Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/812

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр,

улсын яллагч Д.Ширэндэв (томилолтоор),

шүүгдэгч Т.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны А-1 танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Ж овогт Т-ийн А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108029250982 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1981 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... хороолол ... дугаар байр ... тоотод оршин суух хаягтай, урьд

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 564 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн, уг ялыг биелүүлсэн, Ж овогт Т-ийн А- (РД:...);

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.А нь Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр иргэн Б.Б-тай маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт цохиж түүний биед үүдэн баруун дээд 1, 2-р шүдний хугарал, зүүн дээд 1-р шүдний эмтрэл, сулрал, уруулд язрал, цус хуралт, баруун хацарт зулгаралт гэмтлийг учруулсан бөгөөд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

      ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Хохирогч Б.Б-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 9-15 дахь тал), шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 10974 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 47-48 дахь тал), шүүгдэгч Т.А-ий эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 63, 66-69 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 74 дэх тал), шүүгдэгч Т.А-ий мэдүүлэг (хавтаст хэргийн 60 дахь тал) зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Т.А нь Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр иргэн Б.Б-тай маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт цохиж түүний биед үүдэн баруун дээд 1, 2-р шүдний хугарал, зүүн дээд 1-р шүдний эмтрэл, сулрал, уруулд язрал, цус хуралт, баруун хацарт зулгаралт гэмтлийг учруулсан бөгөөд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь: 

1. Хохирогч Б.Б-ын: “...2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 19 цагийн орчим ажлаасаа тараад гэр лүүгээ явах замд Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэр Моносын уулзвар дээр ... улсын дугаартай тоёотагийн дунд гарын жийпээр Т.А нь Т.О-тэй явж байгаа харагдсан. Тэгээд би араас нь дагаж яваад Номин худалдааны төв өнгөрөөд колонк дээр 4 тээврийн хэрэгсэл зогсож байсан, Т.А машинаа тэд нарын хажууд байрлуулаад ачаагаа нааш цааш зөөгөөд байж байсан. Би хажуугаар холуур 20 орчим минут тойрч байгаад явдаг юм уу гэж бодоод байж байтал манай эхнэр Т.О- нь манай хүү болох Н 13 настай эрэгтэйг аваад өөр хүний машинд суулгасан. Тэгээд миний дургүй хүрээд сэмээрхэн очоод Т.О-ийн араас бариад О гэж дуудахад эргэж намайг харснаа зугтчихсан. Би “Т.А хаана байна новшоо чи гараад ир” гэсэн. Тэгээд би машин дээр нь очиход жолооч дээр сууж байхаар нь би цонхоор нь цохиж чадаагүй. Т.А машинаасаа бууж ирээд бид хоёр ноцолдсон чинь хүмүүс бид хоёрыг хоёр талаас салгаад бид хоёрыг зодолдуулаагүй. Тэр хороонд Т.О алга болчихсон байсан. Тэгээд Т.А машиндаа суугаад зугтаачихаар нь би араас нь машинаараа хөөгөөд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр хуучин 22-н товчооны ойролцоо машиных нь урдуур орж зогсоогоод би бууж очоод наана чинь О- байгаа буулгаад ир гэхэд Т.А надад хандаж О- байхгүй гэж хэлсэн. Тэгээд Т.А машинаасаа бууж ирээд чамайг ална гээд хувцсаа тайлаад над руу дайрсан. Тэгээд бид хоёр би биеэ цохиж чадахгүй хоёр тийшээ болж байсан. Тэгээд миний араас нэг нь татсан чинь би хойшоогоо унасан чинь намайг Т.А миний уруул руу 1 удаа гараа атгаж байгаад цохисон чинь миний үүдэн хоёр шүд унаж нэг шүд хөдөлж жоохон сэтэрсэн. ...О- нь надад хандаж Т.А надад хайртай хамт амьдаръя гэж надаас гуйгаад байгаа гэж хэлсэн. Тэрэнд би маш их уурлаж гомдсон. Тэгээд маргалдах болсон. ...Би шүдээ А-гээр төлүүлмээр байна. Надад одоогоор баримт байхгүй. Гэхдээ би 1 шүдээ 1 сая 200 мянган төгрөгөөр хийлгэсэн бусад шүдээ янзалж чадаагүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 11, 13, 15 дахь тал),

2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 10974 дугаартай: “...Б.Б-ын биед үүдэн баруун дээд 1,2-р шүдний хугарал, зүүн дээд 1-р шүдний эмтрэл, сулрал, уруулд язрал, цус хуралт, баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 47-48 дахь тал),

3. Шүүгдэгч Т.А-ий: “...Маргах зүйл байхгүй. Санал хүсэлт байхгүй. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 60 дахь тал) зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Хэргийн үйл баримтыг дүгнэхэд, хохирогч Б.Б нь өөрөө гэр бүлээс гадуурх харилцаа удаа дараа үүсгэснээс үүдэлтэйгээр эхнэр О-тэйгээ таарамжгүй харилцаатай байгаа төдийгүй хамт амьдардаггүй, тусдаа амьдарч буй атлаа эхнэр О-ийгээ энд тэд хайж явдаг, бусадтай харддаг нөхцөл байдал тогтоогдсон ба хэрэг учрал болсон тухайн өдөр, шүүгдэгч Т.А-ийг өөрийн салсан эхнэртэйгээ хардаж араас нь очиж хэл ам хийх, цохих гэж оролдох зэрэг үйлдэл гаргах бүрд хажууд байсан хүмүүс салгасан үйлдлийг хийсэн. Улмаар Т.А-ийг машинд нь суулгаж явуулахад араас нь мөн л дагаж явж дахин хэл ам хийхэд нь дургүйцсэн Т.А нь түүнд хүч хэрэглэж цохисон болох нь хохирогч хийгээд шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдсон байна.

Хэдийгээр энэ үйл явдалд хохирогчийн зүс буй, буруутай үйлдэл нөлөөлсөн байх боловч шүүгдэгч Т.А нь хохирогч Б.Б-ын нүүр хэсэг рүү нь гараараа цохиж бие махбодод нь халдаж буй үйлдлийг зөвтгөх үндэслэл болохгүй, хохирогчид гэмтэл учруулсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр илрэх ба тэрбээр өөрийн дээрх үйлдлийг хууль бус шинжтэйг болохыг ухамсарласан төдийгүй түүнийг хүсэж үйлдсэн, шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчид хөнгөн гэмтэл учирсан буюу хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, уг үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Т.А-ий энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул тус зүйл, хэсгээр гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирол төлбөрийн тухайд: Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь эмчилгээ хийлгэсэн баримтыг гаргаж өгөөгүй байх тул уг асуудлыг хэлэлцэхгүй орхиж, холбогдох баримтуудаа хууль ёсны дагуу бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Т.А-ээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч нь “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай жил хийлгэх ял оногдуулах” тухай дүгнэлтийг,

Шүүгдэгч нь “Би хохирогчид хохирлыг барагдуулна. Дахиж ийм үйлдэл хийхгүй. Улсын яллагчийн ялын саналд тайлбар байхгүй” гэсэн саналыг тус тус гаргасан.

Шүүгдэгч Т.А-ий үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан “хохирогчийн зүй бус үйлдлээс  шалтгаалан  гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Учир нь, Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал нь хохирогчийн зүй бус буруутай үйлдлээс шууд шалтгаалан үйлдэгдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид хөнгөн хохирол учирсан, хор уршгийн шинж, мөн шүүгдэгч Т.А хувийн байдлын хувьд тогтсон тодорхой ажил хөдөлмөр эрхэлдэггүй, цалин хөлс орлоготойг илэрхийлэх ямар нэгэн баримтгүй зэргийг тус тус харгалзан прокурорын санал болгосон 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг бууруулж Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч Т.А нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Т.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон 

   ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж овогт Т-ийн А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А-д 400 (дөрвөн зуу) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.     

4. Хохирогч Б.Б- нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотойгоор гарсан зардал, цаашид гарах зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Т.А-ээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

      

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.АЛТАНЦЭЦЭГ