| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 188/2022/0745/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/785 |
| Огноо | 2022-06-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Р.Мягмардорж |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 2022/ШЦТ/785
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Жавхлантөгс,
улсын яллагч Р.Мягмардорж,
шүүгдэгч Ц.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Ц-ийн Ц-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208010500896 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1988 оны 02 дугаар сарын 29-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа барилгын компанид гагнуур хийдэг гэх, ам бүл 3, хамтран амьдрагч, хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... дугаар гудамж ... тоотод оршин суух хаягтай, урьд
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 жилийн хугацаагаар тогтоосон, Б овогт Ц-ийн Ц (РД:...);
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Ц нь 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Тоосгоны 13-260 тоотод иргэн Т.А-гийн эрүүл мэндэд нь халдаж “доод уруулын салстад язарсан шарх, баруун, зүүн дээд, доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, зүүн хацар, хамрын нуруу, баруун сарвуунд зулгаралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Хохирогч Т.А-гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 9, 12 дахь тал), гэрч Н.Б-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дахь тал), шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 3648 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 24-25 дахь тал), Шинжээч Б.Цолмон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл), шүүгдэгч Ц.Ц-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 28, 58-59 дэх тал), түүний хувийн байдалтай холбоотой баримтууд (хавтаст хэргийн 32-34, 36-37, 60-64 дэх тал), шүүгдэгч Ц.Ц-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 54 дэх тал) зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.Ц нь 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... тоотод иргэн Т.А-г “ээжтэй нийлж архи уулаа” гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь “доод уруулын салстад язарсан шарх, баруун, зүүн дээд, доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, зүүн хацар, хамрын нуруу, баруун сарвуунд зулгаралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:
1. Хохирогч Т.А-гийн: “...Би тухайн өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... дугаар гудамж ... тоотод зүс таних Ц-ийн гэрт хамт архи уусан байдалтай байсан ба гаднаас түүний хүү Ц орж ирээд намайг ээжтэй нь нийлж архи уулаа гээд уурласан. Ер нь ээжээс нь дүү мөртлөө найзлаад байдаг учраас надад дургүй ба тухайн өдөр миний нүүр лүү гараараа цохиод, газар унасан байхад дээрээс өшиглөсөн. Тэгээд намайг хөөгөөд явуулсан. Тухайн үед Ц-ийн гэрт түүний хүү Ц, Ц бид гурав л байсан, өөр хүн байгаагүй. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, Ц надаас уучлалт гуйгаад намайг эмнэлгээр дагуулж явж үзүүлсэн. Би шүүх хуралд оролцохгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 9, 12 дахь тал),
2. Гэрч Н.Б-ийн: “...Т.А- нь миний төрсөн охин Т-гийн хүүхэд байгаа юм. А- нь надтай хамт амьдардаг. Манай зээ хүү А-тай өмнө найзалдаг байсан Ц-ээ өмнө зодож шүүх эмнэлэгт үзүүлсэн ба одоо уг асуудал нь Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хэлтэст шалгагдаж байгаа. Манай зээ хүү А-г Дүүхээ 2 төвийн автобусны буудлын орчим явж байхад Ц-ийн хүү Д гэх залуу тааралдаад А-г цагдаад өргөдөл гаргаж өгсөн гэж хэлээд гэртээ дагуулж очоод ахиж цагдаад өргөдөл гаргаж өгөөрэй гэж хэлээд хамар хавдсан, хоёр нүд хөхөрч хавдсан, доод уруулд 2 оёдол тавьсан, цээж орчимдоо зовуурьтай байгаа. Өнөөд шүүх эмнэлэгт А үзүүлсэн. А-гийн хэлснээр Ц-ийн хүү Д гэх залуу цагдаад өргөдөл өгсөн гээд зодсон гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дахь тал),
3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 3648 дугаартай: Дүгнэлт хэсэгт:
“...Т.А-гийн биед доод уруулын салстад язарсан шарх, баруун, зүүн дээд, доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, зүүн хацар, хамрын нуруу, баруун сарвуунд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх шинэ гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь 3-4 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 24-25 дахь тал),
4. Шүүгдэгч Ц.Ц-ийн: “...өөрийн ээж Ц-ийн гэрт очсон ба тухайн үед манай ээжтэй хамт байсан зүс таних Т.А нь манай ээжтэй нийлээд архи уусан байдалтай, ээжтэй эвгүй дээрэнгүй харьцаад Чимгээ тамхи аваад ир гээд орилоод байхаар нь миний уур хүрээд би Т.А-г цохиж биед нь хөнгөн гэмтэл шарх учруулсан. Хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна. Би Т.А болон түүний эмээ Б нараас уучлалт гуйгаад хувийн эмнэлгээр Т.А-г дагуулж явж үзүүлээд хувцас хунар авч өгсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 54 дэх тал) зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч Ц.Ц нь өөрийн ээжийг уруу татаж архи уулаа гэх шалтгаанаар хохирогч Т.А-г зодож биед нь гэмтэл учруулсан байх бөгөөд түүний бусдын бие махбодод халдсан энэхүү үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр илрэх ба тэрбээр өөрийн дээрх үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан төдийгүй түүнийг хүсэж үйлдсэн, шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчид хөнгөн гэмтэл учирсан буюу хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, уг үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Ц.Ц-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул тус зүйл, хэсгээр гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол төлбөрийн тухайд: Гэмт хэргийн улмаас хохирогч Т.А-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь эмчилгээ хийлгэсэн баримтыг гаргаж өгөөгүй, “гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Ц.Ц-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч нь “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж 3 сарын хугацаанд төлүүлэх” тухай дүгнэлтийг,
Шүүгдэгч нь “...хүлээн зөвшөөрч байна, уг ялыг биелүүлэх боломжтой” гэсэн саналыг тус тус гаргасан.
Шүүгдэгч Ц.Ц-ийн үйлдэлд эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, мөн шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж, бусдад төлөх төлбөргүй байдал, мөн шүүгдэгч Ц.Ц-ийн хувийн байдал /Хувиараа хөдөлмөр эрхэлдэг, түүний орлогын байдал/ зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний сард авдаг цалин хөлс орлогын байдлыг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.Ц нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Ц.Ц-ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Ц-ийн Ц-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц-ид 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц-ид оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Ц-ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ