Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/864

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүгдэгч Т.П,

нарийн бичгийн дарга Д.Нямсүрэн,

улсын яллагч М.Ариунцэцэг /томилолт/,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Мандал нарыг оролцуулан эрүүгийн 2106 02159 0823 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Т.П, 1977 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, өрлөг угсралт мэргэжилтэй, хувиараа барилгын ажил хийдэг, *********** тоотод оршин сууж байгаа, урьд 1997 онд 3 жилийн хорих ялаар, 1998 онд 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2003 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Баянгол дүүргийн шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 187 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12, 91.2.15 дахь заалтад зааснаар 20 жилийн хорих ялаар, мөн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сар хорих ялаар, оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт 22 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 2 жил 3 cap 6 хоногийн хугацааны өмнө тэнсэн суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, /РД: *******************/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.П нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, УС15-ын **** тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Д.Эын нүүр, толгойн тус газарт цохиж, биеийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн дүгнэлт:

Хавтас хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд болон оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Т.П нь хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

 

- Шүүгдэгч Т.Пгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ харамсаж байна. Хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү” гэх мэдүүлэг,

 

- Хохирогч Д.Эын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр ...найз Шаравжамц залгаад өчигдөр архи уусан шартаад байна, чи хаагуур байна, боломж байвал ганц архи аваад ирээрэй гэхээр нь би хаана байгаа юм гээд асуутал Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо УС-15-д айлын байранд засвар хийж байна гэхээр нь би ганц юм аваад очихоор болоод 0,75 литрийн архи аваад байрных нь гадаа ирээд Шаравжамц руу залгаад найз нь ирчихлээ гээд хэлтэл Шаравжамц намайг байрныхаа гадаа гарч ирээд тоссон. Тэгээд Шаравжамцыг дагаад 5 давхарт засаж байгаад өрөөнд нь ортол миний зүс таних Т.П гэх залуу эрүүл сууж байсан. Тэгээд бид 3 архиа уугаад ахиад 2 шил архи нэмж авч уусан. Ууж байтал Т.П надтай маргалдаж байхад Шаравжамц тасраад унтаж байсан. Би Т.Пгийн өмнөөс нь үг сөрөөд бид 2 маргалдаж байтал Т.П архины шил аваад миний толгой хэсэг рүү цохиж миний толгойг хагалаад модоо миний ам руу цохиод толгой тархи нүүрэн хэсэг рүү олон удаа цохисон. ...Т.П нь архи уусан байсан учир агсам тавихаар нь би зөрүүлээд маргалдтал намайг архины шилээр толгой руу цохиж зодох болсон...миний толгой хагарсан, зүүн талын чихний ар талд зүсэгдэж оёо тавиулсан. Нүүр хавдсан, цээж болон хэвлий хэсэгт хөхөрч цус хурсан байсан. өөр ил харагдах гэмтэл шарх үүсээгүй. ...шинжээчийн дүгнэлттэй санал нийлж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 16 дахь тал/,

 

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 6090 дугаартай: “...Дүгнэлт

1. Д.Эын биед тархи доргилт, зүүн чихний дэлбэнгийн ар талд хөхлөг сэртэн, зулайн хуйханд няцарсан шарх, баруун дээд 5-р шүдний булгарал, тагнайн салстын шарх, хуулрал, зүүн талын чихний ойролцоох, эрүүн доорх шүлсний булчирхай, жигүүрийн дунд булчингийн үрэвсэл, нүүрний зүүн талын мэдрэлийн цочмог үрэвсэл, зовхи унжилт, баруун бугалга, цээжинд цус хуралт, хэвлийд зулгаралт, зүүн дал, бүсэлхийд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Нэг шүдний булгарал нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад 5% нөлөөлнө. Харин нүүрний зүүн талын мэдрэлийн цочмог үрэвсэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 45-47 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Т.П нь 2009 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Баянгол дүүргийн шүүхийн 187 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12, 91.2.15 дахь заалтад зааснаар 20 жилийн хорих ялаар, мөн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сар хорих ялаар, оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт 22 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 2 жил 3 cap 6 хоногийн хугацааны өмнө тэнсэн суллагдсан байна.

Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Тулгар төр байгуулгагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж, 2021 он 07 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилжээ.

2021 он Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн 6.12 дугаар зүйлд заасан хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоосон хугацаа, 7.3, 7.6, 8.6 дугаар зүйлд заасан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах болон 8.7 дугаар зүйлд заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээний хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгоно гэж заасан байх тул шүүгдэгч Т.Пгийн хугацааны өмнө тэнсэн сулласан хугацааг тус хуульд хамрагдсан гэж шүүх дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.  

 

Иймд шүүгдэгч Т.Пг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, УС15-ын **** тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Д.Эын нүүр, толгойн тус газарт цохиж, биеийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:

Шүүх шүүгдэгч Т.Пд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар болон хувийн байдлыг нь харгалзан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв. 

           

Бусад асуудлын талаар:

Энэ хэргийн улмаас хохирогч Д.Э нь хохирол төлбөр нэхэмжилсэн баримтаа хэрэгт гаргаж өгөөгүй бөгөөд хохирогч Д.Э нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.

Шүүгдэгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд төлөх төлбөргүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Т.Пг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Пд 350 /гурван           зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Т.Пд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.П нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Т.П нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Т.Пд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                    

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР