Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 2019/ДШМ/51

 

 2019           06           26                                         2019/ДШМ/51

 

                                           Б.Г-д холбогдох

                                           эрүүгийн хэргийн тухай                                                                                                                                       

                                                                                                                                                                   Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимаас Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхтэй цахимаар холбогдон  хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

            Прокурор: Э.Тулгаа,

            Хохирогч: Ч.С,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ж.Эрдэнэбилэг,

Шүүгдэгч: Б.Г,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярмаа нарыг оролцуулан,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 2019/ШЦТ/47 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Б.Гд холбогдох, эрүүгийн 1820001750030 дугаартай, 2 хавтас, 328 хуудас бүхий хэргийг хохирогч Ч.Сгийн давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Сайншанд суманд 1970 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн, 49 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт, Дорноговь аймгийн ........ сумын ........ багийн ....... гэх газар оршин суух, урьд ял шийтгэлгүй, ...... овогт .........-ын  Г /РД:ЕК700........./-д холбогдуулан Дорноговь аймгийн Замын-Үүд дэх сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Э.Тулгаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

Шүүгдэгч Б.Г нь 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Замын-Үүд сумын 3 дугаар баг, М-Ойл шатахуун түгээх станцын ойролцоо 33-00 ДГО улсын дугаартай автомашин жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.9, 1.4, 21.1, 21.8, 21.8б дугаар зүйлүүдэд заасныг зөрчин 09-30 улсын дугаартай Shaanxi маркийн автобусыг мөргөж зам тээврийн осол гаргаж, Ч.С-гийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч ----- овогт --------ын Г----ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М овогт Б-ын Г-г таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550000 төгрөгийн торгох ялаар шийтгэж,

Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь 550000 төгрөгийн торгох ялыг 1 жил 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Шүүгдэгч Б.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж,

Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Б.Гас 3771135 төгрөг төгрөгийг гаргуулан хохирогч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, Тээвэрчид ......... тоотод оршин суух Боржигон овогт Ч-гийн Сд, 4644429 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Дорноговь аймгийн Сайншанд суманд байрлах Гэрэлт-Уянга ХХК-нд олгож, хохирогч Ч.Сгийн нэхэмжлэлийн шаардлагаас 30559865 төгрөгийн хэсгийг, Гэрэлт-Уянга ХХКийн нэхэмжлэлийн шаардлагаас 2142071 төгрөгийн хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Хохирогч Ч.С нь нотлох баримтаа бүрдүүлэн уг гэмт хэргийн улмаас учирсан цаашид гарах хохирлоо иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж,           

Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч болон хууль ёсны төлөөлөгч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч Ч.С давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие уг аваар ослын улмаас зүүн талын олон хавирганы хугарал, баруун хөл чөмөгний далд зөрөөтэй хугарал, шагайн цуурсан гэмтэл, зүүн хөлний шагайн үений хугарал, мултрал, тархины доргилт, хэвлийн зөөлөн эдийн няцрал гэмтэл учирч одоо ч бүрэн эдгээгүй, мэдрэлийн судасны өвчин маань эдгээгүй, таягтай, холхон явахдаа тэргэнцэртэй суудаг болоод байна. Би хоёр хөл дээрээ тулж зогсож чадахгүй байгаа. 2 гар маань барьж байгаа зүйлээ дийлэхээ байсан. Сая үзүүлээд ирсэн. Хүзүү, нугасандаа гэмтэлтэй байгаа учраас эмчилгээ хийлгэ гэсэн. Мөнгөгүй байгаа учраас эмчилгээгээ хийлгээгүй. Сая ээжийгээ алдсан. Надад ямар ч мөнгөний бололцоо байхгүй тул энэ мөнгийг гаргуулж авч эмчилгээ хийлгэж, хэдэн жил ч гэсэн охиныхоо хажууд баймаар байна. Би 2018-07-25 наас хойш өнөөг хүртэл 10 сар хөдөлмөр эрхлэх чадваргүй, олсон орлогогүй зөвхөн группийн мөнгөөр амьдарч, амьдрал үнэхээр хүнд нөхцөлд байна. Айлын байр түрээсэлж амьдардаг. Бага насны охин, өндөр настай, хорт хавдартай ээжийгээ асарч амьдардаг өрх толгойлсон эмэгтэй билээ. Ингэж гэмтсэнээсээ хойш ямар ч орлогогүй болсноос гадна түрээсийн мөнгө төлж чадаагүйн улмаас байрнаасаа гарч гудманд амьдрах шахам байна. Би анхан шатны шүүхэд хувиараа ажил хийж байсан орлого олдог оо нотолж дансны хуулга, улсад татвар төлдөг байсан баримт болон жилийн тайлан зэрэг баримтуудаа гаргаж өгсөн боловч надад зөвхөн эмчилгээний зардал болох 3 771 135 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж бусад хохирлыг гаргуулаагүйд гомдолтой байна. Надад өдрийн хөлс гэж 2-3 хонож байж бөөнөөрөө ож ирдэг. Үүнийгээ би дунджаар 70000 төгрөг гэсэн байгаа. Урагшаа гараад ажлаа хийвэл 70000 төгрөгөөс илүүг олно. Миний банкны данс 2-3 хоноод 1 сая төгрөг, 300000-400000 төгрөгөөр байнгын хөдөлдөг. Төгрөгийнх болон юаны данс маань байнга хөдөлдөг. Ямар ч байсан нотлох баримт болно гэж үзэж байна. Жолоочид оногдуулсан ял шийтгэлд гомдох зүйл алга. Гагцхүү надад ажилгүй байсан хугацааны орлого болох 18 900 000 төгрөгийг мөн айлын байрны түрээсийг төлж чадаагүй 800 000 төгрөгийг, нийт 19 700 000 төгрөгийг гаргуулж өгч тусална уу гэв.

Шүүгдэгч Б.Г давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ нэхэмжлээд байгаа мөнгийг би төлж чадахгүй. Шүүхээс ямар шийдвэр гарахыг л харж байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбилэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх хуралдаан дээр хохирогчийн нотлох баримт нь бүрдээгүй байсан. Хэрэгт татвар төлсөн баримтууд нь байгаа. 2017 онд 950000 төгрөг, 2018 онд 940000 төгрөгийг төлсөн байдаг. Энэ хүний маань жилийн орлого 9 сая орчим төгрөг байхаар байгаа. Өдөрт 70000 төгрөг олдог гэдэг боловч татвар дээр тэр талаарх баримт байдаггүй. Хохирогч С нь баримтаа бүрдүүлээд иргэний журмаар шийдвэрлүүлье гэсэн гэв.

Прокурор Э.Тулгаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Хохирогч С нь 2018.07.25-ны өдрөөс одоог хүртэл ажилгүй байгаа, урагшаа хилээр гарч өдөрт 70000 төгрөг олдог байсан. Орлого 18900000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж нэхэмжилсэн байдаг. Шүүхээс тухайн нэхэмжилсэн мөнгийг тодорхой баримтаар тогтоогдоогүй, тэтгэмж авдаг талаар баримт байхгүй, орлогоо нотолсон баримт байхгүй гэсэн үндэслэлээр уг нэхэмжлэлийн хэсгийг хэрэгсэхгүй болгож иргэний журмаар шийдвэрлүүлэх эрхийг нь хангаж өгсөн. Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь судалж, шүүгдэгчийн гэм буруугийн байдал, хохирогчид учирсан гэмтэл зэргийг харгалзан шийдвэрлэсэн учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 2019/ШЦТ/47 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.

            Учир нь: Хохирогч Ч.Сгийн давж заалдсан гомдолд үндэслэн түүний гомдолд дурдсан асуудлуудаар хязгаарлагдахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь давж заалдах шатны шүүхээс хянан хэлэлцвэл анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа иргэний нэхэмжлэлийн асуудлыг буруу шийдвэрлэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг  зөрчсөн байна гэж үзлээ.

                 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр шүүгдэгч Б.Г нь Замын-Үүд суманд 33-00 ДГО улсын дугаартай УАЗ маркийн автомашин жолоодож явахдаа гол замаар ирж яваа 09-30 ДГО улсын дугаартай Shaanxi маркийн хот хоорондын тээврийн автобусанд зам тавьж өгөлгүйгээр хөдөлгөөнд оролцож Замын хөдөлгөөний дүрмийн 1.5, 12.9-д заасныг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж өөрийн автомашинд зорчиж явсан хохирогч Ч.Сгийн биед зүүн талын олон хавирганы хугарал, баруун чөмөгний далд зөрүүтэй хугарал, зүүн шагайн үений хугарал, мултрал, тархины доргилт, хэвлийн баруун доод хэсгийн зулгаралт, зөөлөн эдийн няцралт бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь тээврийн хэрэгслүүдэд үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэргийн газрын үзлэгийг нөхөн хийсэн үзлэгийн тэмдэглэл,  гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч Ч.С, гэрч Ш.Энхмэнд, Ц.Энх нарын мэдүүлгүүд, хохирогч Ч.Сгийн биед учирсан гэмтлийг тодорхойлсон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 9356 тоот дүгнэлт, зам тээврийн ослын талаар Замын Цагдаагийн шинжээчийн 15 тоот дүгнэлт, нэмэлт шинжээчийн дүгнэлт,  09-30 ДГО улсын дугаартай Shaanxi маркийн автобус болон 33-00 ДГО улсын дугаартай УАЗ маркийн автомашины эвдрэл гэмтлийг тодорхойлсон техникийн шинжээчийн 12, 13 тоот дүгнэлтүүд, хохирлын үнийн дүнг тодорхойлсон хөрөнгийн үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн дүгнэлтүүд, хохирогч Ч.Сгийн утсанд учирсан гэмтлийн үнийг тодорхойлсон шинжээчийн дүгнэлт зэргээр тус тус тогтоогдож байгаа ба шүүгдэгч Б.Г гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болох нь түүний гэрчээр болон яллагдагчаар, мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээр өгсөн мэдүүлгүүдээр тус тус батлагдан тогтоогдсон байна.

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан баримтат мэдээллүүд байна.

            Хавтаст хэргийн материалыг хэргийн оролцогч нарт танилцуулсан ба тэдний зүгээс хэргийг нэмж шалгуулах талаар санал хүсэлт гаргаагүй байна.

Хэргийн бүх ажиллагааг хянан хэлэлцвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх ба мөрдөн байцаалт, прокурор болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Б.Г нь автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 1.5 буюу “ бусдад саад учруулахгүйгээр зорчих”,  дүрмийн 12.9 буюу “гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн  заалтуудыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч Ч.Сд хүндэвтэр гэмтэл учруулсан байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10-т заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн шинжүүдэд нийцэж байгаа ба анхан шатны шүүх түүнийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шүүх шүүгдэгчид мөн хуульд зааснаар таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр  торгосон нь шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон “ Шударга ёсны зарчим”-д нийцсэн байна.

            Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо иргэний нэхэмжлэлийн асуудлыг шийдвэрлэхдээ хохирогч Ч.Сгаас нэхэмжилсэн ажилгүй байсан хугацаанд олох байсан орлогоо алдсанаас учирсан гэм хорын хохирлын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу болсон байна.

            Хохирогч Ч.С гэмтсний улмаас эмчилгээний зардалд 5.592.000 төгрөг, байрны түрээсийн төлбөр 800.000 төгрөг, олох байсан орлогод 18.900.000 төгрөг, дүү нарын сургалтын төлбөр 2.300.000 төгрөг, гэртэй болно гэж цуглуулсан 6.000.000 төгрөгөө зарцуулаад дууссан, хоол хүнсний зардалд зарцуулсан гээд нийт 34.331.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилснээс шүүх шүүгдэгчээс хохирогчид төлсөн 1.500.000 төгрөгийг хасч 3.771.135 төгрөгийн эмчилгээний зардлыг хангаж,  үлдэх 30.559.865 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар шүүгдэгч Б.Г нь хохирогч Ч.Сд болгоомжгүйгээр гэм хор учруулснаас үүссэн түүний хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого,  эрүүл мэндэд гэм хор учруулсантайгаар холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй байхад хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас хөдөлмөрийн чадвараа алдснаас үүссэн гэм хорын хохирол болох олох байсан орлого 18.900.000 төгрөгийг нотлох баримтгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байх буюу Иргэний хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болсон байх ба шүүх “Иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, эсхүл хэлэлцээгүй орхисны холбогдол” заалт буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийг зөрчиж шийдвэр гаргасан гэж үзлээ.

            Хохирогч олох байсан орлогоо алдсны хохирол нэхэмжлэхдээ зөвхөн хувь хүний орлогын албан татвар төлсөн тухай Дорноговь аймгийн татварын хэлтсийн тодорхойлолт, харилцах дансны хуулбараа гаргаж өгсөн нь түүний орлого олдог ямар ажил, үйл ажиллагаа явуулдаг гэдгийг бүрэн нотолж чадахгүй байгаа тул хохирогч энэ хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар дахин нэхэмжилж шийдвэрлүүлэх эрхтэй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хохирогчийн энэ нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримт дутуу үндэслэлээр хэлэлцэхгүй орхиж, иргэний журмаар дахин нэхэмжилж шийдвэрлүүлэх эрхийг олгох шийдвэр гаргах байжээ.

            Ингээгүйгээс хохирогч Ч.С нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар хөдөлмөрийн чадвараа алдснаас үүссэн гэм хорын хохирол учирснаас бий болсон олох байсан орлогоо дахин нэхэмжлэх эрхээ алдах нөхцөл бий болсон байгааг анхан шатны шүүх анхаараагүй байна.

Анхан шатны шүүхийн энэ алдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар иргэний нэхэмжлэлийн асуудлыг шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх үндэслэл болох ба энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

            Харин үлдэх  буюу 11.659.865 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагууд болох хоол хүнс, дүү нарын сургалтын төлбөр, байр түрээслэсэн төлбөр, цуглуулсан мөнгө, хүүхдийн цэцэрлэгийн төлбөр зэрэг нь гэмт хэргийн улмаас үүссэн зайлшгүй зардал биш гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй болсон.

            Хохирогч Ч.С нь 6-р давхарт амьдарч байгаад гэмтснээсээ хойш 1-р давхар болгож амьдарч байгаа нь шүүх хуралдаанд мэдүүлсэн тайлбараар тогтоогдсон хэдий ч тэрээр гэмт хэрэг гарахаас өмнө байр түрээслэн амьдардаг байсан тул ийнхүү байр түрээслэсэн нь эрүүл мэндэд учирсан хохирлоос шалтгаалсан гэж үзэх үндэслэлгүйгээс энэхүү түрээсийн төлбөр 800.000 төгрөгийн зардлыг эрүүл мэндэд учирсан зайлшгүй зардал гэж үзэх үндэслэлгүй.

            Эдгээр нөхцөл байдлуудад үндэслэн хохирогч Ч.Сгийн давж заалдсан гомдлын үндэслэл болсон “хөдөлмөрийн чадвараа алдснаас үүссэн гэм хорын хохирол болох олох байсан орлого, байрны түрээсийн төлбөрт бүгд 19.700.000 төгрөгийн нэхэмжлэл”- ийг хэрэгт цугларсан нотлох баримтанд үндэслэн шийдвэрлэх боломжгүй, нотлох баримт бүрэн дүүрэн цуглараагүй байх ба холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрх нь нээлттэй тул түүний гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            Иргэний нэхэмжлэгч “Гэрэлт уянга “ ХХК-ийн 09-30 ДГО улсын дугаартай Shaanxi маркийн автобусанд учирсан хохирлын эд ангийн үнийн болон засварын хөлсний нийт зардлыг мөрдөн шалгах ажиллагааны үед үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-иар гаргуулсан үнэлгээ /1-р хх-ийн 109-111/ дүгнэлтийн талаар иргэний хариуцагчийн зүгээс маргаагүй байж шинээр нотлох баримтыг гаргаж нэхэмжлэлийг 2.142.071 төгрөгөөр нэмэгдүүлж нэхэмжилснийг анхан шүүх хангалгүй, нэмэгдүүлсэн хэсэг болох 2.142.071 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй зөв болсон.

           Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт хохирогч Ч.Сгаас нэхэмжилсэн эрүүл мэндэд учирсан хохирлыг шийдвэрлэхдээ тооцоог зардал тус бүрээр нэгтгэн тооцсон байдлаар биш тоо тус бүрийг нэг бүрчлэн жагсаан бичих байдлаар бичсэн,  ийнхүү жагсаан бичихдээ хэргийн хуудасны дугаарыг бичээгүй зэрэг нь шийтгэх тогтоол бусдад уншигдах байдлын хувьд зохимжтой бус, ойлгомжгүй, тодорхойгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-д нийцээгүйг магадлалд тэмдэглэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.5 дугаар зүйлийн 1, 1.3, 39.8 дугаар зүйлийн 1, 1.6, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.5,  2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 2019/ШЦТ/47 дугаар шийтгэх тогтоолын 5 дугаар заалтын  “... 30.559.865 ... ” гэснийг, “11.659.865” гэж өөрчилж, заалтад хохирогч Ч.Сгийн нэхэмжлэлийн шаардлагаас хөдөлмөрийн чадвараа алдснаас дутуу авсан цалин болон түүнтэй адилтгах орлогоо алдсаны хохирол 18.900.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.” гэж нэмж,

6 дугаар заалтын “Хохирогч Ч.С нь нотлох баримтаа бүрдүүлэн уг гэмт хэргийн улмаас учирсан цаашид гарах хохирлоо иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.” гэснийг,

“Хохирогч Ч.С нь хөдөлмөрийн чадвараа алдснаас дутуу авсан цалин болон түүнтэй адилтгах орлогоо алдсаны хохирол болон уг гэмт хэргийн улмаас учирсан цаашид гарах хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.” гэж  өөрчилж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогч Ч.Сгийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Н.БАТЧИМЭГ

                                                  ШҮҮГЧИД                                    Н.БОЛОРМАА

                                                                                                       А.САЙНТӨГС