Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/767

 

 

 

 

                                     

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүгдэгч Б.М,

нарийн бичгийн дарга Д.Нямсүрэн,

улсын яллагч Л.Галав нарыг оролцуулан эрүүгийн 2206 01902 1665 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Б.М, 1984 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, дээд боловсролтой, багш дасгалжуулагч мэргэжилтэй, ************** ажил эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамтаар *********** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй,

урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2006 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 365 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар 15 жил 1 сар хорих ялаар,

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 398 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, /Регистрийн дугаар: ***********************/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.М нь согтуурсан үедээ буюу 2022 оны 4 дүгээр сарын 09-ний өдрөөс 10-ны өдөрт шилжих шөнө *********** тоот гэртээ хамтран амьдрагч болох Б.Гийг үл ялих зүйлээр шалтаглан, нүүр, их бие, гуя, гар хэсэг рүү нь цохиж өшиглөн, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн дүгнэлт:

Хавтас хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд болон оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Б.М нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.Гийн бие махбодид хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

 

- Шүүгдэгч Б.Мгийн шүүх хуралдаанд: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг,

 

- Хохирогч Б.Гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 20 цагийн үед би нөхөр Б.М болон хоёр бага хүүхдийнхээ хамт хоол хүнсний юм цуглуулсан чинь намайг “зөндөө мах авлаа” гээд уурлаад байхаар нь авсан махаа буцаагаад, өөрөө мэдэхгүй юу гээд хоёр хүүхдээ дагуулаад түрүүлээд гэр лүүгээ явсан. Тэгсэн нөхөр Б.М удахгүй араас 0.75 литрийн “Хараа” нэртэй архи авч орж ирээд ганцаараа уусан. Удалгүй манай хүүхэд Б /13 настай/-г нөхөр Б.М “хоол хийж чадахгүй, нохойны хоол хийдэг” гээд загнаад байхаар нь би өмөөрөөд “чи өөрөө амарч байж өөрөө хоолоо хийхгүй юу” гэсэн чинь надтай хэрэлдээд, миний хамар луу гараараа 2 удаа алгадсан. Тэгээд толгой руу түлхээд 2, 3 удаа газар унагахаар нь би нөхрөө аргадаад “амар" гээд амраасан чинь цагийн дараа босож ирээд Б /13 настай/, О /7 настай/ нарыг унтаж байсан чинь дээрээс нь очоод шээхээр нь би босож ирээд цаашаа хувин руу очиж шээгээч гэсэн чинь “чамд ямар хамаатай юм” гээд түлхсэн. Тэгээд намайг барьж аваад миний толгой, гуя, гэдэс хэсэг рүү зөндөө дэвссэн. Хажуугаас манай хоёр хүүхэд “та болиоч, ээжийг аллаа” гэж хэлсэн чинь манай хоёр хүүхдийг “цаашаа хоёр шээс минь, алаад хаячихна шүү" гэж хэлсэн. Би тэгэхээр нь Билгүүнд “ээжийн хүү цагдаа дуудаарай" гэж хэлсэн. 2017 оноос хойш хамт амьдарч байна, дундаасаа хүүхэдгүй ...би архи уугаагүй байсан, харин манай нөхөр 0.75 литрийн хараа архи ганцаараа бүгдийг уусан байсан. ...манай нөхөр архи уух болгондоо иймэрхүү асуудал гаргадаг.” гэх мэдүүлэг /хх-ийн 10-14 дэх тал/,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 5554 дугаартай:

1. Б.Гийн биед дух, дээд, доод уруулын дотор салст, зүүн чихний хөхлөг сэртэн, баруун тохой, баруун шуу, баруун гуянд цус хуралт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, хоёр өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна.

3.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 24-25 дахь тал/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.  

 

Иймд шүүгдэгч Б.Мг согтуурсан үедээ буюу 2022 оны 4 дүгээр сарын 09-ний өдрөөс 10-ны өдөрт шилжих шөнө ********** тоот гэртээ хамтран амьдрагч болох Б.Гийг үл ялих зүйлээр шалтаглан, нүүр, их бие, гуя, гар хэсэг рүү нь цохиж өшиглөн, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:

Шүүх шүүгдэгч Б.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар болон хувийн байдлыг нь харгалзан прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялын санал гаргаж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь хуульд нийцсэн бөгөөд шүүх хуульд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

           

Бусад асуудлын талаар:

Энэ хэргийн улмаас хохирогч Б.Г нь хохирол төлбөр нэхэмжилсэн баримтаа хэрэгт гаргаж өгөөгүй бөгөөд хохирогч Б.Г нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.

Шүүгдэгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд төлөх төлбөргүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Б.Мг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Мд 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх  хэсэгт зааснаар Б.М нь 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Г нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР