Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
Хэргийн индекс | 105/2022/0663/Э |
Дугаар | 2022/ШЦТ/687 |
Огноо | 2022-05-11 |
Зүйл хэсэг | 11.6.2., |
Улсын яллагч | Б.Өлзийжаргал |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 2022/ШЦТ/687
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
шүүгдэгч Б.М,
нарийн бичгийн дарга Д.Нямсүрэн,
улсын яллагч Б.Өлзийжаргал,
хохирогч А.М,
хохирогчийн өмгөөлөгч Э.Намжилцэрэн нарыг оролцуулан эрүүгийн 2206 00000 1027 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн Б.М, 1981 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, *********** мэргэжилтэй, ************* ажилтай, ам бүл 6, Баянзүрх дүүргийн ***************** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД: *****************,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.М 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр ********** тоотод өөрийн гэртээ эхнэр А.Мтой “архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, архичин болчихсон юм уу” гэж хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар гараар алгадах, цохих өшиглөх үйлдлээр биед нь зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, дух баруун нүдний дээд зовхи, доод зовхи, баруун хацар, баруун бугалга, нуруу, зүүн гуя, зүүн шилбэ, баруун гуя, баруун шилбэнд цус хуралт, цээж, зүүн шуу, баруун сарвуу, баруун шагайнд зулгаралт бүхийн хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн дүгнэлт:
Хавтас хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Б.М нь хохирогч А.Мын биед нь хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:
Шүүгдэгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Миний хэлээгүй үг, хийгээгүй үйлдлийн талаар А.М ярьсан байна. Би А.Мтой 20 жил хамт амьдарч байна. Энэ хугацаанд өдөр бүр хэрүүл маргаантай байгаагүй. Сайхан амьдрахын тулд өнөөдрийг хүртэл хичээсэн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Цаашдаа А.Мд эмнэлгийн тусламж болон санхүүгийн тал дээр байнга тусалж, чин сэтгэлээсээ түүнийг харж хандах болно. Энэ танхимд байгаа хүмүүсээс уучлалт гуйж байна. Би ном уншиж, бясалгал хийж өөрийгөө өөрчилж байгаа.” гэсэн мэдүүлэг.
Хохирогч А.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Бид хоёр 2002 оноос хойш хамт амьдарч байна. Намайг жирэмсэн байхад хүртэл хэрүүл хийж, зодож байсан. Би дөрвөн хүүхдээ бодоод 20 жилийн турш тэвчиж амьдарсан. Энэ талаар цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй. Намайг ажил хийх, хамаатны хүмүүстэйгээ уулзахыг хориглодог байсан. Би хүүхдүүдээ цаашид гэр бүлийн хүчирхийлэлд амьдруулахгүйн тулд салахаар шийдсэн. Өөр гомдол, хүсэлт байхгүй” гэсэн мэдүүлэг.
Хохирогч А.Мын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Батбаярын Б.Мтай 20 жил амьдарч байна. Амьдрах хугацаанд зодох, дарамтлах гар утас, харилцаа холбоо гээд бүх зүйлийг хянаж шалгадаг. 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр нөхрийн маань хамаатны дүү нар нь манай гэрт ирсэн бөгөөд Б.М нь ахынх руугаа явж хүүхдүүдээ авчрах гэж явсны дараа би хамаатны дүү нартай нь даалуу тоглож байхдаа 1 шил дарс ууж дуусгаад ахин гэрт байсан авдарнаас нэг шил 1 литр хэмжээтэй виски гаргаж ирээд ширээн дээр тавьчихсан байж байтал гаднаас нөхөр Б.М маань хүүхдүүдийн хамт орж ирсэн. Хамаатны дүү нар нь нөхөр Б.М маань орж ирэхэд зөрөөд гарч явсан бөгөөд нөхөр маань ширээн дээр гаргаж тавьсан байсан вискиг хараад “Чи архичин болчихсон юм уу? Бос зайл” гэж хэлэхэд нь би нөхөртөө хандаж “Би чиний янхандаж явдгийг чинь мэднэ шүү” гэж хэлсэн. Нөхөр маань хүрч ирээд намайг үсдэж, нүүр лүү 2-3 удаа баруун гараараа цохиж, миний бие лүү олон удаа өшиглөж, биенээс маажсанаас болж миний бие тэр чигтээ хөх няц болчихсон байна. Ингээд цагдаагийн байгууллагад хандсан юм. Нөхөр маань өөрт нь миний ямар нэгэн үг таалагдаагүй л бол намайг зоддог...
...Нөхөр Б.М намайг 2021 оны 12 сарын орчим ангийнхантай уулзсны дараа миний утсыг аваад утасныхаа кодыг гаргаж өг гээд “өгөхгүй” гэхэд шалны модоор зодсоор байгаад хэлүүлж байсан. Мөн Солонгос улсаас ирсэн ангийн маань залуутай хардаж байнга зоддог болсон. Би тухайн залуутай тааралдаагүй. Нөхөр маань намайг 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс хойш тасралтгүй 4 өдөр зодохоор би гэрээслэл бичээд гэрээсээ яваад танил эгч Буяннэмэхийн гэрт очиж байсан. Мөн над руу буу тулгаж “Та хоёр явалддаг гэж бич” гэж хэлж байсан. Мөн охиныхоо нүүрэн дээр намайг зодож байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дэх тал/,
Гэрч М.Мын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр гадуур ажилтай явж байгаад гэртээ ирэхэд манай гэрт үеэл ах эгч нар ирчихсэн цайлж байсан юм. Бид хоорондоо тоглож байгаад үеэлүүд маань явах болоод үеэл Гэрэлцэцэг нь манайд хонохоор болсон. Гэтэл 2022 оны 02 дугаар сарын 19-ний 00 цагийн орчим аав Б.М, ээж А.М нар маань өрөөндөө чанга дуугараад маргалдаж хэрэлдэж байсан. Мөн хоорондоо зодолдоод байх шиг сонсогдохоор нь би юу болсон юм бол гээд өрөөнд ороход нэгнийгээ муухай үгээр хэлж хэрэлдэж байсан. Аав ээж хоёр өрөөнөөсөө гараад том өрөө лүү орж үргэлжлүүлэн хэрэлдэж эхэлсэн бөгөөд тухайн үед өрөөндөө унтаж байсан дүү нар сэрэх гээд байхаар нь аав, ээж хоёрт боль гэж хэлэхэд аав уурлаад би Хөвсгөл явлаа гээд гараад явсан. Ингээд аав тухайн өдрөөс хойш ирэхгүй байж байгаад 2022 оны 3 дугаар сарын 23-ны орчим Хөвсгөл аймгаас ирсэн. Тухайн 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр аавын гар маажуулсан юм шиг улайсан, харин ээжийн толгой хэсэгт ягаан өнгөтэй хавдчихсан зүйл харагдаж байсан. Аав, ээж хоёр маань ер нь хэрэлдэж муудалцаад байдаг. Хэвийн хэмжээнд бол биш гэж бодож байна. Миний өмнө хэрэлдэж байгаад өрөө лүүгээ орчихдог. Өмнө нь зодолдож байсан зүйл ажиглаж байгаагүй. Харин 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр аав, ээж 2 хоорондоо зодолдсон юм шиг байсан. Би ерөнхийдөө гадуур ажилтай явж байгаад гэртээ оройн цагаар ирдэг болохоор сайн мэдэхгүй байна. 2021 оны 10 дугаар сарын орчим гэртээ үүрийн 02 цагийн үеэр ороход аав, ээж хоёр маань оройтож ирлээ гээд хоёулаа намайг нэг зүйлээр ороолгож байсан. Өөрөөр аав болон ээж маань миний биед халдсан зүйл одоогоор байхгүй. Би ээж А.Мын хамт хамгаалах байранд орох шаардлагагүй. Тийм аюултай нөхцөлд байгаа гэж бодохгүй байна. Аав, ээж хоёр надтай ярихдаа шал өөр 2 зүйл яриад байгаа учраас хэрүүл, маргааны учир шалтгааныг нь сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дэх тал/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн шинжээчийн №3527 дугаартай:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.
Прокуророос шүүгдэгч Б.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч Б.Мыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч А.М нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаарх нотлох баримт хавтаст хэрэгт гаргаж өгөөгүй, хохирол нэхэмжлээгүй болохыг дурдав.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:
Шүүгдэгч Б.М нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж дүгнэлт өгсөн нь хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл бөгөөд түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч Б.Мыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн, түүний анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдал зэргийг нь харгалзан үзэж шүүхээс түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан үндэслэлээр ялаас чөлөөлөх шийдвэрлэв.
Өөрөөр хэлбэл Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд орших бөгөөд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, ойлгож ухамсарласан үйлдэл нь түүнийг ялаас чөлөөлөх гол үндэслэл юм.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б.Мыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялаас Б.Мыг чөлөөлсүгэй.
3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР