Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 1448

 

МАГАДЛАЛ

 

2017.06.23                                              Дугаар 1448                                       Улаанбаатар хот

 

 

 

 

 

Ч.Магнайгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Д.Цогтсайхан, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 102/ШШ2017/01223 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ч.Магнайн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Барилгын политехник коллеж” ХХК-д холбогдох,

Эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, урамшуулал, нэмэгдлүүдийг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн өмгөөлөгч: Г.Цагаан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: Ч.Магнай нь Барилгын политехникийн коллежид 2012 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр засал чимэглэлийн багшаар ажилд орсон. Гэтэл 2017 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн Б-12 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн. Энэ тушаалд Хөдөлмөрийн тухай хууийн 5 дугаар зүйлийн 5.1, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Хөдөлмөрийн дотоод журам, ёс зүйн дүрмийн 3.4.2, 5,2, Ёс зүйн хорооны дүгнэлт, нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.1, 5.3, 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн захирлын зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн ёс зүйн зөрчлийг давтан гаргасан гэж ажлаас чөлөөлсөн. Ёс зүйн дүрмийн 3.2-т багш сургалтын үүргээ ухамсарлан хамтран ажиллагчдынхаа талаар мэргэжлийн дүгнэлт өгөхдөө бодитой хандаагүй гэж үзсэн байх боловч энэхүү зөрчил тогтоогдоогүй байгаа нь ажлаас халсан үндэслэлтэй тохирохгүй байна. Хариуцагч байгууллага хариу тайлбартаа бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэх боловч прокуороын эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол нь хэдэн яллагдагчтай байсан эсэх нь ойгомжгүй байна. Шинэ жилийн арга хэмжээ бол ажлын байр биш бөгөөд нэхэмжлэгчийн ажил үүрэгтэй холбоогүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт хуулийн зорилт нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хөдөлмөрийн харилцаанд оролцогч ажилтан, ажил олгогчийн нийтлэг эрх үүрэг, хамтын гэрээ хэлэлцээр, хөдөлмөрийн ганцаарчилсан болон хамтын маргаан, удирдлага, хяналт болон хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг тодорхойлж, талуудын эрх тэгш байдлыг хангахад оршино гэж зааснаар хуулийн үйлчлэх хүрээ хөдөлмөрийн гэрээгээр хязгаарлагддаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан 4 нөхцөлтэй тохирохгүй, ажлын чиг үүрэгтэй холбоогүй байх тул ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлага гаргаж байна. Цагдаагийн байгууллага болон прокурорын байгууллагын тогтоол Ч.Магнайг ажлаас халагдсаны дараа гарсан байна. Иймд зөрчил тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Сахилгын шийтгэл ногдуулсан тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа байхгүй байна. 2016 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн ёс зүйн хорооны хурлаар Ч.Магнай, н.Сүнжидмаа, н.Одонтуяа нар муудалцан бие биенээ элдэв үгээр хэлж, бие биедээ гар хүрсэн тухай ёс зүйн хорооны дарга н.Отгонбаатар өргөдөл ирээд 27 хонож байна гэсэн байна. Энэ зөрчил 2016 оны 11 дүгээр сарын 4-ны өдөр гарсан гарсан зөрчил гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2-т зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах ёстой гэж заасан байдаг ба өргөдөл ирснээс хойш зөрчил илэрсэн гэж үзнэ. Ёс зүйн хорооны тэмдэглэлийг хуралдаанд оролцогч нартаа танилцууж, гарын үсэг зуруулаагүй, шийдвэр гаргаагүй байгаа нь ёс зүйн дүрмээ зөрчиж байна. 2016 оны 12 дугаар сарын 8, 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн ёс зүйн хурал дээр алинд нь ч шийдвэр гараагүй байна. Ёс зүйн зөрчил бол хуульд заасан үндэслэлээр тодорхой байх ёстой бөгөөд энэ зөрчил нь үндэслэлээрээ тохирохгүй байгаа тул давтан зөрчил гэж үзэхгүй гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар давтан зөрчил гаргасан гэдэг нь өмнө нь багш нартай таарамжгүй харилцаа үүсгэсэн тул сургуулийн ёс зүйн хороогоор орж 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр цалингийн 20 хувийг, 3 сараар хасах сахилгын арга хэмжээ авсан. Үүнээс хойш 5 хоногийн дараа 2016 оны 12 дугаар сарын  27-ны өдөр шинэ жилийн арга хэмжээний үеэр шагнуулсан багшийн 1 000 000 төгрөгийг хулгайлсан байдаг. Тухайн үед Цагдаагийн байгууллагаар шалгуулахад Ч.Магнай хулгай хийсэн хэргээ хүлээж, хамт олноосоо уучлал гуйж захирлын зөвлөлийн хурлаар орсон байдаг. Энэ хэргийг прокурорын байгууллага дээр талууд эвлэрснээр хялбаршуулсан журмаар шийдвэрлэж хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Хөдөлмөрийн гэрээний 5.3.4-т зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчил гаргасан, мөн давтан зөрчил  гаргасан нь баримтаар тогтоогдсон тул ажлаас халах сахилгын арга хэмжээ авсан гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1 дэх хэсэгт зааснаар Ч.Магнайг Барилгын политехник коллежийн засал чимэглэлийн багшийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Барилгын политехник коллежоос 5 016 396 төгрөгийг гаргуулан Ч.Магнайд олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт зааснаар Ч.Магнайгийн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих байгууллагад шилжүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийж өгөхийг Барилгын политехник коллежид даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар Барилгын политехник коллежоос 95 212 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 буюу Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.3.4 "...хулгайлсаны улмаас хохирол учруулсан энэ Үйлдэл баримтаар нотлогдсон бол..." гэсэн ноцтой зөрчил гаргасан гэж үзжээ. Үүнийг Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 124 дүгээр тогтоолд "Яллагдагч Ч.Магнай нь 2016 оны 12 дугаар сарын 28-ны шөнө Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутагт байрлах Сүнжин гранд зочид буудалд шинэ жилээ тэмдэглэж байсан иргэн Л.Бат-Оюуны 1 000 000 төгрөгний үнэ бүхий эд зүйлтэй цүнхийг хулгайлж хохирогч Л.Бат-Оюунд бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь хохирогч М.Эрдэнэ цогтын мэдүүлэг, эд хөрөнгийн үнэлгээ, яллагдагч Б.Өлзийбуянгийн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэг авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна" гэж мөрдөн байцаалтын шатанд тогтоосон байхад Шүүх Прокурорын тогтоолыг гараагүй байхад Ч.Магнайг хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.3.4-т заасан ноцтой зөрчил гаргасан, энэхүү зөрчлийг гаргасан нь тогтоогдсон гэж үзэж түүнийг 2017 оны 1 дүгээр сарын 10-ны ажлаас чөлөөлсөн нь буруу байна гэсэн дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй болжээ. Нөгөө талаар 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Захирлын зөвлөлийн ээлжит бус хуралдаанаар 2017 оны 1 дүгээр 09-ний өдрийн № 02 тоот дүгнэлтийг хэлэлцээд Зөвлөлийн гишүүдийн 100 хувийн саналаар Ч.Магнайг ажлаас чөлөөлөхөөр шийдвэрлэсэн байдаг. Ч.Магнай өөрөө энэ зөрчлөө хүлээн зөвшөөрч, ямар ч арга хэмжээ авахад гомдолгүйгээ хэлсэн байдаг.

Барилгын политехник коллежийн захирлын 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б|126 дугаар "Сахилгын шийтгэл ногдуулах тухай " тушаалаар Ч.Магнайг Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийг 132.1.2-т, 1 cap 20 хувиар бууруулж сахилгын шийтгэл ногдуулсан байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасан сануулах, үндсэн цалинг бууруулах, тухай сахилгын шийтгэлийг давхардуулан оногдуулсан байна гэж үзэхээр байх бөгөөд мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 132.3 дэх хэсэгт заасан "сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан ногдуулж болохгүй" гэсэн хуулийн заалтыг зөрчсөн байна гэж шүүх дүгнэжээ. Энэ тушаалаар Ч.Магнайд үндсэн цалинг 20 хувиар 1 cap бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан боловч энэхүү шийтгэл бодиттойгоор хэрэгжээгүй болох нь нийгмийн даатгалын мэдээллийн сангийн лавлагаагаар нотлогдож байгаа, нэхэмжлэгчийг сахилгын нэг зөрчилд давхардуулан сахилгын шийтгэл гэж шүүх дүгнэлт хийсэн нь үндэслэл муутай болжээ. Яагаад гэвэл, тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийг 132.1.2-ийг баримталж цалинг 1 cap 20 хувиар бууруулсан, Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийг 132.1.1-ийг баримталаагүй учраас "сануулах" арга хэмжээ ногдуулаагүй байна. Энэ бол техникийн чанартай алдаа гэж үзэж байна. Нөгөө талаар цалингаас 20 хувиар суутгал хийгээгүй нь нябогийн хариуцлагагүй байдал болохоос биш түүнд сахилгын ногдуулаагүй гэж дүгнэх боломжгүй. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар баталсан "Дундаж цалин хөлс тооцох журам" ыг зөрчиж ажилгүй байсан хугацааны цалинг буруу тооцож 5 016 396 төгрөг гаргуулсан нь нэхэмжлэлийн шаардлагаас халисан байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь хуульд нийцүүлэн дүгнэж чадаагүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Ч.Магнай нь хариуцагч “Барилгын политехник коллеж” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, урамшуулал, нэмэгдлүүдийг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч Ч.Магнайг хариуцагч байгууллагын захирлын 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/012 тоот тушаалаар, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлйн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заалтууд, хөдөлмөрийн дотоод журмын 5.3.8, Ёс зүйн дүрмийн 3.2.2, Хөдөлмөрийн гэрээний 5.3.4 дэх заалтыг үндэслэн ажлаас чөлөөлжээ.

Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн үндэслэлээ хариуцагч нь “...хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан, сахилгын зөрчлийг давтан гаргасан...” гэж тайлбарласан байна.

Талуудын хооронд 2016 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний 5.3-т хөдөлмөрийн харилцааг зогсоох ноцтой зөрчлийг нэрлэн заасан, сахилгын зөрчил гаргасан багш, ажилтанд хүлээлгэх хариуцлагыг Хөдөлмөрийн дотоод журмын 10 дахь хэсэгт, Ёс зүйн зөрчил гаргагчид хүлээлгэх хариуцлагыг Ёс зүйн дүрмийн 5.1 дэх хэсэгт тус тус заажээ.

Нэхэмжлэгч Ч.Магнайд хариуцагч байгууллагын захирлын 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн Б/126 тоот тушаалаар сарын цалинг 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан, Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 124 тоот тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан хэргийн хохирогч Л.Бат-Оюун нь яллагдагч Ч.Магнайтай сайн дураар эвлэрсэн үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон зэрэг үйл баримт тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нийцүүлэн дүгнэлгүй, нэхэмжлэлийг хангасан нь үндэслэлгүй гэж үзнэ.

Учир нь Ч.Магнай нь хөдөлмөрийн гэрээний 5.3.4-т заасан хөдөлмөрийн харилцааг зогсоох ноцтой зөрчил гаргасан нь прокурорын 124 тоот тогтоолоор тогтоогджээ.

Иймд нэхэмжлэгчийн өмнө гаргасан сахилгын зөрчлийн талаар дүгнэх шаардлагагүй юм.

Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан нь хуульд нийцсэн байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 102/ШШ2017/01223 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хариуцагч Барилгын политехник коллежид холбогдох, Ч.Магнайгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 165 412 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.ЭНХТӨР

 

                          ШҮҮГЧИД                                   Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                              М.НАРАНЦЭЦЭГ