МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож,
улсын яллагч Ц.Цэрэнбалжир,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Баттөмөр, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар,
шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргал,
шүүгдэгч Б.Очирбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэнбалжирын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хиргис овогт Батсүхийн Очирбатад холбогдох эрүүгийн 2207000760119 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1999 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэгт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автомашины засварчин мэргэжилтэй, Хүрээ дээд сургуулийн 4 дүгээр курсийн оюутан, ам бүл 2, ээжийн хамт Сонгинохайрхан дүүрэг, 25 дугаар хороо, Одонтын 12-36 тоотод оршин суух, урьд ял шийтгэл үгүй,
Хиргис овогт Батсүхийн Очирбат /РД: УП99091958/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Очирбат нь 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Элстэй гэх газарт зүүн аймгууд явах чиглэлийн хатуу хучилттай замд 96-73 УАМ улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас 66-57 УАА улсын дугаартай Дайхацү маркийн ачааны бага оврын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зам тээврийн ослын улмаас Д.Баасанжав нас барж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Очирбат шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Баттөмөр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Нэхэмжилсэн хохирол барагдсан бүгдийг нь өгсөн. Авто машины даатгалаас 5.000.000 төгрөг, үлдэх 19.140.000 төгрөгийг дансаар өгсөн. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй. Би нэг ах, таван дүүтэй. Ээж Багануурт байдаг. Бид нар ярилцаж байгаад албан ёсны хохирогчоор би томилогдсон. Бид нар байнга утсаар ярьж байгаа. Энэ хүүхэд залуу хүүхэд байна. Цаашдын ажил амьдралд нь хар толбо үлдээгээд яах вэ, нээх хатуурхаад яах вэ гэж бодсон. Авто осол санаандгүй, болгоомжгүй байдлаас үйлдэгддэг. Би Тэрэлжээс Улаанбаатар хот руу татан авалтын жолоочийн ажил хийдэг. Өдөрт 2, 3 удаа явдаг. Машин барьж ажил амьдралаа залгуулж яваа хүн. Энэ залуугаас гомдол нэхэж, заавал хорьж цагдах зүйл байхгүй. Ах, дүү нартайгаа ярилцаж байгаад зөвлөсөн болохоор тэд нарыгаа төлөөлж ярьж байна. Ах дүү нар мань Б.Очирбатыг хүний ганц хүүхэд юм байна лээ, цаашдынх нь амьдралд хар толбо үлдээгээд яах вэ гэж ярилцсан” гэв.
Улсын яллагч шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Очирбатыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь нас хохирсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотлох байр сууринаас оролцож, дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 03-09 дэх тал)
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Баттөмөрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дэх тал),
- Иргэний нэхэмжлэгч О.Халиуны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31 дэх тал),
- Гэрч Ц.Эрдэнэбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 39 дэх тал),
- Иргэний нэхэмжлэгч Ц.Эрдэнэбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 37 дахь тал),
- Гэрч Т.Тунгалагийн мөрдөн шалгах ажиллгааанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 48 дахь тал),
- Гэрч М.Оюунчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 50 дахь тал),
- Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Налайх дүүргийн шүүхийн шинжилгээний тасгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 154 дугаар дүгнэлт (хавтаст хэргийн 52-53 дахь тал),
- Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Налайх дүүргийн шүүхийн шинжилгээний тасгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 153 дугаар дүгнэлт (хавтаст хэргийн 55-56 дахь тал),
- Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Тусгай шинжилгээний газрын химийн ахлах шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 1625 дугаар дүгнэлт (хавтаст хэргийн 58-59 дэх тал),
- Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Тусгай шинжилгээний газрын бактериологийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 1627 дугаар дүгнэлт (хавтаст хэргийн 62-63 дахь тал),
- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 843 дугаар дүгнэлт (хавтаст хэргийн 73-78 дахь тал),
- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 161 дугаар дүгнэлт (хавтаст хэргийн 87-88 дахь тал),
- Техникийн шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 05/02 дугаар дүгнэлт (хавтаст хэргийн 97-98 дахь тал),
- “Бэст Эстимэйт” ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 20220319089 дугаар автомашины техникийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 101 дэх тал),
- Шүүгдэгч Б.Очирбатын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 127-128 дахь тал) зэрэг болно.
Шүүгдэгч Б.Очирбатын өмгөөлөгч Н.Энхжаргал шүүх хуралдаанд гэм буруу дээр маргахгүй, ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр суурьтай оролцож, дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Б.Очирбатын мөрдөн шалгах ажиллагаанд иргэний хариуцагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дахь тал),
- Гэрч М.Оюунчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгээс “..Би урд шөнө нь 23 цагийн үед гэртээ ороход манай хүү унтчихсан байсан. Тэгээд би хүүгээ шөнө 04 цагийн үед сэрээсэн. ...Миний хүү Батсүх овогтой Очирбат нь Улаанбаатар хотод 1999 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн, хүүгээ 2 настай байхад ааваас нь салж хүүгээ ганцаараа өсгөсөн юм. Очирбат гэртээ бага насаа өнгөрүүлж, Нийслэлийн 104 дүгээр сургуулийн 9 дүгээр ангийг 2018 онд төгсөж, техник технологийн коллежид элсэн орж 2 жил суралцаад автомашины засварчин мэргэжлээр төгссөн. Одоо Хүрээ дээд сургуулийн график дизайнерын 4 дүгээр ангид суралцаж байна. ...Манай хүү зөөлөн сайхан сэтгэлтэй, аливаа зүйлд хүлээцтэй асуудалд тайван ханддаг, цочмог зангүй, миний үгнээс гардаггүй хүүхэд юм. ...Манайх өөрийн эзэмшлийн хашаа байшиндаа амьдардаг, манай хүү одоогоор орлогогүй, би сардаа 700.000 төгрөгийн цалинтай” гэх хэсэг (хавтаст хэргийн 50 дахь тал),
- “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн автомашин техникийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 108 дахь тал),
- Шүүгдэгч Б.Очирбатын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Мэргэжлийн боловсролын үнэмлэхийн хуулбар, Хүрээ мэдээлэл холбоо, технологийн дээд сургуулийн тодорхойлолт, Мэргэжлийн боловсролын үнэмлэхийн хуулбар зэрэг (хавтаст хэргийн 129-132, 142-145, 213-215 дэх тал),
- 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн мөрдөгч н.Батгэрэлд шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргалын гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 226 дахь тал),
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Баттөмөрийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн шүүхэд гаргасан хүсэлт,
- 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Хаан банкны орлогын баримт,
- 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Хаан банкны Шилжүүлгийн мэдээлэл,
- Шүүгдэгч Б.Очирбатын 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлт зэрэг болно.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Баттөмөрийн өмгөөлөгч Г.Наранбаатар шүүх хуралдаанд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай мөрдөгчийн “220700076 дугаартай хэрэг бүртгэлийн хэрэгт амь хохирогч Д.Баасанжавын хууль ёсны төлөөлөгчөөр түүний төрсөн хүү Баасанжав овогтой Баттөмөрийг тогтоосугай” гэх тогтоол (хавтаст хэргийн 15 дахь тал),
- Шүүгдэгч Б.Очирбатыг иргэний хариуцагчаар тогтоосон тухай тогтоол (хавтаст хэргийн 21 дэх тал),
- 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Ц.Эрдэнэбатыг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 35 дахь тал),
- Иргэний нэхэмжлэгч Ц.Эрдэнэбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 37 дахь тал),
- Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Налайх дүүргийн шүүхийн шинжилгээний тасгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 161 дүгээр дүгнэлт (хавтаст хэргийн 87-88 дахь тал),
- “Бэст Эстимэйт” ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн 20220319089 дугаар автомашины техникийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 101 дэх тал),
- Д.Баасанжав (РД: ЦВ49051776)-ын иргэний үнэмлэхийн лавлагаа, нас барсны бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 147-148 дахь тал),
- Хохирлын баримтууд (хавтаст хэргийн 157-207 дахь тал) зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугласан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Б.Очирбат нь 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Элстэй гэх газарт зүүн аймгууд явах чиглэлийн хатуу хучилттай замд 96-73 УАМ улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас 66-57 УАА улсын дугаартай Дайхацү маркийн ачааны бага оврын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зам тээврийн ослын улмаас Д.Баасанжав нас барсан үйл баримт нь:
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 03-09 дэх тал),
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Баттөмөрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр би Улаанбаатар хотод гэртээ байх үед өглөө 07 цаг өнгөрч байхад манай бага хүргэн Ц.Эрдэнэбат над руу залгаад аав бид хоёр Элстэйн замд осолд орчихлоо хурдан ир гэхээр нь би сандраад Налайхад ирэхэд манай аавыг эмнэлэг аваад явсан гэхээр нь Налайхын эмнэлэг дээр очсон. Тэгээд хүлээн авах дээр анхны тусламж үзүүлээд Улаанбаатар хот руу Гэмтлийн эмнэлэг явахад дагаж явсан бөгөөд эмнэлэг дээр очоод нас барсан. ...Оршуулгын зардалд 10 гаруй сая төгрөг зарцуулаад байна, үүнийг баримтаар гаргаж өгье. Манай эзэмшлийн 66-57 УАА улсын дугаартай Дайхацү жижиг оврын ачааны автомашины техникийн хохирлын үнэлгээ нь 6.195.000 төгрөг болсныг гаргаж өгч байна. Буруутай хүнээс хохирол төлбөр нэхэмжилж байна. Одоогоор манайд нэг ч төгрөгийн хохирол төлөөгүй байна. Манай хүргэн Эрдэнэбат ярихдаа оршуулгын цуваа зөрж өнгөрөөд дуусах үед дундаас нь машин гарч ирж урсгал сөрж ирээд мөргөсөн гэж ярьсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дэх тал),
- Иргэний нэхэмжлэгч О.Халиуны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэр өдөр би эмээгээ хөдөөлүүлэхээр Улаанбаатар хотоос гараад явж байхад үеэл дүү Очирбат жаахан ядраад нойр хүрээд гэж ярьж байсан. Налайх дүүрэг өнгөрөөд явж байгаад оршуулгын цувааны сүүлээсээ хоёрт явж байгаад Очирбат замын голын цагаан зураасыг хамраараа давж жолоогоо зүүн гар тийш дарахад өөдөөс нэг жижиг цагаан машин гараад ирсэн. Би сандарч Уугий нэг машин гараад ирлээ гээд хэлтэл өөдөөс түсхийтэл мөргөж нэг мэдэхэд замын хажуу руу орчихсон байсан. ...Би компьютер томографийн шинжилгээнд 360.000 төгрөг зарцуулсан гэсэн ч үүнийг нэхэмжлэхгүй, гаргаж өгөх хохирлын баримт байхгүй...” мэдүүлэг (хавтас хэргийн 30-31 дэх тал),
- Гэрч Ц.Эрдэнэбатын мөрдөн шалгах ажиллгаанд өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 06 цагийн орчим би өөрийн хадам аав Д.Баасанжавын хамтаар Багануур дүүргээс Улаанбаатар хот руу хадам аав Д.Баасанжавын эзэмшлийн 66-57 УАА улсын дугаартай Дайхацү маркийн ачааны бага оврын тээврийн хэрэгсэлтэй хөдөлсөн юм. Тухайн машиныг Монголчуудын нэрлэдгээр амьжиргаа цагаан нэртэй жижиг оврын тээврийн хэрэгсэл байдаг. Би тээврийн хэрэгслийг жолоодож, хадам аав Д.Баасанжав зорчигчийн суудалд буюу тээврийн хэрэгслийн зүүн талын суудалд сууж явсан. Өглөө 07 цаг өнгөрч байх үед хадам аав Д.Баасанжав бид 2 Налайх дүүргийн нутаг дэвсгэр орж ирэх үед яг хаана гэдгийг нь хэлж мэдэхгүй байна, нэг жижиг гүүр гараад бага зэрэг өгсүүр замаар явж эхлэх үед оршуулгын цуваа замын эсрэг урсгалаар зөрөөд өнгөрсөн. Оршуулгын цуваанд 10 гаруй тээврийн хэрэгсэл байсан байх. Тухайн цувааны сүүлээсээ 2 дахь тээврийн хэрэгсэл цагаан өнгийн Тоёота приус тээврийн хэрэгсэл шууд машины өөдөөс манай урсгал руу ороод ирсэн. Би тэрийг хараад шууд тоормосолж, баруун тал руугаа жолооны хүрдийг дартал, зөрж чадалгүй тэр машинд мөргүүлчихсэн..." мэдүүлэг (хавтас хэргийн 39 дэх тал),
- Иргэний нэхэмжлэгч Ц.Эрдэнэбатын мөрдөн шалгах ажиллгаанд өгсөн: “...би толгойн КТГ-ын зураг, цээжний зураг авхуулж 160.000 төгрөг зарцуулсан байгаа. Өөр гаргасан зардалгүй. Б.Баттөмөр ахын хохирлын баримт дотор хамт гаргаж өгсөн байгаа...” мэдүүлэг (хавтас хэргийн 37 дахь тал),
- Гэрч Т.Тунгалагийн мөрдөн шалгах ажиллгаанд өгсөн: “...Өглөө цуваа 06 цаг 00 минутад хөдөлж Гэмтлийн эмнэлгээс машины цуваа хөдөлж миний жолоодож явсан саарал өнгийн 01-10 УБҮ дугаартай Приус 30 маркийн машин цувааны хамгийн сүүлд явж байсан. Налайх дүүргийн нутаг дэвсгэрээр дайрч зүүн тийшээ Чингисийн хөшөө арай ороогүй явж байхад урдаас нэг жижигхэн ачааны машин гарч ирээд миний урд явж байсан цагаан Приус машинтай мөргөлдөж эд анги нь бутраад явчихсан. Тэгээд замын хажуу руу орж нөгөө цагаан Приус машин нь бас замын хажуу тал руу орсон. Би машинаа зогсоож буугаад цуг явж байсан эгч Тунгалаг цагдаа түргэн дуудсан...” мэдүүлэг (хавтас хэргийн 48 дахь тал),
- Гэрч М.Оюунчимэгийн мөрдөн шалгах ажиллгаанд өгсөн: “Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт байрлах Элстэйн даваа гэх газарт ээжийгээ хөдөөлүүлэхээр ах дүү үр хүүхдийн хамт Улаанбаатар хотоос хөдөлсөн. Би цувааны 4 дэх машинд сууж явсан бөгөөд Налайх дүүрэг өнгөрөөд нэлээд явж байхад цуваа удаашраад цуг явж байсан эгч урд машины цонхоор нэг хүн гар даллаад байна гэхээр нь буруу замаар орчихсон юм болов уу гэж бодогдоод зогссон. Утсаа шалгахад манай хүү Очирбат, эгчийн охин Халиунаа нар залгасан байсан. Тэгээд би эгчийн охин Халиунаа руу залгахад Очирбат аваарт орчихлоо гээд уйлаад би шууд буцаад гүйж яваад осол болсон газар ирэхэд хүүгийн машин болох Приус 30 машин замын хойд талдаа далан руу орчихсон байдалтай, манай хүү Очирбат зогсож байсан, уг амьжиргаа цагаан дотор байгаа настай хүнийг гаргах гээд нэг залуу аав, аав гээд дуудаад байсан. Тийм байдалтай байхыг хараад би манай хүү Очирбат энэ машинтай мөргөлдсөн юм байна гэж бодсон” гэх мэдүүлэг (хавтас хэргийн 50 дахь тал),
- Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Налайх дүүргийн шүүхийн шинжилгээний тасгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 154 дугаар “...О.Халиунаагийн биед тархи доргилт, баруун зүүн шанаанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 52-53 дахь тал),
- Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Налайх дүүргийн шүүхийн шинжилгээний тасгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 153 дугаар “...Б.Очирбатын биед хэвлийн ханын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 55-56 дахь тал),
- Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Багануур дүүргийн шүүхийн шинжилгээний тасгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 161 дүгээр “...Ц.Эрдэнэбатын биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу зам тээврийн ослын үед тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх тархи доргилт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 87-88 дахь тал),
- Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Тусгай шинжилгээний газрын химийн ахлах шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 1625 дугаар “Шинжилгээнд ирүүлсэн дээж хэмжээний хувьд спиртийн зүйл тогтоох шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн Ц.Эрдэнэбат гэж хаягласан цусанд спиртийн зүйл илрээгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 58-29 дэх тал),
- Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Тусгай шинжилгээний газрын химийн ахлах шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 1627 дугаар “Шинжилгээнд ирүүлсэн дээж хэмжээний хувьд спиртийн зүйл тогтоох шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн Б.Очирбат гэж хаягласан цусанд спиртийн зүйл илрээгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 62-63 дахь тал),
- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 843 дугаар “...Талийгаач Д.Баасанжавын цогцост гавлын баруун чамархай хэсгийн цөмөрсөн, баруун зулай, суурийн урд ба дунд хонхрын гадна хэсэг, зүүн зулай, чамархайн дээд хэсгийн хэлтэрхий үүсгэсэн хугарал, тархины баруун чамархай хэсгийн хатуу хальсан дээрх, хоёр тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины хоёр тал бөмбөлгийн орой хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, баруун тал бөмбөлгийн зулай, чамархайн дэлбэнгийн эдийн няцрал, толгойн хуйх доорх тархмал цус харвалт, баруун эгэм өвчүүтэй нийлэх хэсгээр салсан хугарал, баруун 1-5 дугаар хавирга, зүүн 1-9 дүгээр хавирганы хоёрлосон хугарал, голтын эрхтнүүдийн зөөлөн эдийн цус хуралт, бүсэлхийн 2 дугаар нугалмын баруун хөндлөн сэртэн, зүүн шилбэний шаант, тахилзуур ясны далд хугарал, духны гол хэсэгт няцарсан шарх, баруун нүдний дээд зовхи, баруун шанаа, чамархай, хэвлийн зүүн хэсэг, зүүн сарвууны ард цус хуралт, баруун нүдний алимын салстад цус харвалт, духны зүүн дээд хэсэг, зулайн урд тал, духны гол хэсэг, баруун шанааны дээд хэсэг, хэвлийн зүүн хэсэг, зүүн сарвуу, баруун сарвууны 1, 2 дугаар хурууны завсарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн буюу зам тээврийн ослын үед үүсэх боломжтой, шинэ гэмтлүүд ба үүссэн дарааллыг нарийвчлан тогтоох боломжгүй. Эдгээр гэмтлүүдээс гавал тархины битүү гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай. Талийгаач зүрхний булчингийн архаг цус хомсрох өвчтэй байна. Талийгаач нь гавал тархи, цээж, мөчний хавсарсан битүү гэмтлүүдийн улмаас нас баржээ. ГССҮТ-н 2879 дугаартай өвчний түүхэнд тэмдэглэснээр талийгаач нь 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 13 цаг 15 минутад нас баржээ. Талийгаач нь хоёрдугаар бүлгийн цустай байна. Талийгаач нас барах үедээ согтолтгүй байжээ. Талийгаачийн ходоодонд 100 мл орчим ногоон өнгийн, шингэн агууламжтай байна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 73-78 дахь тал),
- Техникийн шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 05/02 дугаартай “...Ж.Очирбат нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.3. “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэсэн заалтыг зөрчсөн байна. Энэ үйлдлийн улмаас уг зам тээврийн осол гарсан гэж үзэх үндэслэлтэй байна. Жолооч Ц.Эрдэнэбат нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчөөгүй байна. Жолооч Б.Очирбат нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.3 заалтыг зөрчсөн үйлдэл нь уг зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөлийг бүрдүүлсэн байна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 97-98 дахь тал),
- “Бэст Эстимэйт” ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 20220319089 дугаар автомашины техникийн үнэлгээний “...66-57 УАА улсын дугаартай Дайхацү маркийн автомашинд ослын улмаас учирсан хохирлын үнэлгээ 6.195.000 төгрөг” гэх тайлан (хавтаст хэргийн 101 дэх тал),
- “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн автомашин техникийн үнэлгээний “96-73 УАМ улсын дугаартай Тоёота Приус-30 маркын автомашинд үнэлгээгээр тогтоосон дүн 12.546.400 төгрөг” гэх тайлан (хавтаст хэргийн 108 дахь тал),
- Шүүгдэгч Б.Очирбатын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Зам тээврийн ослын техникийн шинжилгээ хийж гаргасан шинжээчийн дүгнэлттэй танилцлаа, уг шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 127-128 дахь тал) зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хоорондоо агуулгын зөрүүгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчих гэдэг нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчиж хүний эрүүл мэнд /хүндэвтэр гэмтэл/, амь нас, эд хөрөнгөнд хохирол учруулах шинжээр тодорхойлогдох бөгөөд гэм буруутай этгээдийн үйлдэл, хохирол хор уршгийн хооронд шалтгаант холбоог шаардана.
Тус хэрэгт шүүгдэгч Б.Очирбат нь замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах, хохирол, хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас бусдад хохирол, хор уршиг учирсан буюу нэг хүний амь нас хохирсон байх тул түүнийг энэ гэмт хэргийг болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч Б.Очирбат нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөний улмаас болгоомжгүйгээр нэг хүний амь насыг хохироосон байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Очирбатыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Баасанжавын амь нас хохирсон байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Баттөмөр баримтаар оршуулгын зардал 17.971.360 төгрөг /иргэний хариуцагч Ц.Эрдэнэбатын цээж, толгойн томографикийн зураг авхуулсан 160.000 төгрөгийг оролцуулж/, 66-57 УАА улсын дугаартай Дайхацү маркийн автомашины хохирлын үнэлгээ 6.195.000 төгрөг, нийт 24.136.360 төгрөгийг нэхэмжилсэн болно.
Иргэний нэхэмжлэгч О.Халиун нь “КТГ-ын шинжилгээнд 360.000 төгрөг зарцуулсан боловч гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлгийг мөрдөн шалгах ажиллагааны явцсад өгсөн, шүүгдэгч Б.Очирбат нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Баттөмөрт 24.140.000 төгрөгийг 2 хувааж /5.000.000 төг+19.140.000 төг/ төлсөн болох нь хэрэгт авагдсан мөнгөн шилжүүлгийн баримт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн “Оршуулгын зардал болон автомашинд учирсан хохирлын мөнгийг хүлээн авсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй” гэх шүүхийн шатанд бичгээр гаргасан тайлбар, мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагчаас “Шүүгдэгч Б.Очирбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, хоёр жилийн хугацаагаар хорих ял оногдуулах” гэсэн дүгнэлт,
шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргал “Б.Очирбат дотны хүн болох эмээтэйгээ салах ёс гүйцэтгэх гэж яваад энэ гэмт хэрэг харамсалтайгаар гарсан, айлын ганц хүүхэд, ээжтэйгээ амьдардаг, сургуулиа төгсөж чадаагүй, ээждээ туслах, цаашид ажил амьдралаа авч явах, алдаж эндэхгүй байх зэргийг харгалзаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг тухайн зүйлийн ангид заасан доод хэмжээгээр хасаж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэн харгалзаж өгнө үү” гэсэн дүгнэлт,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар “Гэмт хэрэг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гарсан учраас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Баттөмөр бусад ах дүү нартайгаа ярилцаж байгаад нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй гэх тайлбарыг гаргаж байна. Хохирогч талын гаргасан санал хүсэлт, гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж байгаа учраас энэ хүнийг нийгмээс тусгаарлахгүй хэргийг шийдвэрлэж өгөөч гэсэн байр суурийг илэрхийлж байна” гэх, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Баттөмөр “Аль болох хөнгөн хариуцлага хүлээлгэж, тэнсэх боломж олгохыг хүсч байна” гэх тайлбарыг тус тус гаргасан болно.
Шүүгдэгч Б.Очирбат нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байх ба шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа нас барсан амь хохирогчийн оршуулгын зардал, тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүх шүүгдэгч Б.Очирбатад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (эмээтэйгээ салах ёс гүйцэтгэхээр буюу оршуулахаар явж байхдаа осол гаргасан, болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн, энэ гэмт хэрэг нь хуульд зааснаар хөнгөн гэмт хэрэгт хамаарч байгаа), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (нэг хүний амь нас хохирсон, гэмт хэргийн улмаас учирсан оршуулгын зардал, автомашины зардал зэрэгт 24.140.000 төгрөгийг төлж барагдуулсан байдал), хувийн байдал (гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа, ээжтэйгээ хоёулаа амьдардаг, их сургуульд сурч байгаа байдал) эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Б.Очирбатын №1352435 дугаартай “В” ангиллын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, 03720158 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг Б.Очирбатад буцаан олгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
- Хиргис овогт Батсүхийн Очирбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Очирбатыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 (дөрөв) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 (хоёр) жилийн хугацаагаар тэнссүгэй.
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.Очирбатад оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Очирбатад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 (дөрөв) жилийн хугацаагаар хассан ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар хэрэгт хураагдан ирсэн шүүгдэгч Б.Очирбатын №1352435 дугаартай В ангиллын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, 03720158 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг Б.Очирбатад буцаан олгосугай.
- Шүүгдэгч Б.Очирбат нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Очирбатад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНХЖАРГАЛ