Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 128/ШШ2021/0038

 

2021 оны 01 сарын 14-ний өдөр Дугаар 128/ШШ2021/0038 У*******хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С ХХК,

Хариуцагч: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам,

Хариуцагч: Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын алба,

Нэхэмжлэлийн шаардлага: 2016 оны буудайн урамшуулал 34,405,000 төгрөгийг С ХХК-д олгохгүй байгаа Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албаны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоох, урамшууллын 34,405,000 төгрөгийг С ХХК-д олгох шийдвэр гаргахыг хариуцагч нарт даалгах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, хариуцагч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С, Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Амарзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын алба буюу хуучнаар Тариалан эрхлэлтийг дэмжих сан манай С ХХК-ийн 2016 оны улаан буудайн урамшуулал болох 34,405,000 төгрөгийг олгохгүй өнөөдрийг хүртэл хууль ёсны эрх ашгийг хохироож байгаа болно. С ХХК 2005 онд байгуулагдсан цагаас эхлэн Сэлэнгэ аймгийн ******* суманд газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж ирсэн болно.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Сангийн сайдын 2010 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 24/34 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан 'Хүнсний буудайнд мөнгөн урамшуулал олгоход баримтлах журам-ын дагуу жил бүр хурааж авсан улаан буудайгаа гурилын үйлдвэрт тушааж, холбогдох баримтуудыг бүрдүүлэн улаан буудайн урамшууллаа авч ирсэн болно. 2016 онд улаан буудай тариалж хураан тушаасан баримтаа бүрдүүлэн өгсөн байхад 2016 оны буудайн урамшуулал болох 34,405,000 төгрөгийг тус Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын алба нь 2016 оны сүүлээр олгох ёстой байсан боловч олгоогүй байдаг юм. 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 04/16 тоот албан тоотоор манай компанийн тушаасан буудайн урамшуулал болох 34,405,000 төгрөгийг олгохгүй байгаа талаар асуулга тавихад тус сан 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 01/336 дугаар албан тоотоор хариу өгөхдөө ...танай компани бүхий л төрлийн дэмжлэг туслалцааг авч байгаа бөгөөд 2017 оны байдлаар санд хугацаа хэтэрсэн нийт 104,474,001 төгрөгийн хугацаа хэтэрсэн өр төлбөртэй байна. Дээрхи өр төлбөр дотор Тариалан эрхлэлтийг дэмжих сантай 2010 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 133 дугаар Санхүүгийн түрээс /лизинг/-ийн гэрээ байгуулан А*******трак-150 маркийн нэг ширхэг тракторыг 98,940,000 төгрөгийн зээлээр авч төлж барагдуулаагүй байгааг тооцож бодсон болно. Иймд танай компанийн 2016 оны буудайн урамшуулал болох 34,405,000 төгрөгийн гүйлгээг түр зогсоосон тухай хариу ирүүлсэн байдаг юм.

Тус санд амаар болон бичгээр тухайн 133 дугаар Санхүүгийн түрээсийн гэрээгээр авсан А*******фак-150 тракторыг үйлдвэрийн гэмтэлтэй байсан учраас 2010 онд буюу гэрээ хийсэн хугацаандаа буцааж өгсөн талаар, тус компани тус Хөдөө аж ахуйг дэмжих сан /хуучнаар Тариалан эрхлэлтийг дэмжих сан/-д ямар нэг өр төлбөргүй гэдгээ шалгуулах, буудайн урамшуулал болох 34,405,000 төгрөгийг олгох хүсэлтийг удаа дараа тавьж байсан боловч ямар ч амжилтад хүрээгүй бөгөөд энэ талаар огт шалгаж шийдвэрлэлгүйгээр олгохгүй гэх хариу амаар өгч, бичгээр хариу огт өгөхгүй байсан болно.

2020.01.31-ний өдөр улаан буудайн урамшуулал олгохгүй байгаа хууль зүйн үндэслэлээ тайлбарлана уу гэх хүсэлтийг өгөхөд хариуг нэхүүлж байж өнөө маргааш гэсээр бүтэн 70 хоногийн дараа 2020.04.10-ны өдөр 01/164 дугаар хариу өгсөн юм. Уг хариунд улаан буудайн урамшуулал олгохгүй байх хууль зүйн үндэслэлээ бичилгүйгээр А*******трак-150 маркийн тракторыг буцааж өгсөн тул тус трактортой холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шүүхэд хандсан манай нэхэмжлэлтэй хэргийн талаар бичсэн байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсгийг бүхэлд нь зөрчсөн байдаг.

2020.04.13-ны өдөр өгсөн урамшуулал олгоно уу гэсэн албан тоотын хариуг өгөхгүй байсан бөгөөд 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 2020.06.10-ны өдрийн 01/351 дугаар) албан тоотоор мөн л буудайн урамшуулалтай огт хамааралгүй А*******-150 маркийн тракторыг буцааж өгсөн тул тус трактортой холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулах манай нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлэсний дараа олгоно гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Улаан буудайн урамшууллын 34,405,000 төгрөгийг олгохгүй байгаагаа тайлбарлаж буй Санхүүгийн түрээсийн гэрээгээр олгосон А*******трак-150 тракторын гэрээний төлбөрт барьцаалж байгаа нь огт үндэслэлгүй бөгөөд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Сангийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан Тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд мөнгөн урамшуулал олгох, мөнгөн бус дэмжлэг үзүүлэх журам" -ын 1.5-д Тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон түүний харьяа байгууллагууд тариалан эрхлэгчдэд зээл олгох тохиолдолд урамшуулалд олгосон мөнгө ба мөнгөн бус хөрөнгийг зээлийн барьцаа болгож үл болно гэснийг зөрчсөн бөгөөд буцааж авсан тракторын төлбөрөө төлүүлэхээр манай компанийн авах ёстой мөнгөн урамшууллыг барьцаалсан үйлдэл илт хууль бус юм.

Гэтэл Хүнс хөдөө аж ахуйн яамны тендерт шалгарч оруулж ирсэн М ******* ХХК 2009 оны төсвийн хөрөнгө оруулалтаар Тариалан эрхлэлтийг тэмжих санд 26 ширхэг А*******трак-150 трактор нийлүүлсэн байдаг бөгөөд гэрээний 9.6 -д зааснаар 1 жилийн хугацаанд баталгаат засвар хариуцсан М ******* ХХК 2010 оны 133 дугаар Санхүүгийн түрээсийн гэрээний зүйл болох А*******трак -150 тракторыг 2010 оны 11 сард буцааж хүлээн аваад, Булган аймгийн Хутаг өндөр сум, ******* багт байрлах Э******* ХХК-д өгсөн тухай тус компанийн албан тоотоор нотлогдож байхад манай компанийн улаан буудайн мөнгөн урамшууллыг олгохгүй байгаа нь хууль бус юм.

Тус сангаас 2010 оны 133 дугаар Санхүүгийн түрээсийн гэрээний зүйл болох А*******трак-150 тракторыг буцааж өгснийг сайн мэдэж байгаа учраас 2010 оны 8 дугаар сарын 24-ний өдөр У*******банкинд явуулсан албан тоотдоо тус тракторыг буцааж өгөхөөр болсон мөн одоохондоо хасалт хийгээгүй талаар дурдсан байдаг болно.

Манай компани 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж, 2010 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 133 тоот гэрээний 98,640,000 төгрөгийн үнэ бүхий А*******трак-150 маркийн тракторыг буцааж өгсөн тул тус трактортой холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэл гаргасан байдаг бөгөөд энэхүү хэрэг одоо хүртэл хэлэлцэгдэж дуусаагүй байгаа болно. Манай компани буцаан өгсөн А*******трак-150 тракторын үнийг хасахгүй төлүүлээд байхаар нь хасалт хийлгэхээр шүүхэд нэхзмжлэл гаргасанд тус сан нэхэмжлэл гаргалаа гэж 2017 оноос хойшхи тариалан эрхлэгчдэд олгодог дэмжлэгүүдийг манай компанид олгохоо зогсоосон болно.

Улаан буудайн урамшууллын мөнгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам бүрдүүлсэн материалыг үндэслэн олгох зөвшөөрөл өгдөг тул тус яамыг хариуцагчаар татсан болно.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д зааснаар манай компаниар аваагүй тракторын үнийг төлүүлэхээр шахалт үзүүлж, 2016 оны буудайн урамшууллыг олгохгүй байгаа Хүнс, хөдөө, аж ахуйг дэмжих сангийн ажлын албаны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, уг урамшууллыг олгуулах захиргааны акт гаргуулахыг хариуцагч нарт даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам нь манайд 34,405,000 төгрөгийг олгох тушаал гаргаад Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албаны дансруу шилжүүлсэн, 34,405,000 төгрөгийг олгохгүй байгаа Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албаны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, олгуулахыг даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа. Энэ шаардлагаа дэмжиж байна. Эвлэрэх, нэхэмжлэлээсээ татгалзах эрх олгогдоогүй учраас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд холбогдох шаардлагаа дэмжихгүй байна.

Манай компани нь урамшууллын баримтуудаа бүрдүүлж өгсөн боловч олгохгүй байдаг. Энэ үндэслэлээ 2010 онд Санхүүгийн түрээсийн лизингийн гэрээгээр А*******трак-150 тракторыг авсан учраас үүний өр төлбөрт суутгасан. Үлдэгдэл 67 сая төгрөгийг төлөх албан бичиг байнга хүргүүлдэг. Сэлэнгэ ахан дүүс компани таркторыг үйлдвэрийн гэмтэлтэй гээд буцаагаад өгсөн байхад манайхаас төлбөрийг нэхэж, улмаар урамшууллыг барьцаалсан нь хууль бус гэж үзэж байна. Хөдөө аж ахуйн яамтай гэрээ хийсэн хугацаа нь 2 жил байдаг. 2011 оны 4, 5 сард нөгөө тракторт завсар хийсэн гэсэн санхүүгийн баримтууд авагдсан байна. М ******* ХХК нь Хөдөө аж ахуйг дэмжих санд албан тоот явуулж, засварын 20 сая төгрөгийг өгөхийн бол тракторын төлбөрийг төлөхөд татгалзах зүйлгүй гэсэн байдаг. Улаанбуудайн урамшууллыг олгох журмын 1.5-д зааснаар улаанбуудайн урамшууллын мөнгийг барьцаалахыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд 34,405.000 төгрөгийг суутгаж байгаа нь хууль бус болохыг тогтоож, энэ урамшууллын мөнгийг олгохыг даалгаж өгнө үү. гэв.

 

Хариуцагч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон нэмэлт тайлбартаа: Тариалангийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.8-д заасны дагуу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Сангийн сайдын 2010 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 24/34 хамтарсан тушаалын хавсралтаар батлагдсан Хүнсний буудайнд урамшуулал олгох журам-аар МNS-97-2004 стандартын шаардлага хангасан хүнсний улаан буудайг дотоодын гурилын үйлдвэрүүд, Хөдөө аж ахуйг дэмжих сан, Улсын нөөцийн газарт нийлүүлсэн иргэн, аж ахуйн нэгжүүдэд улсын төсвөөс буудайн тонн тутамд урамшуулал олгодог. Урамшууллын хэмжээг тухайн жилийн ургацын байдал, чанарт тулгуурлан Засгийн газраас жил бүр шинэчлэн тогтоодог.

Тариаланчид нь тухайн жилд тариалсан улаан буудайнаас стандартын шаардлага хангасан хүнсний улаанбуудайг нийлүүлсэн тухай холбогдох материалыг бүрдүүлэн орон нутгийн хөдөө аж ахуйн газраар дамжуулан Хөдөө аж ахуйг дэмжих санд өгч, сан нь нэгтгэснээр Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын тушаалаар урамшууллыг олгодог.

Хөдөө аж ахуйг дэмжих сан нь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас дээрх журамд заасан шаардлагуудыг хангаж ирүүлсэн материалыг үндэслэн мөнгөн урамшуулал олгох ажлыг зохион байгуулж шаардлага хангасан иргэн, аж ахуйн нэгжийн жагсаалтыг ирүүлсний үндсэн дээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тушаал гардаг. Тушаалын хэрэгжилтийг Хөдөө аж ахуйг дэмжих сан хариуцаж санхүүжилтийг олгож байгаа тул өр авлагатай холбоотой асуудлыг яам хэрэгжүүлдэггүй болно.

Хүнс, хөдөө аж ахуй ,хөнгөн үйлдвэрийн сайдын 2017 02.22-ны өдрийн Мөнгөн урамшуулал олгох тухай" А-26 дугаартай тушаалаар 2016 оны ургацаас стандартын шаардлага хангасан хүнсний улаан буудай нийлүүлсэн иргэн, хуулийн этгээдэд олгох мөнгөн урамшууллын хэмжээг баталсан бөгөөд иргэн, хуулийн этгээдийн хүнсний улаан буудайн урамшуулалд 14,962,349,400 төгрөгийг санхүүжүүлэхийг Тариалан эрхлэлтийг дэмжих санд зөвшөөрсөн байна.

Мөн маргаан бүхий цаг хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2010 оны А/24/34 дугаартай тушаалаар баталсан Хүнсний буудайнд мөнгөн урамшуулал олгоход баримтлах журам"-ын 6 дахь заалтын дагуу урамшууллын хөрөнгийг Тариалан эрхлэлтийг дэмжих сан хариуцан иргэд, аж ахуй нэгжүүдэд шилжүүлэх, хуваарилах, зарцуулах, тайлагнах үүрэгтэй байна.

Мөн журмын 16-д мөнгөн урамшуулал олгох асуудлыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тушаалаар шийдвэрлүүлнэ гэж заасан бөгөөд сайдын 2017.02.22-ны өдрийн А-26 дугаартай тушаалаар мөнгөн урамшуулал олгох асуудлыг шийдвэрлэсэн.

Дээрх мөнгөн урамшуулал олгох тухай тушаалын хавсралтад нэхэмжлэгч С ХХК-ийн нэр дурдагдсан байдаг ба энэхүү тушаал байсаар байтал дахин тушаал гаргах хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Нэхэмжлэгч талд урамшуулал олгох сайдын тушаал хүчинтэй байгаа, дахин тушаал гаргах шаардлагагүй. Тиймээс нэхэмжлэгчийн яаманд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

 

Хариуцагч Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын алба шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч С ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үүнд:

Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын алба нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан Захиргааны байгууллагын шинжийг агуулдаггүй. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх заалтын дагуу Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус нэхэмжлэл гэж үзэх үндэслэлтэй байна. Тодруулбал, Хөдөө аж ахуйг дэмжих сан нь Төсвийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т Засгийн газрын тусгай санг байгуулах, түүний үйл ажиллагааны зарчим, хэрэгжүүлэх чиг үүрэг, уг сангийн орлого, түүний зарцуулалтын талаарх харилцааг хуулиар зохицуулна гэж, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д Засгийн газрын тусгай сан гэж Засгийн газрын тодорхой чиг үүрэг, зорилтыг санхүүжүүлэх зориулалттай төсвийн тусгай дансыг гэж тус тус заасан. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан захиргааны байгууллагын шинжийг хангахгүй байгааг анхаарах нь зүйтэй байна.

Хуучнаар Тариалан эрхлэлтийг дэмжих сан нь С ХХК-тай 2010 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 133 дугаар Санхүүгийн түрээс /лизинг/-ийн гэрээ байгуулан 98,940,000 төгрөгийн үнэ бүхий А*******трак-150 тракторыг олгосон. Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлд хугацаа хэтэрсэн өр төлбөрийн авлагадаа тус компанийн урамшууллын мөнгө болох 34,405,000 төгрөгийг суутган авсан нь хууль бус үйлдэл болохыг тогтоолгох шаардлага нь гомдол гаргах харилцааг зохицуулсан хуульд заасан журмын дагуу явагдаагүй, мөн урамшууллын мөнгө олгох шийдвэр гаргахыг даалгах шаардлага нь Хөдөө аж ахуйг дэмжих сангийн хуульд заасан эрх хэмжээний асуудал биш юм. Хөдөө аж ахуйг дэмжих сан тус компанийн урамшууллаас авлага суутгахдаа Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Сангийн сайдын 2010 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 24/34 дүгээр хамтарсан тушаалын хавсралтаар батлагдсан Хүнсний буудайнд урамшуулал олгох журам-ын 1 дүгээр зүйлийн 1.7-д заасныг үндэслэн суутгасан. Энэхүү журмын 1 дүгээр зүйлийн 1.7-д Хэрэв Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам нь Сангийн яаманд гэрээгээр хүлээсэн өглөгтэй ба тэрхүү өглөгийг урамшуулал авах этгээдүүдэд зээлдүүлсэн байх тохиолдолд урамшууллын мөнгөнөөс зохих авлагыг Сангийн яам суутган авч болно гэж заажээ. Энэхүү журмын дагуу сангийн авлага суутгах бүрэн эрхийг нь гүйцэтгэх захирал хэрэгжүүлэхээр журамд тусгасан нь Хөдөө аж ахуйг дэмжих сангийн дүрмийн 2.3.2.5, 2.3.2.6 дахь хэсгүүдэд тус тус заасан байна. Дээр дурдсан мөнгөн урамшууллаас авлага суутгах үйл ажиллагааг зохих хууль, журмын дагуу явуулсан гэж үзэж байна.

С ХХК-ийн Захиргааны хэргийн шүүхэд хүргүүлсэн нотлох баримтад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд мөнгөн урамшууллаас суутгасан талаарх гомдол гаргаж байгаагүй нь харагдаж байна. Иймд энэхүү мөнгөн урамшууллаас авлага суутгахтайгаар холбогдуулан гаргасан журам нь маргаантай гэж үзэж байгаа бол Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмын дагуу гомдол гаргах бөгөөд энэхүү дээд шатны байгууллагад гомдол гаргаснаас хойш Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараах тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана гэж нэхэмжлэл гаргах эрхийг эдлэх боломж бурдэх юм.

Гомдол гаргах журмаа зөрчиж захиргааны хэрэг хянан шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3 дахь хэсгийн дагуу нэхэмжлэл хүлээн авахаас татгалзах нөхцөл үүсгэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Дээрх захирамжид дурдсан нэхэмжлэгч /хуучнаар/ Тариалан эрхлэлтийг дэмжих сан нь Засгийн газрын 2020 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 16 дугаар тогтоолын дагуу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А-134 дугаартай сайдын тушаалаар санхүүгийн тайланд бүртгэлтэй хөрөнгө, өглөг, авлагыг холбогдох хууль тогтоомжид зааснаар Хөдөө аж ахуйг дэмжих санд шилжсэн болохыг мэдэгдэж байна гэжээ.

Хариуцагч Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Манай сангийн Санхүүгийн хэлтсийнхэн тайлбарлахдаа журмын 1.7-д зааснаар урамшууллын мөнгөөс зохих хэмжээгээр суутгадаг гэдэг. Урамшууллын төсөв нь Сангийн яамнаас олгогдож байгаа мөнгө учраас Сангийн яам хяналт тавина. Сангийн яаманд бид мэдээгээ өгөх ёстой, түүний дагуу Сангийн яам хяналт шалгалтынхаа дагуу суутгах ёстой. гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С ХХК нь 2016 онд тушаасан улаан буудайн урамшуулал 34,405,000 төгрөгийг олгохгүй байгаа Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албаны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, урамшууллын 34,405,000 төгрөгийг С ХХК-д олгох шийдвэр гаргахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албанд тус тус даалгуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх дараах үндэслэлээр Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албанд холбогдох шаардлагыг хангаж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Тариалангийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д зааснаар тариалангийн үйлдвэрлэлд төрөөс мөнгөн болон мөнгөн бус дэмжлэг үзүүлж болох бөгөөд 19.2-т зааснаар дэмжлэгийн хэмжээг Засгийн газар тогтооно, 19.6-д зааснаар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд мөнгөн урамшуулал олгох, мөнгөн бус дэмжлэг үзүүлэх журмыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Сангийн сайд хамтран батална. Түүнчлэн тариалан эрхлэгч нь мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д зааснаар хууль тогтоомжид заасны дагуу төрөөс дэмжлэг авах эрхтэй байна.

Хуулийн энэ зохицуулалтын дагуу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Сангийн сайдын 2010 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 24/34 дүгээр хамтарсан тушаалаар Хүнсний буудайнд мөнгөн урамшуулал олгоход баримтлах журам баталсан, Засгийн газар мөнгөн урамшууллын хэмжээг стандартын ангилал тус бүрээр тонн тутамд олгогдох мөнгөн дүнгээр тогтоодог байна.

С ХХК 2016 оны ургацаас Тариалан эрхлэлтийг дэмжих сан /хуучин нэрээр/ -д 32.2 тонн, дотоодын М******* гурилын үйлдвэрт 655.9 тонн, нийт 688.1 тонн 2-4 дүгээр ангиллын улаан буудай нийлүүлж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Мөнгөн урамшуулал олгох тухай" А-26 дугаартай тушаалаар тус компанид улаан буудайн урамшуулалд 34,405,000 төгрөг олгохоор шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч компанийн 2016 оны ургацаас тушаасан улаан буудайн хэмжээ, ангилал, олгогдох мөнгөн урамшууллын дүнд талууд маргаагүй, нөгөөтэйгүүр ийнхүү Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тушаалаар тус компанид 2016 онд нийлүүлсэн улаан буудайн урамшуулал олгохоор шийдвэрлэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд холбогдуулан гаргасан 34,405,000 төгрөгийг С ХХК-д олгох шийдвэр гаргахыг даалгуулах шаардлагаа /нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрх итгэмжлэлээр олгогдоогүйгээс/ шүүх хуралдаанд дэмжээгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

Тодруулбал Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тушаалаар тус компанид буудайн урамшууллыг олгохоор шийдвэрлэсний дээр урамшууллы*******лан эрхлэгчид олгох ажлыг сан эрхлэн хэрэгжүүлэхээр, урамшууллыг олгохгүй байгаа эс үйлдэлд яам хамааралгүй байх тул урамшууллын 34,405,000 төгрөгийг С ХХК-д олгох шийдвэр гаргахыг яаманд даалгах шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2017 оны А-26 дугаар тушаалаар нэхэмжлэгч компанид олгохоор шийдвэрлэсэн улаан буудайн урамшууллын 34,405,000 төгрөгийг Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын алба одоог хүртэл олгоогүй байх бөгөөд энэ талаар тус компани удаа дараа хандсан, тухайлбал 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 04/16 тоот албан бичгээр урамшууллын 34,405,000 төгрөгийг олгуулах хүсэлт гаргахад Тариалан эрхлэлтийг дэмжих сан /хуучин нэрээр/ 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 01/336 тоотоор ... А*******трак-150 маркийн тракторыг 98,940,000 төгрөгийн зээлээр авч төлж барагдуулаагүй, урамшуулал 34,405,000 төгрөгийн гүйлгээг түр зогсоосон гэх хариу, 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр трактор гэмтэлтэй байсан тул буцаасан, 98,940,000 төгрөгийн өглөгийг хасуулах хүсэлт гаргасан, буудайн урамшуулал олгохгүй байгаа хууль зүйн үндэслэлийг тайлбарлуулах хүсэлт гаргахад Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын алба 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 01/164 тоотоор талуудын хооронд үүссэн маргааныг шүүхээс шийдвэрлэх хүртэл хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэх хариу, 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр шүүхэд хэлэлцэгдэж буй маргаан нь буудайн урамшуулалтай хамааралгүй, урамшууллыг санхүүгийн түрээсийн гэрээний төлбөрт барьцаалах үндэслэлгүй, урамшууллыг олгох хүсэлт гаргахад тус сангийн ажлын албанаас 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 01/351 тоотоор өмнөхтэй адил агуулгаар хариу өгчээ.

Тариалан эрхлэлтийг дэмжих сан, С ХХК-ийн 2016 онд тус санд тушаасан буудайгаар өр төлбөр барагдуулж тооцоо нийлж, 2016 оны 12 дугаар сарын 13-нд үйлдсэн актад сан дансны авлага 114,930,252 төгрөг, шатахууны үнийн авлага 7,458,750 төгрөг, нийт авлага 122,389,002 төгрөгөөс санд тушаасан буудайн 18,060,000 төгрөгийг суутгаж, 104,474,002 төгрөгийн авлага буюу компанийн өр үлдсэнийг 2016 оны буудайн урамшууллаас суутгахаар, мөн тус компани А*******трак-150 трактор гэмтэлтэй байсан тул буцаасан, уг тракторын үнэ 98,940,000 төгрөгийн өрийг хасуулах хүсэлт Тариалан эрхлэлтийг дэмжих санд удаа дараа гаргасан, сан дангаар энэ асуудлыг шийдвэрлэх боломжгүй тул авлагыг бууруулж тооцоогүй, шүүхээр шийдвэрлэсний дараа тракторын төлбөрийг буцааж авлагыг хасагдуулж болно гэсэн тэмдэглэл хийжээ.

Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын алба 2017, 2018 оны болон 2020 оны 10 дугаар сарын 31-ний байдлаар сан болон тус компани хоорондын авлага, өглөгийн дэлгэрэнгүй журналыг ирүүлсэн, үүнд 2017 онд тус компанийн санд өгөх 104,474,001.6 төгрөгийн өглөгөөс урамшууллын 34,405,000 төгрөг, мөн түлшний урьдчилгаа 2,900,000 төгрөгийг хасаж 67,169,001.62 төгрөгийн өглөг буюу сан авлагатай үлдсэн, 2018 онд үрийн буудай, шатахууны зээлд 24,549,120.00 төгрөг санд төлөх өглөг нэмэгдэж, компани үрийн буудай, шатахууны урьдчилгаа 9,082,560.00 төгрөг төлснөөр санд төлөх өглөг 82,635,561.62 төгрөг үлдсэн, 2020 онд санд төлөх өглөг 82,635,561.62 төгрөгийн үлдэгдэл хэвээр, үүний 11,172,000 төгрөгийг буудайн авлага, 1,394,560 төгрөгийг шатахууны авлага, 70,069,001.62 төгрөгийг дансны авлагад тооцжээ. Тус компани санд төлөх өглөгийн энэ дүн дээр 2017 онд суутган тооцсон 2016 оны тушаасан буудайн урамшууллын 34,405,000 төгрөгийг нэмээд, дансны авлага гэх гэмтэлтэй шалтгаанаар нийлүүлэгчид буцаасан А*******трак-150 трактор-ын үнэ 98,940,000 төгрөгийг хасвал 5,534,001.62 төгрөгийн үрийн буудай, шатахууны төлбөр үлдэж байна. Дээрх авлага, өглөгийн тооцооллоос үзвэл 2016 оны тушаасан буудайн урамшууллын 34,405,000 төгрөгийг тус компанийн гэмтэлтэй шалтгаанаар нийлүүлэгчид нь 2010 онд буцаасан А*******трак-150 трактор-ын үнэ 98,940,000 төгрөгийг авлагад тооцон сан 2017 онд суутгасан байх бөгөөд тракторын энэ үнээс өөрөөр нэхэмжлэгч компани үрийн буудай, шатахууны төлбөрт 5,534,001.62 төгрөгөөс илүү өргүй байна. Өөрөөр хэлбэл олгогдохгүй байгаа гэж маргаж буй буудайн урамшуулал буцаасан тракторын үнэд суутгагджээ.

Нэхэмжлэгч нь 2016 оны тушаасан буудайн урамшууллын 34,405,000 төгрөгийг олгохгүй байгаа эс үйлдэлтэй маргахдаа гэмтэлтэй шалтгаанаар нийлүүлэгчид буцаасан А*******трак-150 тракторын үнэ 98,940,000 төгрөгийг төлүүлэхээр буудайн урамшууллын 34,405,000 төгрөгийг барьцаалсан нь хууль бус гэж тайлбарладаг бол хариуцагч Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын алба Хүнсний буудайнд мөнгөн урамшуулал олгоход баримтлах журмын 1.7-д заасныг үндэслэн авлагад суутгасан гэж тайлбарлажээ.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Сангийн сайдын 2010 оны 24/34 дүгээр хамтарсан тушаалаар батлагдсан Хүнсний буудайнд мөнгөн урамшуулал олгоход баримтлах журмын 1.7-д Хэрэв Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам нь Сангийн яаманд гэрээгээр хүлээсэн өглөгтэй ба тэрхүү өглөгийг урамшуулал авах этгээдүүдэд зээлдүүлсэн байх тохиолдолд урамшууллын мөнгөнөөс зохих авлагыг Сангийн яам суутган авч болно гэж заажээ. Өөрөөр хэлбэл хэрвээ тракторын үнийг өглөг гэж үзвэл Сангийн яам суутгах эрхтэй байх тул энэ талаар Сангийн яамнаас шүүх тодруулахад Сангийн яам болон Хөдөө аж ахуйг дэмжих сан хооронд 2008-2009 онуудад бүрдүүлсэн улаан буудайн нөөцтэй холбогдох өр авлага байна. ... авлага барагдуулах хүрээнд тариаланчдад олгох урамшууллаас Сангийн яам суутган аваагүй гэжээ.

Дээрхээс дүгнэвэл тариалан эрхлэгч аж ахуйн нэгж нь тушаасан буудайн хэмжээ, стандартаас хамаарч урамшуулал авах эрхтэй, урамшуулал олгох шийдвэрийг сайд гаргадаг, сайдын шийдвэрээр олгогдох урамшууллаас Хөдөө аж ахуйг дэмжих сан буюу сангийн ажлын алба суутгах, түүнчлэн нэхэмжлэгч компанийн удаа дараа гаргасан хүсэлтэд өгсөн хариунд дурдсанчлан өрөнд гүйлгээг түр зогсоох, шүүхээр шийдвэрлэгдэх хүртэл барьцаалах эрх хуулиар ч, журмаар ч олгогдоогүй байхад ийнхүү суутгасан нь нэхэмжлэгчийн урамшуулал авах эрхийг зөрчжээ.

Нэхэмжлэгчийн санд төлөх өглөгт тооцогдож буй 98,940,000 төгрөгийн үнэ бүхий А*******трак-150 тракторыг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зарласан дугуйт трактор нийлүүлэх тендерт шалгарсан М ******* ХХК Тариалан эрхлэлтийг дэмжих санд нийлүүлж, Тариалан эрхлэлтийг дэмжих сантай байгуулсан 2010 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 133 дугаартай санхүүгийн түрээсийн гэрээгээр С ХХК хүлээн авсан ч үйлдвэрийн гэмтэлтэй шалтгаанаар нийлүүлэгч М ******* ХХК-д буцаасан үйл баримт нь Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн У*******банкинд хандсан 2010 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 98,940,000 төгрөгийн өртөг бүхий а*******трак-150 маркийн тракторыг гэмтэлтэй байсан учраас нийлүүлэгч талд буцаан өгөхөөр тохиролцсон боловч өнөөдрийн байдлаар хасалт хийгдээгүй байна гэх тодорхойлолт, нийлүүлэгч М ******* ХХК-ийн иргэний шүүхэд хүргүүлсэн 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 20/110 тоот а*******трак-150 маркийн трактор нь М ******* ХХК-ийн салбар компанид байгаа талаарх албан бичиг зэргээр тогтоогдож байх бөгөөд С ХХК-ийн санхүүгийн түрээсийн гэрээний уг трактортой холбогдох хэсгээс татгалзаж, гэрээнээс татгалзсантай холбоотой тракторын төлбөрийн өр авлагын бүртгэлийг хүчингүй болгохыг Тариалан эрхлэлтийг дэмжих санд даалгах нэхэмжлэлтэй, хариуцагч Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн тус компаниас тракторын үнийг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй, гуравдагч этгээд нийлүүлэгч М ******* ХХК засварын зардал гаргуулсан тохиолдолд санд тракторын үнийг төлөх-өө илэрхийлсэн тайлбартай гэрээ, өр авлага, засварын зардал-тай холбогдох маргаан иргэний хэргийн шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд байна.

Ийнхүү санхүүгийн түрээсээр авсан тракторыг гэмтэлтэй шалтгаанаар буцаасан, гэрээ, өр авлага, засварын зардал-тай холбогдох маргаан иргэний хэргийн шүүхээр шийдвэрлэгдээгүй байхад, өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй өр төлбөрт тухайн маргаанд хамааралгүй буудайн урамшууллын мөнгийг суутгаж олгохгүй байгаа нь үндэслэлгүй байх тул 2016 оны буудайн урамшууллын 34,405,000 төгрөгийг С ХХК-д олгохгүй байгаа Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албаны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, урамшууллын 34,405,000 төгрөгийг олгохыг даалгаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч буудайн урамшууллыг өр төлбөрт барьцаалж олгохгүй байгаа нь Хүнсний буудайнд мөнгөн урамшуулал олгоход баримтлах журмын 1.5 дахь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон түүний харьяа байгууллагууд тариаланчдад хөтөлбөрийн зээл олгох тохиолдолд урамшуулалд олгох мөнгөн хөрөнгийг барьцаалахыг хориглоно гэснийг зөрчиж байна гэж маргадаг ч уг заалт энэ маргаанд хамааралгүй байна. Учир нь уг заалт зээл олгоход урамшууллыг барьцаалахыг хориглосон зохицуулалт юм.

Хариуцагч Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын алба сангийн ажлын алба нь захиргааны байгууллага биш тул захиргааны хэргийн шүүхийн харьяаллын маргаан биш гэж маргадаг. Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын алба нь Засгийн газрын тодорхой чиг үүрэг хэрэгжүүлэх, зорилтыг санхүүжүүлэх зорилготой, шийдвэр, үйл ажиллагаа нь сангийн үйлчилгээг авч буй этгээдэд буюу гадагш чиглэсэн эрх зүйн үр дагавар үүсгэдэг, захиргааны чиг үүргийг хуулийн дагуу шилжүүлэн авсан захиргааны байгууллага байна.

Мөн хариуцагч Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын алба нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлсэн гэж маргадаг. 2017 онд сайдын тушаалаар олгохоор шийдвэрлэсэн урамшууллын мөнгийг олгохыг хүсэж нэхэмжлэгч компани удаа дараа хандсан, тухай бүр өр барагдуулаагүй тул гүйлгээг зогсоосон, шүүхээр маргаан шийдвэрлэгдэх хүртэл олгох боломжгүй гэж хариу өгч, мөнгийг олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэгч маргаж байгаа энэ тохиолдолд нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөөр байгаа гэж үзэх тул нэхэмжлэл гаргахад хөөн хэлэлцэх хугацаа тоологдохгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 2016.3.4, 106.3.13 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Тариалангийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.6, 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэлээс Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албанд холбогдох шаардлагыг хангаж, 2016 оны буудайн урамшууллын 34,405,000 төгрөгийг С ХХК-д олгохгүй байгаа Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албаны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, урамшууллын 34,405,000 төгрөгийг олгохыг даалгаж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд холбогдох буудайн урамшууллын 34,405,000 төгрөгийг С ХХК-д олгох шийдвэр гаргахыг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгөөс 70,200 төгрөгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70,200 төгрөгийг буцааж, хариуцагч Хүнс, хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албанаас 35,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХАЛИУНА