Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 596

 

                                                           

                                               

 

 

2019         6              18                                            2019/ДШМ/596

                                                  

Э.Бд холбогдох эрүүгийн

           хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ц.Оч, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Уранбайгаль,

иргэний хариуцагч Д.Уянга,

шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Ж.Болдбаатар,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.Золбоо,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 2019/ШЦТ/302 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Ж.Болдбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Э.Бд холбогдох эрүүгийн 1803009380030 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Улаанчулуут овгийн Эрдэнэбатын Б, 1998 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Хонхор 2 дугаар гудамжны  тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:УХ/;

Э.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 9-ний шөнө 05 цагийн үед Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, “Монгол Эйч Ди” телевизийн хойд замд Д.Уянгын эзэмшлийн Тоуоta prius маркийн 13-85 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг зөрчсөний улмаас явган зорчигч Г.Бийг мөргөж, амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Э.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Улаанчулуут овгийн Эрдэнэбатын Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Э.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, шүүгдэгч Э.Бд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Э.Бгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, уг эрх хасах нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс хугацааг тооцож, шүүгдэгч Э.Бгийн жолоочийн №1194744 дугаартай үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Б, иргэний хариуцагч Д.Уянга нараас 2.695.100 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Золбоо /РД: УП89030531/-д олгож, хэрэгт хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Э.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.Б гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие болсон үйл явдалд маш их гэмшиж байгаа бөгөөд талийгаачийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлж уучлалт гуйж байна. Миний бие эх, дүү хоёрын хамт амьдардаг бөгөөд эх Д.Уянга нь “тархины суурь алдагдах” өвчтэй бөгөөд ажлын ачаалал даах чадваргүй, эмчийн хяналтад гэртээ суудаг. Дүү Анужингоо оюутан, дүү Нямбаяр ерөнхий боловсролын сургуульд сурдаг. Иймээс миний бие ар гэрээ авч явдаг бөгөөд одоо амьдарч байгаа хашаа, байшингаа Төрийн банкинд 15.000.000 төгрөгийн барьцаанд тавьсан зээлтэй, мөн “Нет капитал” банк бус санхүүгийн байгууллагад 10.000.000 төгрөгийн лизингтэй, дүүгийн сургалтын төлбөр 2.500.000 төгрөг төлдөг ба өдөр дутмын ар гэрийн хоол хүнс, тог цахилгаан зэрэг төлбөр тооцоог би хийж, ар гэрээ авч явдаг. Иймд ар гэрийн байдал хүнд байгаа тул дээрх байдлыг харгалзан үзэж, хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү. ...” гэжээ.

 

Шүүгдэгч Э.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өөрийн болгоомжгүй байдлаас болж хүний амь насыг хохироосондоо харамсаж байна. Ялыг маань хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Э.Бгийн өмгөөлөгч Ж.Болдбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 2019/ШЦТ/302 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Эрдэнэбатын Бд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн бөгөөд ял шийтгэлийг хөнгөрүүлэхийг хүсэж өмгөөлөгчийн зүгээс давж заалдах гомдол гаргаж байна.

Миний үйлчлүүлэгч Э.Бгийн хувьд үйлдсэн гэмт хэргээ хүлээж, чин санаанаасаа гэмшиж байгаагаа илэрхийлж, хохирогчоос уучлалт гуйсан байдаг. Мөн гэмт хэргийн зүйлчлэлийн хувьд ямар нэгэн маргаангүй болно. Гэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт 1-5 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан.

Анхан шатны шүүхээс Э.Бгийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсоныг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон.

Тэгэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хохирогчийн хууль бус үйлдэл тухайн гэмт хэрэгт гарахад нөлөөлсөн нөхцөл байдал байгаа буюу Тээврийн цагдаагийн албаны 876 тоот шинжээчийн дүгнэлтийн 2 дахь заалтад “Явган зорчигч Б нь Замын хөдөлгөөний дүрмийн 5.6-д “явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр ойртон ирж яваа тээврийн хэрэгсэлгүй үед эгц хөндлөн гарна” гэснийг зөрчсөн байна” гэжээ. Өөрөөр хэлбэл, хохирогч согтуугаар явган зорчигчийн хувьд замын хөдөлгөөн оролцохдоо дээрх Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн нөхцөл байдлыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд нэмж тооцох нь зүйтэй гэж үзэж байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Золбоо оршуулгын зардалд 13.695.100 төгрөг нэхэмжилснээс Э.Бгийн зүгээс 11.000.000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл 2.695.100 төгрөгийг 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хүлээлгэн өгсөн болно.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлэх боломжтой гэжээ.

Тиймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг 5 жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулсан бол 5 жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэж болно” гэж заасан байх тул Э.Б нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулсан, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа болон залуу хүний цаашдын ирээдүйг бодолцож хуульд заасан боломж нөхцөлийг харгалзан үзэж заавал хорих ялыг биечлэн эдлүүлэлгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэж өгнө үү. ...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Золбоо тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх зүйл байхгүй, гомдол саналгүй. ...” гэв.

 

Иргэний хариуцагч Д.Уянга тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ийм зүйл болсонд маш их харамсаж байна. Хүүд маань оногдуулсан ялыг тэнсэж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Н.Уранбайгаль тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.Золбоо нь гомдол саналгүй гэж байна. Гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг төлсөн байна. Шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг тэнсэж шийдвэрлэхэд татгалзах зүйл байхгүй. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлд заасныг баримталж тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ял оногдуулсан байсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт шууд эрх хасах ялыг заасан байдаг. ...” гэв.

 

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагаа, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, нэмж шалгах зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад Э.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 9-ний шөнө 05 цагийн үед Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, “Монгол Эйч Ди” телевизийн хойд замд Д.Уянгын эзэмшлийн Тоуоta prius маркийн 13-85 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг зөрчсөний улмаас явган зорчигч Г.Бийг мөргөж, амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Золбоогийн “...2018 оны 11 дүгээр сарын 9-ний шөнө гэртээ амарч байхад танихгүй дугаараас хүн залгаж “танай дүү чинь осолд орчихлоо” гэж хэлсний дагуу осол болсон газар иртэл манай дүү машинд мөргүүлээд нас барчихсан байсан. ...Газар дээрх ганц дүүгээ зам тээврийн ослоор харамсалтайгаар алдсанд миний зүгээс маш их гомдолтой байгаа. ...” /хх 25-26/,

 

иргэний хариуцагч Д.Уянгын “...Энэ автомашин нь миний өөрийн эзэмшлийн автомашин байгаа юм. ...сүүлийн үед манай хүүхэд барьж таксинд явдаг байсан юм. ...хүүхэд бид 2 талийгаачийн оршуулгад гарсан зардлыг ойрын хугацаанд төлж барагдуулна...” /хх 58/,

 

гэрч А.Жавхлангийн “...2018 оны 11 дүгээр сарын 9-ний шөнө үүрийн 04 цаг 30 минутын үед би талийгаач Г.Бийн хамт 3 дугаар хороололд хоол идчихээд Баянбүрд тойргийн зүүн талд таксинаас буусан. Тэгээд талийгаач бид 2 замынхаа урд талаар ертөнцийн зүгээр баруунаасаа зүүн тийш чигтэй алхаж байгаад “Монгол Эйч Ди” телевизийн харалдаа замынхаа урд талаас хойд тал руу зам хөндлөн гарч байсан, зам хөндлөн гарч байхдаа би түрүүлээд, талийгаач миний араас явж байсан. Тэгээд би замаа бараг хөндлөн гарч дуусах гэж байтал гэнэт миний ард зам дээр машины тоормосны чахрах дуу гарснаа түс гэсэн хүчтэй дуу чимээ гараад миний толгой дээгүүр саравчтай малгай хийсэж давж орж ирснээ миний өмнө унахаар нь би гайхаад эргээд хартал миний ард явж байсан миний найз Г.Б зам дээр доошоо харсан байдалтай хэвтэж байхаар би найз руугаа дөхөж очоод “Зоригоо” гэж дуудтал манай найз юу ч дуугарахгүй доошоо хараад хэвтээд байхаар би өөрийнхөө утсаар түргэн тусламж дуудсан. Дараа нь түргэн тусламж ирээд манай найзыг үзчихээд “энэ хүн нас барсан байна” гэж хэлсэн. Удалгүй замын цагдаагийн хүмүүс ирж хэмжилт хийсэн. Хөдөлгөөн сийрэг, үзэгдэх орчин чөлөөтэй харагдаж байсан, замын гэрэлтүүлэг асаж байсан. ...” /хх 61-62/ гэх мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр “суурь ясны хугарал, их тархины баруун, зүүн тал бөмбөлгийн дагз хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, их тархины баруун, зүүн тал бөмбөлгийн зулай, дагз, чамархай, суурь, бага тархины аалзан хальсан доорх цус харвалт, их тархины баруун, зүүн тал бөмбөлгийн суурь, уртавтар тархины няцрал, дух, баруун хацар, дээд уруул, эрүү, баруун, зүүн өвдөг, баруун зүүн шилбэнд зулгаралт, баруун зүүн хөмсөг, дух, хамрын нуруу, баруун өвдөг, баруун шилбэнд шарх” бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд мохоо зүйлийн нэг болон олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн амь нас аврах боломжгүй хүнд гэмтэл юм. Гэмтэл үүссэн дарааллыг нарийвчлан тогтоох боломжгүй. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь дээрх гавал тархины битүү гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны хурц дутагдалд орж нас барсан, талийгаачийн цусанд 2,1 промилли спиртийн зүйл илэрсэн байна. Энэ нь согтолтын дунд зэргийн үзүүлэлт...” болохыг тогтоосон 2513 дугаартай дүгнэлт /хх 71-73/,

 

Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн “...Тоёота Приус маркийн 13-85 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. ...” 876 дугаартай дүгнэлт /хх 95-96/,

 

Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх 4-5/, Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэргийн газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 7-14/ зэргээр нотлогдон тогтоогджээ.

 

Хэрэгт, нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээр нь хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Анхан шатны шүүх, шүүгдэгч Э.Б нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн хэмээн дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн зөв хууль зүйн дүгнэлтийг хийжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь түүний гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Түүнчлэн шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.” гэсэн хуулийн заалттай нийцсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Э.Бгийн “...хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэсэн, түүний өмгөөлөгч Ж.Болдбаатарын “...хорих ялыг биечлэн эдлүүлэлгүйгээр тэнсэж үүрэг хүлээлгэж өгнө үү...” гэсэн тус тус утга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь, Эрүүгийн хуулийн зүйл, хэсгүүдэд заасан хэм хэмжээний дийлэнх нь тухайн заалтыг зайлшгүй, хэлбэрэлтгүй биелүүлэх үүргийг шүүхэд хүлээлгэсэн байдаг. Харин шүүх Эрүүгийн хуулийн зарим нэг зүйл, хэсэг дэх хэм хэмжээг эрх хэмжээнийхээ хүрээнд буюу өөрийн үзэмжээр, дотоод итгэлдээ тулгуурлан хэрэглэж болдог онцлогтой. Ийм зүйл, хэсгүүдийн нэг бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүд юм.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно...” гэж, мөн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж тус тус заажээ.

Энэхүү заалтууд нь шүүхэд эрх олгосон заалт бөгөөд заавал хэрэгжүүлэхээр үүрэг болгосон заалт биш байна.

 

Нөгөөтээгүүр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж хариуцлагын зорилгыг тодорхойлон хуульчилжээ.

 

Шүүгдэгч Э.Б нь хохирогч нас барснаас учирсан гэм хор болох оршуулгын зардлыг давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө төлж барагдуулсан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа хэдий ч түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хүний амь нас хохирсон зэргээс дүгнэвэл шүүхээс шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж, хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Э.Бгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт хүний амь нас хохирсон бол үндсэн ял дээр нэмж тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасч, эрх хасах ялыг оногдуулахаар хууль тогтоогч хуульчилсан байхад анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсгийг баримтлан шүүгдэгч Э.Бгийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.

 

Шүүгдэгч Э.Бгийн эх буюу иргэний хариуцагч Д.Уянга нь шийтгэх тогтоолд заасан 2.700.000 төгрөгийг төлж барагдуулсан болохыг дурдах нь зүйтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Э.Б болон түүний өмгөөлөгч Ж.Болдбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: