Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/686

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Ц.Мөнхтулга, Д,Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүгдэгч С.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Нямсүрэн,

Улсын яллагч К.Чимгээ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Ганбат,  

Иргэдийн төлөөлөгч Б.Азжаргал,

Хохирогч О.А нарыг оролцуулан эрүүгийн 2106 02977 2017 дугаартай хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн С.Б, 2002 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Төв аймгийн Аргалант суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнд механизмын операторч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, *********** хамт амьдардаг гэх, **************** тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нэг удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан, /РД:********************/.

Шүүгдэгч С.Б нь 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс 24-ний өдөрт шилжих шөнө 02 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хас” захын эсрэг талын нийтийн байрны сааданд хохирогч О.Атай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл буюу эвхдэг хутгаар түүний хэвлий хэсэгт нэг удаа хутгалж гэмтэл учруулснаар “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг,

Мөн насанд хүрээгүй Т.Отой бүлэглэн 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 09 дүгээр сарын 01-ний өдөрт шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 45 дугаар сургуулийн баруун талд байрлах иргэн Ц.Аы эзэмшлийн үйл ажиллагаа явуулах зориулалттай байр буюу түргэн үйлчилгээний цэгт нууцаар, хууль бусаар нэвтрэн орж 1.191.100 төгрөгийн эд зүйлийг хулгайлан авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Гэм буруугийн дүгнэлт:

Хавтас хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд болон оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч С.Б нь хохирогч О.Аын эрүүл мэндэд зэвсэг хэрэглэн хүнд хохирол санаатай учруулсан, мөн бусадтай бүлэглэн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтрэн орж эд зүйлийг хулгайлан авсан үйл баримтууд нь дараах баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч С.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэв

Хохирогч О.А нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Хүслэн бол миний хуурай дүү. Баасандорж Хүслэнг авч яваад дарамтлаад байна гэхээр нь би Тэнгис, Мөөгий, Оргил дөрөвтэй хамт нийтийн байранд нь авахаар очсон. Отгоо Хүслэнг зодож байхыг хараад би “жоохон хүүхэд яаж байгаа юм бэ” гэж хэлсэн. Бид маргалдаж эхлэхэд Баасанбат Отгоог өмөөрсөн. Би тухайн үед зодолдоод өнгөрөх байх гэж бодтол намайг хутгалсан. Би дөрвөн цаг орчим хагалгаанд орсон. Хагалгаанд орсны дараа миний биеийн байдал дээрдээгүй. Би гомдолтой байна. Хохиролтой байгаа боловч баримтуудаа алга болгосон. Баримтаа гаргаж өгөөд нэхэмжлэх хүсэлтэй байна.” гэв.

                 Хохирогч О.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн: “...тухайн гэмтлийг Баасанбат нь гартаа хутга барьж байгаад миний биед учруулсан гэмтэл байна. Өөр ямар нэг зүйлээс болж миний биед гэмтэл учраагүй ...2021 оны 08 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хас” захын эсрэг талын нийтийн байрны дэргэд би Тэнгис, Оргил, Меегий нарын хамт очсон. Тэгээд нийтийн байрнаас Бааска, Хүслэн, Отгоо нар гарч ирээд бид нар 2.5 литрийн савлагаатай нийслэл пиво 1 савыг хувааж уусан. ...тэгтэл Отгоо баруун гараараа Хүслэнгийн нүүр рүү 1 удаа цохихоор нь би Хүслэнг өмөөрч Отгоо руу дайрахад Бааска нь Отгоог өмөөрч надтай маргалдсан. Бааскатай маргалдаж, заамдалцаад зогсож байтал Бааска аль нэг гартаа хутга бариад миний гэдэс рүү 1 удаа хутгалсан. Тэгтэл хажууд байсан хүмүүс зугтааж, Тэнгис үлдэж түргэн тусламж дуудсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 8, 14-15 дахь тал/,

 

                 Гэрч О.Т мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...гэтэл Бааска Отгоог өмөөрч О.Атай маргалдаж, улмаар Бааска, О.А хоёр заамдалцаж зогсож байгаад Бааска урдаа үүрсэн байсан жижиг паск цүнхнээс эвхэгддэг улаан өнгийн хутга гаргаж ирээд О.Аын хэвлийн тус газар нэг удаа дүрсэн. Тэгээд О.Аын гэдэс хэсгээс цус гарч эхэлсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 10-11 дэх тал/,

 

                 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 7861 дугаартай:

  1. О.Аын биед хэвлийн хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.
  3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /1хх-ийн 23-24 дэх тал/,

 

                 Иргэний нэхэмжлэгч С.Гийн мөрдөн шалгах ажиллаганы үед өгсөн: “Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан, буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж заасны дагуу иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. О.Ат Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвд амбулаторийн үзлэгийн зардалд 14,000 төгрөг, Гэмтэл согог судлалын үндэсний төвд мэс заслын зардалд 1,257,108 төгрөгийн тус тус эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлж олгосон байдаг. Иймд хохирогчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөр болох нийт 1,271,108 төгрөгийг яллагдагчаас нөхөн гаргуулахаар нэхэмжилж байна. ...эрүүл мэндийн даатгалын сангийн мэдээллийн сангаас хохирогчийн эмчилгээний зардлын талаарх нотлох баримтыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас гаргаж өгсөн” гэх мэдүүлэг /1xx-ийн 65-66 дахь тал/,

 

                 Хохирогч Ц.Аы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 06 цагийн үед манай эхнэр Батцэцэг гар утсаараа ТҮЦ-ний хяналтын камерыг шалгахад ажиллахгүй байсан. Тэгээд эхнэрийн хамт Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 45 дугаар сургуулийн баруун талд байрлах түцэн дэрээ ирэхэд цонх онгорхой, хулгай орсон байдалтай байхаар нь Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Бэлэн 40,000 төгрөг, юнителийн 1000 төгрөгөөр 8 ширхэг, 3000 төгрөгөөр 1 ширхэг, нэгж, тамхи, шоколаднууд алдагдсан байсан” гэх мэдүүлэг /1xx-ийн 113-114 дэх тал/,

 

                 Насанд хүрээгүй гэрч Т.Оын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...45 дугаар сургуулийн баруун талд байдаг түц рүү очиход цонхны хаалтын нэг төмөр нь байхгүй байхаар нь Баасанбатаар цонхыг хөлөөр нь өшиглүүлж онгойлгуулсан. Тэгээд би Баасанбатад хүн харж бай гэж хэлээд ганцаараа нэвтрэн орж бэлэн 20,000 орчим төгрөг, 1 тал уут тамхинууд, 1 тал уут шоколаднуудыг хулгайлан аваад Баасанбаттай уулзаад байсан орц руу нөгөө хэд дээрээ очоод Сансарын нийтийн байранд очиж хоносон...” гэх мэдүүлэг /1xx-ийн 131-132 дахь тал/,

 

                 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 03/204 дугаартай: “...5 ширхэг гарын мөрүүд нь Тербаатарын Оргилын баруун гарын долоовор, дунд, ядам хуруу болон баруун гарын алганы хээний дардастай тохирч байна” гэх дүгнэлт /1хх-ийн 138-140 дэх тал/,

 

                 Шүүгдэгч С.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...2021 оны 08 дугаар сарын 31-нээс 2021 оны 09 дүгээр сарын 01-ний шилжих шөнө Оргил бид хоёр гадуур явж байгаад нэг орцонд ороод байж байхад Оргил нь надад хандаж гаръя, надад нэг тоочиглосон ТҮЦ байгаа тийшээ явъя гээд бид хоёр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нэг ТҮЦ-ний дэргэд ирсэн юм. Тэгээд би орохгүй шүү гэж хэлээд зайнаас хараад сууж байсан. Оргил ТҮЦ РҮҮ дөхөж очоод цонхоор нь дотогш орж эд зүйл авч гарч ирсэн. Тэгээд бид хоёр нийтийн байрандаа очиж хоносон... 2021 оны 08 дугаар сарын 23-аас 24-нд шилжих шөнө 00 цагийн орчим Баянзүрх дүүрэг 2-р хорооны нутаг дэвсгэрт байх нийтийн байр /Хас захын эсрэг талд байрладаг гэх/-ны сааданд Оргил, Алтанбагана, Тэнгис, Хүслэн, Отгонбаяр бид нар 2.5 литрийн савалгаатай Нийслэл пивоноос 2-3 савыг хувааж уусан. Бид нарын дундаас Хүслэн нь пивоноос огт уугаагүй. Бид нар пивоо ууж байхад Хүслэн нь пиво уух гээд байхаар нь манай дүү Отгонбаяр нь баруун гараараа Хүслэнгийн дагз руу 1 удаа цохисон. Тэгсэн чинь Алтанбагана нь Хүслэнг өмөөрөөд Отгонбаяр руу гараа далайсан. Тэгэхээр нь би Алтанбагана далайсан гарыг нь бариад Алтанбаганад “...ууж идсэнээ шингээгээрэй...” гэж хэлсэн чинь Алтанбагана нь намайг “...чи писда минь бацаан өмөөрөөд, яагаад байгаа юм. Манийгаа ингэх болцон юм уу...” гэх мэтээр над руу дайраад байсан. Тэгэхээр нь би Тухайн үед өмсөж байсан цамцныхаа баруун халаасанд байсан жижиг хутгаа гаргаж ирээд Алтанбаганыг айлгах зорилгоор хутга барьсан гараараа зүсэх /сийчих/ хөдөлгөөн хийх үед Алтанбаганын хэвлий нь ойролцоо зүсэгдсэн ба хэвлийнээс нь бор хүрэн өнгийн зүйл цухуйгаад гараад ирсэн. Тэгтэл О.Тэнгис нь 103 дугаарт дуудлага өгсөн. Тэгээд би Сэлбийн голын дагуу зугтаасан. Зугтааж байхдаа баруун гартаа барьсан байсан жижиг хутгаа Сэлбийн гол руу шидсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 187-188, 224 дэх тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 101-108 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.  

Шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүгдэгч С.Бын хэргийн зүйлчлэл болон гэм бурууд огт маргаагүй бөгөөд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас мэтгэлцсэн болно. Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч С.Б нь хохирогч О.Аын эрүүл мэндэд зэвсэг хэрэглэн хүнд хохирол санаатай учруулсан, мөн бусадтай бүлэглэн иргэн Ц.Аы эзэмшлийн үйл ажиллагаа явуулах зориулалттай байранд нууцаар, хууль бусаар нэвтрэн орж эд зүйлийг хулгайлан авсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэж дүгнэв.

Иргэдийн төлөөлөгч Б.Азжаргал нь гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч С.Быг гэм буруутай гэж дүгнэсэн бөгөөд шүүх бүрэлдэхүүн иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзлээ.

Иймд шүүгдэгч С.Быг зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Мөн шүүгдэгч С.Быг бусадтай бүлэглэн үйл ажиллагаа явуулах зориулалттай байранд нууцаар, хууль бусаар нэвтрэн орж эд зүйлийг хулгайлан авсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:

Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч С.Бад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч С.Баас гаргасан хүсэлтийн дагуу шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд хохирогч О.Ат хохирол төлбөр төлж барагдуулсан нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал гэж дүгнэсэн ба түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэв.

Шүүх бүрэлдэхүүн шударга ёсны зарчмыг баримтлан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар зэргийг харгалзан үзэж шүүгдэгч С.Бад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, уг ялыг нэмж нэгтгэн нийт биеэр эдлэх ялыг 5 жил 5 сарын хугацаагаар тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Хохирлын талаар:

Шүүгдэгч С.Б нь хохирогч О.Ат 700.000 төгрөгийг төлж барагдуулсан ба түүнд төлөх төлбөргүй, харин түүнээс 1.271.108 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт, 595.590 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Ад тус тус олгох нь зүйтэй байна.

Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч С.Б нь энэ хэрэгт нийт 54 хоног цагдан хоригдсон бөгөөд энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, уг хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. С.Быг зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг,

Мөн бусадтай бүлэглэн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар С.Бад 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар С.Бад 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Бад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийг хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн С.Бын нийт биечлэн эдлэх ялыг 5 /тав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар С.Бад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Бын урьд цагдан хоригдсон нийт 54 /тавин дөрөв/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тоолсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, С.Б нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар С.Баас нийт 1.866.658 төгрөгийг гаргуулж, үүнээс иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 1.271.108 төгрөг, хохирогч Ц.Ад 595.590 төгрөгийг тус тус олгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл С.Бад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Т.ШИНЭБАЯР

 

                                          ШҮҮГЧИД                                 Ц.МӨНХТУЛГА

 

                                                                                             Д.МӨНХТУЯА