Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/761

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүгдэгч Д.О,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Нямсүрэн,

улсын яллагч М.Оюунбат,

хохирогч Ц.Ө нарыг оролцуулан эрүүгийн 2206 01590 1343 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Д.О, 1979 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт, ************ тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД: *******************/.

Шүүгдэгч Д.О нь 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах ************ худалдааны төвийн 1 дүгээр давхрын жимсний лангуун дээр худалдагчаар ажиллаж байх үедээ “жимсэнд гараараа хүрлээ” гэх шалтгаанаар иргэн Ц.Өтай маргалдаж, улмаар хохирогчийн нүүрэн тус газар нь нэг удаа гараараа цохиж биед нь баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Гэм буруугийн дүгнэлт:

Хавтас хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, шүүгдэгч, хохирогчийн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Д.О нь хүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

- Шүүгдэгч Д.Оийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2022 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 18 цагийн үед би ажлын байран дээрээ хоёр хүнтэй наймаа хийж байсан. Тухайн хүмүүс маргааш нь Наурызын баярын өдөр тул нэлээн их хэмжээний бараа авч байсан. Тэгтэл Ц.Ө дундуур орж ирээд энэ усан үзэм ямар үнэтэй вэ? гэж асуусан. Би 10.000 төгрөг гэж хэлээд нөгөө хоёр хүнтэй наймаа хийж байхад Ц.Ө усан үзмээс шууд гараараа аваад идсэн. Наймаа хийж байх үед Ц.Ө дахиад усан үзмээс авч идсэн. Тэгтэл нөхөр нь уурлаад хүн шууд бохир гараараа авч байна битгий ав гэж эхнэртээ хэлсэн. Тухайн үед ковидын халдвар буураагүй хүмүүс маск, бээлийтэй явж байхад Ц.Ө маск, бээлийгүй байсан. Би тэр хүнд хандаад уучлаарай та нөгөө талаас нь авах уу гэж хэлэхэд нөхөр нь танайх ямар муухай газар вэ гээд уурласан. Дараа нь би Ц.Өд хандан эгчээ танд бээлий өгье? гэхэд Ц.Ө яахаараа надад бээлий өгч байгаа юм гэхэд нь би та хүнсэнд заавал бээлийтэй хүрэх ёстой гэж хэлэхэд Ц.Ө би энд чинь гараараа биш хөлөөрөө хүрэх юм уу гээд усан үзмийг гараараа базгаад хаячихсан. Тэгтэл худалдан авалт хийж байсан залуу уурлаад 150.000 орчим төгрөгийн худалдан авалтаа хийхээ болиод явах гэж байхад нь би уучлал гуйсан. Ц.Ө миний худалдан авагчийг хүртэл хэл амаар доромжилчхоод яваад өгсөн. Дараа нь цаад талаас усан үзэм авчхаад надад хандан усан үзмээ авдаг л байхгүй юу, идэж үзэж байж авна гэж хэлээд намайг 20 орчим минут хараалын үгээр доромжилсон. Би худалдан авалт хийж байсан хоёр хүнийг явах хүртэл тэвчсэн. Хамгаалагч ирээд худалдааны төвөөс гарах шаардлага тавихад эндээс битгий юм аваарай, энийг төрүүлсэн эх нь гэж ямар хүн байна аа гэх мэт хараалын үг хэлж доромжилсон. Би очиж учир шалтгааныг нь асуухад дахиад миний эцэг эх, үр хүүхдийг доромжлоход нь тэвчихээ болиод алгадсан.. Энэ хүн хүнийг элдэв янзаар доромжилдог, хүнтэй харьцах соёлгүй. Дараа нь би ажлаа хийгээд байж байтал ирээд энэ хүүхний үр хүүхэд гэж энэ шиг л юм байгаа гээд заалаар нэг орилсон. Би энэ хүнийг огт танихгүй. Энэ хүн миний эцэг, эх, үр хүүхэд, гэр орныг хүртэл доромжлоод байхаар нь дахиад нэг удаа алгадсан. Дараа нь хамгаалагч чирээд гаргасан. Удалгүй цагдаа дуудлагаар ирээд юу болсон талаар хажууд байсан хүмүүсээс асуусан. Цагдаа Ц.Өаас яагаад эмх замбараагүй байдал үүсгэсэн талаар асуухад өөдөөс нь хэл амаар доромжилсон. Цагдаа та гомдол саналтай байгаа бол маргааш цагдаагийн газар өргөдлөө бичээд өг гэж хэлсэн. Тухайн өдрийн 20 цаг хүртэл энэ хүн тэнд хэрүүл хийгээд байсан.” гэх мэдүүлэг,

- Хохирогч Ц.Өын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Д.О худлаа ярьж байна. Тухайн өдөр миний урд байсан хүн лангуун дээрх жимснээс амссан. Би хүний амссан жимснээс авахгүй гээд цаад талын лангуунаас жимсээ авсан. Тэр хооронд намайг муухай үгээр доромжилсон. Миний эрүүл мэндийн байдал муу байна. Би маш их гомдолтой. Надад учруулсан хохирлыг бүрэн төлөх хэрэгтэй” гэх мэдүүлэг,

- Хохирогч Ц.Өын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 3 дугаар сарын 21-ний орой 18 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутагт байрлах ************ худалдааны төвийн 1 дүгээр давхар луу хүнс худалдан авахаар орсон ба жимсний тасагт очоод жимс авах санаатай амсаж үзтэл, амт муутай байхаар нь өөр лангуунаас жимс худалдаж авах гээд зогсож байтал өмнөх жимс амсаж үзсэн лангууны худалдагч Д.О нь намайг хэл амаар доромжилж хараагаад байсан. Гэнэт үсдэж аваад миний нүүрэн хэсэгт 1-2 удаа цохисон. Би тухайн үед толгой эргээд байсан ба хэсэг хугацааны дараа цагдаа дуудаж, тэгээд бид нарыг авч явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дахь тал/,

Шүүгдэгч Д.Оийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...уг эмэгтэй нь намайг хэл амаар доромжилсон, тэгээд би тэсэхийн аргагүй болсон тул баруун гараараа нүүр хэсэгт нь нэг удаа цохисон юм. Миний цохисноос болж уг хүн эмчилгээ хийлгэсэн баримтаа авчирч өгвөл би учирсан хохирлыг төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 дэх тал/

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 4839 дугаартай: “...Дүгнэлт

1. Ц.Өын биед баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой.” гэх дүгнэлт /хх-ийн 27-28 дахь тал/, Зөрчлийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3-7 дахь тал/, шүүгдэгч Д.Оийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31 дэх тал/, шүүгдэгч Д.Оийн Хаан банкны депозит дансны хуулга /хх-ийн 40-46 дахь тал/ зэрэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.  

Иймд шүүгдэгч Д.От 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах ************ худалдааны төвийн 1 дүгээр давхрын жимсний лангуун дээр худалдагчаар ажиллаж байх үедээ “жимсэнд гараараа хүрлээ” гэх шалтгаанаар иргэн Ц.Өтай маргалдаж, улмаар хохирогчийн нүүрэн тус газар нь нэг удаа гараараа цохиж биед нь баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:

Шүүх шүүгдэгч Д.О нь хохирол төлбөрийг сайн дураар нөхөн төлсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв. 

 

            Хохирлын талаар:

            Хохирогч Ц.Ө нь хохирол нэхэмжилнэ гэх боловч хавтаст хэрэгт баримтаар нэхэмжилсэн хохирлын баримт байхгүй ба шүүгдэгч Д.О нь хохирол төлбөрт 500.000 төгрөг сайн дураар нөхөн төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

 

Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Д.О нь бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж шүүх шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.О нь цагдан хоригдсон хоноггүй болно. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Д.Оийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар Д.От 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх  хэсэгт зааснаар Д.О нь 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Д.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Д.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.От урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР