Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 51

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,

нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

улсын яллагч С.Эрдэнэбаяр,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар №1672,

хохирогч Э.Мөнхбат,

шүүгдэгч Г.Гантөр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулан Шонх овогт Ганболдын Гантөрд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн 2016 0108 0407 дугаар хэргийг 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.                                           

Монгол Улсын иргэн, 1994 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хот Налайх дүүрэгт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Налайх дүүргийн 7 дугаар хороо, Бадралын 9 дүгээр гудамж, 24 тоотод оршин суух, регистрийн УД94022010 дугаартай, Шонх овогт Ганболдын Гантөр нь 2016 оны 08 дугаар сарын 27-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ Налайх дүүргийн 2 дугаар хороо Нарлагийн 22 дугаар гудамж 09 тоотод хадам аав Э.Мөнхбаттай хувийн таарамжгүй харилцааны буюу эхнэр хүүхдийг минь өгч явуулсангүй гэх шалтгааны улмаас болж маргалдан түүний зүүн гуянд нэг удаа хутгалж, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Гантөр нь 2016 оны 08 дугаар сарын 27-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн 2 дугаар хороо Нарлагийн 22 дугаар гудамж 09 тоотод оршин суух хадам аав Э.Мөнхбаттай “эхнэр хүүхдийг минь өгч явуулсангүй” гэж хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүний зүүн гуянд нэг удаа хутгалж, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Гантөрийн өгсөн: “...2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр би эхнэртэйгээ муудалцан маргалдахад, эхнэр маань аав ээжийнхээ гэр лүү явсан. Хэрэлдэж маргалдах болсон шалтгаан нь намайг 2 хоног хөдөө ажлаар яваад ирэхэд эхнэр гэртээ хоноогүй байсан болохоор уур хүрээд хэрүүл хийсэн. Тэгсэн манай эгчийн гэрт очиж хоносон байсныг би сүүлд нь мэдсэн юм. 2016 оны 8 дугаар сарын 27-ны орой 19 цагийн үед эхнэр хүүхдээ авах гэж хадмын гэрт очсон. Тэр үед хадам аав, ээж хоёр гэртээ байхгүй, манай эхнэр, хүүхэд хоёр байсан. Би “гэртээ харья” гэж хэлэхэд эхнэр “аав ээжээс зөвшөөрөл авбал хамт явъя” гэсэн. Тэгээд эхнэр утсаар аав ээжтэйгээ ярихад хадмууд удалгүй гэртээ ирсэн. Би хадмуудаас “дахиж хэрүүл маргаан гаргахгүй ээ, эхнэр, хүүхдээ аваад явъя” гэж 3 цаг гаруй гуйсан. Тэгээд 23 цаг өнгөрч байх үед хадам аавын үгийг даахгүй хэрэлдэж, маргалдаад, бид хоёр барьцалдаж авахад би хадам аавыг хутгалсан байсан. Удалгүй цагдаа ирж намайг авч явсан. Энэ бүгд миний буруу, хийсэн хэрэгтээ гэмшиж байна.  ...” гэх мэдүүлэг,                   

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Мөнхбатын өгсөн: “...2016 оны 8 дугаар сарын 24-ний орой охин Оюун-Эрдэнэ “Г.Гантөр намайг зодоод байна” гэж утсаар ярихаар нь би эхнэр Оюунтуулын хамт гэрт нь очоод охин, зээ хүүхдээ гэртээ авчирсан. Тухайн үед би Г.Гантөрд “миний хүү дахиж битгий хэрүүл хийгээрэй” гэж хэлээд охиноо өгч явуулсан. Тэгсэн Гантөр охиныг минь дахиж зодохоор нь би охиноо очиж авсан. 2016 оны 8 дугаар сарын 27-ны өдөр охин над руу “Г.Гантөр таниас уучлалт гуйж, намайг авч явна гэнэ” гэж утсаар залгахаар нь эхнэр бид хоёр гэртээ ирсэн. Би урьд нь Г.Гантөрөөр бичиг хийлгэж авч охиноо өгч явуулж байсан. Тэр орой би Г.Гантөрд “чи эр хүн шиг байж чадаагүй, наад архиа гаргачихаад эрүүл үедээ ир, тэр үед чинь эхнэр, хүүхдийн чинь талаар нухацтай ярилцъя, одоо яв” гэж хэлэхэд Г.Гантөр “явахгүй, эхнэр, хүүхдээ аваад явна” гээд гуйгаад байсан. Намайг орой 23 цагийн үед зурагт үзээд хэвтэж байхад “ална” гэж хэлээд хутга бариад над руу ухас хийсэн.  ... Би гомдол саналгүй, шүүгдэгчтэй эвлэрэх тухай хүсэлтийг өөрийн сайн дураар гаргасан. Учир нь би охин Т.Оюун-Эрдэнэ, зээ хүү, болон Г.Гантөрийн цаашдын амьдралыг бодож уг хүсэлтийг гаргасан. Г.Гантөр дахин ийм үйлдэл гаргахгүй байх гэж найдаж байна. Эхнэр, хүүхдийнхээ ирээдүйг бодож зорилготой амьдраасай гэж хүсч байна. ...” гэх мэдүүлэг,

Гэрч Б.Оюунтунгалагийн мөрдөн байцаалтад өгсөн “...Г.Гантөрийг 2014 оноос хойш манай охин Оюун-Эрдэнэтэй гэр бүл болсон цагаас таних болсон. Төрөл садан болон өш хонзонгийн явдал байхгүй. ...Дээрх хүмүүс 2014 онд танилцаад тусдаа амьдарч байгаад, одоо 10 сартай хүүтэй юм. Харин гэр бүлээ батлуулаагүй байгаа юм. ...2016 оны 08 дугаар сарын 27-ны өдөр нөхөр Мөнхбат бид 2 гадуур явж байтал охин Оюун-Эрдэнэ утсаар “Гантөр ирсэн аавтай уулзах ажил байгаа” гэж хэлсэн учир бид хоёр оройн 22 цагийн орчимд гэртээ ирэх үед Гантөр манай гэрт архи уусан халамцуу “эхнэр хүүхдээ авч явах гэж ирсэн” гэхээр нь манай нөхөр Мөнхбат “эр хүн чинь хэлсэн үгэндээ байдаг юм. Урьд өмнө нь чамайг дүүтэйгээ ирэх үед чинь чамд итгээд охиноо өгөөд явуулсан. Гэтэл 30, 40 минут ч болоогүй байхад зодоод явуулж байсан учир энэ удаа өгч явуулахгүй” гэж хэлээд хоол идээд Мөнхбат хувцсаа тайлаад баруун хойморт гудас дэвсэж нүцгэн хэвтэж байтал Г.Гантөр ямар нэг эвгүй үг хэлээд өврөөсөө ямар нэгэн зүйл гаргаж Мөнхбат руу дайрах үед Мөнхбат босож ирээд гарыг нь бариад зүүн хатавч хавьд ноцолдоод унах үед нь би очиж харах үед Гантөрийн гарт хутга байхаар нь хутгыг нь аваад сервантны доогуур хийгээд цагдаа дуудаад эргээд хартал Мөнхбатын зүүн гуя орчмоос цус гарч байхаар нь түргэн дуудсан юм. Ингээд цагдаа, түргэн 2 ирээд Мөнхбатыг эмнэлэг авч яваад Гантөрийг цагдаа аваад явсан юм...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 21-22 дугаар тал/,

Гэрч Т.Оюун-Эрдэний мөрдөн байцаалтад өгсөн “...2016 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Налайх дүүргийн 2 дугаар хороо Нарангийн 22 дугаар гудамж 09 тоот аавын гэрт би хүүхдийн хамт байхад манай нөхөр Г.Гантөр гаднаас архи уусан согтуу ирсэн. Тэгээд намайг хүүхдийн хамт гэр рүүгээ явч явна гэхээр нь “аав, ээж хоёроос зөвшөөрөл авч байж явна” гэж хэлээд ээж Оюунтунгалагтай утсаар яриад удалгүй хойд эцэг Э.Мөнхбат, ээж Оюунтунгалаг хоёр ирсэн. Нөхөр Г.Гантөр нь аав Мөнхбатаас “миний буруу би дахин хэрүүл маргаан үүсгэж байхгүй, одоо эхнэр хүүхдээ аваад явъя” гэж гуйхад Мөнхбат “чи согтуу ирээд байх юм, эрүүл саруул үедээ ярих хэрэгтэй” гэж хэлсэн. Ингээд хоол хийгээд аав хоолоо идээд гэрийн баруун талаар гудас дэвсэж хэвтээд зурагт үзээд байж байх үед нь Г.Гантөр дахин дөхөж суугаад ааваас “эхнэр хүүхдээ аваад явъя” гэхэд Мөнхбат, Г.Гантөрийг “наанаа байгаа хоолоо гудраад хурдан яв, бид нар унтаж амрах хэрэгтэй” гэхэд Г.Гантөр сандал дээр сууж байгаад босч ирээд аав Мөнхбат руу дайрсан чинь Мөнхбат босоод Г.Гантөрийн хоёр гарнаас нь барьж аваад зууралдсан. Мөнхбат нь Г.Гантөрийг газар унагаад дээш харуулж хэвтүүлж байгаад, хоолойг нь гараараа боож, татаж босгож ирээд заамдаж байх үед цагдаа нар ирсэн. Тэгээд Г.Гантөрийг хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 23-24 дүгээр тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №08 шэ/446 тоот:

“1. Мөнхбатын биед зүүн гуянд хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээний эдгэрэлтээс хамаарна.” гэх дүгнэлт,

/хх-ийн 33 дугаар тал/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 45 дугаар тал/

Оршин суугаа хаягийн тодорхойлолт,

/хх-ийн 46 дугаар тал/,

Г.Гантөрийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 47 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Г.Гантөрд Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.Гантөр нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь түүний ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар тогтоогдсон болно. /хх-45/

Шүүгдэгч Г.Гантөр нь нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 200,000 төгрөгийг төлж барагдуулсан, хохирогч Э.Мөнхбат нь шүүх хуралдаанд “хохирол, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрч байна” гэсэн хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн байх тул түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө, барьцааны мөнгө, Г.Гантөр нь бусдад төлөх төлбөр,  цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар иштэй хутга 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шонх овогт Ганболдын Гантөрийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар Г.Гантөрийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, Г.Гантөр нь цагдан хоригдсон хоног болон бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1, 88.1.1, 88.1.3 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар иштэй хутга 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Гантөрд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Д.ЧИНЗОРИГ