Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 1447

 

МАГАДЛАЛ

 

2017.06.23                                             Дугаар 1447                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

Б.Бадамгаравын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Д.Цогтсайхан, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 184/ШШ2017/00730 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Бадамгаравын нэхэмжлэлтэй,

Хариуцагч С.Энхтайванд холбогдох,

Гэрээний үүрэгт 4 175 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Б.Бадамгарав,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: А.Сандагдулам,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: 2015 оны 07 дугаар сард манай үйлдвэр дээр ирээд тусгай зориулалтын машины гаражын хучлага захиалан оюулахаар болсон. Тэгээд хучлагын материалыг үзэж, сонгоод оюулах хучлагынхаа хэмжээ болон үнийн тооцоог биечлэн гаргаж хийлгэхээр тохиролцсон. Тооцооны дагуу нэг хучлага хийхэд 180 000 төгрөгийн зардал гарна гэж үзээд худалдан борлуулах үнэ нь 210 000 төгрөг гэж тохиролцсон. Анх Энхтайван нь хэдэн зуун хучлага захиалж, танайхаас худалдаж авна, ачаалал даана биз дээ гээд оёдлын гарц, чанар зэрэгт нь анхаарал тавин их итгэлтэй яриад өндөр шаардлага тавиад байхаар нь найдвартай хүн гэж итгэсэн. Ингээд яаралтай хийж өгөөрэй, сурталчилгаа хийлгэх гэж байна гэсэн тул эхний 10 ширхэг хучлагыг бэлэн болгоод 2015 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүлээлгэж өгсөн. Манай охинд хүлээлгэж өгчих гэж хэлсний дагуу охинд нь хүлээлгэж өгсөн. 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 14 ширхэг хучлагыг мөн охинд нь аваачин хүлээлгэж өгсөн. Тэр үед төлбөрөө хэрхэн төлөх талаар ярилцахад тун удахгүй тэрбум төгрөг орж ирнэ, төлбөрт санаа зоволтгүй гэж хэлсэн. Удаа дараа утсаар ярьж очиж уулзаж байсан боловч ирэх долоо хоног, дараа сард өгнө банкнаас мөнгөө авах гэж байна санаа зоволтгүй гэж хэлсэн. 2015 оны 11 дүгээр сард хучлагны үнэ гэж 1 000 000 төгрөг өгсөн. Дараа нь Улаанбаатар нэгтгэлд 30 000 000 төгрөгийн цэцгийн хүлэмж тушаачихсан байгаа удахгүй мөнгө орж ирнэ гэж хойшлуулсаар байгаад хэдэн сар явуулсан. Түрүүчийн хийж өгсөн хучлагны төлбөрийг өгөхгүй байсан учраас бид үргэлжлүүлэн хийхээ больсон. С.Энхтайван нь хучлага хийлгэж байхдаа хучлагнаас гадна 2 ширхэг ноосон хөнжил, 1 ширхэг эсгий гудас худалдаж авсан боловч үнийг мөн төлөөгүй. Иймд 24 ширхэг хучлагны үнээс өгсөн 1 000 000 төгрөгийг хасч 4 040 000 төгрөг, 2 ширхэг ноосон хөнжлийн үнэ 90 000 төгрөг, 1 ширхэг эсгий гудасны үнэ 45 000 төгрөг нийт 4 175 000 төгрөгийг хариуцагч С.Энхтайванаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: 2015 оны 09 дүгээр сард оёдлын үйлдвэрийг үзээд эвхдэг хучлагын бүрээс оёхоор болж тав таван ширхэгээр нь нийлүүлж эвхдэг төмрийг нь Б.Бадамгарав нь өөрийн найзаараа манай ажил дээр хийлгэхээр тохирсон. Гэтэл оёдолчин олдсон дээр 14 ширхэгийг оёулаад ирлээ танай складанд хийчихье тавынх нь мөнгийг өгчих гээд бэлнээр 1 000 000 төгрөг аваад явсан. Б.Бадамгаравын найз гэх хүнд материал гаргаж өгөөд 3 хоног ажиллахад 1    ширхэг ч эвхдэг их биеийг нь хийж чадаагүй, 120 000 төгрөгийн урьдчилгаа аваад 10-д хоног алаг болсны дараа ажил дээр архи уугаад надад хөөгдөөд явсан. 24 ширхэг   хучлага нь зарагдахгүй, одоо манай агуулахад тоо ёсоор байгаа. Машины хучлагыг надад 210 000 төгрөгөөр зарсан нь зах зээлд зарагдаж байгаа хучлагын үнээс хэт өндөр байсан. Мөн анх бид хоёр хучлагыг 5, 5-р нь нийлүүлж байна гэж тохирсон байтал эхлээд 24 ширхэгийг бөөнөөр нь авчраад өгчихсөн. Бид тэгж тохироогүй. Хоёр ширхэг ноосон хөнжил, нэг ширхэг эсгий гудас авсан, тэрнийх нь үнийг төлнө маргахгүй. Харин энэ 24 ширхэг хучлагыг нь буцааж өгөөд, түүнд өгсөн 1 000 000 төгрөгөө буцааж авмаар байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Энхтайванаас 4 175 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Бадамгаравт олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 81 750 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч С.Энхтайванаас тэмдэгтийн хураамж 81 750 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Бадамгаравт олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Бид 2 ямар нэгэн гэрээ хэлэлцээр хийгээгүй борлуулалтаа харж байгаад гэрээ хийхээр тохирсон, гуйж байж манай складанд хийлгэчихээд мөнгийг нь нэхэж байгаа нь хуулийг буруу хэрэглэж байна гэж үзэж дахин хянуулахаар гомдол гаргаж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Б.Бадамгарав нь хариуцагч С.Энхтайванд холбогдуулан гэрээний үүрэгт 4 175 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа талуудын хооронд амаар байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээнд үндэслэн 24 ширхэг хучлаганы үнэ 4 040 000 төгрөг, 2 ширхэг ноосон хөнжилний үнэ 90 000 төгрөг, 1 ширхэг эсгий гудасны үнэ 45 000 төгрөгийг гаргуулах...” гэсэн бол хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ “...худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаагүй, агуулахад хадгалагдаж байгаа 24 ширхэг хучлагыг буцаан өгнө, ноосон хөнжил, эсгий гудсыг бэлэглэсэн...” гэж тайлбарлажээ.

Зохигчдын тайлбараар нэхэмжлэгч нь “Анард” ХХК-ийн захирал С.Энхтайваны хүсэлтээр машины хучлага оёж нийлүүлэх, нэг бүрийн үнийг 210 000 төгрөг байхаар тохиролцсон, 24 ширхэг хучлагыг хариуцагчид зарлагын баримтаар хүлээлгэн өгснөөс хариуцагч нь 1 000 000 төгрөгөөс өөр төлбөр төлөөгүй гэх үйл баримт тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй.

Түүнчлэн 2 ширхэг ноосон хөнжил, 1 ширхэг эсгий гудас авснаа хариуцагч үгүйсгээгүй, эдгээрийг бэлэглэлийн гэрээний дагуу хүлээн авсан гэх тайлбараа хариуцагч баримтаар нотлоогүй.

Дээрх байдлаас дүгнэвэл талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээний зүйлийг хариуцагч хүлээн авсан боловч хэлэлцэн тохиролцсон үнийг төлөөгүй талаар шүүх зөв дүгнэсэн байна.

Гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй тул нэхэмжлэгч нь гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн дүгнэж нэхэмжлэлийг хангасан нь зөв байна.

Хариуцагчийн “...24 ширхэг хучлагыг буцаан өгч, нэхэмжлэгчид өгсөн 1 000 000 төгрөгөө гаргуулах...” гэсэн нь гэрээнээс татгалзах агуулгатай байх боловч энэ талаар шаардлага гаргаагүй байна.

Хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 184/ШШ2017/00730 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн   162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 81 750 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

      

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    С.ЭНХТӨР

 

                           ШҮҮГЧИД                                    Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                М.НАРАНЦЭЦЭГ