Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/755

 

 

                                     

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүгдэгч Л.Ц,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Нямсүрэн,

улсын яллагч М.Эрдэнэзаяа /томилолтоор/ нарыг оролцуулан Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Л.Цд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2206 00214 1486 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Л.Ц, 1957 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Төв аймагт төрсөн, 65 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, лаборант мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 2, нөхрийн хамт *********** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, /Регистрийн дугаар: *************/.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.Ц нь 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ахмадаа дээдлэх төв” Төрийн бус байгууллагын байранд иргэн Я.Ад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэх №21-054 дугаартай хуурамч үнэмлэх, гарын үсэг, тамгатай “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 51 дүгээр зарлигаар Монгол Улсын гавьяат багш цол хүртээв” гэх одон медаль гардуулж, уг гавьяат багшийн үнэмлэх, тамга, гарын үсгийг буюу төрийн шагнал хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Гэм буруугийн дүгнэлт:

Хавтас хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, шүүгдэгчийн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Л.Ц нь төрийн шагнал хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан үйл баримт нь:

Шүүгдэгч Л.Цгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг,

 

- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 1402 дугаартай:

1. Шинжилгээнд ирүүлсэн 21-054 дугаартай, Монгол Улсын одон медалийн үнэмлэх гэх зүйл нь шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн 21-054 дугаартай, Монгол Улсын одон медалийн үнэмлэх гэх зүйл нь хуурамч байна. Харин Монгол Улсын гавьяат багшийн тэмдэг гэх зүйлийн жинхэнэ эсэхийг криминалистикийн шинжилгээгээр тогтоох боломжгүй.

3. 21-054 дугаартай, Монгол улсын одон медалийн үнэмлэх гэх зүйлд илэрч буй хуурамчийг илтгэх шинж тэмдгүүдийн дэлгэрэнгүйг “Үзлэг ба шинжилгээ”, “Гэрэл зургийн үзүүлэлт” хэсгээс үзнэ үү.” гэх дүгнэлт /хх-ийн 29-34 дэх тал/,

 

Гэрч Э.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... 2021 оны 11 дүгээр сарын дундуур шиг санагдаж байна, надтай утсаар ярьж Я.Агуайн Гавьяат багшийн цол, тэмдэг нь гарсан шүү, Сутай дээд сургууль дээр гардуулна гэж хэлэхээр нь би хүү Б.Дд энэ талаар хэлсэн. Би ажилтай байсан болохоор тэр хүнд хүү Б.Дынхаа утсыг өгчихсөн. Дараа нь хүү надтай ярьж, хадам аавд Сутай дээд сургууль дээр шагналыг нь гардуулах гэж байна, ирээрэй гэхэд нь би ажилтай байсан болохоор очиж чадаагүй, шагналыг нь гардуулсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дахь тал/,

 

Гэрч Б.Дын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Би 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр эхнэр А.Бүжинлхамын хамтаар хадам аав Я.Аюурзаныг гэрээс нь очиж авч, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байдаг Сутай дээд сургуулийн байранд байрлах “Ахмадаа дээдлэх төв” төрийн бус байгууллага дээр очсон. Надад манай хадам ээж Ж.Сандагжав, хадам аав Я.Аюурзаныг шагнал авах гэж байна, 15 цагт Сутай дээд сургууль дээр ирээд шагналаа авчих гэж байна гэж хэлсэн, Монгол Улсын гавьяат багш цолны тэмдэг, үнэмлэхийг нь 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Сутай дээд сургуулийн байранд байрлах “Ахмадаа дээдлэх төв” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Л.Ц гэдэг хүн өөрийнхөө өрөөнд аав Я.Ад гардуулж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дахь тал/,

 

Шүүгдэгч Л.Цгийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн: “...Я.Ад Монгол Улсын ерөнхийлөгчийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 51 дүгээр зарлигаар Монгол Улсын Гавьяат багш цол хүртээв. Монгол Улсын ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэх №21-054 дугаартай хуурамч үнэмлэхийг өөрөө хийсэн. Уг үнэмлэхийг төрийн бус байгууллагынхаа Баянзүрх дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэрт Сутай дээд сургуулийн 101 тоот өрөөндөө байдаг компьютер дээрээ хийсэн. Интернэт, фейсбүүкт Монгол Улсын Гавьяат багш цол, тэмдгээр шагнагдсан гэж, оруулсан жинхэнэ үнэмлэхийн зургийг, утсаараа татаж аваад, өөрийн компьютер дээрээ оруулж, уг үнэмлэхийн зөвхөн шагнал авсан хүний овог, нэрийг нь Я.Аболгон өөрчилж, цаасыг нь үнэмлэхийн хэмжээтэй болгож өөрчилж, өнгөт принтерээр хэвлээд гаргачихсан юм. Надад үнэмлэхийн хавтас байсан болохоор тэр хавтсандаа хуурамчаар хийсэн гавьяат багшийн үнэмлэхээ хийсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18 дахь тал/,  эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 13 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

             Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.  

 

             Иймд шүүгдэгч Л.Цг 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ахмадаа дээдлэх төв” Төрийн бус байгууллагын байранд иргэн Я.Ад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэх №21-054 дугаартай хуурамч үнэмлэх, гарын үсэг, тамгатай “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 51 дүгээр зарлигаар Монгол Улсын гавьяат багш цол хүртээв” гэх одон медаль гардуулж, уг гавьяат багшийн үнэмлэх, тамга, гарын үсгийг буюу төрийн шагнал хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

            

             Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:

Шүүгдэгч Л.Цд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан прокуророос  шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжээр торгох ялын санал гаргаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь хуульд нийцсэн гэж шүүх шийдвэрлэв.

Бусад асуудлын талаар:

Энэ хэргийн улмаас Л.Ц нь бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг гавьяатын үнэмлэх, 1 ширхэг тэмдгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгаж шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Л.Ц нь цагдан хоригдсон хоноггүй болно. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Л.Цг хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Цд 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Л.Ц нь шүүхээс оногдуулсан 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Л.Ц нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг гавьяатын үнэмлэх, 1 ширхэг тэмдгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Л.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Л.Цд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.ШИНЭБАЯР