Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
Хэргийн индекс | 105/2022/0849/Э |
Дугаар | 2022/ШЦТ/863 |
Огноо | 2022-06-08 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | М.Ариунцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 2022/ШЦТ/863
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан 00ш атны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
шүүгдэгч А.Э,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Нямсүрэн,
улсын яллагч М.Ариунцэцэг,
шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Амаржаргал нарыг оролцуулан эрүүгийн 2206 00000 0580 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн А.Э, 1999 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, дээд боловсролтой, найруулагч мэргэжилтэй, ************* ажил эрхэлдэг, ам бүл 5, аав, ээж, ах, дүү нарын хамт *************** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД: ************/.
Шүүгдэгч А.Э нь 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 07-ны өдөрт шилжих шөнийн 02 цагийн орчим Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сансар” нэртэй зочид буудлын өрөөнд найз охин болох хохирогч Ч.Нийг “бусадтай бүжиглэлээ” гэж хардаж хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохих зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь тархи доргилт, доод уруулд шарх, цус хуралт, зүүн завжинд шарх, баруун нүдний дээд зовхи, доод зовхи, зүүн нүдний дээд зовхи, баруун шуу, баруун гарын эрхий хуруу, зүүн шуу, зүүн сарвуу, нуруу, зүүн шуу, зүүн өвдөг, баруун өвдөг, зүүн өгзөгт цус хуралт, хамар, хүзүүнд зулгаралт, эрүүнд цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн дүгнэлт:
Хавтас хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, шүүгдэгчийн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч А.Э нь хүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:
- Шүүгдэгч А.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би хохирогчийн биед учирсан бүх гэмтлийг учруулаагүй гэж үзэж байна. Учир нь тэрээр бааранд бас өөр эмэгтэйтэй муудалцаж биедээ гэмтэлтэй болсон гэж би үзэж байна. Иймд хэргийг үнэн зөв шийдвэрлэж өгнө үү.” гэх мэдүүлэг,
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дахь тал/,
- Хохирогч Ч.Нийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... 2022 оны 02 дугаар сарын 06-ны орой 22, 23 цагийн үед найз залуу болон түүний найзууд Төгсөө, Жавхаа бид 4 уулзсан. Нэг хэсэг найзууд дуудаад байхаар нь бид 4 очих гээд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Парис бааранд орж найзуудтай нь хамт суусан... Тэгээд би Төгсөөгийнх нь эрэгтэй найзтай хамт бүжиглэсэн. А.Э намайг надад хандаж чи Давдайтай яаж бүжиглэдэг гэнээ гичий минь ээ гэж хэлэнгүүтээ намайг зодож эхэлсэн. Тухайн үед миний өмсөж явсан цагаан өнгийн куртик бүхэлдээ цус болсон байсан. А.Э нь 2 гараараа миний нүүр рүү ихэвчлэн их олон удаа цохисон. Зодуулж байхад миний хамар амнаас цус гарч байсан. Тэр буудлын өрөөнд А.Э бид хоёроос өөр хэн ч байгаагүй. А.Э намайг зодож байгаад 00-ын өрөө рүү ороход нь би буудлын өрөөнөөс гарч зугтаагаад ресейпшний арын өрөөнд нь орж А.Эын явах хүртэл нь нуугдаж байсан. Тэгээд А.Эыг гараад явсны дараа би гараад шууд такси бариад жолоочийн гар утаснаас цагдаа руу дуудлага мэдээлэл өгсөн... гомдолтой байна, одоогийн байдлаар толгойн КТГ зураг авахуулах шаардлагатай байна... Би маш их гомдолтой байгаа бөгөөд тухайн үедээ мөнгөний асуудал болоод эмнэлэгт үзүүлж чадаагүй, одоо миний эрүүнд хатуу зүйл байгаа байгаа арилахгүй, эвшээхээр чихээр хатгаж өвдөж байгаа, дээд, доод шүдээ нийлүүлж чадахгүй байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-15 дахь тал/,
- Гэрч Б.Оийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Жавхаагийн гэрт А.Э ах, Ч.Нэ бид 4 пиво уугаад сууж байгаад баар орохоор болж бид 4 Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Парис нэртэй бааранд орж үргэлжлүүлж пиво уусан. ...Тэгээд Ч.Нэ нь буйдан дээр унтаж байсан чинь А.Э нь Ч.Нийг унтуулахаар аваад гарсан юм. Тэгсэн Жавхаа Ч.Нийг согтсон байсан учир гар утсаа хаячихна гээд өөрт аваад хадгалсан байсан, удалгүй Ч.Нэ өөрийнхөө гар утас руу залгаад цагдаа дээр байна гэж хэлэхээр нь би болон Жавхаа бид хоёр хүрч ирээд гар утсыг өгсөн. Тэр үед нүүр нь хөхөрч, хавдсан байсан бөгөөд А.Э ахад зодуулсан гэж хэлж байсан юм. Парис баарнаас А.Э ах өргөөд гарсан юм. Гэхдээ тэр үед Ч.Ний нүүрэнд ямар нэгэн гэмтэл учруулаагүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дахь тал/,
- Гэрч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдөр найз Отгонтөгс, А.Э, Ч.Нэ нартай Офицерын тэнд уулзаад юм ярьж сууж байгаад манай гэр болох Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо 87 дугаар байрны 34 тоотод очиж пиво уусан, улмаар бид нар Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Парис нэртэй бааранд очсон юм. Тухайн бааранд бид нар пиво аваад ууж байсан чинь Ч.Нэ нь үл таних эмэгтэй хүнтэй маргалдаж байгаад газарт түлхэгдэж унасан... Тэгтэл А.Э нь Ч.Нийг аваад гарсан бөгөөд Отгонтөгс бид хоёр байж байсан чинь Ч.Нэ өөрийнхөө гар утас руу залгаад би аваад ярьсан чинь Цагдаагийн хэлтэс дээр байна гэж хэлэхээр нь би ирээд гар утсыг нь ирж өгчхөөд гэр рүүгээ буцаад явсан юм. Цагдаагийн хэлтэс дээр ирэхэд Ч.Нэ нь нүүр хөхөрч, хавдсан байдалтай байсан, тэр үедээ Ч.Нэ нь А.Эт зодуулсан гэж хэлж байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дэх тал/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2663 дугаартай: “...Дүгнэлт
1. Ч.Нийн биед тархи доргилт, доод уруулд шарх, цус хуралт, зүүн завжинд шарх, баруун нүдний дээд зовхи, доод зовхи, зүүн нүдний дээд зовхи, баруун шуу, баруун гарын эрхий хуруу, зүүн шуу, зүүн сарвуу, нуруу, зүүн шуу, зүүн өвдөг, баруун өвдөг, зүүн өгзөгт цус хуралт, хамар, хүзүүнд зулгаралт, эрүүнд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.
3. Хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 34-35 дахь тал/ зэрэг нотлох баримтууд болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.
Иймд шүүгдэгч А.Эыг 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 07-ны өдөрт шилжих шөнийн 02 цагийн орчим Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сансар” нэртэй зочид буудлын өрөөнд найз охин болох хохирогч Ч.Нийг “бусадтай бүжиглэлээ” гэж хардаж хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохих зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь тархи доргилт, доод уруулд шарх, цус хуралт, зүүн завжинд шарх, баруун нүдний дээд зовхи, доод зовхи, зүүн нүдний дээд зовхи, баруун шуу, баруун гарын эрхий хуруу, зүүн шуу, зүүн сарвуу, нуруу, зүүн шуу, зүүн өвдөг, баруун өвдөг, зүүн өгзөгт цус хуралт, хамар, хүзүүнд зулгаралт, эрүүнд цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:
Шүүгдэгч А.Эт хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно. Шүүх шударга ёсны зарчмыг баримтлан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Хохирлын талаар:
Хохирогч Ч.Нэ нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаарх нотлох баримт хавтаст хэрэгт гаргаж өгөөгүй байх тул тэрээр гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч А.Э нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж шүүх шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.Э нь цагдан хоригдсон хоноггүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. А.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар А.Эт 1.000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 (нэг сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Э нь 1.000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 (нэг сая) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар А.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, А.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч Ч.Нэ нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол А.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР