Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/766

 

 

                                     

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Д.Нямсүрэн,

улсын яллагч Я.Амарзаяа,

шүүгдэгч М.Э нарыг оролцуулан эрүүгийн 2106 04339 1412 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн М.Э, 1999 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Орхон аймгийн Баян Өндөр суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа ажил эрхэлдэг, ам бүл 2, эмээгийн хамт, **************** тоотод оршин суух хаягтай боловч одоогоор **************** тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, /Регистрийн дугаар: *************/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч М.Э нь 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Поларис хотхоны орчимд хохирогч Д.Отай маргалдаж, улмаар гараараа хохирогч Д.Оын нүүрэн тус газар цохих зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд зүүн зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нуруунд зулгаралт гэмтэл үүсгэж хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн дүгнэлт

Хавтаст хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, шүүгдэгчийн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч М.Э нь хохирогч Д.Оын нүүрэн хэсэгт нэг удаа цохисон үйл баримт нь:

 

- Шүүгдэгч М.Эийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч” гэх мэдүүлэг,

 

- Хохирогч Д.Оын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 13-аас 14-нд шилжих шөнө миний биед халдаж намайг зодсон залуу бол андашгүй урт, буржгар үстэй залуу байсан. Сүүлд нь нэрийг нь сонсоход М.Э гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-20 дахь тал/,

 

- Иргэний нэхэмжлэгч У.Уын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Д.Отай маргалдаж байсан залуу нөхөр Д.Оыг зодсон. ...намайг цохиж, зодсон асуудал байхгүй, би нөхрөө салгах гээд байж байхад нөхөртэй минь муудалцсан залуу намайг хойш нь түлхсэн. Тэгэхэд миний халаасанд байсан “Ай фоне икс эс” загварын гар утасны дэлгэц хагарчихсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 21-24 дэх тал/,

 

- Гэрч 3.Оын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... нэг танихгүй залуу Д.О ахыг зодоод байсан Тэгээд Удвал эгч бид хоёр Д.О ахыг арай гэж салгаад аваад гэр лүүгээ ороод цагдаа дуудсан. Миний биед халдсан асуудал байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дахь тал/,

 

- “Дамно” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б31-21-1259 дугаартай “Ай фоне икс эс” загварын гар утсыг 280,000 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 11334 дугаартай:

1. Д.Оын биед зүүн зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх байх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 49-50 дахь тал/ зэргээр тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.  

 

Иймд шүүгдэгч М.Эийг 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Поларис хотхоны орчимд хохирогч Д.Отай маргалдаж, улмаар гараараа хохирогч Д.Оын нүүрэн тус газар цохих зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд зүүн зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нуруунд зулгаралт гэмтэл үүсгэж хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч М.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шударга ёсны зарчмыг баримтлан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлыг сайн дураар нөхөн төлж, шүүгдэгч нь хохирогчтой сайн дураар эвлэрсэн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжээр торгох ялын санал гаргаж шүүгдэгч хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь хуульд нийцсэн гэж үзэж шүүх хуульд заасны дагуу хэргийг шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар

Энэ хэргийн улмаас хохирогч Д.О нь “гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлтийг /хх-ийн 89 дэх тал/ гаргасан байх тул шүүгдэгч М.Эийг бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. М.Эийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Эт 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх  хэсэгт зааснаар М.Э нь 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар М.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, М.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол М.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР