475 тоот төгрөгийн тэтгэврийн харилцах дансанд орж ирэх мөнгөн хөрөнгөнөөс зээлийн төлбөрийг үл маргах журмаар шууд бэлэн бусаар төлүүлэхээр заасан бөгөөд зээлдэгч гэрээний 3.1.1-д зааснаар зээлийн гэрээг хүчин төгөлдөр болсноор гэрээнд заасан нөхцөлөөр зээлийг авч ашиглах эрхтэй болж 3.2.1-д зааснаар зээлийн төлбөрийг сар бүр 5073139475 тоот харилцах дансанд төвлөрүүлж төлөх, 3.2.5-д зааснаар зээлийн гэрээний үүргийг бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд тэтгэврийн санхүүжилтийг банкаар дамжуулан авах, зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлэх хүртэл тэтгэврийн дэвтэр болон тэтгэврийн картыг банкинд хадгалуулах үүрэг хүлээсэн бөгөөд 1.4-т зааснаар зээлдэгчийн ирээдүйд орж ирэх тэтгэврийн орлого нь энэхүү зээлийн барьцаа байхаар тохиролцсон байна.

Гэрээний энэ тохиролцооноос үзвэл зээлдэгч Д.******* Үндсэн хууль болон Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд зааснаар ажил мэргэжлээ чөлөөтэй сонгон ажиллаж цалин хөлс авах болон өндөр наслах, хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах зэрэг эрхтэй бөгөөд энэ эрх нь зөвхөн тухайн хүний хувийн байдалтай салшгүй холбоотой эрх бөгөөд өөр этгээд эдлэх хэрэгжүүлэх боломжгүй болно. Тийм учраас энэхүү эрхийн дагуу олгох хөрөнгөө барьцаалж зээл авах тохиолдолд тэтгэврийн зээл нь хувийн байдалтай салшгүй холбоотой үүргийг үүсгэх бөгөөд зээлдэгч Д.******* нь гэрээнд тусгагдсан эрх, үүргээ хэрэгжүүлж байсан, түүний нас барснаар ирээдүйд орж ирэх тэтгэврийн орлого Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар Өндөр насны тэтгэврийг даатгуулагч нас барсны дараагийн сар дуустал олгоно гэснээр зогссонд хамтран үүрэг гүйцэтгэгч О.*******ийг гэрээний үүргээ биелүүлээгүй гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

5073 тоот гэрээнд О.*******ийг хамтран үүрэг гүйцэтгэгч гэж тодорхойлсон бөгөөд гэрээний 3.3.9-д хамтран үүрэг гүйцэтгэгч нь гэрээнд заасан нөхцөлөөр зээлийг авч ашиглах, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн нөхцөлд Банкны зээлийн журмын дахин зээл авах, бусад урамшуулалд хамрагдах эрхээс бусад зээлдэгчийн нэгэн ади эрхийг эдэлж, үүрэг хүлээхээр болсон байна.

Иймд 5073 тоот тэтгэврийн зээлийн гэрээнд О.*******ийг хамтран үүрэг гүйцэтгэгч гэж зааж, гэрээний 3.2.7-д зээлдэгч энэ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эсхүл Банк гэрээг цуцалсан тохиолдолд зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн бусад хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг хангахаар тусгасан атлаа зөвхөн Д.*******ийн ирээдүйд орж ирэх тэтгэврийн орлого нь энэхүү зээлийн барьцаа болно гэж үүргийн гүйцэтгэлийг хангах арга хэрэгслээр заажээ.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг бөгөөд *******ны Дархан салбар хамтран үүрэг гүйцэтгэгч О.*******т гэрээнд заасан нөхцөлөөр зээлийг авч ашиглах, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн нөхцөлд Банкны зээлийн журмын дагуу дахин зээл авах, бусад урамшуулалд хамрагдах эрхээс бусад зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж, үүрэг хүлээхээр гэрээнд тусгасан бөгөөд түүний хаана ямар ажил эрхэлдэг, хэдий хэмжээний цалин хөлс авдаг болох түүний ямар орлогоос ямар тохиолдол үүссэн үед зээлийн гэрээний аль үүргийг гүйцэтгүүлэх тухай зээлийн гэрээ болон хавсралтад огт тусгагдаагүй байна.

Хэрэгт авагдсан баримтаар Д.******* нь хүүхдэд хашаа байшин авах зориулалтаар 24 сарын тэтгэврийн зээлийг олгож өгнө үү гэх тэтгэврийн зээл авах хүсэлтээ гаргасан, уг хүсэлтэд О.*******ийг дүү гэж тодорхойлон хамтран зээлдэгч /батлан даах / гэсэн, мөн О.******* нь өөрийн ах болох Д.*******ы нийт 24 сараар тэтгэврийн зээл авахад нь хамтран зээлдэгчээр орж батлан дааж байна. Цаашид уг зээлийг төлөгдөж дуусах хүртэл хугацаанд гарсан аливаа эрсдэлийг бүрэн хариуцаж дуусгахыг үүгээр баталж байна. Хамтран зээлдэгч О.******* гэсэн боловч энэ хүсэлт нь зөвхөн нэг талын хүсэлт бөгөөд банк тэдний хүсэлтийг хүлээн авч гэрээ байгуулахдаа дээрх хүсэлтийг гэрээнд бүрэн тусгаагүй байна.

Гэрээний тохиролцоо нь ирээдүйд авах тэтгэврээ барьцаалж, зээл авсан Д.*******д холбогдолтой болохоос бус гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгч гэж заагдсан боловч өөрийн цалин, орлого, хөрөнгө, эрх барьцаалаагүй, өндөр насны тэтгэврийн эрхийн талаар ямар нэг үүрэг хүлээгээгүй О.*******оос шаардах хууль зүйн үндэслэл, гэрээгээр шаардах үндэслэл тогтоогдохгүй байна.

Зээлдэгч Д.******* 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр нас барснаар Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т зааснаар үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч Иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан тохиолдолд түүний үүрэг дуусгавар болох тул зээлдэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тэтгэврийн зээлийн үүрэг зээлдэгч нас барснаар дуусгавар болох тул хариуцагч О.*******оос тэтгэврийн зээлийн үлдэгдэл төлбөр 9,268,331.61 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг нь бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг хангаж, тус шүүхийн шүүгчийн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 4314 тоот захирамжаар Д.Батнасангийн төрсөн хүүхдүүд Б.Нансалмаа, Б.Байгальмаа, Б.Болормаа, Б.Ариунбаяр нарыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулан нэхэмжлэлийн хувийг гардуулан, хариу тайлбар авах ажиллагаа хийсэн бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд дээрх этгээдүүдээс гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаагүй гэж байгаа, мөн шүүгчийн захирамжид Б.Ариунболдын нэрийг буруу бичсэн байгааг дурьдаж байна.

Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцсон Б.Нансалмаа, Б.Байгальмаа, Б.Болормаа, Б.Ариунболд нарын шүүхэд гаргасан хариу тайлбар, 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр *******ны Дархан салбарт гаргаж байсан өргөдөл зэргийг энэ хэрэгт ач холбогдолтой, хамааралтай байдлаар үнэлээгүй болно.

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 163,243 төгрөгийг төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 240 дүгээр зүйлийн 240.1.2, 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 5073 тоот тэтгэврийн зээлийн гэрээг цуцалж, хариуцагч О.*******оос тэтгэврийн зээлийн үлдэгдэл төлбөр 9,268,331.61 төгрөг гаргуулах тухай *******ны Дархан салбарын нэхэмжлэлийн шаардлагыг нь бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаарт 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 163,243 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдэээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ