Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганбатын Мөнхтулга |
Хэргийн индекс | 118/2023/0022/З |
Дугаар | 221/МА2024/0070 |
Огноо | 2024-01-25 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 221/МА2024/0070
2024 оны 01 сарын 25 өдөр | Дугаар 221/МА2024/0070 | Улаанбаатар хот |
Н.М***ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч З.Ганзориг
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа
Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М***
Нэхэмжлэгч: Н.М***
Хариуцагч: Завхан аймгийн Засаг дарга
Нэхэмжлэлийн шаардлага: Завхан аймгийн Засаг даргын 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн А/317 тоот захирамжийн Н.М***ад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 34 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгч Н.М***, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А***,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.М***
Хэргийн индекс: 118/2023/0022/3.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Н.М***аас Завхан аймгийн Засаг даргад холбогдуулан “Завхан аймгийн Засаг даргын 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн А/317 тоот захирамжийн Н.М***ад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан.
2. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 34 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Завхан аймгийн Засаг даргын 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн А/317 дугаар захирамжийн Н.М***ад холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
3. Давж заалдах гомдлын агуулга: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
“ ... Маргаан бүхий газрыг анх иргэн Д.Б***ид дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмаар олгох хуулийн заалтыг зөрчсөн.
Аймгийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/510 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг Н.М***ад шилжүүлэх тухай” захирамж нь тухайн газрыг өв залгамжлалын журмаар шилжүүлж авсан тул тус захирамжид дуудлага худалдаатай холбоотой хуулийн заалт оруулах шаардлагагүй гэж үзэж байна.
Харин хүчингүй болгосон 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн А/317 дугаар захирамжид анх газар олгохдоо дуудлага худалдаатай холбоотой буюу Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтыг оруулж өгсөн нь хууль зүйн үндэслэлтэй.
Нэхэмжлэлд дурдсан төрөөс нийтийн эзэмшлийн газрыг анх авсан иргэн би биш, надад хамааралгүй, би өвийн журмаар авсан гэж үзэж болохгүй юм.
Иймд аймгийн Засаг даргын даргын захирамж үндэслэлтэй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
4. Нэхэмжлэгч талаас хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг буруу үнэлж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
3. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд,
3.1. Маргаан бүхий газар болох Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн С.Шагж аваргын 11-1150 тоотод байрлах, нэгж талбарын 81*** дугаартай, “үйлдвэрлэл, үйлчилгээний” зориулалт бүхий 1000 м.кв газрыг Улиастай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны “Улиастай сумын 2019 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлтэд дүгнэлт өгөх, 2020 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай” 8 дугаар тогтоолын хавсралтын “5. Иргэн, аж ахуйн нэгж байгууллагад үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаар эзэмшүүлэх газар”-ын 2-т дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын үндсэн дээр иргэн, аж ахуйн нэгжид эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн.
3.2. Завхан аймгийн Засаг даргын 2020 оны А/378 дугаар захирамжаар “Улиастай сумын Богд гол багт газар эзэмших хүсэлт гаргасан иргэн Д.Б***ид” Улиастай сумын 4 дүгээр баг, С.Шагж аваргын 11-1150 тоот хаягт байрлах, нэгж талбарын 81*** дугаар бүхий 1000 м.кв газрыг “худалдаа, нийтийн үйлчилгээний газар” зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн.
3.3. Газар эзэмшигч иргэн Д.Б*** 2021 онд нас барсан тул иргэн Н.М***аас аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хандан газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлтийг 2020 оны өвлөх эрхийн 0180 тоот гэрчилгээний хамт гаргасныг үндэслэн Завхан аймгийн Засаг даргын 2022 оны А/510 дугаар захирамжаар маргаан бүхий газрыг нэхэмжлэгч Н.М***ад “анхдагч гэрээнд заасан газар эзэмших хугацаа дуустал үргэлжлүүлэн эзэмшүүлэхээр” шийдвэрлэсэн.
3.4. Улмаар Завхан аймгийн Засаг даргын 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн “Захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай” А/317 тоот захирамжаар “Улиастай хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглах дуудлага худалдаа явуулах журам, сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд санал тусгагдаагүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, эрх зүйн зөрчилтэй нь тогтоогдсон” гэх үндэслэлээр нэр бүхий иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийг гэрээ, гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсний нэг нь нэхэмжлэгч Н.М***ын газар эзэмших эрх хамаарч байгаа болох нь тус тус тогтоогдсон.
4. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална:”, 4.2.1-д “хуульд үндэслэх” гэж, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах”, 4.1.4-т “газрыг хуульд заасан нөхцөл, журмын дагуу үндсэн зориулалтаар нь үр ашигтай, зохистой эзэмших, ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх” зарчмыг баримтална,
Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ” /маргаан бүхий захиргааны акт гарах хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан/,
61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” хэмээн тус тус заасан.
5. Анхан шатны шүүх, маргаан бүхий газрыг аймгийн Засаг даргын 2020 оны А/378 дугаар захирамжаар иргэн Д.Б***ид анх эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-д заасныг зөрчин, дуудлага худалдаа зохион байгуулалгүйгээр эзэмшүүлсэн болохыг үндэслэлтэй зөв тогтоосон байх боловч “анхдагч газар эзэмшигч иргэн /Д.Б***/-с нэхэмжлэгч Н.М***ад Засаг даргын 2022 оны А/510 дугаар захирамжаар өв залгамжлалын журмаар шилжсэн газар эзэмших эрхийг хүчингүй болгож буй үйлдэл нь учир шалтгааны хувьд зөрчилтэй, Засаг даргын А/378 дугаар захирамжид хамаарах үйл баримт, үр дагаврыг Засаг даргын А/510 дугаар захирамжаар эрх олгогдсон этгээдэд хамаатуулан хэрэглэсэн нь шударга ёсны зарчимд нийцэхгүй” гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
6. Тодруулбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” хэмээн заасан.
Хуулийн дээрх зохицуулалтын дагуу тус шүүх нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн татгалзлалын үндэслэлд хамаарах нотлох баримтыг хэргийн оролцогчдын хүсэлт, өөрийн санаачилгаар бүрэн цуглуулсны үндсэн дээр нэхэмжлэгчийн эрх зүйн хамгаалалт хүсэж буй эрх, ашиг сонирхол нь хууль ёсны эсэх, хариуцагчийн татгалзал хууль зүйн үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгч маргааныг шийдвэрлэх үүрэгтэй.
7. Тухайн тохиолдолд Улиастай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны “Улиастай сумын 2019 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлтэд дүгнэлт өгөх, 2020 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай” 8 дугаар тогтоолоор “дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын үндсэн дээр” иргэн, аж ахуйн нэгжид эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн маргаан бүхий газрыг хариуцагч Завхан аймгийн Засаг дарга Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасан журмын зөрчин иргэн Д.Б***ид олгосон. Улмаар газар эзэмшигч иргэн нас барсан шалтгаанаар аймгийн Засаг даргын 2022 оны А/510 дугаар захирамжаар тухайн газрын эзэмших эрхийг иргэн Н.М***ад шилжүүлсэн нь хариуцагчаас хуульд заасан журмыг зөрчиж иргэнд газар эзэмшүүлсэн гэх үйл баримтыг үгүйсгэх үндэслэл болохгүй.
8. Хариуцагчаас хуульд заасан журмыг зөрчиж иргэнд газар эзэмшүүлсэн шийдвэрээ Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд залруулах зорилгоор гаргасан маргаан бүхий захиргааны актыг шүүхээс “шударга ёсны зарчимд нийцэхгүй” гэх үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэх нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 4.1.4-т заасан Захиргааны үйл ажиллагаа “хуульд үндэслэх”, “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах”, “газрыг хуульд заасан нөхцөл, журмын дагуу үндсэн зориулалтаар нь үр ашигтай, зохистой эзэмших” зарчимд нийцэхгүй.
Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1, 121.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 34 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг тус тус үндэслэн нэхэмжлэгч Н.М***аас Завхан аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Завхан аймгийн Засаг даргын 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн А/317 тоот захирамжийн Н.М***ад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг .
арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА