Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/814

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч С.Аюушжав, М.Түмэннаст нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүгдэгч Б.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Нямсүрэн,

Улсын яллагч М.Оюунбат,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Булгамаа, Ц.Батзаяа,  

Иргэдийн төлөөлөгч О.Оюунсүрэн,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч И.У, түүний өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн нарыг оролцуулан эрүүгийн 2106 00000 0990 дугаартай хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Боржигон овогт Баярсайханы Б.М, 1988 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт ****************, урьд 2004 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 228 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 07 жил 02 сар хорих ял шийтгүүлж, 2006 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Өршөөлийн тухай хуулиар суллагдсан, 2007 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 278 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 6 сарын хорих ял, 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 232 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ял шийтгүүлж, 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдөр суллагдсан, 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 584 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж 2020 оны 3 дугаар 30-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан, /РД:**************/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 5 дугаар сарын 05-ны өдөр *********** тоотод И.М /31 настай, эрэгтэй/-ыг жирэмсэн эхнэрийг минь зодлоо гэх шалтгаанаар И.Мын толгойн тус газар нь чулуугаар цохиж, улмаар амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Гэм буруугийн дүгнэлт:

Хавтас хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах бичгийн нотлох баримтууд болон оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Б.М нь хүний амь насыг нь хохироосон үйл баримт нь тогтоогдож байна.

Үүнд: Шүүгдэгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би энэ хэргийг санаатай үйлдээгүй. Талийгаач дүүтэйгээ гэмгүй сайхан нөхөрлөж байсан. Миний дүү хүнийг хүндэлж харьцдаг, ёс суртахуунтай, ухаантай мундаг залуу байсан. Бид хоёрын хооронд зөрчил байхгүй. Урд нь үл ойлголцох хэрүүл, маргаан гарч байгаагүй. Тухайн өдөр монелд том охины төрсөн өдөр тэмдэглээд хүмүүс дуудсан. Талийгаач дүү эхнэртэйгээ хамт ирсэн. Бид нар зургуулаа байсан. Хоёр шил архи авч ирэхэд би “ах нь хоёр хоноод ажилд орох гэж байна та нар уучих гэж хэлээд” талыг нь уучхаад унтсан. Намайг унтаж байх хооронд тэд нар хоёр пиво авч ирж уусан байсан. Пиво ууж дууссаны дараа манай эхнэр “одоо та нар гарцгаа, ах чинь унтаж байна сэрчихнэ” гэж хэлэхэд нь чи муу гичий намайг хөөдөг хэн бэ гээд хэрэлдсэн байсан. Тэгээд гэрээс гараад эхнэрийг цохингуут манай охин хараад ааваа ээжийг Мөнхүүлэй ах зодоод байна гээд намайг сэрээсэн. Намайг гэрээс гарч ирэхэд эхнэр шороотойгоо холилдчихсон газраас босож байсан. Талийгаач дүү 4 орчим метрийн зайтай зогсож байсан. Би “чи тэнэг юм уу жирэмсэн эгчийгээ яаж байгаа юм гэж” хэлчхээд очоод зууралдаад авсан. Талийгаач дүүгийн эхнэр, бага бэргэн хоёр бид хоёрыг салгасан. Дараа нь би гэр лүү эхнэр хүүхдээ аваад орох гэж байтал талийгаач дүү хойноос орилоход нь дахиж манайх руу битгий ир гээд газраас чулуу авч шидсэн чинь толгойнд нь оночихсон. Би гүйж очоод харсан чинь толгой нь зүсэгдсэн юм шиг шалбарчихсан байсан. Тэгээд би гайгүй юу ахын дүү гэсэн чинь гайгүй жоохон сууя гэсэн. Дараа нь өргөөд гэр лүү оруулчхаад за яаж байна ахын дүү гэж асуухад гайгүй өнөөдөр ахтайгаа унтана шүү гэсэн. Гаднаас эхнэр нь орж ирээд чи пизда минь толгойгоо хаглуулчхаад энд юугаа хийгээд хэвтээд байгаа юм босооч гээд орилсоор байгаад аваад гарсан. Удалгүй цагдаад дуудлага өгсөн гээд эргүүлийн хоёр цагдаа ирээд бага хүргэн бид хоёрыг Баянзүрх дүүргийн эрүүлжүүлэх байр луу аваад явсан. Би тэр өдөр эрүүлжүүлэхэд хоноод өглөө нь юу болсон талаар мэдсэн.” гэсэн мэдүүлэг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч И.У шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Манай гэр бүл энэ хэргээс хойш маш хэцүү нөхцөл байдалтай байлаа. Өмнө нь талийгаач дүүгийн эхнэр Б.Мыг хутгалж байсан. Б.М энэ хэргийг өш хонзонгийн сэдэлтэй үйлдсэн. Миний ээжийг хүүгүй, намайг дүүгүй, миний дүү нарыг ахгүй, хоёр хүүхдийг өнчин болголоо. Маш их гомдолтой байсан. Бид нар яаж амьдрах юм. Энэ хэргээс хойш миний ээжийн бие маш муу, миний дүү сэтгэцийн өвчтэй болсон. Маш их гомдолтой байна” гэсэн мэдүүлэг,

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 1 дэх тал/,

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 5-17 дахь тал/,

- Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 18-22 дахь тал/,

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч И.Уын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 05 дугаар сарын 06-ны өглөө ээж уйлж залгаад дүү чинь нас барсан байна гэж хэлсэн, хаана байгааг нь асуухад Монелд байна гэсэн. Талийгаач И.М нь бусдын гарт амиа алдсан асуудлаас болж манай гэр бул болон ээж минь сэтгэл санаагаар маш их унаж, шаналж байгаа тул хохирогчоор оролцох боломжгүй байгаа учраас би хохирогчоор оролцох хүсэлт гаргаж байна, мэдүүлэг өгч байна. Талийгаачийн буяны ажилд 8.989.360 төгрөгийн зарлага гарсан баримтыг гарган өгч байгаа бөгөөд Б.Мын эхнэр нь буяны ажилд 1.500.000 төгрөг ээжид өгсөн байна. Миний хувьд маш их гомдолтой байна, буяны ажилд гарсан зардлыг нэхэмжилж байна. Мөн талийгаачийн 2 хүүхдийн эрх ашиг, хөндөгдөж, насаараа аав гэж дуудах хүнгүй үлдэж байгаад харамсалтай байна. Ер нь талийгаачийн эхнэр нь мэргэжил боловсролгүй, эрхэлсэн ажилгүй, 2-5 насны 2 хүүхэдтэй үлдэж байгаа нь цаашид хэрхэн яаж, үр хүүхдээ өсгөн харж, хандах асуудал нь хүнд болж байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 35-36 дахь тал/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 840 дугаартай: “...Дүгнэлт

1. Талийгаач И.Мын цогцост зүүн чамархай ясны цөмөрсөн хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн чамархай, дагз, суурийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн эдийн эвдрэл, няцрал, аалзан хальсан доорх цус харвалт, тархины баруун тал бөмбөлгийн зулайн оройн аалзан хальсан доорх цус харвалт. Зүүн чамархайн булчин, ясны хальс хуйхны дотор гадаргуу, баруун бугуйн үе, сарвуунд цус хуралт. Зүүн сарвуунд шарх. Баруун зовхи, хацар, чих, хүзүү, шуу, өвдөг, зүүн шанаа, чих, мөр, дал, шуу, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Талийгаачийн цогцост учирсан зүүн чамархайн ясны цөмөрсөн хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн чамархай, дагз, суурийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн эдийн эвдрэл, няцрал, аалзан хальсан доорх цус харвалт, тархины баруун тал бөмбөлгийн зулайн оройн аалзан хальсан доорх цус харвалт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Зүүн сарвуунд шарх, баруун бугуйн үе, сарвуунд цус хуралт, шарх. Баруун зовхи, хацар, чих, хүзүү, шуу, өвдөг, зүүн шанаа, чих, мөр, дал, шуу, нуруунд зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас тархи дарагдан төвийн гаралтай, амьсгал зүрх судасны цочмог дутагдалд орж нас баржээ.

5. Талийгаачийн цогцост архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

6. Ходоод нь хар ногоон өнгийн шингэн агууламжтай байна.

7. Талийгаачийн цусанд 0.7 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна. Ходоодны шингэнд 0.7 промилли, шээсэнд 1.5 промилли спиртийн агууламж илэрсэн. Цөсөнд спиртийн агууламж илрээгүй. Цусанд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй.

8. Талийгаачийн цус нь 2-р бүлгийн харьяалалтай байна.

9. Дээрх гавал тархины гэмтлийг авсан даруйд зөв оношилж, яаралтай мэс засал хийсэн тохиолдолд амь нас аврагдах боломжтой..” гэх дүгнэлт /хх-ийн 47-55 дахь тал/,

- Шинжээч эмч Э.Баасанжавын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...И.Мд яаралтайгаар богино хугацаанд гавал тархины битүү гэмтлийг оношилж мэс засал хийсэн тохиолдолд амь нас аврагдах боломжтой.

... И.М нь тус гэмтлийг авсан даруйд нас бараагүй байна. Уг гэмтлийг авсны дараагаар зүүн чамархайн яс цөмөрч хугарсны улмаас тархины хатуу хальсан дээр цус алдалтын улмаас цусан хураа үүсэж эхэлнэ. Уг цусан хурааны хэмжээ нэмэгдэн тархийг дарах хүртэл эмнэлзүйн шинжүүд буюу дотор муухайрах, огиулан бөөлжих, нүд бүрэлзэх, толгой эргэх зэрэг зовууриуд илрэх боловч тархи дарагдаж нас барах хүртэлх хугацаанд идэвхтэй үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой байна.

... И.М нь тухайн гэмтэл буюу зүүн чамархай ясны цөмөрсөн хугарал үүссэнээр хатуу хальсан дээрх цус алдалт цусан хураа хурдан болон удаан явцтай үүсэж буй эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй. Уг цусан хурааны хэмжээ хэр хурдан нэмэгдэж тархийг дарж үхэлд хүргэх эсэх нь харилцан адилгүй байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 59-62 дахь тал/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 3853 дугаартай: “...Дүгнэлт

1. Б.Мын биед баруун бугалга, баруун, зүүн шуу, хэвлий, баруун хөх, баруун, зүүн дал, нуруу, баруун, зүүн өвдөг, зүүн шилбэнд зулгаралт, зүүн бугалганд 1-2 зэргийн түлэгдэл гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх баруун бугалга, баруун, зүүн шуу, хэвлий, баруун хөх, баруун, зүүн дал, нуруу, баруун, зүүн өвдөг, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Зүүн бугалганд 1-2 зэргийн түлэгдэл нь өндөр хэмийн үйлчлэлээр тус тус үүснэ.

3. Баруун бугалга, баруун, зүүн шуу, хэвлий, баруун хөх, баруун, зүүн дал, нуруу, баруун, зүүн өвдөг, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл нь хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой. Зүүг бугалгад 1-2 зэргийн түлэгдэл нь хуучин гэмтэл байна.

4. Дээрх гэмтлүүд нь тус бүр шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /1хх-ийн 67-68 дахь тал/,

- Насанд хүрээгүй гэрч О.Уийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Талийгаач ах ширээн дээр байсан аяга тавгийг гараараа түлхэж унагаагаад гарсан чинь “Э эгч чи битгий давраад байгаарай гэж хэлээд хойноос нь талийгаачтай маргалдахад О эгч битгий зодолд гэж урдуур нь гараараа хаасан чинь Э эгч түүнийг холдуулаад И.М ахтай үзье гээд тэр хоёр харилцан бие биеэ түлхэлцэж, зууралдаж, Э эгч И.М ахыг нэг удаа шанаадаж, мөрнөөс татсан чинь болилдоо гээд зөрүүлж, түлхсэн. Тэгэхэд Э эгч миний хөлийн хажууд унаж босож ирээд чи намайг түлхдэг хэн бэ гэхэд дахиж түлхэж унагаасан. Энэ үед Энхжингийн хамт түүний аав Б.М ахыг сэрээж дуудахад, гэрийн гадаа тэр хоёр дээр очиход Э эгч И.М намайг зодоод байна гэсэн чинь Б.М ах, түүнийг чи миний жирэмсэн эхнэрийг зоддог хэн бэ гэж хэлээд түүн рүү дайрч, хашааны хажууд зодолдсон, хажууд нь Э эгч, О эгч хоёр зодолдож байхаар нь би гэрээс аав, ээж хоёрыг дуудсан. Аав хувцсаа өмсөж гарч ирээд Б.М ах И.М ах хоёрыг салгасан чинь Б.М ах чулуу авч шидэхэд И.М ахын толгой хэсэгт онож, дээшээ хараад газар унаж толгойноос нь бага зэргийн цус гарсан. Тэгээд О эгч нөхрөө сэрээх гэсэн чинь сэрээгүй, тэгэхэд манай аав Д, Б.М ах хоёр өргөж босгоод Э эгчийн гэрт оруулж газар хэвтүүлсэн... ...ээж ахыг “түргэн дуудаж үзүүлэх үү” гэхэд “хэрэггүй, би Б.М ахдаа гай болмооргүй байна, хоол байна гэж асуугаад, унтаад өглөө сэрсэн чинь И.М ах нас барсан байсан тул цагдаа түргэн дуудсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 150-151 дэх тал/,

- Гэрч Ц.Пийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Улиастай-115 чиглэлд авто эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад хүмүүс зодолдоод байна гэсэн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу очиход нэг эмэгтэй нь манай дүүг толгой хэсэг рүү нь чулуугаар цохисон гэж тэнд байсан 20 орчим насны цээжиндээ дүүрэн шивээстэй залууг заагаад байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 153-154 дэх тал/,

- Гэрч Ө.Пийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Улиастай-115 дугаар чиглэлд үүрэг гүйцэтгэх хугацаанд тухайн дуудлага өгсөн хаягт байсан согтуу хүмүүс хэрүүл маргаан хийж, саад учруулаад байсан тул яаралтай Б.Мыг эрүүлжүүлэхээр авч явах арга хэмжээ авсан. Тэгээд явах замдаа дуудлага өгсөн О гэх эмэгтэйд “цохиулсан гэх хүнээ эмнэлэгт дуудаж үзүүлээрэй” гэж хэлэхэд дуудсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 156-157 дахь тал/,

- Гэрч О.Ды мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэр хоёрын хажууд Б.М, талийгаач И.М хоёр зодолдож байсан. Тэгээд би дөхөөд очиход Б.М нь И.М руу чулуу шидэж, түүний толгойд онож, газар унахад талийгаачийг бид нар босгосон юм, удалгүй цагдаа ирээд Б.М ах бид хоёрыг аваад явсан. Цагдаа дээр Б.М ахыг эрүүлжүүлж, намайг явуулсан. Би алхаад гэртээ очиход талийгаач эхнэрийн хамт орон дээр хэвтэж байсан бөгөөд шингэн зүйлээр бөөлжиж байгаад буцаад хэвтсэн. Бид нар түргэн дуудах уу гэсэн чинь зүгээр гэсэн. Өглөө эхнэр яриад И.М ахыг нас барчихлаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 159-162 дахь тал/,

- Насанд хүрээгүй гэрч Э.Эгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн үдээс хойш манай ээжийн төрсөн дүү О эгч нөхөр И.Мын хамт манайд ирж охиных нь төрсөн өдрийг тэмдэглэж архи ууцгаасан. Ингээд орой 20 цагийн үед тэд нарын архи дуусахад ээж И.М ах О хоёрыг гэртээ яв хойд гэрт оч гэсэн чинь И.М ах давраад байгаарай гэснээс болж ээжтэй маргалдаж гэрээс гарсан. Тэгээд гэрийн гадаа И.М ах ээжтэй хэрэлдэж ээжийг үсдэж, унагаах үед Д ах ирж салгасан. Тэгэхээр нь У болон миний дүү Мгийн хамт гэрт унтаж байсан аав Б.Мыг сэрээж дуудсан чинь аав гарч ирээд миний жирэмсэн эхнэрт гар хүрдэг хэн бэ гэж хэлээд газраас дунд зэргийн чулуу аваад И.М ах руу шидсэн чинь түүний нүдний дээд дух толгой хэсэгт онож газар дээшээ харж унахад эхнэр нь буюу О эгч Д ахын хамт өргөж босгоод манайд оруулж хойморт хэвтүүлсэн. О эгч Б.М ахаа та манай нөхрийг чулуугаар оночихлоо шүү дээ гэсэн. Д ах биеийг нь асуухад И.М сул дуугаар гайгүй гэж хэлж байсан. Тэгээд манай ээжийн бага дүү О эгч цагдаа дуудсаны дараа И.М ахыг хойд талын гэр буюу Д ахын гэрт оруулсны дараа цагдаа ирээд аав болон Д хоёрыг аваад явсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 163-165 дахь тал/

- Гэрч О.Оийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...нэг мэдсэн чинь эгч орилоод нөхөр чинь намайг аллаа, зодоод байна, нөхрийгөө аваачээ гэж намайг гэрт сууж байхад хашхирсан. Тэр үед унтаж байсан Б.М ах сэрээд гэрээс гарч ирээд И.Мыг чи манай жирэмсэн эхнэрийг яагаад зодоод байгаа юм бэ? гээд уурлаад гэрийн хажуу талаас чулуу аваад холоос шидсэн. Б.М ахын шидсэн чулуу манай нөхрийн толгой хэсэгт оносон... Шөнө түргэн дуудах гэхэд манай нөхөр Б.М ахад гай болохгүй, түргэн дуудаад хэрэггүй, маргаашаас гайгүй болчихно, зүгээр миний хайр тайван бай гээд түргэн огт дуудуулахгүй байсан бөгөөд 2021 оны 5 дугаар сарын 06-ны өглөө 08 цаг өнгөрч байхад нөхрөө сэрээх гээд дуудахад сэрэхгүй байсан бөгөөд О дүүд ах чинь сэрэхгүй байна гэж хэлээд үхсэн гэдгийг мэдээгүй, түргэн дуудахад эмч ирээд нас барсан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 167, 169-172 дахь тал/,

- Гэрч И.Уын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Хэрэг гардаг өдрийн өглөө ээж над руу залгаад уйлаад байхаар нь дүү чинь өнгөрчихлөө гэсэн, монелд гэсэн тэгэхээр нь 10 цаг өнгөрч байхад хамаатны дүүтэй талийгаачийн хадмын гэрийг нь заалгаж очиход цагдаа ирсэн байсан бөгөөд ээж бид хоёр орж харахад өнгөрсөн байсан. Ингээд ажил явдал болсны дараа хужирбуланд гэртээ байж байхад талийгаачийн эхнэр О би үнэн байдлаа хэлье, тэр өдөр нөхөр бид хоёр руу энхээнээ эгч 70.000 төгрөг шилжүүлж архи аваад ир гэсний дагуу 2 шил архитай очиж уугаад сууж байхад Б.М ах та хоёрыг битгий ирчээсэй гэж бодсон чинь ирчлээ, миний толгойг хоёр хуваана, та хоёрын нэг нь үхэж байж манай гэрээс гарна, амьд гарахгүй шүү гээд заазуур бариад дайрахд Оийн нөхөр хутгыг нь булааж авсан, тэгээд Б.М манай талийгаачтай, О эгчтэйгээ гэр дотор зодолдож байгаад талийгаач эхнэрийнхээ хамт гараад явахад чулуу Б.М нь чулуу аваад шидэхэд толгойнд нь онож газар унасан. Тэгээд О цагдаа дуудсаны дагуу цагдаа ирээд Б.Мыг авч явсан. Үүний дараа талийгаач Оийн гэрт эхнэртэйгээ унтаад сэрэхэд нас барсан байсан гэж хэлсэн. Мөн 2021 оны 2, 3 сарын үед хужирбуланд талийгаачийн гэрт архи ууж хоорондоо зодолдож талийгаачийн эхнэр Б.Мыг гуянд нь хутгалсан асуудлыг тэр үедээ цагдаа дуудаж байсан гэсэн, тэр үеэс хойш Б.М О хоёрын дунд таарамжгүй харилцаа үүссэн, тэр өдөр очиход Б.М, От хандаж чи өмнө нь яаж байлаа, мэдэж байгаа биз дээ, та хоёрын нэгийг алж байж санаа амарна, бачуураад байна, энэ гэрээс нэг нь үхэж байж гарна гэж хэлээд, ер нь талийгаачид би чамд дургүй шүү гэж хэлээд хаалга түгжиж зодолдож байхад О гаднаас хаалга нээ гэж тогшиж, хаалга нээ, цагдаа дуудлаа шүү гэж ярьсан. Ер нь Оийн яриагаар гэрт болон гадаа хоёр удаа зодоон болсон, энэ байдлуудыг О болон нөхөр нь сонссон гэж хэлсэн. Мөн өмнө нь яармагт болон монелд Б.М талийгаачтай маргалдаж, зодолдож байсныг бага дүү Отгонбаяр авч ирж байсан тухай хэлсэн” гэх мэдүүлэг /1хх-ийн 173-174 дэх тал/,

- Гэрч О.Оийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн өдөр манай дунд эгч О нөхөр талийгаач И.М нар хүүхдээ хадам ээжийн гэрт үлдээгээд Хужирбулангаас Б.М ахын гэрт ирсэн. Тухайн өдөр Энэрэл гэдэг 3 настай охиных нь төрсөн өдөр болсон. Хүүхдээ урд урд хадам ээжийн гэрт үлдээсэн гэж хэлээд архитай ирсэн байсан. Би хойд гэртээ байхад намайг дуудсан. Би пивоноос нь ууж байгаад гэртээ оройн 20 цагийн орчимд хүүхдээ аваад унтаж байхад манай том охин У Э эгчийг И.М ах зодоод байна гэж хэлэхээр нь би гарахад Б.М ах И.Мтай манай жирэмсэн эхнэрийг зодлоо гээд маргалдаад зодолдож байсан. Б.М ах намайг харахад газраас том чулуу аваад талийгаач И.М ах руу шидэхэд И.М ахын толгойн зүүн талын чихний шанаа орчимд тухайн чулуу оноод И.М ах толгойгоо бариад газар суусан. Манай нөхөр Д бид хоёр салгаад би цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 176-178, 180-181 дэх тал/,

- Гэрч О.Эийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн өдөр талийгаач И.М манай гэрт эхнэр Оийн хамт Хужирбулангаас өдөр 15 цаг өнгөрч байхад 2 шил 0.75 граммын архитай ирээд би, талийгаач, талийгаачийн эхнэр О, манай хүргэн Д, Ды эхнэр О, манай нөхөр Б.М нар манай гэрт архиа хувааж уусан. Архиа ууж дуусаад хоёр ширхэг том пиво авч уусан бөгөөд манай нөхөр согтоод 18 цагийн орчимд унтсан. Пиво уугаад сууж байхад би дүү Отэй гэрт согтуу хашхираад агсам тавиад байхаар нь би О болон хүргэн И.Мыг манайхаас зайл гээд хөөсөн. И.М талийгаач намайг гичий минь битгий давраад байгаарай гэж хэлэхээр нь явж үз гэж хэлээд гэрээсээ талийгаач И.Мыг дүү Оийн хамт хөөж гаргахад О, Д нар дээр байдаг манай бага дүү Оийн гэр лүү орохоор явсан бөгөөд И.М намайг гадаа битгий давраад байгаарай гэж хэлээд намайг гэрийн үүдэнд гэдэс рүү өшиглөөд, үсдэж дараад зодож байхад манай хүргэн Д дээрээс бууж ирээд наад жирэмсэн хүн зодохоо болиоч гэж хэлээд И.Мыг надаас салгасан. Манай хүүхдүүд уйлаад гэрт унтаж байсан нөхөр Б.Мыг сэрээгээд манай нөхөр талийгаач И.Мыг манай эхнэрийг яагаад зодож байгаа юм гэж уйлаад газраас чулуу аваад нэг удаа И.Мын толгойн дагз хэсэгт цохих шиг болсон. Тухайн үйл явдал хоромхон зуур болоод өнгөрсөн. Манай хүргэн Д нөхөр Б.М талийгаач И.М нарыг салгасан. Бага дүү О цагдаа дуудаад цагдаа удахгүй ирээд манай нөхрийг авч явсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 183-188 дахь тал/,

- Шүүгдэгч Б.Мын мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн: “...охин Энхжин сэрээгээд ээжийг И.М ах зодоод байна гэж хэлэхээр нь гарсан чинь эхнэр газар унаад босож байсан, харин талийгаач цаашаа явж байсан чинь эхнэр наадах чинь намайг зодсон гэж хэлэхээр нь “би жирэмсэн хүнийг яаж байгаа юм бэ?” гэж хэлээд бариад авсан... тэгээд түүнээс холдох үед газраас гарын алганд багтахаар чулуу аваад шидсэн чинь түүний баруун духны орчим онож, язарч цус гарч газар хэвтсэн. Тэгэхээр нь очиж өргөөд гэртээ оруулсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 197-198 дахь тал/,

- Шүүгдэгч Б.Мын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...2021 оны 5 дугаар сарын 05-ны өдөр эхнэр болон эхнэрийн дүү О нөхөртэйгөө бид дөрөв пиво ууж байсан чинь Мөнхүүлэй гэж дууддаг талийгаач түүний эхнэр О, О хоёр утсаар ярихдаа  охины төрсөн өдөр гэсэн тул бид нар 40.000 төгрөг нийлүүлж шилжүүлсэн. Тэгээд ярьж байснаа талийгаач би эндээс архи олоод аваад очих уу гэхэд би ирээд хэрэггүй гэсэн. Тэгээд тэр хоёр архи аваад ирэхээр болж нэмж 30.000 төгрөг Оийн данс руу шилжүүлсэн. Ингээд талийгаач, О хоёр 18 цаг өнгөрч байхад 2 шил архитай ирж бид зургуулаа 1 шил архи уугаад талд нь орж байхад би унтсан. Тэгээд намайг унтаж байхад том охин Энхжин сэрээж талийгаач Мөнхүүлээг ээжийг зодоод байна гэсэн тул босоод гэрээс гарсан чинь баруун талд эхнэр газар унаад босож ирж байсан тэгэхээр нь талийгаач И.Мыг барьж аваад бид хоёр харилцан зодолдож газар унахад Д, О хоёр салгасны дараа би гэрийн үүднээс чулуу шидэж талийгаачийн толгойг оносон чинь ёооё гээд толгойгоо бариад явган суухаар нь очиж харахад газар хэвтсэн. Тэгэхэд талийгаачийн шанаа орчим зүсэгдсэн байсан. Ингээд Д бид хоёр түүнийг өргөж манай гэрт оруулсан чинь талийгаач манайд хонох талаар яриад байж байхад О орж ирээд түүнийг босооч пиздаа минь толгойгоо хагалуулчхаад хэвтээд байгаа юм бэ гэж хэлээд үсдэж толгой руу нь өшиглөж байгаад босгож хойшоо Ды гэр рүү авч явсан. Удаагүй цагдаа орж ирээд юу болсныг асуугаад Ды гэр рүү явчхаад буцаж ирээд Д бид хоёрыг авч явсан. Тэгээд би эрүүлжүүлэхэд хоносон. Надад өөр ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 206-210, 213-214 дэх тал/,

- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоол /1хх-ийн 211-212 дахь тал/,

- Эд зүйл, баримт бичиг хүлээн авсан тухай тэмдэглэл /2хх-ийн 97-110 дахь тал/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 146 дугаартай: “...Дүгнэлт

1. Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн 840 тоот шинжилгээгээр тогтоогдсон зүүн чамархай ясны цөмөрсөн хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн чамархай, дагз, суурийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн эдийн эвдрэл, няцрал, аалзан хальсан доорх цус харвалт, тархины баруун тал бөмбөлгийн зулайн оройн аалзан хальсан доорх цус харвалт. Зүүн чамархайн булчин, ясны хальс хуйхны дотор гадаргуу, баруун бугуйн үе, сарвуунд цус хуралт. Зүүн сарвуунд шарх. Баруун зовхи, хацар, чих, хүзүү, шуу, өвдөг, зүүн шанаа, чих, мер, дал, шуу, нуруунд зулгаралт гэмтлүүд нь шинэ гэмтэл ба тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

2. Талийгаач нь дээрх гавал тархины битүү гэмтлийг авснаас хойш эмнэл зүйн шинж тэмдгүүд үргэлжлэх хугацаа богино ба хатуу хальсан дээрх цусан хураа үүсэх хурд, хэмжээ, гэмтсэн судас артери, вен аль нь байгаагаас хамаарч гэрэлт үеийн хугацаанд буюу минут, хэдэн цаг, хоногийн хугацаанд амьд байх боломжтой.

3. Талийгаачид учирсан гэмтлийг цаг алдалгүй зөв оношилж яаралтай мэс засал хийсэн тохиолдолд амь нас аврагдах боломжтой. ” гэх дүгнэлт /2хх-ийн 205-210 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх  бүрэлдэхүүн үзэв.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч нар Б.Мад холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсгээр зүйлчилж өгнө үү гэж маргасан бөгөөд шүүх бүрэлдэхүүн өмгөөлөгч нарын мэтгэлцсэн нь үндэслэлгүй байна гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.М нь санаатай үйлдлээр амь хохирогч руу гарын алганд багтах хэмжээтэй чулууг толгойн тус газар луу нь шидсэн бөгөөд уг чулуу хохирогчийн зүүн чамархай хэсэгт онож, тэрээр шууд гэмтэл авч газар унасан ба ямар нэгэн эмнэлгийн тусламж авч чадалгүйгээр гэрт нь нас барсан нь хавтаст хэрэгт авагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон тул шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн болно.

Иргэдийн төлөөлөгч О.Оюунсүрэн нь гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Мыг гэм буруутай гэж дүгнэсэн бөгөөд шүүх бүрэлдэхүүн иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэв.

Иймд шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Мыг  хохирогч И.Мын толгойн тус газар нь чулуугаар цохиж, улмаар амь насыг нь хохироосон гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:

Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Б.Мад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Б.Мын өмгөөлөгч Ц.Батзаяагаас гаргасан хүсэлтийн дагуу шүүх хуралдаанд хохирол төлбөрийг төлөхөөр завсарлага авсан хугацаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч И.Ут талийгаачийн оршуулгын зардлыг төлж барагдуулсан нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал гэж дүгнэсэн ба түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэв.

Шүүх бүрэлдэхүүн шударга ёсны зарчмыг баримтлан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал, гэмт хэрэг гарсан, үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Б.Мад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж,  уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Хохирлын талаар:

Шүүгдэгч Б.М нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 9.175.000 төгрөгийг төлж барагдуулсан ба хавтаст хэрэгт авагдсан баримтаар бусдад төлөх төлбөргүй байна.

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь талийгаач И.Мын насанд хүрээгүй хоёр хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Б.М нь энэ хэрэгт нийт 393 хоног цагдан хоригдсон бөгөөд энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, уг хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Б.Мыг хүнийг алах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Мад 9 /ес/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Мад оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Мын урьд цагдан хоригдсон нийт 393 /гурван зуун ерэн гурав/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тоолсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди-г хэрэгт хавсаргаж, уг хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.М нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч И.У нь насанд хүрээгүй хоёр хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Мад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Т.ШИНЭБАЯР

 

                      ШҮҮГЧИД                                                   С.АЮУШЖАВ

 

                                                                                            М.ТҮМЭННАСТ