| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 188/2022/0796/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/813 |
| Огноо | 2022-06-27 |
| Зүйл хэсэг | 111.1., |
| Улсын яллагч | О.Эрхэмбаяр |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 2022/ШЦТ/813
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр,
улсын яллагч О.Эрхэмбаяр,
шүүгдэгч Г.Ж, түүний өмгөөлөгч Ч.Мөнхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны А-1 танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Ц овогт Г-ын Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208000000834 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2001 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Завхан аймгийн Баянхайрхан суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ... ХХК-д хүргэлт үйлчилгээний ажилтан ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамж ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Ц овогт Г-ын Ж (РД:...)
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Г.Ж нь 2022 оны 04 дүгээр сарын 06-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт өөрийнх нь автомашинаар үйлчлүүлсэн иргэн Б.М-тай үйлчилгээний төлбөр тооцооны улмаас маргалдаж түүний толгойн тус газар дорцовоор цохиж эрүүл мэндэд нь дух ясны цөмөрсөн ил хугарал, тархи доргилт, духны зүүн хэсэг, зүүн хөмсөг, зүүн дээд зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний салстад цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Ж шүүхийн хэлэлцүүлэгт: “...Мэдүүлэг өгнө. 2022 оны 04 дүгээр сарын 05-наас 06-ны өдөрт шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу чиглэлд уруудаад явж байсан чинь 112-н автобусны буудлын ойролцоо нэг согтуу ах засмал зам дээр явж байхаар нь хажууд нь очиж зогссон чинь “ах нь Баянхошууны тойрог дээр зодоон хийчхээд зугтааж явж байна” гээд суусан ба тэгээд ийшээ ч явна, тийшээ ч явна гэж нэг хүнийг хайгаад нааш цаашаа эргэж буцаж явсаар сүүлдээ Баруун салаа ороохоор болоод явсан. Тэгээд замдаа миний дансны дугаарыг авсан ба буух үед 13 км болсон байна, 30,000 төгрөг гэж хэлсэн чинь энэ хооронд 10,000 төгрөг л гардаг юм гээд 10,000 төгрөг шилжүүлчхээд буугаад явахаар нь би айлгах зорилгоор дугуйн дорцов авч буугаад очиход урдаас дайраад байхаар нь тухайн ахын толгой хэсэг рүү нь дорцовоороо нэг удаа цохисон. Тэгээд бид хоёр нэлээн ноцолдож байгаад би цааш нь түлхээд машиндаа суугаад явсан” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),
Хохирогч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт: “Тухайн өдөр би найзтайгаа уулзсан, ямар нэг зодоон цохион хийгээгүй. Би пиво уусан байсан, замын голоор явсан асуудал байхгүй. Би үйлдлээ санаж байна. Тэгээд найзаасаа салаад явж байтал энэ залуу машинтайгаа ирж зогссон. Тэгээд хүрэх газраа хүргүүлээд буух гэтэл надаас 30,000 төгрөг гарсан гэхээр нь би яахаараа энэ хооронд 30,000 төгрөг гардаг юм бэ, 10,000 л гардаг газар гээд маргалдсан. Тэгээд 10,000 төгрөг шилжүүлчхээд буугаад явтал араас дорцов барьж ирээд миний толгой руу цохисон. Тэгээд яваад өгсөн. Хэсэг хугацааны дараа буцаж ирээд ахаа тохиролцъё. 200,000 төгрөг өгье гэхээр нь би үгүй гэсэн. Би гэмтлийн улмаас гэмтлийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. Толгойн зураг, эм тариа авахдаа шүүгдэгчийн аав нь хамт явж мөнгийг нь төлсөн. Надаас гарсан зардал байхгүй. Гэхдээ би цаашид эмчилгээ хийлгэх эм тариа авах тул шүүгдэгчтэй тохиролцсон байгаа. Өөрөөр хэлбэл, надад 1 сая төгрөг өгнө гэсэн. Тэр мөнгийг авах хүсэлттэй байна” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Хохирогч Б.М-ы мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13, 16 дахь тал), шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 5436 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 26-27 дахь тал), ГССҮТ-ийн өвчний түүх (хавтаст хэргийн 31-38 дахь тал), шүүгдэгч Г.Жын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 45 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 48 дахь тал), хаан банкны депозит дансны хуулга (хавтаст хэргийн 52-79 дэх тал), ажлын газрын тодорхойлолт (хавтаст хэргийн 84 дэх тал), шүүгдэгч Г.Ж-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 94-96 дахь тал) зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.Ж нь 2022 оны 04 дүгээр сарын 06-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт такси үйлчилгээнд явж байхдаа өөрийнх нь автомашинаар үйлчлүүлсэн хохирогч Б.М-тай такси үйлчилгээний төлбөр тооцооны асуудлаас үүдэн маргалдаж түүний толгойн тус газар машины дорцовоор цохиж эрүүл мэндэд нь дух ясны цөмөрсөн ил хугарал, тархи доргилт, духны зүүн хэсэг, зүүн хөмсөг, зүүн дээд зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний салстад цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь:
1. Хохирогч Б.М-ы: “...2022 оны 04 дүгээр сарын 06-ны шөнө 02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн Баянхошууны тойргоос би гэр лүүгээ харих гээд такси барьсан. Тэгсэн нөгөө таксины жолооч нь тухайн тойргийн ойр орчмоор хоёр гурван удаа нааш цааш холхиж байгаад баруун салаа руу явсан. Тэгээд би Сонгинохайрхан дүүргийн баруун салааны 5 дугаар буудал дээр буугаад таксины мөнгө хэд вэ гэсэн чинь 30,000 төгрөг гарсан гэхээр нь би юу яриад байгаа юм бэ наадах чинь 10,000 төгрөг гардаг гээд би тухайн таксины жолоочийн данс руу 10,000 төгрөг шилжүүлж хийчхээд машинаас нь буугаад алхаад явж байсан чинь тухайн залуу миний араас ирээд дугуйн дорцовоор толгой хэсэг рүү цохиж авахаар нь би тухайн залуутай нэлээн ноцолдож барилцаж авсан. Тэгээд барьж аваад цагдаа дуудах гэсэн чинь нөгөө залуу машиндаа суугаад зугтаад яваад өгсөн. Тэгээд би өөрийнхөө утсаар цагдаа, түргэн дуудаад замын хажууд зогсож байсан чинь нөгөө таксины жолооч ирээд ахаа хоёулаа эр хүн шиг тохироод би танд 200,000 төгрөг өгье гэж хэлсэн. Тэгэхээр нь би үгүй цагдаагаар нь учраа ольё гэж хэлээд цагдаа нар ч ирсэн. Тэгээд бид нар цагдаа дээр ирсэн. ...Тухайн залуу миний нүдийг үзүүлж, бариачид толгой бариулж, эм тариа авч өгсөн би нийт хэдэн төгрөг орсныг мэдэхгүй байна. Тухайн залуу намайг Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 5 дугаар автобусны буудлын хажууд байхад цохиж зодсон. Би цаашид гарах зардлаа нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13, 16 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл),
2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 5436 дугаартай: “...Б.М-ы биед дух ясны цөмөрсөн ил хугарал, тархи доргилт, духны зүүн хэсэг, зүүн хөмсөг, зүүн дээд зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний салстад цус харвалт гэмтэл тогтоогдлоо. Тогтоогдсон гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 26-27 дахь тал),
3. ГССҮТ-ийн өвчний түүх: “...2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 09:44 минутад хэвтэж 5 хоног эмчлүүлсэн тухай” (хавтаст хэргийн 31-38 дахь тал),
4. Шүүгдэгч Г.Ж-ын яллагдагчаар өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 05-с 6-ны өдөрт шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу чиглэлд уруудаад явж байсан чинь 112-н автобусны буудлын ойролцоо нэг согтуу ах засмал зам дээр явж байхаар нь хажууд нь очиж зогссон чинь “ах нь Баянхошууны тойрог дээр зодоо хийчхээд зугтааж явж байна” гээд суусан. Хүн замаасаа авахаар болоод ийш тийш их явсан ба тэгээд тэр ах Баянхошууны тойрог орж зогсоогоод нөгөө утсаар ярьсан хүнтэйгээ утсаар яриад суугаад байсан. Тэгээд нэлээн утсаар ярьж зогсож байгаад хүн нь ирэхгүй болоод удаад байхаар нь би харимаар байна гэсэн буцаад баруун салаа оръё гэж хэлсэн. Тэгсэн замдаа миний дансыг асуухаар нь би дансаа өгчхөөд 30,000 төгрөг гарсан байна шүү гээд дансаа хэлээд өгсөн. Тэгсэн нөгөө ах уурлаад яахаараа 30,000 төгрөг гардаг юм гээд над руу уурлаад би чамд 10,000 төгрөг өгнө гэж хэлэхээр нь та км харалдаа нийт 13 км гарсан байна ш дээ, ядаж 25,000 төгрөг өгчих гэсэн чинь үгүй би 15,000 төгрөг өгье гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэг тэг гэж хэлсэн чинь миний данс руу 10,000 төгрөг шилжүүлчхээд машинаас буугаад явсан. Тэгэхээр нь би машинаас буухдаа дугуйн дорцов авч буугаад араас нь дуудсан чинь эргэж харснаа чи ер нь яах гээд байгаа юм гээд урдаас дайраад байсан. Би тухайн ахын толгой хэсэг рүү нь барьж байсан дугуйн дорцовоороо нэг удаа цохиж авсан. Тэгээд бид хоёр нэлээн удаан ноцолдож байгаад би цааш нь түлхээд машиндаа суугаад явсан. Тэгээд би Баянхошууны тойрог дээр жаахан зогсож байгаад буцаж нөгөө ах дээр очсон чинь замын хажууд сууж байхаар нь би явъя гэсэн чинь тэр ах цагдаа дуудсан байсан. Тэгээд цагдаа ирээд бид хоёрыг аваад явсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 94-96 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Гэмт хэрэг гарсан цаг хугацаа нь шөнийн цаг байх ба энэ үед зөвхөн шүүгдэгч, хохирогч хоёр л байсан байх бөгөөд тэдгээрийн хооронд маргаан гарах болсон шалтгаан нь таксигаар үйлчлүүлсний төлбөр тооцооны асуудлаас үүдэлтэй байна.
Хохирогч нь таксигаар үйлчлүүлснийхээ төлбөр тооцоог бүрэн өгөөгүй асуудал байгааг үгүйсгэхгүй боловч шүүгдэгч нь дээрх шалтгаанаар бусдын толгой руу дорцовоор цохиж буй үйлдлийг зөвтгөх үндэслэл болохгүй төдийгүй гартаа биет зүйл барин хүний биед халдаж буй үйлдэл нь хууль бус шинжтэй, тэрбээр бусад руу чиглэсэн хүч хэрэглэсэн үйлдэл хийж буйгаа мэдсэн, өөрийн уг үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, уг үйлдлээс хүний эрүүл мэндэд гэмтэл учирч болзошгүй мэдсээр атал түүнийг хүсэж үйлдсэн шинжтэй байх тул Г.Ж-ыг тус хэргийг “санаатай” үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Г.Ж-ын дээрх үйлдэл, хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой, шүүгдэгч Г.Ж-ын энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг тус зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.
Мөн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч болон хохирогч нарын хувьд “дорцовоор цохисон, цохиулсан” гэх асуудлын тухайд хэн аль нь маргаагүй, түүнчлэн шинжээчийн дүгнэлтэд хохирогчид учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл болох нь тусгагдсан, дүгнэлтийг оролцогч аль нэг тал үгүйсгэж, няцаагаагүй, маргаагүй тул хэрэгт авагдсан баримтын хүрээнд шүүгдэгч Г.Жад холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч Б.М нь эмчилгээ хийлгэсэнтэй холбоотой баримт гаргаж өгөөгүй, шүүгдэгч нь эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлсэн болон эмчлүүлсэн төлбөр болох 218,700 төгрөгийг төлсөн, одоогоор хохирогч нь шүүгдэгчээс баримтаар нэхэмжилсэн зардалгүй, харин цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Г.Ж-ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хэдийгээр хохирогч Б.М нь шүүхийн хэлэлцүүлэгт цаашид эмчилгээ хийлгэнэ, шүүгдэгч талаас надад 1 сая төгрөг өгөхөөр тохиролцсон байгаа гэж мэдүүлж буй ч энэ нь баримтаар тогтоогдоогүй тул энэ тогтоолын хамт шийдвэрлэх боломжгүй байна.
Харин хохирогч Б.М нь цаашид эмчилгээ хийлгэхтэй холбогдон гарах зардлуудаа холбогдох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Г.Ж-аас нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад “...гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад төлүүлэх”-ээр хуульчилсан байна.
Шүүгдэгч Г.Ж-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.М- нь ГССҮТөв эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн байх ба Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогчийн эмчилгээнд зориулж 212,500 төгрөгийг зарцуулсан байх бөгөөд шүүгдэгч Г.Ж нь шүүхийн шатанд Эрүүл мэндийн даатгалын санд 215,500 төгрөгийг төлж барагдуулсан болох нь хаан банкны шилжүүлгийн баримтаар тогтоогдсон тул шүүгдэгч нь Эрүүл мэндийн даатгалын санд төлөх төлбөргүй болно.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч нь “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ж-ад 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 24 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” тухай дүгнэлтийг,
Хохирогч нь “ял шийтгэл дээр саналгүй” гэж,
Шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “... прокурорын ялын саналыг хүлээн зөвшөөрч байна. Учир нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруу дээр маргаагүй, одоогоор төлөх ямар нэгэн хохиролгүй, цаашид хохирлыг төлөхөө илэрхийлсэн, ажил хөдөлмөр эрхэлдэг, цалин хөлс орлоготой, сарын цалин 1 сая төгрөг, дансанд хуримтлалтай зэрэг нөхцөл байдал байгаа тул 10.000 нэгж буюу 10 сая төгрөгийн торгох ялыг 24 сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан.
Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой байна.
Шүүгдэгч Г.Ж-ын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг гаргаж өгсөн баримтын хүрээнд төлсөн” зэргийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөлд байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, мөн дээрх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн байдал, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цаашид гарах зардлыг төлөхөө илэрхийлсэн байдал, шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхэлдэг, цалин хөлс орлоготой зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Г.Жад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 24 сарын хугацаанд буюу 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Г.Ж нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 дорцовыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц овогт Г-ын Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ж-ад 10.000 (арван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 (арван сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ж-ад оногдуулсан торгох ялыг 2 (хоёр) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ж нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Г.Ж нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, хохирогч Б.М- нь цаашид эмчилгээ хийлгэхтэй холбогдон гарах зардлуудаа холбогдох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Г.Ж-аас нэхэмжлэх эрхтэйг мэдэгдсүгэй.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 дорцовыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Ж-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ