Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 94

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* тоотод оршин суух ******* овгийн ******* ******* /РД:*******, утас: *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* тоотод оршин суух Намжил овогт *******ийн /РД:*******,утас: *******/-д холбогдох                                                                                             

“Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* тоотыг орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, орон сууц хөлсөлсөн төлбөр 4,550,000 төгрөг, байр ашигласны төлбөр 811,583.5 төгрөг гаргуулах тухай” үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, “Байр авахад өөрийн зүгээс оруулсан мөнгө болох 10,300,000 төгрөг гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Батжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн З.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч Э.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“...Миний бие Э.******* нь 2013 онд сургуулиа төгсөөд Худалдаа хөгжлийн банкинд 2013 оны 09 сард орж, 2015 оны 01 сард Орон сууцны 8 хувийн зээлд хамрагдан Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* тоот 2 өрөө орон сууцыг авсан. Байрны гэрчилгээний дугаар ******* нь нэг иргэний өмчлөлд буюу Э.******* миний нэр дээр байдаг байр юм. Энэ үеэс хойш Б. натдай хамтран амьдарч эхэлсэн. Би эцэг эхдээ түүнийг миний нөхөр болох хүн гэж ойлгуулсан. Б.******* гэрийнхэн өөрийн гэсэн орон сууцгүй ба миний байранд амьдарч байгаа. Б. надтай хамт амьдарч байх ихэнх хугацаанд ажилгүй байдаг байсан. 2016 оны 08 сард *******ХК-д маркетингийн менежерээр ажилд орсон. Энэ үеэс хойш хамт ажилладаг хүнтэйгээ уулзаж, улмаар гэртээ хонохоо байж, надаас салах санал тавьсан. Би 2016 оноос хойш эцэг эхтэйгээ өнөөдрийг хамт амьдарч байна. Аман тохиролцоогоор Б. түрээсээр тус байранд амьдарч байгаа. Байрны зээлийг би тогтмол цаг хугацаа алдахгүй төлж байгаа. Иймд байрнаас албадан гаргуулж өгнө үү.“ гэжээ.

Хариуцагч Б. шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа:

 “...Э.******* бид хоёр хамтран амьдарч байх хугацаандаа өөрийн гэсэн орон сууцтай болох чин хүсэлтэй байсан бөгөөд Э.*******гийн ажиллаж байсан ХХБанкнаас хөнгөлттэй нөхцөлөөр орон сууцны лизингийн зээлд хамрагдах боломж гарсан тул энэ боломжийг ашиглаж байртай болохын тулд өөрийн ээж Д.*******, эгч Б., эгчийн нөхөр , найз нартаа хандаж байрны урьдчилгаа төлөх мөнгөн тусламж үзүүлэхийг хүссэн. Нэгэнт миний бие Э.*******тэй цаашид хамтран амьдрах боломжгүй болсон, энэ хүн намайг байрнаас албадан гаргуулахыг хүсч байгаа тул миний бие Э.*******гийн байр авахад өөрийн зүгээс оруулсан мөнгө болох 10,300,000 төгрөгийг Э.*******гөөс нэхэмжилж байна. Миний нэхэмжилж байгаа 10,300,000 төгрөгийг надад өгсөн тохиолдолд миний бие орон сууцыг чөлөөлж өгөхөд татгалзах зүйлгүй болно.” гэжээ.

Нэхэмжлэгч Э.******* нь шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа:

“...Нэг. 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 13 сарын хугацаанд байр хөлсөлж суусан хөлсийг сарын 350,000 төгрөгөөр тооцож, 4,550,000 төгрөгийг Б. гаргуулах,

Хоёр. Байр ашигласантай холбоотой зардал 811,513.5 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.” гэжээ.

Нэхэмжлэгч Э.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Б. бид хоёр 2010 онд оюутан байхаасаа эхэлж үерхээд 2011 оноос хойш хамт амьдарсан. Би 2013 онд Худалдаа хөгжлийн банкинд ажилд орж зээл авах эрх үүссэн учраас орон сууцны зээлд хамрагдсан юм. Тэр үед манай эцэг эх Б.******* ээжтэй ярилцаад Б.******* ээжээс байрны урьдчилгаа болох 30%-ийг гаргуулах, үлдэгдлийг нь би төлөхөөр тохиролцсон. Одоо бол урьдчилгаа дээр маргаан байхгүй. Би 2016.11.01-ний өдрөөс хойш байрандаа амьдраагүй. Түүнээс хойш Б.******* ээжтэй ярилцаад орон сууцаа сарын 350.000 төгрөгөөр жилийн хугацаатайгаар хөлслүүлэхээр тохиролцсон. Би орон сууцаа Б.******* ээжид хөлслүүлэхээсээ өмнө Facebook-т “орон сууц сарын 300.000 төгрөгөөр хөлслүүлнэ” гэсэн зар тавьж байсан. Хариуцагчийг байрнаас албадан гаргуулж, 2016.11.01-ний өдрөөс 2017.12.01-ний өдрийг хүртэл нийт 13 сарын хугацааны байрны төлбөрийг сарын 350.000 төгрөгөөр тооцож 4.550.000 төгрөг, мөн хэрэглээний зардал 811.583 төгрөгийг тус тус Б. гаргуулах шаардлага гаргасан. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 500.000 төгрөг, 400.000 төгрөг /Б. ажилд оруулахаар Б.******* ээжээс шилжүүлсэн гэх/-ийг хасуулах хүсэлтэй байна.” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Батжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Хариуцагч Б. орон сууцнаас гарахад бэлэн гэж байгаа. Маргаан бүхий орон сууцны гэрчилгээгээр уг байрны өмчлөгч нь хэн болох нь тогтоогддог. Мөн хэрэгт авагдсан баримтаар өмчлөгч хэн бэ гэдэг дээр маргаангүй. Б., Э.******* нар хамтран амьдарч байсан болохоос гэр бүл байгаагүй. Тиймээс Б. гэдэг хүн энэ хэрэг дээр гадны хүн болж байна. Үүн дээр талууд маргадаггүй. Иймд эхний нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна. Нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд бол Иргэний хуулийн 300 дугаар зүйлд эд хөрөнгө хөлслөх гэрээ хүчин төгөлдөр бус байх 4 үндэслэлийг заасан. Уг заалтаас харахад гэрээ буюу тохиролцоо хүчин төгөлдөр бус байна гэж заасан. Эд хөрөнгө хөлслөхөд гэрээг заавал бичгээр байгуулах шаардлагагүй. Талуудын хооронд аман тохиролцоо байсан. Заавал гэрээ байгуулах шаардлагагүй талуудын хооронд тохиролцоо байж болно гэдгийг Иргэний хуулийн 300 дугаар зүйлийн 300.1-т зааснаас харж болохоор байна. Тиймээс талуудын хооронд тохиролцоо байсан уу гэдэг асуудал яригдана. Б. өнөөдрийг хүртэл маргаан бүхий байранд амьдарч байгаа гэдэгт маргадаггүй. Талуудын хооронд ямар нэгэн байдлаар хөлслөх гэрээ байгуулагдсан. Эд хөрөнгө хөлслөх гэрээний дагуу үүрэг нь хариуцагч талд байна. Иргэний хуулийн  304 дүгээр зүйлд хөлслөн авсан орон сууцыг бүхэлд нь буюу түүний хэсгийг хөлслөгчид хугацаанд нь шилжүүлээгүйгээс уг гэрээ түүнд ашиггүй болсон, эсхүл хөлслөгч хожим нь уг орон сууцыг ашиглах эрхгүй болсон бол энэ хуулийн 294.3-т заасан хугацааг үл харгалзан хөлслөгч гэрээг цуцлах эрхтэй гэж заасны дагуу байрны хөлсийг нэхэмжилж байгаа нь үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулан тайлбар хэлэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ гэж заасан. Б.******* хувьд бусдын өмнөөс нэхэмжлэл гаргасан. Б.******* данснаас бус өөр бусад хүмүүсийн данснаас Э.*******гийн данс руу мөнгө шилжиж ирсэн. Б. нь уг мөнгийг нэхэмжлэх нэхэмжлэгч биш болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу өөрөө солигдох боломжтой боловч энэ нь нэхэмжлэгчийн өөрийнх нь саналаар байна. Нэхэмжлэгч өөрөө шүүх хуралдаанд ирээгүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан эрхийг хэрэгжүүлэхгүй тул энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд уг хуулийн заалтыг хэрэглэх боломжгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4-т эрх зүйн бүрэн чадамжтай иргэн өөрийгөө сайн дурын үндсэн дээр бусдаар, эсхүл гэрээний үндсэн дээр өмгөөлөгчөөр төлөөлүүлж болно гэж заасан. Гэтэл Б. нь хэн нэгийг төлөөлөөгүй тул сөрөг нэхэмжлэл гаргах эрхгүй. Тиймээс сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 “...Э.*******, Б. нар хамтран амьдарч байгаад цаашид хамтын амьдарлаа үргэлжлүүлнэ гээд орон сууц авсан. Э.******* нь орон сууцны гэрчилгээг өөрийнхөө нэр дээр байгаа. Б.******* нэр орон сууцны гэрчилгээнд ороогүй тул хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлнэ гэж анх нэхэмжлэл гаргасан. Б. нь нэг нөхцөлтэйгөөр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрдөг. Э.*******, Б. нар хамт амьдраад 7 жил болсон. Энэ хугацаанд орон байртай болъё гэсэн тул Б.******* ээж болох ******* 2 өрөө байрыг 1 жилийн хугацаагаар түрээсэлж өгсөн байдаг. Э.*******, Б. нарыг орон сууцтай болох үед Э.*******  Худалдаа хөгжлийн банкинд ажилд орж ипотекийн зээлд хамрагдсан. Тухайн үед Б. нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй, Э.*******тэй гэрлэлтээ батлуулаагүй байсан тул авсан орон сууцныхаа хамтран өмчлөгчөөр бүртгэгдэж чадаагүй. Орон сууц авахад Б.******* ээж нь ах дүүтэйгээ ярьж урьдчилгааны мөнгө асуусны эцэст тодорхой хэмжээний мөнгө буюу 10.300.000 төгрөгийг олж өгсөн. Үүн дээр нэхэмжлэгч тал маргадаггүй. Харин Б.******* ээжээс хийсэн 6 удаагийн 100.000 төгрөгийн шилжүүлэг дээр маргадаг боловч уг мөнгийг Э.******* авсан болох нь Э.*******гийн дансны хуулгаар тогтоогдож байгаа. ******* уг мөнгийг өгөхдөө байрныхаа төлбөрт хэрэглэ гэж өгсөн байдаг. Э.*******, Б. нарын хүнсийг ******* бэлдэж өгдөг байсан.  Э.******* нь шүүх хуралдааны явцад өгч байгаа тайлбараа Б. мөнгө өгөөгүй. Мөнгө өгсөн хүмүүс нь өөрсдөө мөнгөө нэхэмжлэх ёстой гэж тайлбарлаж байна. Э. Б.той гэр бүл болоогүй бол Б.******* гэр бүлийнхэн болон найз нөхөд нь мөнгө өгөхгүй байсан.  10.300.000 төгрөгийг Б.******* гэр бүл, найз, нөхөд нь Б. зориулж өгсөн. Тиймээс уг мөнгөний эзэн нь Б. юм. Хариуцагч талын хувьд Э.*******гийн 4.550.000 төгрөг хасуулах саналыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь талууд орон сууц хөлслөх талаар бичгээр болон амаар ямар нэгэн тохиролцоо хийгээгүй. Э.******* нь Б. өөрөөс нь өөр эмэгтэй хүнтэй болсон гээд өөрөө гэрээсээ явсан. Гэрээсээ явахдаа “10.300.000 төгрөгийг өгнө” гэж хэлсэн учраас Б. тухайн үед “10.300.000 төгрөгөө өгвөл байрнаас гаръя” гэж тохиролцсон.  Гэвч Э.******* өнөөдрийг хүртэл хугацаанд 10.300.000 төгрөгийг Б.  буцааж өгөөгүй тул Б. байрнаасаа гарах боломжгүй. Орон сууцанд Б. хөрөнгө оруулалт хийсэн тул уг байрандаа амьдрах эрхтэй. Мөн нэхэмжлэгч орон сууцаа 300.000 төгрөгөөр хөлсөлнө гэж зар тавьж байсан хэрнээ Б.******* ээжид 350.000 төгрөгөөр хөлслүүлэхээр болсон гэж зөрүүтэй мэдүүлэг өгч байна. Э.*******г орон сууц хөлслөх зар өгсөн гэдгээр *******ийг байр хөлсөлсөн гэж үзэх боломжгүй. Хариуцагч талын хувьд маргаан бүхий байранд амьдарч байсан тул хэрэглээний төлбөрөөс  811.583 төгрөгийг төлнө.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч Б. холбогдуулан Дархан сумын ******* тоотыг орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, орон сууц хөлсөлсөн төлбөр 4,550,000 төгрөг, байр ашигласны төлбөр 811,583.5 төгрөг тус тус гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Нэхэмжлэгч Э.******* нь маргааны зүйл болж байгаа Дархан сумын ******* тоотын өмчлөгч болох нь Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс олгосон дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдож байна.

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй, 106.1-д өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй ,106.2-д өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй  тул  хариуцагч Б.*******  урьдчилгаа төлбөрийг төлчихвөл байрнаас гарна гэсэн хариу тайлбар үндэслэлгүй байна.

Орон сууцны өмчлөгч  нь нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь сууцыг захиран зарцуулах эрх бүхий этгээдийн хувьд Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн  байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2 холбоо болон бусад сууц өмчлөгчдөөс зөвшөөрөл авахгүйгээр дангаар өмчлөх сууцаа захиран зарцуулах; 13.2.4 өөрийн сууцны доторхи засвар, үйлчилгээний бүх зардлыг хариуцахаас гадна мэргэжлийн байгууллагаас үзүүлсэн үйлчилгээний хөлсийг төлөх, Иргэний хуулийн 147 дүгээр зүйлийн 147.1-д зааснаар өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад гэрээний дагуу төлөх үүргийн дагуу хамтран амьдарч байсан үеийн зардал болох 1,623,166.99 төгрөгийг Э.******* дангаар төлсөн нь хэрэгт ирүүлсэн харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээр нотлогдож байгаа, хариуцагч Б. 50 хувь болох 811,583.5 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрснийг батлах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Э.******* хариуцагч Б. холбогдуулан Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* тоот 2 өрөө орон сууцыг хөлсөлсөн төлбөр 4,550,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч Б.******* нэхэмжлэгч Э.*******гөөс байрны урьдчилгаа 10,300,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар  шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Э.*******, Б. нар 2013 оноос 2016 оны 11 дүгээр сар хүртэл Иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд бүртгүүлэлгүйгээр хамтран амьдарч байсан болно.

Нэхэмжлэгч Э.******* нь ...хариуцагч Б.той хамтын амьдралаа үргэлжүүлэх боломжгүй болсноос 2016 оны 11 дүгээр сард орон сууцаа Б.******* эзэмшилд үлдээхдээ харилцан тохиролцож сарын 350,000 төгрөгөөр түрээслэх санал гаргаснаар түрээслүүлсэн тул 2016 оны 11 дүгээр сарын 01-нээс 2017 оны 12 дугаар сарын 01 хүртэл 13 сарын түрээс 4,550,000 төгрөг гаргуулна... гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Б. ...урьдчилгаанд оруулсан мөнгийг төлчихвөл гарна гэхэд, ээжийнхээ багшийн 5 жил тутмын урамшууллыг орж ирэх үед нь төлнө гэснээр тус орон сууцанд сууж байсан... гэж маргаж байгаа болно.

Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* тоот 2 өрөө орон сууцыг Э.*******гийн өмчлөлд бүртгүүлэн 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр тухайн орон сууцыг Э.*******гийн ХХБанкны Дархан салбартай байгуулсан зээлийн гэрээний зүйл болох орон сууцны зээл, Б. урьдчилгаанд төлсөн төлбөрөөр тус тус бүрдүүлэн  өмчлөлд шилжүүлэн хамтран амьдарч байсан тул Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д зааснаар эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно гэснээр уг орон сууцыг хамтран өмчилж байсан гэж үзнэ.

Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дундаа өмчлөгч тус бүр бусад өмчлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд харшлахгүйгээр гуравдагч этгээдийн эзэмшлээс өмчлөлийн зүйлээ бүхэлд нь шаардах эрхтэй. 108.8-д дундаа хэсгээр өмчлөгч дундын өмчлөлийн зүйлээс өөрт ногдох хэсгээ салгаж авах, ийнхүү салгахад уг өмчлөлийн зүйлийн зориулалт, иж бүрдэл, бусад чанар алдагдахаар бол ногдох хэсгийнхээ үнийг гаргуулахаар шаардах эрхтэй байна.

Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээхээр хуульчилсан  тул  талуудын хооронд нэхэмжлэгч Э.*******гийн шаардах эрхийн үндэслэл болж байгаа гэрээ байгуулагдсан эсэх нь тодорхойгүй байна.

Нэхэмжлэгч Э.******* 4 550 000 төгрөг гаргуулах  тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч Б. тухайн байрыг 350,000 төгрөгөөр түрээслүүлсэн гэж маргаж, цахим орчинд  тухайн орон сууцыг бусдад түрээслүүлэхээр нийтэлсэн зар, хэрэглэгчийн бичсэн сэтгэгдлийг хавсарган ирүүлсэн бусдад тухайн орон сууцыг түрээслүүлэх саналтай байсныг илтгэхээс хариуцагч Б. дурдсан үнийн саналаар орон сууцыг түрээслүүлэх болсон гэдгийг нотлохгүй, хэрэгт хамааралгүй байна.

Нэхэмжлэгч маргааны зүйл болж байгаа орон сууцыг түрээсэлсэн гэж тайлбарт дурдаж байгаа бөгөөд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5 энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ, мөн хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй мөн хуулийн 42 дугаар зүйлийн  42.1 хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ гэжээ.

 Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээг байгуулагдсанд тооцох  хуулийн зохицуулалтаас үзэхэд талуудыг тусдаа амьдарснаас хойш орон сууц Б.******* эзэмшилд байсан ч хамтран амьдрагчийн хувьд Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д зааснаар өмчилж байсан, мөн Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43 .1.1-д зааснаар хэлцлийн гол нөхцөл  болох эд хөрөнгө ашигласны хөлсийг  яаж тохиролцсон нь тодорхойгүй тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д зааснаар хэлцлийг амаар хийсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Э.*******гийн түрээсийн төлбөр 4,550,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна

 Хариуцагч Б.******* нэхэмжлэгч Э.*******гөөс байрны урьдчилгаа 10,300,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч Э.******* үнийн дүнд маргаагүй, харин түрээсийн төлбөр 4,550,000 төгрөг, хоол хүнс авахад зориулж өгсөн, Б. ажилд оруулахад өгөхөөр шилжүүлсэн 400,000 төгрөг, 600,000 төгрөгийг  тус тус хасуулж тооцуулна гэж байгаа боловч энэ талаархи  үгүйсгэсэн нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, Б.******* бүрдүүлж өгсөн мөнгө тэдний хамтран амьдарч байсан орон сууцны урьдчилгаа болсон талаар маргаангүй байгаа тул  нэхэмжлэгч Э.*******гөөс 10,300,000 төгрөгийг гаргуулан хариуцагч Б. олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д  зааснаар Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* тоот 2 өрөө орон сууцыг Б. болон түүний гэр бүлийн гишүүдийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэгч Э.*******д олгосугай.

2. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д зааснаар нэхэмжлэгч Э.*******гийн хариуцагч Б.  4,550,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч 811,583.50 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Э.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б. хүлээн зөвшөөрснийг баталсугай.

4. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 487 дугаар зүйлийн 487.1-д зааснаар 10,300,000 төгрөг нэхэмжлэгч Э.*******гөөс гаргуулж, хариуцагч Б. олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Э.*******гийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Төрийн банк, төрийн сан 100 190 000 941 тоот дансанд тушаасан улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Худалдаа хөгжлийн банк, төрийн сан 100 190 000 941 тоот дансанд тушаасан 100,739.36 төгрөг, хариуцагч 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Төрийн банк, төрийн сан 100 190 000 941 тоот дансанд тушаасан 179,750 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б. улсын тэмдэгтийн хураамжид 94,228 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.*******д, нэхэмжлэгч Э.*******гөөс улсын тэмдэгтийн хураамжид 179,950 төгрөг гаргуулж хариуцагч Б. тус тус олгосугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.ОЮУНДАРЬ