Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 2022/ШЦТ/789

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүгдэгч Г.С, Б.Ө нар,

нарийн бичгийн дарга Д.Нямсүрэн,

улсын яллагч Т.Мөнх-Амгалан,

хохирогч Д.М нарыг оролцуулан эрүүгийн 2206 00000 1508 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Г.С, 1997 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, гааль, гадаад худалдааны мэргэжилтэн мэргэжилтэй, “************** ажилтай, ****************** тоотод оршин суух хаягтай, ам бүл 2, улсаас авсан гавьяа шагнал байхгүй, урьд ял шийтгэлгүй, /РД: *******************/,

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Б.Ө, 1995 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Дорнод аймгийн Халх гол суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, **************** тоотод оршин суух хаягтай, ам бүл 3, улсаас авсан гавьяа шагнал байхгүй, урьд ял шийтгэлгүй, /РД: ***************/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Ө, Г.С нар нь бүлэглэж 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 13-ны өдөрт шилжих шөнө 02 цагийн үед Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ханхөхий зочид буудлын 07 тоот өрөөнд үл ялих зүйлээр шалтаглан иргэн Д.Мын толгой, нүүрэн тус газар нь гараараа цохиж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн дүгнэлт

Хавтас хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Б.Ө, Г.С нар нь бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

- шүүгдэгч Г.Сын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг,

- шүүгдэгч Б.Өын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг,

- хохирогч Д.Мын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Тухайн үед гаднаас орж ирээд намайг зодож эхэлсэн. Ямар шалтгааны улмаас цохисныг мэдэхгүй. Би эмчилгээ хийлгэсэн 183.000 төгрөг болон 2022 оны 10 дугаар сард хамрын таславчийн мурийлтыг цаашид эмчлүүлэхэд гарах 3.368.332 төгрөгийг нэхэмжилж байна. Өөр гомдол, санал байхгүй.” гэх мэдүүлэг,

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ий 6-7 дахь тал/,

- Хохирогч Д.Мын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Надад дээрх гэмтлүүдийг 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс 13-ны өдөрт шилжих шөнө Ханхөхий гэх нэртэй зочид буудалд байж байхад гаднаас Б.Ө, Г.С, Цогтоо нар гаднаас орж ирээд үгийн зөрүүгүй шууд зодоод эхэлсэн. Тэр үед би цагдаа дуудсан. Удалгүй цагдаа нар ирээд Г.С, Б.Ө хоёрыг аваад явсан... Намайг буудлын өрөөний хаалга онгойлгоход Г.С орж ирээд шууд миний нүүр рүү цохисон. Тэгэхээр нь би Г.Сыг түлхсэн чинь Б.Ө хажуугаас орж ирээд миний малгайтай цамцыг доош дараад зодоод эхэлсэн. Орны булан руу шахагдаад зодохоо болихоор нь би бостол миний толгой хамраас цус гарсан, тэгэхээр нь би угаалгын өрөө рүү ороод цусаа угаагаад цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10 дахь тал/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 5672 дугаартай:

1. Д.Мын биед хамар ясны далд хугарал, таславчийн мурийлт, дагзны хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний доод зовхи, хацар, хамар, хүзүүнд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.“ гэх дүгнэлт, /хх-ийн 21 дэх тал/,

- Гэрч Г.Цын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Д.М над руу залгаад ахын дүү ах нь энэ сансарт буудалд байна, ахдаа ганц юм аваад хүрээд ир гэхээр нь очсон чинь буудалд Д.М уугаад сууж байсан, тэгсэн намайг ганц юм зохицуулаад өг гэхээр нь би найз руугаа залгаад мөнгө аваад нэг шил архи аваад өгөөд, тэндээ байж байгаад би нэг танихгүй залуутай гараад Сансарын баар ороод найзууд нь бололтой хэдэн хүмүүсээс мөнгө асуугаад явж байсан. Тэгтэл Д.М над руу залгаад миний мөнгө хаана байна гэхээр нь би мэдэхгүй гэж хэлсэн, би одоо очлоо гээд утсаа таслаад би ах руугаа залгаж дуудаад ах Г.С түүний найз Өнөө гэх залуутай бид хэд буудал руу орсон. Тэрнээс өмнө Г.С, Д.М 2 хоорондоо мөнгө төгрөгийн асуудалтай байсан юм шиг байна лээ Тэрнээс болоод хоорондоо маргалдаж зодолдсон...” гэх мэдүүлэг /хх-ий 19 дэх тал/ зэргээр тогтоогдсон гэж тус тус шүүх дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт  хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.  

 

Иймд шүүгдэгч Б.Ө, Г.С нарыг бүлэглэж 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 13-ны өдөрт шилжих шөнө 02 цагийн үед Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ханхөхий зочид буудлын 07 тоот өрөөнд үл ялих зүйлээр шалтаглан иргэн Д.Мын толгой, нүүрэн тус газар нь гараараа цохиж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч Г.С, Б.Ө нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй бөгөөд шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хувийн байдал, шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд хохирогчийг баримтаар нэхэмжилсэн хохирлыг барагдуулсан зэргийг харгалзан шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгох ял шийтгэх нь зүйтэй байна.

Бусад асуудлын талаар

Энэ хэргийн улмаас хохирогч Д.М нь баримтаар 193.000 төгрөг нэхэмжилсэн байх бөгөөд шүүгдэгч нар нь хохирол төлбөрийг төлж барагдуулах хүсэлт гарган, шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд хохирогчийн баримтаар нэхэмжилсэн хохирол төлбөрийг төлж барагдуулсан болно.

Хохирогч Д.М нь энэ хэргийн улмаас цаашид гаргах эмчилгээний зардал болон гэм хорын хохирлын талаарх баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн иргэний журмаар гэм буруутай этгээдүүдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

Шүүхээс шүүгдэгч нарыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болно. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Г.С, Б.Ө нарыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.С, Б.Ө нарт тус бүр 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх  хэсэгт зааснаар Г.С, Б.Ө нарт тус бүр оногдуулсан 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Г.С, Б.Ө нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Г Г.С, Б.Ө нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.С, Б.Ө нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР