| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дулмаагийн Оюундарь |
| Хэргийн индекс | 135/2017/01067/И |
| Дугаар | 93 |
| Огноо | 2018-01-17 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 93
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* /РД:*******, утас: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* /РД: *******, утас: *******/-д холбогдох
“3,800,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Наранзул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Оюунсувд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Банзрагч нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“...Миний бие нь Н.*******т 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 4.000.000 төгрөгийн сарын 10 хувийн хүүтэйгээр 1 жилийн хугацаатай зээлдүүлсэн. Тухайн үед Н.*******той зээлийн гэрээг бичгээр хийж, нотариатаар гэрчлүүлсэн ба гэрээг 2015 оны 01 дүгээр сарын 15-наас 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаатай байгуулсан. 4.000.000 сая төгрөгийн хүү 12*400.000=4.800.000 төгрөг болж, үндсэн мөнгөтэйгөө нийт 8.800.000 төгрөгийг 2016 оны 01 дүгээр сарын 15-нд Н.*******оос авах ёстой байсан. ******* 2015 оны 09 дүгээр сард Өмнөд Судан улсад энхийг сахиулах ажиллагаанд яваад 2016 оны 09 дүгээр сард ирсэн. Ирсэн цагаас нь мөнгөө нэхэмжилсэн бөгөөд 2016 оны 10 дугаар сарын 16-ны 25-ны өдрийг хүртэл хугацаанд цувуулан нийт 5.000.000 төгрөг авсан. /Үүний 2.000.000 төгрөг нь зээлийн төлбөр, 3.000.000 төгрөг нь зээлийн хүү болно/ Үүнээс хойш үлдсэн мөнгөө нэхэмжлэх бүрт одоогоор боломжгүй байна, хүнд мөнгө зээлсэн байгаа түүнийгээ аваад өгнө, цалингийн зээл хийж өгнө гэх мэтээр байнга л тайлбар хийсээр өдий хүрсэн. Үлдсэн 3.800.000 төгрөгөө боломжоороо сар бүр цувуулаад өгчих гээд гэрээ хийе гэхэд амаар зөвшөөрсөн боловч нотариатын газарт дуудахад одоо очлоо гээд хоёр удаа худлаа яриад ирээгүй хүлээлгэсэн. Сүүлдээ мөнгөө нэхэхэд эхнэр нь уурлаж, хэл амаар доромжлон гэрээсээ түлхэж гаргасан. Мөн 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр тус шүүхийн эвлэрүүлэн зуучлалд хандаж эвлэрлийн гэрээ байгуулах хүсэлт өгсөн боловч Н.******* нь ирээгүйгээс эвлэрүүлэх ажиллагаа амжилтгүй болсон. Хариуцагч Н.******* нь анх мөнгө зээлдэхдээ өөрөө гуйсаар байж авсан боловч одоо өгөх бодолгүй, харин ч биднийг хэл амаар доромжилж байгаа учраас Н.*******оос үндсэн зээлийн төлбөрт 2.000.000 төгрөг, зээлийн хүү 1.800.000 төгрөг нийт 3.800.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж хүсэж байна. Зээлийн гэрээнд зээлийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5%-ийн алданги тооцохоор заасан боловч алдангийг нэхэмжлэхгүй.” гэжээ.
Хариуцагч Н.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
“...Миний бие Б.*******гээс 2015 оны 01 сарын 15-ны өдөр 4,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатайгаар 10 хувийн хүүтэй зээлж авсан нь үнэн. Авсан энэ мөнгөө өгч чадахгүй явж байгаад 2016 онд 9 сард 2,000,000 төгрөг, 1,500,000 төгрөг, 1,500,000 төгрөг, 100,000 төгрөг гэсэн байдлаар цувуулан 4 удаагийн төлөлтөөр нийт 5,100,000 төгрөгийг өгсөн. Өгсөн 5,100,000 төгрөгийнхөө 4,000,000 төгрөг нь үндсэн зээлд, 1,100,000 төгрөгийг нь хүүд нь тооцож өгсөн. Нэхэмжлэгч нь үндсэн зээлээ төлсөн байхад зээлийн хүү гэж нэмж надаас мөнгө нэхэж гэрээ хийе гэж нотариатын газар дууддаг, мөн эвлэрлийн гэрээ хийе гэж эвлэрүүлэн зуучлал дээр дуудаад байсан. Би тэр үед дуудсан газар нь очиж байгаагүй юм. Би 3,800,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Учир нь зээлсэн 4,000,000 төгрөгийг 1,100,000 төгрөгийн хүүтэй нь төлсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. ” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Насанзул нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Б.******* нь Н.*******т 2015.01.15-ны өдөр 4 сая төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай буюу 2016.01.15-ны өдөр нийт 8,800,000 төгрөгийг төлөхөөр зээлийн гэрээ байгуулсан. Тухайн үед ******* “...Дархан зах дээр лангуу ажиллуулах гэж байгаа юм туслаач” гэж гуйсан учраас би 4,000,000 төгрөг *******т зээлүүлсэн. ******* нь 2015 оны 9 сард Өмнөд Судан улсад энхийг сахиулах ажиллагаанд яваад 2016 оны 9 сард ирсэн. *******ыг ирсэн цагаас хойш мөнгөө нэхэмжилсэн бөгөөд 2016.10.16-ны өдрөөс 2016.10.25-ны өдрийг хүртэлх хугацаанд цувуулан нийт 5,000,000 төгрөг авсан. Сүүлд ******* надад 1,000,000 төгрөг өгсөн. Нийт 5,100,000 төгрөгийг *******оос авсан. Би *******ын эхнэртэй байнгын холбоотой байдаг байсан. *******оос 5,100,000 төгрөг авснаас үндсэн зээлийн төлбөрт 2 сая төгрөг, зээлийн хүүнд 3,100,000 төгрөгийг авсан. Одоо *******оос үндсэн зээл 2,000,000 төгрөг, зээлийн хүүнд 1,700,000 төгрөг нийт 3,700,000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Оюунсувд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...2015.01.15-ны өдөр Б.*******, Н.******* нар нь харилцан тохиролцож зээлийн гэрээг байгуулсан байдаг. Зээлийн гэрээний гол нөхцөлөө 2015.01.15-2016.01.15-ны өдрийг хүртэл 12 сарын хугацаатай сарын 10 хувийн хүүтэй зээлүүлэхээр тохиролцсон. Хариуцагч Н.*******ын хувьд Б.*******тэй зээлийн гэрээ байгуулсан асуудалд маргахгүй. *******, ******* нар зээлийн гэрээг 1 жилийн хугацаатай хийсэн байдаг. Гэтэл ******* 2016 оны 9 сард Судан улсаас ирээд цалингаасаа 5 сая төгрөгийг *******д өгсөн. 2016.01.15-ны өдрөөс 2016 оны 9 сар хүртэл ******* нь *******д 700,000 төгрөгийг зээлийн хугацаа хэтрүүлсэн гэж өгсөн байсан. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Гэрчээр нотариатч мэдүүлэг авсан байсан. Талууд зээлийн гэрээний гол нөхцөлөө харилцан тохиролцож, нотариат дээр очсон. Гэтэл гэрээндээ “12 сарын 10 хувийн хүүтэй” гэж бичсэн байсныг “1 сарын 10 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай” гэж засвар оруулсан. Үүнийг нотариатч баталсан байсан. Хэрэв талуудын байгуулсан зээлийн гэрээнд засвар оруулсныг нотариатч батлах тохиолдолд тэмдэглэгээ хийж тэмдэг дарах ёстой байсан. Тиймээс гэрчийн мэдүүлгийг нотлох эрхээ алдаж байна гэж үзэж байгаа учраас нотлох баримтаас хасуулах хүсэлттэй байна. Нэхэмжлэгч Б.*******д гэрээнд заасан зээл, хүүгээ төлсөн гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Н.*******оос 3,800,000 төгрөг гаруулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т нэхэмжлэгч нэхэмжлэлин шаардлагын хэмжээг багасгах эрхийн дагуу хүлээн авсан 100,000 төгрөгийг хасаж 3,700,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд шаардаж байна.
Хариуцагч Н.Төмөр-очир 3,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, зээлсэн 4,000,000 төгрөгийг 1,100,000 төгрөгийн хүүтэй төлсөн гэж маргаж байгаа болно.
Зохигчид 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн зээлийн гэрээгээр 2016 оны 01 дүгээр сарын 15 хүртэл 4,000,000 төгрөг зээлдүүлсэн, 5,100,000 төгрөгийг зээлдэгч 2016 оны 09 дүгээр сараас хэсэгчлэн байдлаар төлсөн энэ талаар маргаангүй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Насанзул 4,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай сарын 10 хувийн хүүтэй зээлдүүлсэн тул үндсэн зээл 4,000,000 төгрөг, хүү 4,800,000 төгрөг гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Оюунсувд 4,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай зээлдүүлсэн, жилийн 10 хувийн хүү, иймд хүү 400,000 төгрөг, 4,000,000 төгрөг төлөхөөс 700,000 төгрөг илүү төлсөн гэж маргаж, тохиролцсон хүү 10 хувийг сар тутам тооцогдох хүү, 12 сард 1 удаа тооцогдох хүү гэж зөрүүтэй байдлаар тайлбарлаж байна.
Иймд шүүх Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д зааснаар гэрээг дараах байдлаар тайлбарлаж байна.
Шүүхэд нотлох баримтаар 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн талуудын байгуулсан гэрээ ирсэн бөгөөд энэхүү гэрээнд 2016 оны 01 дүгээр сарын 15-ны гэсний 2016 огнооны 6 тоогийн хар балаар засварлан бичсэн бөгөөд энэ мөрийн дараа 12 сар хугацаатай гэсэн бичвэрээс үзвэл гэрээний зүйлийг 2015 оны 01 сарын 15-ны өдрөөс 12 сар хугацаатай гэж уншвал Иргэний хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар хугацааг хуанлийн он, сараар тодорхойлно гэснээр 12 сар нь 2016 оны 01 дүгээр сарын 15–нд дуусах бөгөөд талууд хүлээн зөвшөөрч байгаа болно.
Дээрх гэрээний 12 сар хугацаатай гэсний дараах 10% сарын хүү гэсний % гэсэн тэмдэглэгээг хар балаар гараар бичсэн нь маргаан үүсгэж байгаа болно.
Гэрээнд хар балаар гараар бичсэн бичвэрт гэрээний үнэн зөвийг гэрчилсэн тойргийн нотариатч Хууль зүй дотоод хэргийн сайдын 2011 оны 171 дүгээр тушаалын хавсралт “Нотариатын үйлдэл хийх заавар”-ын 5.3-т зааснаар нотариатч нь Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт заасны дагуу хуульд заавал гэрчлэхээр заагаагүй боловч түүнд харшлаагүй гэрээ, хэлцлийг талуудын хүсэлтээр гэрчилж болно гэсний дагуу талуудын байгуулсан зээлийн гэрээний үнэн зөвийг гэрчилсэн байна.
Мөн зааврын 2.4, 2.5 –д Нотариатаар гэрчлүүлэх баримт бичгийг харандаа, арилдаг тосон бал, уусдаг бэхээр бичихгүй. Балласан, засварласан, харандаагаар бичсэн болон үг, үсэг дарсан баримт бичгийг нотариатч гэрчлэхийг хориглоно гэсэн бөгөөд үйлчлүүлэгчийн хүсэлтээр утга агуулгыг нь өөрчлөхгүйгээр тэмдэглэлд нэмэлт, өөрчлөлт оруулж болох бөгөөд энэ тохиолдолд нотариатч тамга, баталгааны тэмдгээ дарж баталгаажуулна гэснээр хар балаар засвар, нэмэлт оруулсан хэсэгт нотариатч баталгааны тэмдэг дарсан, энэ байдлаараа талуудад хадгалагдаж нэхэмжлэгч өөрийн хувийг хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үгүйсгээгүй болно.
Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.8-д зохих байгууллагад бүртгүүлснээр хүчин төгөлдөр болох гэрээ, хэлцэлд нэмэлт, өөрчлөлт оруулсан, хугацааг сунгасан, цуцалсан, дуусгавар болгосныг гэрчлэхдээ гэрээний талуудын хүсэлтийг үндэслэн бие даасан нотариатын үйлдэл хийх бөгөөд ингэхдээ анхдагч гэрээг үндэслэж түүний хуулбарыг нотариатын баримтад хавсаргана хуульчилснаас үзвэл талуудын байгуулсан гэрээнд нэмэлт, засвар оруулсныг баталгааны тэмдэгээ дарж баталгаажуулсан нь хууль зөрчөөгүй байна.
Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээг байгуулагдсанд тооцох мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэснээр талуудын хооронд 4,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай зээлдүүлэх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээсэн зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
Харин хуульд заасан гэрээний гол нөхцөлийн хэсэг болох хүүг хэрхэн тооцох маргаантай байгаа болно.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэжээ.
Хүү гэдэг нь хугацааны нөлөөллөөр өнөөдрийн мөнгө ирээдүйд хэд болохыг тооцоолсон дүн байдаг, мөн гэрээнд % гэдэгт хар балаар нэмэлт хийснээс биш өөр байдлаар тэмдэглэл оруулаагүй тул Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1,195.2 -т нэг этгээд өөрийн хүсэл зоригийг хүлээн зөвшөөрсөн этгээдтэй эрх үүргийн хувьд холбогдохоор нэг буюу хэд хэдэн тодорхой этгээдэд хандан хүсэл зоригоо бодитойгоор, хангалттай тодорхой илэрхийлсэн илэрхийллийг гэрээ байгуулах санал гэнэ, гэрээ байгуулах саналд гэрээний гол нөхцөл буюу түүнийг тодорхойлох журмыг заасан байна гэснээр 10% сарын хүү төлөхөөр гэсэн нь сард 10 хувийн хүү төлөхөөр тогтоосон байна гэж үзэхээр байна.
Иргэний хуулийн 198.2 гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно, 198.4 хоорондоо зөрчилтэй буюу олон утга санааг агуулсан үг хэллэг байвал гэрээний агуулгад илүү тохирсон утга санаагаар тайлбарлана гэж хуульчилсан байна.
Мөн Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.6-д зааснаар хариуцагч, зээлдэгч жилийн 10 хувийн хүү буюу 1 удаа төлөгдөх мөнгө гэж тайлбарлаж байгаа бол өөрт нь илүү их үүрэг ногдсон, ашигггүй гэж үзсэн бол Нотариатын тухай хуульд зааснаар гэрээний агуулгад өөрчлөлт оруулах, гэрээнээс татгалзах боломжтой байсан байна.
Мөн жилийн 10 хувийн хүү буюу 1 удаа төлөгдөх мөнгө гэж үзэж буй үндэслэл болох гэрээ байгуулахаас өмнө хийсэн хэлэлцээ, харилцан илгээсэн баримт бичиг зэрэг нөхцөл байдлын талаархи нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй 400,000 төгрөг жилийн хүүд төлнө гэж байгаа бол 700,000 төгрөг илүү төлж байсан нь талуудын хооронд хүүг жилээр тогтоогоогүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэхээр заасан бөгөөд хариуцагч Н.Төмөр Очир гэрээний үүргийг хугацаанд нь биелүүлээгүй, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэснээр талууд хүү тогтооосн гэрээг бичгээр хийсэн тул хүү шаардах эрхтэй байна.
Иймд 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн зээлийн гэрээгээр 2016 оны 01 дүгээр сарын 15 хүртэл 4,000,000 төгрөгийг 10 % сарын хүүгээр тохирсон тул үндсэн зээл 4,000,000 төгрөг, хугацааны нөлөөллөөр зээлдүүлсэн 4,000,000 төгрөг ирээдүйд буюу 2016 оны 01 дүгээр сарын 15 хүртэл хэд болохыг тооцоолсон дүн болох хүү 4,800,000 төгрөгийг хамт төлөх үүргээ зохих ёсоор шударгаар биелүүлээгүй тул төлсөн 5,100,000 төгрөгийг хасаж тооцон 3,700,000 төгрөгийг хариуцагч Н.*******оос гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Төрийн банк, төрийн сан 100 190 000 941 тоот дасанд тушаасан 75,750 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.*******оос хангагдсан дүн болох 3,700,000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 74,150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-т заасныг баримтлан хариуцагч Н.*******оос 3,700,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Б.*******гээс улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Төрийн банк, төрийн сан 100 190 000 941 тоот дасанд тушаасан 75,750 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.*******оос 74,150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэх үүрэгтэй бөгөөд хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ