| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 101/2017/01488/и |
| Дугаар | 1449 |
| Огноо | 2017-06-23 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 1449
МАГАДЛАЛ
2017.06.23 Дугаар 1449 Улаанбаатар хот
А.Энхжаргалын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Д.Цогтсайхан, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШШ2017/01488 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч А.Энхжаргалын нэхэмжлэлтэй,
Хариуцагч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Тариалан эрхлэлтийг дэмжих санд холбогдох,
ХХААХҮЯ-ны Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн захирлын 2016 оны Б/54 дүгээр тушаалыг хүчингүйд тооцож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх тухай иргэний хэргийг,
Хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн,
шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ш.Алтангадас,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Энхтүвшин,
Хариуцагчийн өмгөөлөгч: Г.Очбаяр,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: Нэхэмжлэгч А.Энхжаргал нь ХХААХҮЯ-ны Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирлын 2005 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 04 тоот тушаалаар Улиастай салбарын нярав, тооцооны нягтлан бодогчийн ажлын байранд томилогдон ажиллаж байгаад 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/54 дугаар тушаалаар ажлаас үндэслэлгүйгээр халагдсан. Учир нь ХХААХҮЯ-ны Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн захирлын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/54 дугаар тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь хэсгийг тус тус үндэслэсэн байна. А.Энхжаргал нь няраваар ажиллаж байх хугацаандаа сахилгын зөрчил болон хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчлийг гаргаж байгаагүй бөгөөд ажил олгогчийн итгэлийг алдахуйц буруутай үйл ажиллагаа хийгээгүй болно. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хууль дээрх зохицуулалтад дурдсан үйл явдал болоогүй юм. Гэтэл хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлд заасан ноцтой зөрчил гэх үйлдлийг гаргасан гэж үзэж дээрх заалтыг баримталж байгаа нь ойлгомжгүй байна. Учир нь сахилгын зөрчил тус тусдаа тогтоогдсон байх, ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн нэр хүндийг гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нөлөөлхүйц сөрөг үр дагаврыг гаргасан байх зэрэг дээрх хэм хэмжээг хэрэглэх урьдчилсан нөхцлүүдээс нэгийг ч гаргаагүй. Иймд ХХААХҮЯ-ны Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн захирлын 2016 оны Б/54 тоот тушаалыг хүчингүйд тооцож, А.Энхжаргалыг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл хугацаагаар гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Гүйцэтгэх захирлын А/01 тушаалаар эд хөрөнгийн тооллогын комиссын гишүүнээр ажилласан ба трактор 1116 ширхэг байх ёстойгоос комиссын тайланд 1100 ширхэг гэж тоолон 16 ширхэг трактор дутсан зөрчил гарсан. Сангийн гүйцэтгэх захирлын 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/17 дугаар тушаалаар тооллогын комисс байгуулагдан ажиллаж, 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/27 дугаар тушаалаар ажлын хэсэг байгуулагдан 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Дотоод хяналт шалгалтын комисс-ын дүгнэлт гарсан. Уг дүгнэлтэнд “...2016 оны 10 дугаар сарын үлдэгдэл нийт 73 ширхэг бага оврын трактор үлдсэн байхаас 61 ширхэг тоологдож, 12 ширхэг дутсан...”, мөн “...барааны борлуулалт хариуцсан нягтлан бодогч А.Энхжаргал нь хариуцсан үүрэгт ажилдаа хайхрамжгүй хандаж, урьдчилгаа төлбөр хийлгэлгүй, гэрээ байгуулалгүй олгосон байж болзошгүй, эсвэл улсын хөрөнгийг санаатайгаар шамшигдуулсан дутаасан зэрэг зөрчлийг дахин давтан үйлдэж байгууллагад ихээхэн хэмжээний хохирол учруулсан тул хариуцлага тооцож, тухайн үйлдлийг нь хуулийн байгууллагаар шалгуулах нь зүйтэй гэж үзсэн...” байна. Дутагдсан трактор нь Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 2012 оны А/08 Техник, тоног төхөөрөмжийн үнэ, худалдах нөхцлийг батлах тухай тушаалаар 1 ширхэг нь 5 000 000 төгрөгөөр тогтоож, борлуулалт хийх байсан ба дутагдсан 12 ширхэг трактор нь улсад нийт 60 000 000 төгрөгний хохирол учруулж байгаа болно. Мөн сангийн Үйлдвэрлэлийн баазын хашаанд байгаа үлдэгдэл 61 трактор нь тоногдсон бөгөөд ажиллах нөхцөл алдагдсан, хэвийн ажиллагааг хангаж угсрахад шаардагдах сэлбэг, тоног төхөөрөмжүүдийг “Шинэ ундрах булаг трейдинг” ХХК-тай АҮ/2016/80 тоот гэрээ байгуулан 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн тус гэрээг дүгнэсэн актын дагуу сангийн зардлаар 7 000 000 төгрөгөөр худалдан авсан ба цаашид дахин нэмэгдэж сэлбэг хэрэгсэл дутагдсаар байна. А.Энхжаргал нь 2014 оноос сангийн үндсэн бараа материал хариуцсан нягтлан бодогчийн үүрэгт ажлыг чөлөөлөгдөх хүртэл хугацаанд хийж байсан, удаа дараа дутагдсан бараа материалын зөрчлийн талаар ямар нэгэн ажил хийгээгүй, улсад учруулсан хохирол шийдэгдээгүй байна. Мөн иргэн аж ахуйн нэгжүүдэд олгосон трактор, бараа материалын зээлийн эргэн төлөлт хангалтгүй, улсын сангийн хугацаа хэтэрсэн өр төлбөрийн хэмжээ өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа нь хариуцан ажиллаж байгаа нягтлан бодогчийн ажлын хариуцлагагүй байдал бөгөөд ноцтой зөрчил болно. Дутагдсан трактор, тоногдсон сэлбэг хэрэгслийг хариуцан ажиллаж байсан. А.Энхжаргалын ноцтой зөрчлийн тухай 2016 оны 11 сарын 16-ны өдрийн захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцэн ажлаас халж хууль хяналтын байгууллагад шилжүүлэх тухай байгууллагын хамтын шийдвэр гарсан. Мөн тус дутагдсан трактор, сэлбэг хэрэгсэлтэй холбогдох үйл баримтыг эрүүгийн цагдаагийн газар өгч шалгуулсан бөгөөд харъяаллын дагуу Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шилжүүлсэн, тус хэлтэс нь гомдол мэдээллийг шалгаж байна гэсэн хариу өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн захирлын 2016 оны Б/54 дүгээр тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч А.Энхжаргалыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Тооцооны нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 5 406 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Энхжаргалд олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А.Энхжаргалыг ажилгүй байсан бүх хугацаанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд даатгуулж, холбогдох даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Тариалан эрхлэлтийг дэмжих санд үүрэг болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч хариуцагч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 101 446 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Гүйцэтгэх захирлын тушаалаар томилогдсон тооллогын комиссын тайлан, Дотоод хяналт шалгалтын комиссын дүгнэлт, хүнс, хөдөө аж ахуйн яамны улсын ахлах байцаагчийн актаар 11 ширхэг трактор, 9 ширхэг хадуур нийт 56 838 602 төгрөгийн хохирол учруулсан, 61 ширхэг трактор тоногдож, сэлбэг хэрэгсэл эд анги нь дутаж эвдэрсэн, хэвийн ажиллах боломжгүй болсон байдалтай байгааг засварлахад өнөөдрийн байдлаар 7 000 000 төгрөгний сэлбэгийг худалдан авч хийгээд байна.
А.Энхжаргал нь 2005 оноос 2016 оны сүүл сарыг хүртэл тус санд нярав, нягтлан бодогчийн үүрэгт ажлыг хийж гүйцэтгэж байсан бөгөөд ажиллаж байх хугацаанд нь ажлын хариуцлага алдаж, үүрэгт ажилдаа хайнга хандсаны улмаас трактор, тармуур дутагдаж байгууллагад хохирол учруулсан болохыг Сангийн гүйцэтгэх захирлын 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн дугаар А/17 тушаалаар байгуулагдсан тооллогын комиссын тайлангаас ойлгогдож байна. 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн "Дотоод хяналт шалгалтын комисс"-ын дүгнэлт гарсан. Тус дүгнэлтэд, “...2016 оны 10 дугаар сарын үлдэгдэл нийт 73 ширхэг бага оврын трактор үлдсэн байхаас 61 ширхэг тоологдож, 12 ширхэг трактор дутсан...”, мөн “...барааны борлуулалт хариуцсан нягтлан бодогч А.Энхжаргал нь хариуцсан үүрэгт ажилдаа хайхрамжгүй хандаж, урьдчилгаа төлбөр хийлгэлгүй, гэрээ байгуулалгүй олгосон байж болзошгүй, эсвэл улсын хөрөнгийг сатаатайгаар шамшигдуулсан дутаасан зэрэг зөрчлийг дахин давтан үйлдэж байгууллагад ихээхэн хэмжээний хохирол учруулсан тул хариуцлага тооцож, тухайн үйлдлийг нь хуулийн байгууллагаар шалгуулах нь зүйтэй гэж үзсэн” байна. Дутагдсан трактор, тоногдсон сэлбэг хэрэгслийг хариуцан ажиллаж байсан. А.Энхжаргалын ноцтой зөрчлийн тухай 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцэн ажлаас халж хууль хяналтын байгууллагад шилжүүлэх тухай байгууллагын шийдвэр гарсан. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Улсын ахлах байцаагийн 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн дугаар 13-03/01-тай актад манай байгууллагын 2012-2016 оны хооронд бага оврын трактортой холбогдох санхүү аж ахуйн үйл ажилагаанд аудитын шалгалтыг нэхэмжлэгч А.Энхжаргалыг байлцуулан хийсэн бөгөөд тус актаар 11 ширхэг трактор, 9 ширхэг хадуур нийт 56 838 602 төгрөгийн хохирол учруулсан зөрчил тогтоогдсон бөгөөд дутагдсан эд хөрөнгө төлбөр төлүүлэх талаар өөрийн биеэр танилцаж хүлээн зөвшөөрөн гарын үсэг зурсан байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4-д “...эсхүл хөдөлмөрийн маргааныг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэж заалтаар А.Энхжаргал 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ажил олгогчтой байгуулсан "Хөдөлмөрийн гэрээ"-ний 7 дугаар зүйлийн 7.2.3-т ноцтой зөрчил гэж дараах зөрчлийг ойлгоно. Үүнд, "шунахайн сэдлээр сангийн болон бусдын эд зүйлс, өмч хөрөнгийг үрэгдүүлсэн, ашигласан, хулгайлсны улмаас хохирол учруулсан, энэ үйлдэл нь баримтаар нотлогдсон"- гэсэн дутагдуулсан баримтыг үнэлсэнгүй. Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “мөнгө болон эд хөрөнгө харицсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон” гэж зааснаар 2006 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн дугаар УДШ-ийн тогтоолд мөнгө болон эд хөрөнгө хөрөнгө хариуцсан ажилтан гэдэг нь “...эд хөрөнгийн хадгалалт хамгаалалтанд бүртгэлээр хяналт тавих эрх бүхий санхүүгийн албан тушаалтан зэргийг хамруулна” гэсэн бөгөөд А.Энхжаргал нь сангийн трактор, хадуур хариуцсан нягтлан бодогчийн үүрэгт ажлыг хийж гүйцэтгэж байсан гэдэг нь хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, тооллогын тайлан, дотоод хяналтын акт, яамны улсын ахлах байцаагчийн акт зэргээр тогтоогдож байх бөгөөд байгууллагын эд хөрөнгө дутагдуулсан үйлдэл, эс үйлдэхүй нь тогтоогдсон байна. Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн дүрмийн 22 дугаар зүйлд “сангийн гүйцэтгэх захирал нь эрх хэмжээнийхээ хүрээн тушаал гаргана” гэж заасныг үндэслэсэн. Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн "Хөдөлмөрийн дотоод журам"-ын 10 дугаар зүйлийн 10.1.8-т “Хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гэдэг нь “...эд материалын болон бусад хохирол учруулсан...” заалтын үндэслэл нь 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Захирлын зөвлөлийн хурлаар “А.Энхжаргалын учруулсан хохирлыг нөхөн төлүүлж, хууль хяналтын байгууллагад шилжүүлэх” тухай шийдвэр гарсан байдаг. Тариалан эрхлэлтийг дэмжих санд ажиллаж байсан трактор хариуцсан тооцооны нягтлан бодогч хариуцах үүрэгт ажилдаа хайнга хандсан, зарим тракторуудыг урьдчилгаа төлбөр хийлгэлгүй, гэрээ, зөвшөөрөлгүй олгосон эсхүл санаатайгаар ганцаараа болон бусадтай нийлж ашиглан шамшигдуулсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргаж байгууллагд онц их хэмжээний учруулсан хохирол түүний үнэ тогтоогдсон ба учруулсан этгээд буюу нягтлангийн буруутай үйлдэл, эс үйлдэхүй байгаа нь тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгч А.Энхжаргал нь хариуцагч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Тариалан эрхлэлтийг дэмжих санд холбогдуулан тус сангийн захирлын 2016 оны Б/54 дүгээр тушаалыг хүчингүйд тооцож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхээр нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...сахилгын болон хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан зөрчил гаргаагүй, ажлаас халсан тушаал үндэслэлгүй...” гэсэн бол хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ “...дотоод хяналт шалгалтын комиссын дүгнэлт, тооллогын комиссын тайлан зэргээр А.Энхжаргал нь ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ биелүүлээгүй, 12 ширхэг трактор дутаасан...” гэж тайлбарласан.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч А.Энхжаргалыг хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/54 тоот тушаалаар, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-т тус тус заасныг “...үндэслэн мөн өдрөөс эхлэн ажлаас чөлөөлжээ.
Шүүх хэргийг шийдвэрлэхдээ “...дутагдсан гэх хөрөнгө нь А.Энхжаргалын гэм буруутай үйл ажиллагаанаас болсон гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй...” гэж дүгнэсэн нь зөв байна.
Учир нь нэхэмжлэгч А.Энхжаргал нь 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн хариуцагч байгууллагад тооцооны нягтлан бодогчоор ажилласан үйл баримтын талаар талууд маргаагүй.
Нэхэмжлэгч А.Энхжаргалд 12 ширхэг тракторыг хүлээлгэн өгсөн болон, түүнийг ажил хүлээн авах үед 12 ширхэг трактор байсныг нотолсон баримт хэрэгт авагдаагүй, энэ асуудлаар цагдаагийн байгууллага шалгаж байгаа гэх боловч нэхэмжлэгчийг сэжигтэн, яллагдагчаар татсан баримтгүй, 12 ширхэг трактор хэзээ, ямар байдлаар үгүй болсон нь эргэлзээгүй баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагч нь тайлбар, татгалзлаа нотлох баримтаар нотолж чадаагүй гэж үзнэ.
Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШШ2017/01488 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 101 446 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХТӨР
ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН
М.НАРАНЦЭЦЭГ