Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
Хэргийн индекс | 105/2022/0822/Э |
Дугаар | 2022/ШЦТ/825 |
Огноо | 2022-06-03 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Э.Ариунболд |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 2022/ШЦТ/825
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
нарийн бичгийн дарга Д.Нямсүрэн,
улсын яллагч Э.Ариунболд,
шүүгдэгч Б.М нарыг оролцуулан эрүүгийн 2206 00000 1830 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн Б.М, 1989 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Дорнод аймгийн Баянтүмэн суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа барилгын ажил эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Улаанбаатар хотын ************ тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /Регистрийн дугаар: ****************/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.М нь 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 12 цагийн орчимд, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цагаан Хуаран” хотхоны хойд талын баригдаж буй барилга дээр “цалин өгсөнгүй” гэх асуудлын улмаас шалтгаалан иргэн Б.Бтой маргалдан, улмаар гараараа нүүр лүү нь 4 удаа цохиж, газар унагаан толгой ар хэсэг рүү нь 3 удаа дэвсэж, биед нь тархи доргилт, баруун, зүүн хацарт зулгаралт, уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулай, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн дүгнэлт:
Хавтас хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, шүүгдэгчийн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Б.М нь хүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:
- Шүүгдэгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг,
- Шүүгдэгч Б.Мын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Цалин мөнгөнөөс болж хэрүүл маргаан болоод би уурлаад Б.Б ахын нүүр лүү нь баруун гараараа 2-3 удаа цохиод хөлөөрөө бөгс рүү нь өшиглөсөн. Намайг цохиж зодсон зүйл байхгүй. Харин Батаа ах бид хоёрыг салгасан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин ямар нэгэн хэрэгт холбогдохгүй байх болно.” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51 дэх тал/,
- Хохирогч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр би ажил дээрээ ажлаа хийгээд байж байтал хамт ажиллаж байсан Б.М, Батаа нар нь манай ажил дээр өмнө нь ажил хийж байсан цалингаа авахаар орж ирсэн. Би мэндлээд шатнаас буугаад очтол Б.М нь үгийн зөрөөгүй, юм хэлж ярилгүй шууд нүүр, уруул орчимд гараараа 1 удаа цохисон ба би шууд хойшоогоо ухраад яаж байгаа талаар түүнээс асуутал “чи яармагийн барилгаас миний цалинг өгсөнгүй” гэх утгатай зүйл яриад дахиад араас 3-4 удаа 2 гараараа ээлжлээд нүүр лүү цохисон. Би тэр үед ухрахдаа төмрөнд тээглээд хойшоогоо унаад босож ирж амжаагүй байхад 2-3 удаа толгойн ар хэсэг рүү хөлөөрөө дэвсэлсэн бөгөөд тэр үед нь би ухаан балартсан. Батаа намайг цохиж зодсон зүйл байхгүй. Б.М бид хоёр маргахад салгасан байгаа.” гэх мэдүүлэг /хх-ийн 9-11 дэх тал/,
- Гэрч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Б.М, Б.Б хоёр барьцалдаж аваад Б.М нь Б.Бийн нүүр лүү нь цохиод хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд би Б.Мыг салгасан. Би цохиж зодсон зүйл огт байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дахь тал/,
- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 6304 дугаартай: “...Дүгнэлт
1. Б.Бийн биед тархи доргилт, баруун, зүүн хацарт зулгаралт, уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулай, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 20-21 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон гэж шүүх дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.
Иймд шүүгдэгч Б.М нь 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 12 цагийн орчимд, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цагаан Хуаран” хотхоны хойд талын баригдаж буй барилга дээр “цалин өгсөнгүй” гэх асуудлын улмаас шалтгаалан иргэн Б.Бтой маргалдан, улмаар гараараа нүүр лүү нь 4 удаа цохиж, газар унагаан толгой ар хэсэг рүү нь 3 удаа дэвсэж, биед нь тархи доргилт, баруун, зүүн хацарт зулгаралт, уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулай, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:
Шүүгдэгч Б.Мт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжээр торгох ялын санал гаргаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь хуульд нийцсэн гэж шүүх шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар:
Энэ хэргийн улмаас хохирогч Б.Б нь хохирол, хор уршгийн төлбөр нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч Б.Мыг бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Мт 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.М нь 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР