| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбаатарын Энхжаргал |
| Хэргийн индекс | 108/2022/0136/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/148 |
| Огноо | 2022-07-05 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | Д.Цэцэг-Эрдэнэ, |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 2022/ШЦТ/148
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож,
улсын яллагч Д.Цэцэг-Эрдэнэ,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Бадамгарав,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Батбаяр,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Учрал,
гэрч Г.Ганбаяр,
шинжээч С.Төгсбуян,
шүүгдэгч Б.Ууганбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Цэцэг-Эрдэнийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Батмөнхийн Ууганбаярт холбогдох эрүүгийн 2207000000089 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1988 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр, Улаанбаатар хот, Налайх дүүрэгт төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, дүү, дүүгийн нөхөр, дүүгийн хүүхдийн хамт Налайх дүүрэг, 4 дүгээр хороо, Нисэхийн 14-3 тоотод оршин суух,
урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 520 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 637 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2020/ШЦТ/21 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 136 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгүүлж, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 61 дугаартай захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын эдлээгүй үлдсэн 468 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 58 хоногийн хорих ялаар сольж, 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хорих ялын хугацаа дуусаж суллагдсан,
Боржигин овогт Батмөнхийн Ууганбаяр /РД: УЕ88042159/.
Холбогдсон хэргийн талаар:
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Үүнд:
Шүүгдэгч Б.Ууганбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Бадамгарав шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би хүүгээ алдчихаад маш их гомдолтой байна. Энэ хүнд хамгийн дээд хэмжээгээр ял өгөөч. Энэ хүн олон хэрэг хийчхээд хашрахгүйгээр миний хүүг аллаа. Би хүүгийнхээ хоёр өнчин хүүхэдтэй үлдлээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 15 жилийн хорих ял оногдуулахыг хүсэж байна. Хоёр өнчин хүүхдийг 18 насанд хүртэл хэн тэжээх юм бэ. Хүүхдүүдэд хууль ёсных нь дагуу тэтгэлэг гаргуулмаар байна. Бидний сэтгэл санаа ямар байгааг шүүхээс анхаарч үзэхийг хүсэж байна. Энэ хүн өмнө олон удаа хэрэг хийсэн мөртлөө миний хүүг ямар ч ашиггүйгээр яагаад цохиж алсан юм бэ. Маш их гомдолтой байна” гэв.
Гэрч Г.Ганбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Найз маань 04 дүгээр сарын 05-ны өдөр эхнэртэйгээ ам муруйчихлаа гээд манайд ирсэн. Талийгаач нэг шил архитай ирсэн. Бид хоёр хувааж уусан. 07 цагийн үед найз Боргоцой буюу Пүрэвдоржийн гэрт хамт очсон. Ирээд манай гэрийн гадна унтсан. Талийгаачийн аав Бадамгаравын доор бид хоёр хамт ажилладаг. Согтуу яаж гэртээ очих вэ гээд Боргоцойгийнд очих замд Сувдан сондор дэлгүүр эргэхэд Ууганбаяр гурвуулаа явж байсан. Ууганбаярыг замаасаа жаахан гараад явчих гэхэд хэл ам хийсэн. Талийгаач машинаас бууж очиход үгийн зөрүүгүй цохисон. Би машинаас бууж очиход чамайг ч гэсэн цохино гэж дайрсан. Найзыгаа тэврэхэд нүүрнээс нь цус гарч байсан. Чи найзыг минь алчихлаа гэхэд “чамайг ч гэсэн ална” гээд над руу дайрсан” гэв.
Шинжээч С.Төгсбуян шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Налайх дүүргийн мөрдөн байцаах тасгийн мөрдөгч цагдаагийн хошууч Батгэрэлийн тогтоолоор 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр талийгаач Бадамгаравын Өнөржаргалын биед задлан шинжилгээ хийж, дүгнэлтийг 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр гаргасан байна. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний оношоор талийгаач гавал тархины битүү гэмтэл, их тархины баруун зүүн духны дэлбэн, баруун зүүн чамархай, дагзны дэлбэнгийн суурь хэсгүүдийг хамарсан аалзан хальсан доор тархмал цус харвалт, их тархины суурины хатуу хальсан доорх цусан хураа, бага тархины оройн хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, духанд шарх, нүүр эрүүнд зулгаралт гэмтэл, хүнд зэргийн согтолттой байсан. Дүгнэлтэд талийгаачийн биед гавал тархины битүү гэмтэл, их тархины баруун, зүүн духны дэлбэн, баруун зүүн чамархай, дагзны дэлбэнгийн суурь хэсгийг хамарсан аалзан хальсан доорх тархмал цус харвалт, их тархины суурь хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, бага тархины оройн хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт духанд шарх, нүүр, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр бүгд нэг цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Талийгаачийн биед хуучин гэмтэл тогтоогдоогүй. Талийгаач их тархи, духны дэлбэн, баруун зүүн чамархай дагзны суурь хэсгийг хамарсан аалзан хальсан доор тархмал цус харвалт, их тархины суурь хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, бага тархины оройн хэсгийн аалзан хальсан доорх цус харвалтуудын улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судас зогсож нас барсан. ...Духны баруун чамархай, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдсон байна. Духнаас эрүү чиглэлд зураглал үүсгэсэн. Бүдэг шаргал өнгийн тав тогтсон. Зулгаралт гэмтэл байна. Дээрх гэмтлийг нүүрний баруун хажуугаар барзгар гадаргуутай зүйл дээр эсвэл мохоо зүйлээр нидрэгдэж үүсэх боломжтой гэдгийг шууд тогтоож болно. Цохилтын дараа баруун талаараа газар унаж юм нидрэх үед үүсэх боломжтой. Аалзан арьсан доорх цус харвалт гэмтэл маш том хэмжээтэй. Их тархины суурь хэсэгт нугас руу цус орж, нугас шахагдана. Нугас дарагдсан учраас амьсгал, зүрх шууд зогсоно. Цус харвалтын хэмжээ том учраас амьсгал зүрх шууд зогсоно” гэв.
Улсын яллагч шүүх хуралдаанд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Учрал шүүх хуралдаанд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Батбаяр шүүх хуралдаанд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Б.Ууганбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотлох, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Батбаяр хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Учрал улсын яллагчийн зүйлчилсэн хуулийн зүйл, заалттай маргахгүй, ял шийтгэлийг хөнгөрүүлэх гэсэн байр сууринаас оролцов.
Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Б.Ууганбаяр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн өглөөний 10 цаг 30 минутын орчим Налайх дүүрэг 4 дүгээр хороо, Нисэхийн гэр хорооллын 14 дүгээр гудамжны зүүн талд шороон замд урдаас хойш чиглэлд зорчиж байсан 71-31 УАХ улсын дугаартай Лексус /LEXUS/ IS250 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Бадамгаравын Өнөржаргалтай машинаар дайрах шахлаа гэсэн шалтгаанаар маргалдаж, улмаар түүний толгой тус газар нь гараараа нэг удаа цохиж алсан үйл баримт нь:
- Б.Лхагвасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр өгсөн: “...би нөхөртэйгөө 2017 онд танилцаж, гэр бүл болоод 2018 онд гэрлэлтээ батлуулсан. Том хүү Б.Гэрэлт-Од 3 настай, бага хүү Б.Гэрэлт-Ирээдүй 2 настай. ...хадам аав над руу залгаад Өнөрөө нас барчихсан байна гэж хэлсэн. Тэгээд 2 хүүхдээ хувцаслаад такси бариад Асу дэлгүүрийн тэнд очиход гудамжинд зам дээр машин нь байсан. ...би нас барсан газар руу нь ойртож хараагүй түүнээс хойш ажил явдлын үеэр тэнд цугларсан хүмүүсийн яриаг сонсоход манай нөхрийн замд 3 хүн байснаас нэг нь урдуур нь ороод машинаасаа буугаад очиход нь нэг л удаа шанаадаад унагаасан, тэгээд нас барчихсан гэж ярьцгааж байсан. Би болон аав, ээж, ах, дүү нар нь маш их гомдолтой байна. ...Буяны ажилд гарсан зардлыг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 23-25 дахь тал),
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Бадамгаравын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...аав, ээж, ах, дүү, эхнэр нь маш их гомдолтой байна. 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр ажил явдал нь өнгөрсөн. Буяны ажилд гаргасан, хэрэгт бүрдүүлж өгсөн баримтаараа 11.695.827 төгрөгийн зардлыг нэхэмжилнэ...” мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 28 дахь тал),
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Бадамгаравын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...Ганбаяр надруу залгаж уйлаад миний найзыг цохиод алчихлаа гэхээр нь чи юу солиороод байгаа юм бэ хаана байна гэхэд Нисэхийн Асу дэлгүүрийн хойд талд нь гэж хэлээд утас нь тасарч би залгахад утас нь болохгүй байсан. Би машинаа унаж гараад 4 дүгээр хорооны сайжруулсан шороон замаар яваад Асу дэлгүүрийн хойд зам дээр ирэхэд цагдаа нар ирчихсэн миний хүүгийн машин зам дээр хойшоо харсан байдалтай, ертөнцийн зүгээр хүү маань машиныхаа зүүн талд нь унасан байдалтай, би очоод миний хүү гээд дуудаад толгойг нь татаад өвдгөн дээрээ тавихад ямар нэг хариу үйлдэлгүй нас барсан бололтой байсан. ...2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хашаандаа төмрийн цехдээ ажиллаж байгаад орой 20 цагийн үед гэр рүүгээ явлаа гээд явсан. Би 23 цагийн үед над руу утсаар яриад өглөө эрт очноо, зарах машинаа би маргааш зах руу аваад гарна, сайхан амраарай гээд утсаа салгасан. Түүнээс хойш уулзаагүй хүүгээ алдлаа, харамсаж байна. ...Ганбаяр хэлэхдээ бид хоёрыг Асу дэлгүүрийн хойд талд шороон замаар явж байхад 3 хүн алхаж яваад нэг нь зам голлосон, талийгаач маргалдаад машинаасаа буугаад очиход цохиж унагаасан, тэгээд найз маань босож ирээгүй, талийгаачийг цохиж унагаасны дараа намайг бас толгой руу цохисон гэж ярьсан” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 54-55 дахь тал),
- Гэрч Г.Ганбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өнөрөө машинаасаа бууж урд гарч очоод зүгээр байгаарай пизда минь гээд цээж рүү нь түлхэхэд өндөр залуу Өнөрөөгийн өөдөөс нь цээж рүү нь харилцан түлхсэн. Тэгтэл намхан залуу нь өндөр залуугаа боль гээд цээж рүү нь түлхэж, хориглох гэхэд хажуугаар нь өндөр залуу гарч чи яахын гээд баруун гараараа Өнөрөөгийн зүүн шанааны доохно эрүү хавьд нь цохиход пад гэсэн чимээ гарч, Өнөрөө хагас эргээд духаараа газар мөргөж унасан. ...Өнөрөө рүү очиж толгойг нь тэвэрч авахад духны баруун дээд хэсгээс цус гарч урсаж байсан. ...бие нь сулраад амьсгалахгүй болсон. Чи миний найзыг алчихлаа ш дээ гэхэд цээж нүцгэн залуу чамайг найз шиг чинь нэг цохиод алчихна шүү гээд намхан залуу нь хажууд нь зогсоод байсан. ...Машинаас бууж очоод нэг нэг түлхэлцээд, чи яахын, харин чи яахын зүгээр байгаарай гэж маргаад шууд цохисон. Удаан маргасан зүйл байхгүй. ...Талийгаачийн машин зөв талдаа жолооны хүрдтэй, Лексус IS250 маркийн машин. ...талийгаач надтай уулзахаар шөнө манайд ирэхэд нүүрэнд нь ямар нэг зулгаралт гэмтэл байгаагүй. Өдөр нь бид 2 бас цуг ажилласан юм. Тэгэхэд хүн хартай муудалцсан зүйлгүй бөгөөд нүүр хацар ам нь зүгээр байсан. ...талийгаач руу очоод толгойг нь тэврээд сууж байхад цээж нүцгэн залуу намайг араас зүүн чихний хавьд гараараа цохисон...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 43-44 дэх тал),
- Гэрч Г.Ганбаярын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...Өглөө эрт манай гаднаас хөдөлж Боргоцойн гэр рүү явж буцаж манай гадаа ирчхээд машиндаа сууж байхдаа талийгаач чи аавтай утсаар яриад чөлөө авчих гэхээр нь би Бадмаа ах руу залгаад өнөөдөр эхнэрийгээ Улаанбаатар хот руу авч яваад ЭХО-д үзүүлье гэхэд за за тэг тэг гэсэн. Тэгээд талийгаач Цацралтай яриулахгүй бол аав итгэхгүй шүү гэхээр нь би Цацралыг дуудаад хэлж байтал Бадмаа ах өөрөө залгахаар нь манай эхнэр Цацрал аваад Улаанбаатар хотруу нөхөртэйгөө явж үзүүлэх гэж байгаа тухайгаа хэлэхэд Бадмаа ах за ах нь мэдсээн, мөнгө төгрөг авах юм уу гэхээр нь за яахав яахав гэж хэлээд Цацрал салгасан. ...Манай гадна талийгаач бид 2 машинд сууж байгаад хоёулаа Боргоцойн гэрт очъё мань нь жаахан муудаж байгаа болохоор чи машин барьчих гээд би жолоон дээр сууж хөдлөөд Нисэхийн подстанцын хойд талд байх найз Боргоцойн /албан ёсны нэрийг нь Пүрэвдорж гэдэг/ гэрт нь очсон. Тэгээд гэрт нь хальт орж Боргоцойг дуудаад буцаад гарч араас Боргоцой гарч ирэх хооронд талийгаач жолоочийн хажуугийн суудал дээр унтчихсан байсан. Боргоцой гарч ирээд унтчихсан юм уу гэхээр нь би сэрэхээр нь буцаад хүрээд ирье гэхэд за за гээд бид 2 хөдөлж Боргоцой гэртээ орсон. Тэгээд бид хоёр манай гэрийн гадаа ирж зогсож жаахан унтаж байгаад талийгаач сэргээд аав руугаа надaap яриулсан. ... Худлаа мэдүүлсэн, болсон асуудлыг нуух санаа зорилго байгаагүй, тухайн хэрэг гарах үед би бас архи хэрэглэсэн согтолттой байсан, мөн сэтгэл санаа хямралтай, айж сандарсан найзыгаа алдсан цочролоос гарч чадаагүй байсан болохоор зарим үйл явдлыг мартсан байна. ... Талийгаач Боргоцойтой уулзах ажилтай гээд очсон. Бидний дунд ямар нэг муудалцсан, зодолдсон асуудал болоогүй. Намайг гэрээр нь орж Боргоцойг дуудах хооронд талийгаач жолоочийн хажуугийн суудал дээр унтчихсан байсан. Тэгээд Боргоцой гарч ирж харчхаад буцаж орж би машин жолоодож хөдөлсөн” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 68 дахь тал),
- Гэрч Д.Дашхорлоогийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Хатантөмөр бид хоёр манай гэрээс гараад Б.Ууганбаярын гэр болох “Налайх дүүргийн 4 дүгээр хороонд байрлах гэрийн тоотыг нь сайн мэдэхгүй байна” гэрт нь очтол Ууганбаяр, Батмөнх, Отгонцэцэг нар байсан тэгээд Хатантөмөр бид хоёр гэрт нь байж байх үед Ууганбаяр аавтайгаа муудалцсан шинжтэй орон дээрээ хэвтэж байсан. Тэгсэн Ууганбаярын аав болох Батмөнх Ууганбаярыг гэрээсээ яв зайл гээд xөөгөөд байсан тэгээд Батмөнх ах надад наад Ууганбаяраа гэрт битгий оруулж ирээрэй гэж хэлсэн тэгэхээр нь би Ууганбаярыг дагуулаад гэрээс нь гарсан. Тэгсэн өглөө гэрээс гарахад Хатантөмөр дэлгүүр орж 0,75 литрийн Хараа гэх нэртэй архи авчихсан байсан. Тэр архиа Нисэхийн 14 юм уу 13 дугаар гудамны худгийн хажууд зогсож байгаад хувааж уусан. Тэгээд би хот руу эмнэлэг дээр очиж цаг авах гэж байсан болохоор Ууганбаярыг гэр лүү нь оруулж өгөх гэтэл аав нь болох Батмөнх оруулахгүй хөөсөн, тэгэхээр нь би Ууганбаярыг гэрээс нь хөөж гаргаад чи өөрөө ийм байгаа юм чинь аав чинь чамайг хөөлгүй яадаг юм гэж хэлээд тэнд нь opxиод Хатантөмөрийг дагуулаад Налайх дүүргийн 3 дугаар хорооны такси зогсдог зогсоол руу явж байсан тэгсэн хойноос Б.Ууганбаяр хүрч ирээд Хатантөмөрийг авч үлдээд юм яриад хойно үлдсэн. Тэгэхээр нь би цаашаа такси барих гээд таксины зогсоол руу алхсан тэгсэн гэнэт хойно шуугилдаад хүмүүс хоорондоо муудалцсан чимээгээр эргээд хартал саарал өнгийн жижиг тэрэг Ууганбаяр, Хатантөмөр нарын урд тулаад зогсчихсон байсан. Тэгэхээр нь би гүйгээд очиж байтал машины жолооч нь буугаад ирсэн. Тэгсэн Ууганбаяр тухайн жолоочийн нүүр хэсэг рүү нэг удаа цохисон. Тэгсэн тухайн жолооч газар биеийн хажуу хэсгээрээ газар уначихсан. Тэгэхээр нь би Ууганбаярын араас нь татаад холдуулаад чи яагаад хүн цохиж байгаа юм гэсэн чинь Ууганбаяр наадах чинь Хатантөмөрийг мөргөчихлөө ш дээ тэгэхээр нь би цохисон юм гэж хэлсэн. Тэгсэн жолоочийн эсрэг талын хаалганаас нэг залуу бууж ирээд шууд Ууганбаярыг хөөсөн. Тэгэхээр нь би араас нь очоод тухайн залууг татаад яагаад байгаа талаар асуухад тухайн залуу би тантай юм ярихгүй тэр манай найзыг цохидог хүнтэй уулзмаар байна гээд байсан. ...Хатантөмөр бол цохиж зодсон зүйл бол байхгүй. Талийгаачийг Ууганбаяр нэг удаа цохих шиг болсон би хол байсан болохоор сайн харж чадаагүй. Намайг гүйгээд очих үед Ууганбаяр талийгаачийг цохисон тэгээд талийгаач газар унаад буцаж босож ирээгүй өмнө нь цохиж зодсон талаар бол хараагүй” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 51-52 дахь тал),
- Гэрч С.Хатантөмөрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 06-ны өглөө 08 цагийн үед босоод урьд өдөр нь архи ууж байхад Ууганбаяр ах Улаанбаатар хотод барилгын ажил хийж байгаад ирсэн маргааш хамт очиж хамт хот руу явахаар болоод хувцасаа өмсөөд гэрээс гарахад дэлгүүрүүд арай онгойгоогүй байсан болохоор алхаад Налайх захын ард байрлах хүнсний дэлгүүрээс 1 шил 0,75 литрийн Хараа нэртэй архи аваад такси бариад Ууганбаяр ахын гэр болох Налайх дүүргийн 4 дүгээр хороо Нисэхийн хороонд хаягийг нь хэлж мэдэхгүй байна гэрт нь очиход Ууганбаяр ах болон түүний аав Батмөнх, дүү Отгонцэцэг нар сэрүүн байсан ба Ууганбаяр ах аав Батмөнхтөйгөө хоорондоо маргалдаад байж байсан чи миний аав мөн юм уу, миний ээжээс түрүүлээд нас барах байсан юм чи гээд маргалдаад байсан ба аав нь цагдаа дуудсан байгаа наад юмаа цагдаа ирэхээс өмнө нэг бол аваад гар гэхээр нь Дашхорлоо ах, Ууганбаяр ах бид 3 гараад гудмаар өгсөөд хүнсний дэлгүүр ороод нэг удаагийн аяга, 2 ширхэг редбулл аваад засмал замын наахан талд байх худгийн хажууд очиж архиа хувааж ууж дуусгаад Ууганбаяр нэлээн согтчихоор нь буцаагаад гэрт нь хүргэж өгөхөөр бид гурав Нисэхийн хорооны голын замаар алхаад Ууганбаяр ахын гэрт нь яваад ортол дахиад Батмөнх ахтай та миний аав биш гээд хоорондоо маргалдаад байхаар нь буцаад гурвуулаа гараад манайх руу явахаар болоод Нисэхийн хорооны голын зам дээр гараад такси барих гээд зогсож байтал нэг машин ирээд намайг мөргөх шахуу болоод зогссон. Тэгсэн урд талын 2 хаалганаас 2 залуу бууж ирсэн нэг нь бол согтуу байсан ба замаа хараач гээд орилж хашхираад байхаар нь би чи чинь мэдрэл муутай юм уу согтуу байгаа юм уу, хүний унаагүй машин унасан юм уу, цагдаа дуудлаа шүү гээд хэлээд эргээд хартал нэг залуу хойшоо унаж байсан ба хажууд нь Ууганбаяр ах зогсож байсан. Тэгтэл надтай маргалдаж байсан залуу танай найз чинь хүн цохичихлоо ш дээ гэж хэлээд Ууганбаяр руу очоод дайрсан чинь Ууганбаяр ах хойшоо ухраад алхаж байсан. Тэгсэн чинь Дашхорлоо ах унасан залуу босч ирэхгүй болохоор нь очоод цээж болон бусад газар нь дарж үзээд энэ өнгөрсөн юм шиг байна ухаангүй байна даа гэж хэлсэн. ...Отгонцэцэг, Дашхорлоо ах нар гарч ирээд шууд хэрэг болсон газар иртэл 2 цагдаа ирчихсэн Ууганбаяр хажууд нэг л цохисон ш дээ гээд уйлаад газар сууж байсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 48-49 дэх тал),
- Гэрч Б.Бат-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай гудамжаар 3 залуу хоорондоо маргалдаад байгаа бололтой гудамжаар өгсөөд манай урдуур гараад явсан. ...Нэг нь ямартай ч хальт харахад Ууганаа гэх манай гудамжинд амьдардаг залуу байсан ... өөрийнхөө ажиллуулдаг дугуй засвар дээрээ нэг дугуй нөхчхөөд гараад ирэхэд манайхаас 20 гаруй метрийн зайтай урд талын айлын хашааны гадна зам дээр нэг залуу дээшээ хараад хэвтчихсэн, хажууд нь нэг залуу миний найзыг алчихлаа гээд газар хэвтэж байсан залууг цээжээр нь тэврээд орилоод байсан. ...Ууганаа шонгийн мод налаад суучихсан “би ганц л цохисон ш дээ” гээд уйлагнасан байдалтай хажууд нь сууж байсан. Нөгөө хоёр залуу нь нэлээн зайтай 6-7 орчим метрийн зайд зүгээр хараад зогсож байсан юм...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 30 дахь тал),
- Гэрч Ч.Галсанцэрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр буюу өнөөдөр 10 цагийн орчимд би Нисэхийн 14-2 тоот хашаандаа байхад хашааны баруун үзүүрт хүмүүс муудалцаад байх шиг чимээ гарсан. ...манай хогийг ачиж байсан ачигч 3 залуугийн нэг нь тэнд хүн амины хэрэг гарчих шиг боллоо гэхээр нь яасан, юу болсон юм гээд 14 дүгээр гудамжны 1 тоот хашааны гудамжны үзүүр рүү очиход нас барчихсан бололтой нэг залууг нүүрийг нь юмаар бүтээчихсэн хөдөлгөөнгүй болчихсон байсан. ...Ууганбаяр гэдэг залуу би хүн алаад хаячихлаа пизда гээд орилоод байсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 32 дахь тал),
- Хэргийн газар үзлэг хийсэн “...Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Нисэх, Алтай нэртэй гэр хорооллын гудамжнуудын дундуур урдаас хойш чиглэлтэй явсан шороон тод зам...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 2-8 дахь тал),
- Цогцост гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 9-12 дахь тал),
- Налайх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Асу” хүнсний дэлгүүрийн 8 дугаартай хяналтын камерын 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 13-14 дэх тал),
- Налайх дүүргийн 4 дүгээр хорооны зохион байгуулагчийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн тодорхойлолт (1 дүгээр хавтаст хэргийн 218 дахь тал),
- Яллагдагч Б.Ууганбаяр, гэрч Д.Дашхорлоо, С.Хатантөмөр, Г.Ганбаяр нарын согтолтыг зэргийг тогтоох зорилгоор Drager багажаар шалгасан тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 76, 78, 80, 221 дэх тал),
- Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын Багахангай, Налайх дүүргийн шүүхийн шинжилгээний тасгийн шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 37 дугаар “Талийгаачийн биед гавал-тархины битүү гэмтэл: их тархины баруун зүүн духны дэлбэн, баруун зүүн чамархай, дагзны дэлбэнгийн суурь хэсгүүдийг хамарсан аалзан хальсан доор тархмал цус харвалт, их тархины суурийн хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, бага тархины орой хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, духанд шарх, нүүр эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Талийгаачийн биед хуучин гэмтэл тогтоогдсонгүй. Талийгаач нь их тархины баруун зүүн духны дэлбэн, баруун зүүн чамархай, дагзны дэлбэнгийн суурь хэсгүүдийг хамарсан аалзан хальсан доор тархмал цус харвалт, их тархины суурийн хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, бага тархины орой хэсгийн аалзан хальсан доорх цус харвалтуудын улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх зогсож нас баржээ. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаачийн цусанд 3,4 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. Талийгаачийн цусанд мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй байна. Талийгаач нь О /I/ бүлгийн цустай байна. Талийгаачид эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн ч амь аврах боломжгүй байжээ.” гэх шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 123-126 дахь тал),
- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын биологийн шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 2218 дугаар “Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгээр хураан авсан улаан хүрэн өнгийн цус мэт зүйлийг бэхжүүлсэн гэх 2 ширхэг бинтэн дээр цус илэрсэн. Илэрсэн цус нь хүний цус байна. Уг хүний цус нь О /I/ бүлгийн цус байна.” гэх дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 141-142 дахь тал),
- Шүүгдэгч Б.Ууганбаярын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Лексус маркийн машин ирээд манай хүргэн Хатантөмөрийг мөргөчих шиг болоод жолоочтой нь зам тавьж өгсөнгүй гэх зэргээр маргалдаж жолооч нь машины зөв талаас гарч ирээд над руу дайрч би зууралдаад цамцны энгэрээс нь барьж байхад зогсож байсан газраа гулжганаад газар унасан...” мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 111 дэх тал) зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Ууганбаяр нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримтуудаар шүүгдэгч Б.Ууганбаяр нь амь хохирогч Б.Өнөржаргалыг толгойн тус газар нь нэг удаа цохиж алсан үйлдэл нотлогдож байх бөгөөд түүний энэ хууль бус үйлдэл нь амь хохирогчийн гавал тархины битүү гэмтэл, их тархины баруун зүүн духны дэлбэн, баруун зүүн чамархай, дагзны дэлбэнгийн суурь хэсгүүдийг хамарсан аалзан хальсан доор тархмал цус харвалт, их тархины суурийн хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, бага тархины орой хэсгийн аалзан хальсан доорх цус харвалтуудын улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх зогсож нас барсан үр дагавартай шалтгаант холбоотой байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн “санаатай” хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгодог.
Хууль зүйн хувьд шүүгдэгч Б.Ууганбаярын хохирогчийн толгойн тус газарт цохисон үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд амь хохирогч Б.Өнөржаргалын бие махбодид халдахад үхэлд хүргэх гэмтэл учирч болно гэдгийг ухамсарлан ойлгох боломжтой бөгөөд үхэлд хүргэх гэмтлийг шууд бус санаатай учруулснаар хохирогчийн амь нас хохирсон байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч гэм буруугийн талаар гаргасан дүгнэлтдээ “шүүгдэгч Б.Ууганбаярыг гэм буруутай гэж үзэж байна” гэх дүгнэлт гаргасан нь үндэслэлтэй болно.
Иймд шүүгдэгч Б.Ууганбаяр нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ “машинаар дайрах шахлаа” гэсэн шалтгаанаар маргаан үүсгэж, хохирогчийн толгойн тус газар нь нэг удаа цохиж алсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Өнөржаргалын амь нас хохирсон бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд “оршуулгын зардалд 11.695.827 төгрөг, амь хохирогчийн хоёр хүүхдэд 18 нас хүртэл тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 23.760.000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 50.000.000 төгрөг, нийт 85.455.827 төгрөг нэхэмжилсэн болно.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн оршуулгын зардалд нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас 2.540.414 төгрөг нь гэмт хэрэг гарсан хугацаанаас өмнөх огноотой, хаана, ямар эд зүйл худалдан авсан нь тодорхойгүй карт уншигч ПОС машины баримтууд, 2 дугаар хавтаст хэргийн 04-11 дэх талд авагдсан зарлагын баримтууд бүгд нэг ижил дардастай, тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг нэхэмжилсэн төлбөр нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлгэх гэсэн тайлбар, дүгнэлт гаргасан хэдий ч оршуулгын зардалд нэхэмжилсэн хохирол төлбөртэй маргахгүй гэдгээ илэрхийлсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар “амь хохирогчийн хоёр хүүхдэд 18 нас хүртэл тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг нэхэмжилсэн 23.760.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлгэх” хүсэлт гаргасныг шүүх хянаж үзээд тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 23.760.000 төгрөг, сэтгэл санааны хохирол 50.000.000 төгрөгтэй холбоотой баримт хэрэгт авагдаагүй тул хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг тус тус нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзэв.
Шүүхээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн оршуулгын зардалд нэхэмжилсэн 11.695.827 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9.784.283 төгрөгийг нотлох баримтын шаардлага хангасан /нийт 109 баримтаас 104 баримтыг шаардлага хангасан, карт уншигч ПОС машины баримтууд дээр зах, худалдааны төвийн нэр бичигдсэн/ гэж үзэж шүүгдэгч Б.Ууганбаяраас гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бадамгаравт олгохоор шийдвэрлэж, нэхэмжлэлийн шаардлагаас 102.930 төгрөгийг гэмт хэрэг болсон цаг хугацаанаас өмнөх, карт уншигч ПОС машины байгууллагын нэр тодорхойгүй үндэслэлээр, 1.808.614 төгрөгийг холбогдох баримтгүй, юу нэхэмжилсэн нь тодорхойгүй гэх үндэслэлээр буюу нийт 1.911.544 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.
Шүүгдэгч Б.Ууганбаяр нь шүүхийн шатанд буюу 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 5.000.000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 2.000.000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн Хаан банкны 5749446334 дугаарын данс руу шилжүүлсэн байх тул 7.000.000 төгрөгийг хасаж, үлдэгдэл 2.784.283 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгох нь зүйтэй гэж үзэв.
Шүүхээс шүүгдэгч Б.Ууганбаярыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр гарсны дараа шүүгдэгчийн өмгөөлөгч нь “хохирол нөхөн төлөх үндэслэлээр ажлын 5 хоногийн завсарлага авах” хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүртэл завсарлуулсан ба энэхүү хугацаанд шүүгдэгч нь 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 2.800.000 төгрөгийг төлсөн болох нь Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Б.Ууганбаярыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих ангид эдлүүлэх” гэсэн дүгнэлт,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Учрал “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т учруулсан хохирол төлсөн гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Талийгаач согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, уг гэмт хэрэг хохирогчийн хууль бус үйлдлээс болж гарсан байна. Хэрэгт хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэхийг хуульчилсан тул 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү” гэсэн дүгнэлт,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Батбаяр “Шүүгдэгчид оногдуулах ялын талаар тусгайлан гаргах саналгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх асуудал ярьж байна, энэ хууль зүйн боломжгүй байна. Яагаад гэвэл Б.Ууганбаяр гэм буруугаа хүлээж байгаа ч гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг арилгаагүй, өнөөдөр Б.Өнөржаргал байхгүй, нас барсан. Энэ нөхцөл байдал хохирол төлсөн, хор уршиг арилгасан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй” гэж тус тус эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Шүүгдэгч Б.Ууганбаяр нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд 4 удаа ял шийтгэгдэж, уг ялыг биелүүлж, дуусгавар болсон байх тул түүнд нэмж нэгтгэх ялгүй байх бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүх шүүгдэгч Б.Ууганбаярт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /шүүгдэгч, амь хохирогч нар аль аль согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, тухайн тохиолдолд үүссэн үл ойлголцлын улмаас толгойн тус газар нэг удаа цохисон/ учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хүний амь нас хохирсон, оршуулгын зардалд 9.784.283 төгрөг төлөгдсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “Маш их гомдолтой байна” гэх/, хувийн байдал /урьд нь хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг үйлдэж, 3 удаа шүүхээр ял шийтгүүлсэн атал ухамсарлан ойлгоогүй, гэм буруугаа хүлээж байгаа байдал/ зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Ууганбаярын 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр сэжигтнээр баривчлагдсан 24 цаг буюу 1 хоног, 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 88 хоног, нийт 89 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Ууганбаяр нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, оршуулгын зардлыг нөхөн төлсөн байх боловч үйлдсэн гэмт хэрэг нь нийгмийн хор аюул их, гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирч, хүнд хор уршиг учирсан, гэмт хэргийн хохирол, хор уршиг арилаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх үндэслэл тогтоогдоогүй, энэ талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Асу” хүнсний дэлгүүрийн гаднах баруун хойш чиглэлтэй хяналтын камерт үзлэг хийж, хэрэгт ач холбогдол бүхий 40 минутын дүрс бичлэг бүхий 1 ширхэг СД-г хэрэгт хадгалж, хэргийн газраас шинжилгээнд зориулж авсан улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон 2 хэсэг шохойрхог дээжийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсны дараа устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах зүйтэй байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНХЖАРГАЛ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД
ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ