Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2024/0057

 

 

 

 

 

 

 

 

А.З-ын нэхэмжлэлтэй

  захиргааны хэргийн тухай 

          Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн  

          Шүүх бүрэлдэхүүн:

          Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

          Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Б.Тунгалагсайхан

          Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа

          Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.С

          Хэргийн оролцогчид:

          Нэхэмжлэгч А.З

          Хариуцагч Т аймгийн Б сумын Засаг дарга

          Хариуцагч Газрын даамал М.А

            Гуравдагч этгээд Л.Д, Э.С, Б.С

          Нэхэмжлэлийн шаардлага: А.З-ын Т аймгийн Б сумын нутаг дэвсгэрт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг “Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд” бүртгэхгүй байгаа буюу Захиргааны акт гаргахаас татгалзсан Т аймгийн Б сумын Засаг даргын 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 01/*** тоот шийдвэр нь хууль бус болохыг тогтоолгож, газрын кадастрын бүртгэлийг сэргээн “Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд” оруулж бүртгэхийг Т аймгийн Б сумын Засаг даргад даалгах тухай

          Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны  10 дугаар сарын 12-ны өдрийн 123/ШШ2023/0034 дүгээр шийдвэр

          Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т

          Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.С

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М

          Хариуцагч М.А

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж

          Хэргийн индекс:123/2022/0063/3

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэгч А.З нь Т аймгийн Б сумын Засаг дарга, газрын даамал М.А нарт холбогдуулан “А.З-ын Т аймгийн Б сумын нутаг дэвсгэрт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг “Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд” бүртгэхгүй байгаа буюу Захиргааны акт гаргахаас татгалзсан Т аймгийн Б сумын Засаг даргын 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 01/*** тоот шийдвэр нь хууль бус болохыг тогтоолгож, газрын кадастрын бүртгэлийг сэргээн “Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд” оруулж бүртгэхийг Т аймгийн Б сумын Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.  

          2. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны  10 дугаар сарын 12-ны өдрийн 123/ШШ2023/0034 дүгээр шийдвэрээр: “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх хэсэг, 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэг, 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А.З-ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.С давж заалдах гомдолдоо:

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 123/ШШ2023/0034 дүгээр шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.С миний бие бүхэлд нь эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 14 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу дараах гомдлыг гаргаж байна.

3.1 86043380511** нэгж талбарын дугаар бүхий газрын өмчлөх эрх олгосон 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн А/1** дугаар захирамжийг хуурамч гэх үндэслэлийн тухайд:

Анхан шатны шүүхээс 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн А/1** дугаар захирамжийн хавсралтыг “Баянчандмань сумын архивт байх А/1** дугаар захирамжийн хавсралтын 4 дүгээр хэсэгт Б.А-д газар өмчлүүлсэн, мөн хавсралтад зөвхөн тамга тэмдэг дарагдсан байна, харин Төв аймаг дахь улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн А/1** дугаар захирамжийн хавсралтын 4 дүгээр хэсэгт Л.Д-д газар өмчлүүлсэн, хавсралтад гарын үсэг тамдаг тэмдэг дарагдсан байна” хэмээн улсын бүртгэлээс ирүүлсэн захирамжийг хуурамч гэж үзэх үндэслэлтэй хэмээн дүгнэсэн.

3.2 Дээрх дүгнэлт нь дараах үйл баримтаар тогтоогдсон хэмээн үзсэн байна. Үүнд: Уг захирамжийг гарах үед Засаг даргаар ажиллаж байсан Ц.Э-ыг гэрчээр асуусан мэдүүлэгт “...би захирамжийн эхний хуудсанд тамга дарж гарын үсэг зурдаг, хавсралтад тамга дардаг, гарын үсэг зурдаггүй” гэх тайлбараар тогтоогдсон гэх тухайд:

Гэтэл 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн А/1** дугаар захирамжийг “Б.Б” гэх тухайн үед Б сумын Засаг даргаар ажиллаж байсан хүн гарын үсэг зурж баталгаажуулсан байтал тус захирамжийг гарах цаг хугацаанд сумын Засаг даргаар ажиллаж байгаагүй, тус захирамжтай огт хамааралгүй этгээдийн гэрчийн мэдүүлгийг үндэслэл болгон шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт заасан “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж, мөн тус хуулийн 34.3 дахь хэсэгт “Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” хэмээн заасан байдаг. Мөн Улсын дээд шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн зөвлөмжийн 1.3-т “...нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэдгийг тайлбарласан буюу “...Дотоод итгэл гэдэг нь шүүгчийн дур зоргын илрэл биш харин цугларсан нотлох баримтыг тал бүрээс, бүрэн дүүрэн, бодитоор, шууд судалсны дүнд бий болдог шүүхийн дүгнэлт билээ. Аливаа итгэл үнэмшил бүрдэхэд эргэлзээ үгүй болсон байх учиртай. Иймд нотлох баримтыг үнэлэхэд шүүгч юуны өмнө эргэлзэх ёстой. Тухайн нотлох баримтын үнэн зөв байдалд эргэлзэх ямар учир шалтгаан, үндэслэл байгааг тогтоож, энэхүү эргэлзээ бүрэн арилсан тохиолдолд итгэл үнэмшил бий болох учиртай” гэж тайлбарласан байна.

Гэвч тус хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дээрх дүгнэлтээс харахад “газар өмчлөх эрх олгосон захирамжийг урьдаас хуурамч гэх хөдөлбөргүй итгэл үнэмшилтэйгээр” маргааны шийдвэрлэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь үнэн зөв, бодитойгоор үнэлэлгүйгээр, баримтаар тогтоогдоогүй нөхцөл байдлыг үндэслэл болгон А/1** дугаар захирамжийг хуурамч хэмээн үзсэн байна.

3.3 Мөн тухайн үед газрын даамлаар ажиллаж байсан “Д.Г-г гэрчээр асуусан мэдүүлэгт энэ захирамжийн хавсралт яагаад өөр байгааг тодруулахад “Ганц нэг захирамжийг өөрчилж гаргаж байсан” гэх тайлбараар тогтоогдсон тухайд:

Хавтаст хэрэгт авагдсан тус гэрчийн мэдүүлгээс үзвэл Д.Г нь 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн А/1** дугаар захирамжийг хуурамчаар үйлдсэн, хавсралтыг нь сольсон гэх мэдүүлэг огт өгөөгүй байдаг. Гэтэл анхан шатны шүүхээс тухайн захирамжийг хуурамчаар үйлдсэн байна хэмээн үзэж буй нь хэт нэг талыг барьсан дүгнэлт юм.

Түүнчлэн Б сумын архивт байх А/1** дугаар захирамжийн хавсралтад заасан иргэд, Т аймаг дахь улсын бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн А/1** дугаар захирамжийн хавсралтад байх иргэд бүгд газар өмчлөх эрхийн гэрчилгээтэй, тухайн газрууд нь бусдын өмчлөл, эзэмшил, ашиглалтын газартай давхцалгүй байдаг. Өөрөөр хэлбэл, нэг захирамжийн дагуу хавсралтад дурдсан иргэдэд газар өмчлөх эрх олгогдсон байтал А/1** дугаар захирамжийг хуурамч гэж үзсэнээр тухайн захирамжаар өмчлөх эрх нь үүссэн бүх иргэдийн газар өмчлөх эрх хүчингүй болох юм.

3.4 Т аймгийн Прокурорын газрын 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 1** дугаартай Прокурорын тогтоолд “...Д.Г нь тус сумын Засаг даргын “газар өмчлүүлэх” захирамжийг хуурамчаар үйлдэж бусдад газар олгосон болох нь тогтоогдож байгаа боловч хэрэг үйлдсэнээс хойш 2 жилийн хугацаа өнгөрсөн байна” гэх баримтыг үндэслэл болгосон байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрт тусгагдсан тус хэсгээс үзвэл тухайн үед ажиллаж байсан газрын даамал нь 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн А/1** дугаар захирамжийг хуурамчаар үйлдсэн нь тогтоогдсон хэмээн үзэхээр байна. Гэтэл Т аймгийн Прокурорын газрын 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 122 дугаартай тогтоолд “Газрын даамал нь 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн тус сумын Засаг даргын “Газар өмчлүүлэх тухай захирамж”-ийг хуурамчаар үйлдэж бусдад газар олгосон болох нь тогтоогдож байгаа боловч уг хэрэг үйлдсэнээс хойш 2 жилийн хугацаа өнгөрсөн байна” гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл прокурорын тус тогтоолоор 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн А/*** дугаар захирамжийг хуурамчаар үйлдсэн болох нь тогтоогдсон байна. Харин нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой захирамж болох 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн А/1** дугаар захирамжийг хуурамч болохыг тогтоосон баримт хэрэгт авагдаагүй юм.

2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн А/1** дугаар захирамжийг хуурамч гэдгийг тогтоосон баримт хавтаст хэрэгт авагдаагүй байтал дээрх байдлаар шууд нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэрчийн мэдүүлгийг үндэслэл болгон нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулалгүйгээр шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” хэмээн хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

3.5 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн “Газар өмчлүүлэх тухай” 25 дугаартай захирамжийн Б.С, Э.С нарт холбогдох хэсэг хуульд заасан журмын дагуу эрх бүхий этгээдээс олгогдоогүй гэх дүгнэлтийн талаар:

Т аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанд гуравдагч этгээд Э.С нь өөрийн биеэр оролцсон бөгөөд тус шүүх хуралдааны явцад болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бичгээр гаргаж өгсөн тайлбартаа “Өөрийн өмчлөх эрх үүссэн гэрчилгээ гараагүй байгаа газрыг захиран зарцуулах эрхийг 2016 онд итгэмжлэлийн дагуу Б.М-д” шилжүүлсэн талаар тайлбарладаг. Мөн шүүх хуралдааны явцад анхан шатны шүүхийн шүүгчийн зүгээс Б.С таны нэр дээр газар өмчлөх эрх 2012 онд үүссэн байсан уу, 2016 онд үүссэн үү хэмээн тодруулж асуухад гуравдагч этгээдийн зүгээс 2012 онд газар өмчлөх эрх үүссэн гэх тайлбарыг өгдөг. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэгдсэн байна” хэмээн заасны дагуу гуравдагч этгээдийн тухайн тайлбар нь хэрэгт авагдсан баримтаар мөн тогтоогддог.

Гэтэл анхан шатны шүүхээс “2012 онд газар өмчлөх эрх олгосон захирамжаас даруй 5 жилийн дараа бичиг баримтын бүрдэл бий болгосон. Улмаар Б сумын газрын даамлаар 2016 оноос 2018 оны хооронд ажиллаж байхдаа хуурамчаар газар өмчлүүлэх захирамжийг гаргаж байсан гэх Д.Г-ийн мэдүүлэг зэрэгтэй холбогдуулан үзвэл 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн ** дугаартай захирамжийн Б.С, Э.С нарт холбогдох хэсэг үндэслэлгүй байна” хэмээн үзсэн.

Дээрх дүгнэлт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна” гэх хуульд заасан шаардлагад нийцээгүй байна. Учир нь хариуцагч нарын зүгээс 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 25 дугаар захирамжаар өмчлөх эрх үүссэн дээрх хоёр газартай огт маргадаггүй бөгөөд ямар нэгэн зөрчилтэй гэж үзээгүй байтал шүүгчийн зүгээс цаг хугацаа болон үйл баримтын хувьд газар өмчлөх эрхийг нөхөн бүрдүүлсэн гэх огт нотлох баримтаар тогтоогдоогүй зүйлийн талаар дүгнэлт хийж, шийдвэр гаргасан.

3.6 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн А/1** дугаар захирамж эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт болохыг хувьд:

Нэхэмжлэгчийн зүгээс үл хөдлөх эд хөрөнгийн Г-14260033** дугаартай, 41160361** нэгж талбарын дугаар бүхий газрыг 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр “Газар худалдах, худалдан авах гэрээний дагуу”, үл хөдлөх эд хөрөнгийн Г-14260037** дугаартай, 186043380511** нэгж талбарын дугаар бүхий газрыг 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр “Газар худалдах, худалдан авах гэрээний дагуу”, үл хөдлөх эд хөрөнгийн Г-14260034** дугаартай, 41160361** нэгж талбарын дугаар бүхий газрыг 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр “Газар худалдах, худалдан авах гэрээний дагуу” тус тус өмчилж авсан байдаг.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн зүгээс тухайн газруудыг Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 5.1.4 дэх хэсэгт заасны дагуу нэг удаа үнэгүй өмчлөх эрхийн дагуу олж аваагүй, худалдах худалдан авах гэрээний дагуу өмчлөх эрх олж авсан. Мөн тус хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг даргын гаргасан шийдвэр болон газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон нэгж талбарын дугаарыг үндэслэн иргэнд өмчлүүлсэн газрыг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хууль тогтоомжид заасны дагуу улсын бүртгэлд бүртгэж тухайн иргэн уг газрын хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ /цаашид “Улсын бүртгэлийн гэрчилгээ” гэх/-г эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн байгууллагаас олгоно” гэж заасны дагуу тухайн газруудыг анх худалдан авах үед газар тус бүрт Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон байсан.

Тиймээс тухайн үед тус газрууд нь ямар нэгэн эрхийн зөрчилгүй байсан. Монгол улсын Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т “эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь тус газруудын шударга өмчлөгч юм.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн А/1** дугаар захирамжийн хавсралт нь хоёр өөр байгаа болох нь тогтоогддог. Мөн тус хоёр өөр хавсралтад нэр заагдсан бүх иргэд өнөөдрийн байдлаар газар өмчлөх эрх нь үүсэж, газар өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон байна. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.4 дэх хэсэгт “Эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд эрх олгосон, эсхүл ашигтай нөхцөл байдлыг бий болгосон захиргааны актыг ойлгоно” хэмээн заасан байна. Тиймээс дээрх захиргааны акт нь нэхэмжлэгчийн хувьд эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт байхаар байна.

Захиргааны Ерөнхий хуулийн 48 дугаар зүйлд эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг хүчингүй болгох зохицуулалт тусгагдсан бөгөөд хүчингүй болгох үндэслэлд тус 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн А/1** дугаар захирамж хамаарахгүй тул тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим үйлчлэх учиртай. Өөрөөр хэлбэл, Нэхэмжлэгч газар өмчлөх эрхийг шударгаар олж авсан, холбогдох бичиг баримтыг тухайн цаг үед нь газрын даамалд бүрдүүлж өгч өмчлөх эрхийг шилжүүлэн авсан байхад тухайн цаг үед нь анхны өмчлөгчийн захирамж хуурамч, хүчингүй гэж мэдэгдээгүй, дурдаагүй атлаа Газрын мэдээллийн нэгдсэн сан шинэчлэгдэхэд уг захирамжийг хүчингүй гэж үзэж, нэхэмжлэгчийн худалдаж, өмчилж авсан газрын эрхийг Газрын мэдээллийн нэгдсэн сангаас хасаж байгаа нь захиргааны байгууллагад итгэх иргэний итгэлийг алдахаас гадна Захиргааны байгууллага нь нэхэмжлэгчийн хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгоогүй гэж үзэх үндэслэлтэй” гэв.  

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүх А.З-ын нэхэмжлэлтэй, Т аймгийн Б сумын Засаг дарга, газрын даамал М.А нарт холбогдуулан “А.З-ын Т аймгийн Б сумын нутаг дэвсгэрт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг “Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд” бүртгэхгүй байгаа буюу Захиргааны акт гаргахаас татгалзсан Т аймгийн Б сумын Засаг даргын 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 01/*** тоот шийдвэр нь хууль бус болохыг тогтоолгож, газрын кадастрын бүртгэлийг сэргээн “Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд” оруулж бүртгэхийг Т аймгийн Б сумын Засаг даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

2. Т аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн нотлох баримт, лавлагаа зэргээс үзвэл Т аймгийн Б сумын Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн ** дугаар захирамжаар Э.С, Б.С нарт 60-ын даваа байршилд тус бүр 5000 м.кв газар өмчлүүлэхээр шийдвэрлэж, 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Б.С-д Г-14260033** дугаарт, Э.С Г-14260034** дугаарт бүртгэж, эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгожээ.    

2.1.  Улмаар Т аймгийн Б сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/3** дүгээр “Өмчлүүлсэн газрын нэгж талбар өөрчлөх тухай” захирамжаар Э.С-д өмчлүүлсэн газар нь 2013 оны ИТХ-аас тогтоосон аялал жуулчлалын бүс нутаг бүхий газарт орсон тул нэгж талбарыг өөрчлөн Б сумын Эрдэнэ 3 дугаар баг, 60-ын даваа 18 дугаар гудамж, 1*** тоот хаягт байрлах 5000 м.кв газрыг өмчлүүлэхээр,

2.2. Т аймгийн Б сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/3** дугаар “Өмчлүүлсэн газрын нэгж талбар өөрчлөх тухай” захирамжаар Б.С-д өмчлүүлсэн газар нь 2013 оны ИТХ-аас тогтоосон аялал жуулчлалын бүс нутаг бүхий газарт орсон тул нэгж талбарыг өөрчлөн Б сумын Эрдэнэ 3 дугаар баг, 60-ын даваа 18 дугаар гудамж, 1*** тоот хаягт байрлах 5000 м.кв газрыг өмчлүүлэхээр тус тус шийдвэрлэснээр, мэдүүлэг гарган 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Т аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс улсын бүртгэлийн гэрчилгээнүүдийг дахин олгосон байна.      

2.3. Мөн сумын Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн А/1** дугаар захирамжаар Л.Д-д гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар Эрдэнэ 3-р баг Поошигт байршилтай 5000 м.кв газрыг өмчлүүлэхээр шийдвэрлэж, 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Г-14260037** дугаарт бүртгэж, эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгожээ.     

3. Нэхэмжлэгч А.З нь дээрх гурван иргэний өмчлөх эрх үүссэн газрыг тус тус худалдан авч, 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Л.Д-тай, 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Б.С-тай, 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Э.С-тэй тус бүр “Газар худалдах, худалдан авах гэрээ” байгуулан, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг шилжүүлэн авсан байна.

3.1. Б сумын Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн тус сумын  Засаг даргын 2016 оны А/1** дугаар захирамжийн хавсралт 4-т Б-ын А, Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн энэхүү захирамжийн 4-т Л-ийн Д гэх зөрүүтэй баримтууд хэрэгт авагдсан.  

3.2. Анхан шатны шүүх “...А/1** дугаар захирамж болон захирамжийн хавсралтад Л.Д гэх нэр байхгүй бөгөөд энэхүү захирамж нь сумын Засаг даргаас гарсан эх хувь болох нь газрын даамлаар ажиллаж байсан Д.Г-ийн мэдүүлэг, Т аймгийн Прокурорын газраас ирүүлсэн баримт зэргээр тогтоогдож байна. ... хариуцагч захиргааны байгууллагаас гаргаж өгсөн акт, тухайн сумын архивт хадгалагдаж байгаа актад гуравдагч этгээд Л.Д гэх хүний нэр байхгүй учраас бүртгэлийг хийх боломжгүй гэх хариу өгснийг буруутгах боломжгүй..., Б.С, Э.С нарын хувьд 2012 онд газар өмчилж аваагүй гэх тайлбар, шүүхийн үзлэгээр 2012 оны захирамж нь Газар эзэмшүүлэх захирамж байсан тул” гэх дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

4. Т аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 07/** дугаар албан бичгээр “... 41160361**, 41160361**, 186043380511** нэгж талбартай газар нь өөр иргэн, аж ахуйн нэгжийн эзэмшил, өмчлөл болон улс, орон нутгийн тусгай хэрэгцээ, хамгаалалтын газартай давхцалгүй, ... 2018 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс Э.С-ээс А.З-д, ... Б.С-аас А.З-д шилжсэн бүртгэл хийгдсэн, хуучин мэдээллийн сангийн 186043380511** нэгж талбартай газар нь Газрын кадастрын шинэ мэдээллийн системд бүртгэлгүй байна” гэх лавлагаа, холбогдох нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн байна.

4.1 Энэхүү баримтаас үзвэл Э.С, Б.С нараас худалдан авсан А.З-ын өмчлөлийн газар нь газрын кадастрын мэдээллийн санд бүртгэлтэй байх бөгөөд “газрын кадастрын бүртгэлийг сэргээн “Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд” оруулж бүртгэхийг Т аймгийн Б сумын Засаг даргад даалгах” шаардлагын тухайд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлээгүй, нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчжээ.

4.2 Өөрөөр хэлбэл хариуцагч газрыг кадастрын мэдээллийн санд 3 нэгж талбар бүрээр бүртгэхгүй байгаа эс үйлдэхүй гаргасан эсэх, нэхэмжлэгч А.З-ын өмчлөлийн аль газрыг бүртгэхийг даалгах шаардлага гаргаж байгааг шүүх тодруулаагүй, дүгнэлт өгөөгүй байх тул давж заалдах шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

5. Мөн Л.Д, Э.С, Б.С нар тус тус гэр бүлийн хэрэгцээний газрыг улсын бүртгэлд бүртгүүлэх, гэрчилгээг хүлээн авах, бусдад худалдах ... зэрэг эрхийг олгосон итгэмжлэлийг Б.М-д өгсөн байхад “...2012 онд газар өмчилж аваагүй” гэх Э.С, Б.С нарын тайлбар нь хэрхэн бусад баримттай холбогдож байгааг анхаараагүй, үнэлээгүй байна.     

6. Түүнчлэн Т аймгийн Б сумын Засаг даргын 2016 оны А/1** дугаар захирамжид Л.Д-ийн нэр байхгүй, 2012 оны 25 дугаар захирамж архивт хадгалагдаагүй гэх үйл баримт нь бусдын газартай ямар нэг байдлаар давхцалгүй, газрын өмчлөгч А.З-ын газрыг кадастрын мэдээллийн санд бүртгэхгүй байх нь хууль ёсны үндэслэлд хамаарах эсэх, ийнхүү хариуцагч байгууллагын газрын даамлаар ажиллаж байсан этгээд буюу төрийн байгууллагын буруутай гэх үйл ажиллагаа нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхэд хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим үйлчлэх эсэхэд дүгнэлт өгөх шаардлагатай байна.  

7. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж тус тус заасан.

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримттай холбогдуулан нотлох баримт дээр тулгуурлан хууль зүйн үндэслэлд тайлбар дүгнэлт өгөх, хэргийг нэг мөр хянан шийдвэрлэх шаардлагатай байх тул шийдвэрийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.5-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Т аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны  10 дугаар сарын 12-ны өдрийн 123/ШШ2023/0034 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч А.З-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Д.БААТАРХҮҮ

                                    ШҮҮГЧ                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН

              ШҮҮГЧ                                            Ц.САЙХАНТУЯА