Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 53

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Лувсандорж даргалж,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Пүрэвдулам,

            улсын яллагч С.Эрдэнэбаяр,

            шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар /ҮД:1672/,

            хохирогч Д.*******, Ц.*******,

            шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт *******гийн *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2016 0108 0190 дугаар, 108/2016/0058/Э индекстэй хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.                                           

Монгол Улсын иргэн, *******-ний өдөр Улаанбаатар хот Налайх дүүрэгт төрсөн, 42 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт *******, ******* тоотод оршин суух,

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 126 дугаар шийтгэх тогтоолоор давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар түүний үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгосон, регистрийн дугаартай, ******* овогт *******гийн ******* нь:

яллах дүгнэлтэд бичигдсэнээр - согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ давтан үйлдлээр буюу 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдөр , тоотод оршин суух Д.*******ын гэрийн хаалганы цоожийг эвдэн орж 39 инчийн “Хайер” брэндийн лед телевизор, “Болор” кабелийн телевизийн дамжуулагч станц зэргийг хулгайлж 350.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 6 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө ******* тоотод оршин суух Ц.*******ийн Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орж 500.000 төгрөгийн үнэ бүхий 43 инчийн “Самсунг” маркийн лед телевизор тус тус хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ , тоотод оршин суух хохирогч Д.*******ын гэрийн хаалганы цоожийг 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдөр эвдэн орж 39 инчийн “Хайер” брэндийн лед зурагт, “Болор” кабелийн телевизийн дамжуулагч станц зэргийг хулгайлж 350.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн давтан үйлдлээр буюу *******, тоотод оршин суух хохирогч Ц.*******ийн Монгол гэрийн хаалганы цоожийг 2016 оны 6 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө эвдэн орж 43 инчийн “Самсунг” маркийн лед зурагт хулгайлж 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.ын: “... Би Бадралд байх айлын гэрийн цоожийг эвдэж зурагт авсан. Зурагтыг зарах гээд 1 дүгээр хороо руу явж байгаад нэг танихгүй хүнд 20.000 төгрөгөөр зарсан. Би *******ийн буюу 1 дүгээр хорооны айлаас зурагтыг аваагүй. гэдэг цагдаагийн төлөөлөгч намайг “чи авсан биз дээ пизда минь, чамаас өөр хэн авах юм” гэж хэлээд зодох гээд байхаар нь би айсандаа авсан гэж хэлсэн ...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.*******ын: “... Тухайн өдрийн өглөө 10 цагийн үед намайг ажил дээрээ байхад хүргэн над руу “гэрт хулгай орсон байна” гэж залгасан. Намайг гэртээ ирэхэд хойд талын амбаараас жоотуу авч гэрийн цоожийг эвдсэн байсан. Гэртээ ороход зурагтыг авсан, ус буцалгагч үүдэнд байрнаасаа хөдөлсөн байсан. Гарахдаа үүдэнд байсан шуудайтай хогийг асгаад явсан байсан. Энэ нөхөр манайхыг өдрийн цагаар гэртээ байдаггүйг мэдээд хашааны ойр орчмоор 2 удаа явсан байсан. Би цагдаа дуудаад хашаанаас доошоо уруудаад явж байтал дэлгүүрийн хүүхэн “түрүүн ******* зурагт бариад явж байсан” гэж хэлсэн. Тэгээд шууд ын гэрт очтол гэртээ байхгүй байсан. Тэгээд ыг гадуур нэлээн хайсан.  *******тай таараад “манай зурагтыг авсан уу” гэж асуутал “би ахынхаа зурагтыг авсан” гэж хэлсэн. Дараа нь дахин *******ас зурагтыг асуухад “нэг өвгөнд зарсан” гэж хэлсэн. Би *******д “ахынхаа зурагтыг олоод өгвөл гомдол саналгүй” гэж хэлсэн ...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.*******ийн: “... 2016 оны 6 дугаар сарын 19-ний өдөр би 10 жилийн ангийн уулзалтад явсан. Маргааш өглөөний 8 цагийн үед манай хадам эгч над руу залгаж “танай гэрт хулгай орсон байна” гэж хэлсэн. Би хадам эгчийг “цагдаа дуудчих” гэж хэлээд “гэрээс юу алга болсон байна” гэж асуухад “зурагт байхгүй байна” гэсэн. Тухайн үед манай нөхөр хөдөө ажлаар явсан байсан. Би 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 3 цагийн үед цагдаад ирж байцаалт өгсөн ...” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад хохирогч Д.*******ын өгсөн: “... 2016 оны 05 сарын 04-ний өдөр би Налайх дүүргийн 7-р хороо Бадралын 9-10 тоотод байрлах гэрээсээ 07 цаг 20 минуад өөрийн эхнэрийнхээ хамтаар гарч ажилдаа явсан. Тэгээд ажил дээрээ байж байтал манай хүргэн гэх залуу над руу залгаад “та хаалгаа цоожлоогүй байна, хаалга чинь онгорхой байна лээ” гэж хэлэхээр нь би хаалгаа цоожилсон гэдгээ хэлээд “манай гэр лүү ороод үз дээ” гэж хэлтэл, манай хүргэн гэрт орж үзээд “зурагт чинь алга болчихсон байна” гэж хэлсэн. Тэгээд би удалгүй гэртээ яваад очсон чинь манай гэрийн хаалганы цоожийг эвдчихсэн, усны лаазан дээр цоожийг даруулгатай, хажууд нь манай хашаанд байдаг жоотуутай тавьчихсан байсан. Би бодохдоо тэр жоотуугаар манай хаалганы цоожийг эвдсэн байх гэж бодож байна. Тэгээд хойморын зурагтын тавиур дээр тавьчихсан Хайер маркийн 32 инчийн хавтгай дэлгэцтэй, ямар нэгэн эвдрэлгүй, шинэвтэр зурагт, мөн Болор кабелийн төхөөрөмж нь алдагдсан байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Манайх энэ зурагтаа 2014 онд 399.000 төгрөгөөр худалдан авч байсан. Болор кабелийн төхөөрөмжийг 60.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Эдгээр үнээрээ л үнэлнэ. Хаалганы Хятад улсад үйлдвэрлэсэн төмөр цоож байсныг эвдээд ашиглах болмжгүй болгосон байсан. Би уг цоожийг 2.500 төгрөгөөр худалдан авч байсан. Мөн энэ үнээрээ үнэлнэ. Сэжиглэж байгаа хүн гэвэл мангар гэх хочтой залууг зурагт бариад явж байхыг манай гудамжны үзүүрт нүүрс зардаг хүн харсан байсан. Би алдсан эд зүйлээ нэхэмжлэнэ, эд зүйлсээ авчихвал ямар нэгэн гомдол байхгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-22 дугаар тал/,

Мөрдөн байцаалтад хохирогч Ц.*******ийн өгсөн: “... Манай 10 жилийн ангийнханы уулзалт 2016.06.19-ний өдөр болоод бид нар зугаалахаар ярилцсан юм. Тэгээд зугаалгандаа явахдаа гэрт хүн үлдээгүй, тухайн үед манай нөхөр хөдөө ажлаар явсан, 2 хүүхдийн маань том нь цэрэгт явсан, бага хүүхдээ болохоор хадам ахындаа үлдээхээр болоод 14 цагийн үед хүүгийнхээ хамт гэрээ цоожлоод гарсан. Тэрнээс хойш огт гэртээ дахиж ирээгүй. Тэгтэл 2016.06.20-ны өдөр буюу маргааш нь 08 цагийн үед хадам эгч над руу залгаад “гэрт чинь хулгай ороод зурагтыг чинь аваад явчихаж” гэхээр нь “цагдаад дуудлага өг” гэж хэлээд 15 цагийн үед Налайх дүүрэгт ирээд шууд гэртээ ирээд юмаа бүртгэж үзэхэд ганц зурагт болон удирдлага алга болсон, өөр ямар нэгэн зүйл алдагдаагүй байсан. ... надад сэжиглэж байгаа хүн алга. Манай гэргийн хаалганы цоож олдоогүй, цүүг нь мулт татаад авчихсан байна лээ ...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25 дугаар тал/,

Мөрдөн байцаалтад гэрч Ш.гийн өгсөн: “... 2016.05.04-ний өдөр 12 цагийн үед болов уу сайн санахгүй байна намайг дэлгүүр дээрээ сууж байхад гаднаас нэг өндөр залуу зурагт тэвэрчихсэн, араас нь 40 гаран насны эмэгтэй хамт орж ирээд эмэгтэй нь “танай разеткенд энэ зурагтыг залгаад асаж байна уу үзээд орхьё” гэхээр нь “тэг” гэхэд эрэгтэй нь зурагтын залгуур өгөхөөр нь разеткенд залгахад асаж байсан ба юм дуугаралгүй буцаад эрэгтэй нь зурагтаа тэврээд гараад явсан. ... 40 гаран насны намхан шар царайтай хүн байсан, би бас одоо сайн санахгүй байна. Эрэгтэй нь нэлээн өндөр, 180 см өндөртэй байх, бор царайтай согтуу ч юм шиг жоохон балайдуу ч юм шиг хүн байсан. ... хар өнгийн хавтгай дэлгэцтэй, нэлээн том зурагт байсан, хажууд нь дөрвөлжин жижиг хар телевизийн дамжуулагч бас байсан шиг санагдаж байна. Ямар учиртай зурагт байсан талаар мэдэхгүй байна. Гарахдаа зурагтаа манай хаалганд цохиж бариад л тэнэгдүү гэмээр залуу байсан эрэгтэй нь ...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр тал/,

Мөрдөн байцаалтад гэрч Ж.ын өгсөн: “... миний хүү ******* -ний өдөр Налайх дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд төрсөн. Төрөхдөө ямар нэг төрөхийн хүндрэл өвчингүй төрсөн. 1975 оны 2-р сард 7 сартай байхдаа гэнэт таталт өгөөд ухаангүй болсон, тухайн үед эмнэлэг дуудаад хүүхдийн больницид хэвтэн эмчлүүлж байхдаа нугасны ус авахуулаад сэтгэц нь өөрчлөлттэй болсон. Эмч нар хэлэхдээ ын сэтгэцийн өвчинг нь төрөлхийн ой ухааны хомсдолтой гэсэн онош тавьсан. Багадаа цэцэрлэгт яваагүй, аав ээжийнхээ гар дээр өссөн. 1982 онд Налайх дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 1-р ангид элсэн орж суралцсан боловч сэтгэцийн өөрчлөлтөөсөө болоод сурч чадаагүй. Шар хадны эмнэлэгт хэвтээд гарахад нь эмч нар “сурч чадахгүй” гэсэн бичиг хийж өгсөн. Тэрнээс хойш дандаа гэртээ байдаг, 2012 оноос буюу 37 настай байхаасаа эхлээд архи уух болсон, эхэндээ зүгээр архи уугаад байдаг байсан, одоо хулгай хийж архи уугаад байна. Ер нь манай хажууд байдаг айлуудын 40 литрийн хөнгөн цагаан битон, усны тэрэг гэх мэтчилэн зүйлийг хулгай хийгээд би олон айлд тэр болгонд нь хулгайлсан эд зүйлийг нь төлдөг байсан. Миний хүү сэтгэцийн өвчтэй болохоос биш хар ажилд сайн. Зан байдлын хувьд архи уухгүй байх үедээ бол их дөлгөөн даруу зантай, манайх мал малладаг болохоор ажил мундахгүй, тэр болгонд миний хүү бүх зүйлийг хийдэг. Архи уухаараа зан ааш нь эвдрээд их муухай ааштай болчихдог, би хүртэл айгаад юм хэлж чаддаггүй. ******* 2016.05.04-ний өдөр Налайх дүүргийн зах дээр байсан байх, гэртээ лав байгаагүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар тал/,

Мөрдөн байцаалтад гэрч Д.гийн өгсөн: “... ******* ах 1974 онд Налайх дүүрэгт төрсөн ба манай хамгийн том ах байгаа юм. ******* ах төрөлхийн төрсөн цагаасаа эхлээд сэтгэцийн өвчтэй байсан ба одоо болтол өвчин нь эдгэсэн зүйл байхгүй, улам доройтоод ярихдаа гацаад нүд нь байнга анивчаад байдаг болсон. ******* ах архи уухаар зан ааш нь ширүүн догшин болдог ба дахиж архи уухын тулд энд тэндээс хулгай хийгээд байдаг болсон. Эрүүл үедээ бол зүгээр дөлгөөн, их дуугүй зантай. Сэтгэцийн ямар өвчтэй гэдгийг мэдэхгүй байна. Ямар ч байсан юм ойлгох чадвар муу, сайн ярьж чадахгүй гацаж ээрдэг, нүд нь анивчин жоохон хүүхдүүдтэй их ширүүн харьцдаг. Мөнгө төгрөгийн тоо, өнгө мэдэхгүй сэтгэцийн хувьд их дорой байгаа юм ...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр тал/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 906 тоот дүгнэлтэд:

  1. Д.******* нь хэрэг үйлдэх үедээ F7 Оюуны хомсдол өвчтэй байсан байна.
  2. Д.ын F7 Оюуны хомсдол өвчин нь төрөлхийн шалтгаантай өвчин болно.
  3. Д.*******д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.
  4. Д.******* нь болсон явдлыг бодитоор тусган мэдүүлэх чадвартай байна.

Д.******* нь хэрэг хариуцах чадвартай байна. /хх-ийн 37-39 дүгээр тал/,

Мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагч Д.ын өгсөн: “... 2016.05.04-ний өдөр 12 цагийн үед би инд шил лааз түүгээд явж байсан юм, тэгээд гудамжаар явж байгаад хулгай хийх гээд нэг айлын хашааны хаалгаар дотогш ортол хашааны дээд талын буландаа нэг Монгол гэр байхаар нь яваад очтол үүдний амбаар нь цоожтой байхаар нь цоожийг нь тэр айлын хашаанд байсан жоотуу шиг төмрөөр хөшиж эвдээд амбаарт нь ороход гэрийн хаалга нь бас цоожтой байхаар нь цоожийг нь дахиж төмрөөрөө эвдээд гэр лүү нь орсон. Тэгээд гэрт нь ороод хойморт нь дөрвөлжин ширээн дээр тавиастай байсан хар өнгийн хавтгай дэлгэцтэй том зурагт, кабелийн төхөөрөмжтэй нь аваад гарсан. Тэгээд Налайх дүүргийн 1-р хороонд явж байтал нэг настай танихгүй эмэгтэй тааралдаад надаас “наад зурагтаа зарах уу” гэхээр нь би “зарна” гэтэл ойролцоох нэг дэлгүүр ороод зурагтыг асааж үзээд надад 20.000 төгрөг өгөөд уг зурагтыг кабелийн төхөөрөмжтэй нь авсан, би түрүүлээд дэлгүүрээс гараад явчихсан. Тэгээд би мөнгөө энгэрийнхээ халаасанд хийгээд гэртээ очоод мөнгөө гаргаж ирэх гэсэн чинь миний мөнгө алга болчихсон байсан. Ийм л зүйл болсон юм. Зурагт авсан хүнийг би өөрөө харвал танина. 70 орчим насны эмэгтэй хүн байсан. Би архи уух гээд архиныхаа халуунд хулгай хийчихлээ. Надад өөр үйлдсэн хэрэг байхгүй. Би уг хэргийг ганцаараа үйлдсэн, ер нь нийлээд байдаг хүн бол цөөхөн байдаг. Манайх амьдралын түвшин дунд зэргийн боломжийн амьдралтай. Би гэртээ бол байгаад байдаггүй, шил лааз түүж өөрийгөө хооллодог, амьдралын нөхцөл байдлаас үүдэн хулгай хийсэн зүйл бол байхгүй. Би өөрөө хулгай хиймээр санагдаад хийчихсэн, надад ямар нэгэн зааж өгсөн хүн байхгүй. Цоож хөшиж онгойлгосон төмрөө гарахдаа хашаан дотор нь хаячихсан. Би өөрийгөө буруу зүйл хийсэн гэж бодож байна, бусдад учруулсан хохирлоо яаж ийж байгаад төлнө гэж бодож байна ...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49, 58 дугаар тал/,

“... Зурагт худалдаж авсан хүнийг харвал танин, манай ээжийн насны эмэгтэй настайвтар хүн байсан, би архины мөнгөгүй болохоор архи уумаар санагдаад байдаг ба жоохон л архи уучихаар дахиж архи уумаар санагдаад айлын хашаанаас “авчихаар юм байна уу” гэж харж явдаг. Эзэнгүй айл байвал дотогшоо ороод мөнгө болчихоор юм байвал шууд авдаг. Би ганцаараа явж байгаад архи уумаар санагдаад хулгай хийсэн, надад өөр үйлдсэн хулгай байхгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 54-55 дугаар тал/,

“... Би 2016.06.19-ний өдөр зах дээр хүмүүстэй архи ууж яваад гадаа харанхуй болсон байсан яг цагийг нь сайн мэдэхгүй байна гэр лүүгээ харихаар алхаж яваад нэрийг нь санахгүй байна нэг найзындаа орохоор гэрт нь очтол гэрийнх нь хаалга цоожтой байсан. Тэгэхээр нь би хаалганых нь цоожийг гэрийнх нь урд хэвтэж байсан төмрөөр хөшиж онгойлгоод дотогшоо ортол гэрийнх нь хоймор хэсэгт байх цагаан тавиур дээр том хавтгай зурагт байхаар нь аваад гэрээс нь гараад гудмаар нь дээшээ өгсөөд улаан булангийн хажууд очоод зурагтаа газар тавиад түр амарч байтал нэг танихгүй хүн ирээд “зарах гэж байгаа юм уу” гэхээр нь “зарна” гэж хэлэхэд надад мөнгө өгөөд би зурагтаа өгөөд архи авч уухаар дэлгүүр ортол хаасан байхаар нь би гэртээ хариад амарсан. Тэгээд маргааш нь босоод зах дээр очоод мөнгөөрөө архи авч уусан. Би зурагтыг ганцаараа хулгайлсан, архи авч уух гэж хулгайн хэрэг хийсэн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52, 58 дугаар тал/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-6, 12-13 дугаар тал/,

Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 40-41 дүгээр тал/,

Д.ын иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 59, 62 дугаар тал/,

“Д.******* нь Налайх дүүргийн 1-р хороо Уурхайчдын 7-426 тоотод ам бүл 3 амьдардаг болохыг тодорхойлов” гэсэн Налайх дүүргийн 1-р хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 60 дугаар тал/,

Д.*******д сар бүр олгох тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн дэвтрийн хуулбар /хх-ийн 61 дүгээр тал/,

Д.ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 63 дугаар тал/,

Д.ын гэмт хэрэг, зөрчилд холбогдож байсан эсэх талаарх нэгдсэн сангийн шүүлт, лавлагаа /хх-ийн 65-73 дугаар тал/,

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 126 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 79-81 дүгээр тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Д.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Д.ыг орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Түүний урьд үйлдсэн хэргийг Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015.11.11-ний өдрийн 126 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосон байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.

Д.*******д ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг давтан үйлдсэн, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдснийг ял хүндрүүлэх, анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус авч үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Д.ын урьд 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 18-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 14 /арван дөрөв/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирлын хэмжээ нь хавтаст хэргийн 40-41 дүгээр хуудаст авагдсан эд зүйлийн үнэлгээгээр тус бүр тогтоогдож байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ас 350.000 /гурван зуун тавин мянга/ төгрөг гаргуулан хохирогч Д.*******т,

500.000 /таван зуун мянга/ төгрөг гаргуулан хохирогч Ц.*******д тус тус олгож, энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.  

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298, 299, 301 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. ******* овогт *******гийн ыг орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. *******гийн *******д Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 /дөрөв/ сарын хугацаагаар баривчлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар Д.*******д оногдуулсан 4 сар баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Д.ын урьд 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 18-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 14 /арван дөрөв/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ас 350.000 /гурван зуун тавин мянга/ төгрөг гаргуулан хохирогч Д.*******т, 500.000 /таван зуун мянга/ төгрөг гаргуулан хохирогч Ц.*******д тус тус олгосугай.

6. Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.*******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Д.ЛУВСАНДОРЖ