Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 114

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 1 дүгээр баг, Пионер 6-11 тоотод оршин суух Боржигон овгийн Ганзоригийн Тунгалаг /РД: ФД88071303, утас:88172969/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 1В байр, 97 тоотод оршин суух Бунь овгийн Батцэнгэлийн Анхзаяа /РД: ТБ87121511, утас: 90998889/-т холбогдох

 

 “Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Тунгалаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  А.Банзрагч нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Тунгалаг шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

           “...Б.Анхзаяатай 2011 онд гэр бүл болж, охин Номин 2011 онд төрсөн. Бид хоёр хоорондоо таарч тохирохоо больж Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэрлэлтээ цуцлуулахаар нэхэмжлэл гаргаж 2015 оны 06 сарын 19-ний өдөр гэрлэлтээ цуцлуулж, гэрчилгээ авсан. Одоо Б.Анхзаяагаас охин Номиндоо тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж байна. Нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

        Хариуцагч Б.Анхзаяа шүүхэд гаргасан  хариу тайлбартаа:

 “...Г.Тунгалагийн өгсөн охин Номинд тэтгэмж тогтоох өргөдлийг хүлээн авч, танилцлаа. Хүлээн зөвшөөрлөө. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.

Хариуцагч Б.Анхзаяа шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

“...Миний бие охин Номинд тэтгэмж тогтоолгох нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн. Хөдөө орон нутгаар явж кино гаргах ажилтай байгаа тул миний биеийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Тунгалаг нь хариуцагч Б.Анхзаяад холбогдуулан 2011  оны 01 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн охин А.Номинд тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Сум дундын 7 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 558 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Г.Тунгалаг, хариуцагч Б.Анхзаяа нарын гэрлэлтийг цуцалж, 2011  оны 01 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн охин А.Номинг эх Г.Тунгалагийн асрамжид үлдээхээр шийдвэрлэж, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болохыг дурджээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ ...Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн. Хөдөө орон нутгаар явж кино гаргах ажилтай байгаа тул миний биеийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү... гэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хариуцагчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

Г.Тунгалаг, Б.Анхзаяа нарыг хамтран амьдрах хугацаанд 2011 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр охин А.Номин төрсөн болох нь талуудын тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр нотлогдож, хариуцагч хүүхдийн тэтгэлэг төлөх талаар маргаангүй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасны дагуу эцэг Б.Анхзаяа, эх Г.Тунгалаг нар нь хүүхдээ хүмүүжүүлэхэд хүлээх үүрэгтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т зааснаар ...хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүрэгтэй..., мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар ...хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй тул 2011 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн охин А.Номинд эцэг Б.Анхзаяагаас тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63-р зүйлийн 63.1.5-д тогтмол хугацаанд төлөх тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг шаардсан нэхэмжлэлд нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр нэхэмжлэлийн үнийг тодорхойлохоор заасан тул хариуцагч Б.Анхзаяагаас нэг жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлгийн хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 28,482 төгрөг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 2011 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр охин А.Номинг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд/ хүртэл амьжиргааны түвшингийн /тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн/ хэмжээгээр эцэг Б.Анхзаяагаас сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс Худалдаа хөгжлийн банк, төрийн сан 100 190 000 941 тоот дансанд 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид тушаасан 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Тунгалагт олгож, хариуцагч Б.Анхзаяагаас 1 жилд төлөгдөх хүүхдийн тэтгэлгийн хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамж 28,482 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулсугай.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдсугай.

 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.ОЮУНДАРЬ