Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/703

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүгдэгч С.С,

нарийн бичгийн дарга Д.Нямсүрэн,

улсын яллагч Н.Ганчимэг нарыг оролцуулан эрүүгийн 2206013101357 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн С.С, 1993 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ************* тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:********************/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс 06-ны өдөрт шилжих шөнө Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Хоёрын автобусны буудлын орчимд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр Б.Нтай хувийн таарамжгүй харилцаа үүсгэх явцдаа түүний толгойн тус газарт гараараа цохих, баруун гуя, шилбэ рүү өшиглөх зэргээр зодож, биеийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн дүгнэлт:

Хавтас хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд болон оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч С.С нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Б.Ны бие махбодод хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

- Шүүгдэгч С.Сын шүүх хуралдаанд: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг,

                 - Хохирогч Б.Ны мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би 2022 оны 3 дугаар сарын 05-ны өдөр гэртээ байхад нөхөр С.С найзуудтайгаа уулзана, бааранд орно, 00:00 цагийн үед гэртээ ирнэ гэсэн юм. ... Тэгтэл 00:00 цаг ч өнгөрлөө, шөнийн 01:00 цагийн уед нөхөр С.С над руу чатаар залгаад утас унтарлаа кино үйлдвэрт байдаг бааранд байна гэсэн юм. Гэрт хүүхэд харах хүнгүй байсан тул 4 настай Өлзий-Оршихыг аваад такси бариад кино үйлдвэрт очсон юм. Кино үйлдвэрт байдаг баарны гадаа очоод нөхөр С.С руу залгахад гар утас нь холбогдохгуй байсан тул хүүхдээ дагуулаад баар луу орсон. Баарны үүдэнд нь хамгаалагчтай таарахад намайг оруулахгүй, яагаад хүүхдээ дагуулсан юм бэ гэсэн. Би хариуд нь учир байдлаа хэлсэн. Тэгтэл бааранд манай том хүүгийн ангийн багштай таараад би нөхрийгөө дуудуулсан юм. Тэгсэн манай нөхөр С.С удалгүй гарч ирээд уурлаад би хариуд нь чамд санаа зовсондоо хүүхдээ дагуулаад ирлээ гэж хэлсэн. Машиндаа суугаад явж байхад намайг хэл амаар доромжлоод байсан. Шархадны 2-ын буудлын ойролцоо ирээд нөхөр С.С миний толгой хэсэг рүү зүүн гараараа 2 удаа цохисон. Тэгэхээр нь би машинаас буугаад хүүхдээ тэврээд зам дагуу алхаж байтал нөхөр С.С араас ирээд машинд суу гээд татаж чангаасан. Би тэгэхээр нь орилоод “туслаарай” гэсэн чинь тэр хавьд байсан танихгүй ах нар ирээд нөхрөөс салгаад намайг төрсөн ах Зулхүүгийн гэрт буюу Эрдэнэтолгойд хүргэж өгсөн. Нөхөр С.С нь миний баруун шанаа руу 2 удаа цохисон. Машинаас буусан байхад баруун гуя болон шилбэ рүү 2 удаа өшиглөсөн. Миний баруун гарын 3-р хуруунд учирсан цус хуралт болон зөөлөн эдийн гэмтэл нь нөхөр Сухбатыг цохиход учирсан. Би өөрийгөө хамгаалах үйлдэл хийсэн буюу үйлдлийг зогсоох санаатай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дахь тал/,

 

                 - Шүүхийн шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 3892 дугаартай: “Дүгнэлт

1. Б.Ны биед баруун шанаа, баруун сарвуу, гуя, зүүн шилбэнд цус хуралт, баруун шанаа, баруун гарын 3-р хурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгджээ.

3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 20-21 дэх тал/,

 

                 - Шүүгдэгч С.Сын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...бид хоёр гэрлэлтийн баталгаатай, 2 хүүхэдтэй. Тухайн үед архи уусан байсан. ...би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.  

 

Иймд шүүгдэгч С.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс 06-ны өдөрт шилжих шөнө Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Хоёрын автобусны буудлын орчимд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр Б.Нтай хувийн таарамжгүй харилцаа үүсгэх явцдаа түүний толгойн тус газарт гараараа цохих, баруун гуя, шилбэ рүү өшиглөх зэргээр зодож, биеийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:

Шүүх шүүгдэгч С.Сад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар болон хувийн байдлыг нь харгалзан прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын санал гаргаж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь хуульд нийцсэн бөгөөд шүүх хуульд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

           

Бусад асуудлын талаар:

Энэ хэргийн улмаас хохирогч Б.Н нь хохирол төлбөр нэхэмжилсэн баримтаа хэрэгт гаргаж өгөөгүй бөгөөд хохирогч Б.Н нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.

Шүүгдэгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд төлөх төлбөргүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. С.Сыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар С.Сад 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар С.Сад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.С нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, С.С нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Н нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол С.Сад урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР