Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/733

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүгдэгч С.Ө,

нарийн бичгийн дарга Д.Нямсүрэн,

улсын яллагч Б.Дэлгэрмаа,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Чинзориг нарыг оролцуулан эрүүгийн 2203 00000 0193 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн С.Ө, 1977 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Баянхонгор аймагт төрсөн, 44 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ************* ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт ***************** тоотод оршин суудаг, урьд нэг удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан, хэрэг хариуцах чадвартай /РД: **************/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Ө нь 2022 оны 03 дугаар сарын 12-ны 17 цаг 50 минутын үед Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Шар хадны гудамж, Шар хадны 2 дугаар буудлын замд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан заалтыг зөрчиж согтуурсан үедээ “Toyota Prius” маркийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож, замын хөдөлгөөнд оролцож яваад, мөн дүрмийн 12.3-т заасан заалтыг зөрчсөний улмаас явган хүний замаар явж байсан явган зорчигч З.О, Б.Т нарыг мөргөж, З.Оийн эрүүл мэндэд хүндэвтэр, Б.Тгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн дүгнэлт:

Шүүгдэгч С.Ө нь согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хохирогч З.Оюунгэрэлийг мөргөж биед нь хүндэвтэр, хохирогч Б.Тг мөргөж хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт нь:

 

- Шүүгдэгч С.Өын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг,

 

- 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-9 дэх тал/,

 

- Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл “...2022 оны 03 сарын 12-ны өдөр 18 цаг 55 минут ...Сандив овогтой С.Өыг драйгер багаж ашиглан шалгахад 2,50% тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо...” гэсэн тэмдэглэл /хх-ийн 10 дахь тал/,

 

- Хохирогч З.Оийн “...шар хадны 2 дугаар буудлын замын зүүн хэсгээр явган хүний замаар явж байсан чинь замын хажуу талд явж байсан Тоёота Приус маркийн тээврийн хэрэгсэл гэнэт замаас гараад явган хүний замаар явж байсан манай найз Туяа бид хоёрыг мөргөж, миний хөлийг хугалсан зам тээврийн осол гарсан. ...Би тухайн осол болох үед өөр тийшээ харчихсан явж байсан чинь манай найз “энэ согтуу жолооч юм болов уу” гэж надад хэлэхээр нь би гайхаад харсан чинь, нэг машин зам даваад бид хоёрыг дайраад, айлын хашаа мөргөөд зогссон..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18 дахь тал/,

 

- Хохирогч Б.Тгийн “... Шар хадны 2 дугаар автобусны буудлын ойролцоо замын ертөнцийн зүгээр баруун талаар хойноосоо урагшаа чиглэлтэй явган хүний замаар алхаад явж байсан чинь машины зам дээр явж байсан, цагаан өнгийн “Тоёота Приүс” маркийн тээврийн хэрэгсэл гэнэт замаас гараад явган хүний замаар явж байсан манай найз Оюунгэрэл бид хоёрыг чиглээд ирэхээр нь “би хүүшээ наад машин чинь" гэж орилоод Оюунгэрэлийг хойш нь татаад холдуулах гэсэн боловч тухайн машины жолооч миний зүүн хөлөн дээгүүр гараад, Оюунгэрэлийн хөлөн дээгүүр бас гараад чигээрээ яваад айлын хашаа мөргөөд зогсох шиг болсон..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 21 дэх тал/,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 4374 дугаартай: “...Дүгнэлт

1. З.Оийн биед баруун шаант, тахилзуур ясны зөрөөтэй хугарал, баруун хацар, зүүн доод зовхи, баруун шуу, зүүн мөр, нуруу, зүүн гуя, зүүн шилбэнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна.

3. Дээрх гэмтлүүд нь 2022.03.12-нд үүссэн байх боломжтой.

4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 55-56 дахь тал/,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 4599 дугаартай “...Дүгнэлт

1. Б.Тгийн биед бүсэлхий нуруу, зүүн тавхай шилбэ, шагайн зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн мөргөгдөх үед үүсэх боломжтой.

3. Шинэ гэмтлүүд байна.

4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 47-48 дахь тал/,

 

- “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 22553870 дугаартай “...Хариулт 3. Урд копут баруун гар талын урд хэсгээр үрчийж нугаларсан /шинэ/, баруун гар талын урд крыло урд үзүүр хэсгээр дотогш хонхойсон /шинэ/, урд буфер баруун гар талын дугуйрсан хэсэгтээ тал нь байхгүй урагдсан /шинэ/, урд буфер нэлэнхийдээ сэвтэй будаг нь халцарсан, урд панелийн төмөр цааш гулзайж орсон /шинэ/, хөргөлтийн болон усны радиотор их хэмжээгээр дотогш хонхойсон /шинэ/, усны хөргөлтийн сэнс хугарсан /шинэ/, баруун гар талын урд их гэрлийн цайр нь дотор талдаа бутарч хагарсан /шинэ/ ... зэрэг эвдрэл гэмтэлтэй байна..” гэсэн дүгнэлт /хх-ийн 65-71 дэх тал/

 

- Мөрдөгчийн 344 дугаартай “...2. Жолооч С.Ө нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”, мөн дүрмийн 3.7.а-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.” гэх магадалгаа зэргээр тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.  

 

Иймд шүүгдэгч С.Ө нь 2022 оны 03 дугаар сарын 12-ны 17 цаг 50 минутын үед Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Шар хадны гудамж, Шар хадны 2 дугаар буудлын замд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан заалтыг зөрчиж согтуурсан үедээ “Toyota Prius” маркийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож, замын хөдөлгөөнд оролцож яваад, мөн дүрмийн 12.3-т заасан заалтыг зөрчсөний улмаас явган хүний замаар явж байсан явган зорчигч З.О, Б.Т нарыг мөргөж, З.Оийн эрүүл мэндэд хүндэвтэр, Б.Тгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:

Шүүгдэгч С.Ө нь хохирол төлбөрийг сайн дураар нөхөн төлж барагдуулсан нь эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хувийн байдал, хохирогч нар гомдол саналгүйгээ илэрхийлж эвлэрсэн зэргийг харгалзан прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, түүнд хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад  заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийг 6 сарын хугацаанд хүлээлгэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүгдэгчтэй харилцан тохиролцсон нь хуульд нийцсэн гэж шүүх шийдвэрлэв.

Бусад асуудлын талаар:

Энэ хэргийн улмаас хохирогч Б.Оюунгэрэл, Б.Т нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. С.Өыг согтуугаар замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар С.Өын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, түүнд хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаанд тэнсэж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг 6 сарын хугацаанд хүлээлгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар С.Өын тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди-г хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, С.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Хэрэгт хураагдан ирсэн С.Өын №*********дугаартай жолоочийн  үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан Тээврийн цагдаагийн албанд хүргүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна”, 5 дахь хэсэгт зааснаар “тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тус тус сануулсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл С.Өт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                    

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Т.ШИНЭБАЯР