Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
Хэргийн индекс | 105/2022/0810/Э |
Дугаар | 2022/ШЦТ/812 |
Огноо | 2022-06-03 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Ц.Ганцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 2022/ШЦТ/812
2022 06 03 2022/ШЦТ/812
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
нарийн бичгийн дарга Д.Нямсүрэн,
улсын яллагч Ц.Ганцэцэг,
шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан эрүүгийн 2206 01756 1689 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн Н.Б, 1988 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлал, зоогийн газрын менежер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт *************** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:*****************/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Б нь 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, Эрдэнэтолгойн замаар, ****СЭН улсын дугаартай автомашинтай замын хөдөлгөөнд оролцох явцдаа, **** УБТ улсын дугаартай автомашины жолооч болох Г.Гтой “автомашиныхаа сигналыг олон удаа дуугаргаад байна” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний нүдэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь “баруун дээд болон доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун дээд зовхины зулгаралт, зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн дүгнэлт:
Хавтас хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, шүүгдэгчийн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Н.Б нь хүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:
- Шүүгдэгч Н.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Тухайн өдөр миний машины дугуй хагараад би замын хоёр талд дугуй засварын газар хайгаад явж байсан. Зам нэлээн түгжрэлтэй байхад миний хойноос нэг машин тасралтгүй сигналдаад байсан. Би очоод болсон явдлын талаар тайлбарлаж хэлсэн. Гэтэл хоёр километр гаруй газар над руу хойноос сигналдсан. Би Г.Гид замын хөдөлгөөний дүрэм дагах шаардлага тавихад намайг хэл амаар доромжилсон. Би эхний удаа тэвчээд дараа нь уураа барьж тэвчихгүй цохисон нь үнэн” гэх мэдүүлэг,
- Шүүгдэгч Н.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...миний хойд талд явж байсан амьжиргаа цагаан унасан залуу олон удаа сигналдаад байхаар нь би зогсож байгаад машинаасаа буугаад тухайн залуу дээр очоод миний машины дугуй хагарсан байна, та битгий сигналдаад байлдаа гээд хэлтэл, тухайн залуу намайг “писда минь шахаад явалдаа” гээд байхаар нь би “хурдан явж болохгүй байна” гээд машиндаа суух гэтэл ахиад хэл амаар доромжлоод байхаар нь тухайн залуу дээр очоод малгайных нь саравчийг доош нь дартал намайг заамдаж авахаар нь бид хоёр барьцалдаж аваад намайг тавихгүй болохоор нь би тухайн залуугийн баруун нүд орчим руу нь гараараа 1 удаа цохитол тухайн залуугийн баруун нүд орчмоос нь цус гараад намайг цагдаад дуудаж өгсөн... Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 30 дахь тал/,
- Хохирогч Г.Гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр 17 цагийн орчимд Эрдэнэтолгойн зам дээр явж байтал миний урд талд явж байсан машин явахгүй түгжрэл үүсгээд байхаар нь би араас нь хэд хэдэн удаа сигналдтал тухайн машины жолооч бууж ирээд “чи сигнал дуугаргаад, үхлээ юу, соёлгуй амьтан” гэхээр нь би “чи тийм л юм бол хурдан явалдаа, олон машин чамайг хүлээгээд байна” гээд хэлтэл тухайн залуу намайг заамдаж авахаар нь би зөрүүлээд заамдалцаад байж байтал тухайн залуу миний баруун талын нудруу гараараа 1-2 удаа цохиж миний биед гэмтэл учруулахаар нь би цагдаагийн байгууллагад хандсан... Миний баруун нүд хөхөрсөн, баруун хөмсөг зулгарсан, өөр гэмтэл учраагүй...” гэх мэдүүлэг /хх-н 8 дахь тал/,
- Батлан хамгаалахын эмгэг судлал, шүүх эмнэлгийн 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 02 дугаартай: “...Дүгнэлт
1. Г.Гийн биед баруун дээд болон доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун дээд зовхины зулгаралт, зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь ШЭГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 18-19 дэх тал/, Зөрчлийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон гэж шүүх дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.
Иймд шүүгдэгч Н.Б нь 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, Эрдэнэтолгойн замаар, ****СЭН улсын дугаартай автомашинтай замын хөдөлгөөнд оролцох явцдаа, ****УБТ улсын дугаартай автомашины жолооч болох Г.Гтой “автомашиныхаа сигналыг олон удаа дуугаргаад байна” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний нүдэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь “баруун дээд болон доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун дээд зовхины зулгаралт, зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж заасан.
Шүүхээс шүүгдэгч Н.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, түүний хувийн байдал, Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлж шийдвэрлэв.
Өөрөөр хэлбэл Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд орших бөгөөд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, ойлгож ухамсарласан үйлдэл нь түүнийг ялаас чөлөөлөх гол үндэслэл болно.
Бусад асуудлын талаар:
Энэ хэргийн улмаас хохирогч Г.Г нь хохирол, хор уршгийн төлбөр нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч Н.Бийг бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Н.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас Н.Бийг чөлөөлсүгэй.
3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Н.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР