| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дулмаагийн Оюундарь |
| Хэргийн индекс | 135/2017/01092/И |
| Дугаар | 135/шш2018/00300 |
| Огноо | 2018-03-12 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 135/шш2018/00300
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:135/2017/01092/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* өөрийн байр, ******* /Утас: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* тоотод оршин суух ******* овгийн ******* ******* /Утас: *******/-д холбогдох
8,700,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, Орон сууц захиалгын гэрээ ноцтой зөрчигдсөнөөс үүдэн гарсан зардал болох 9,552,647 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Тэрбиш, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
...*******-ийн барьж ашиглалтанд оруулсан ******* тоот 3 өрөө орон сууцыг 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдөр дугаар 33 тоот Орон сууц захиралгаар барих гэрээ байгуулж 1 мкв-г 1.300.000 төгрөгөөр буюу 74.77 мкв байрыг 97.157.000 төгрөгөөр худалдан авахараар харилцан тохиролцож гэрээ байгуулсан болно. Гэвч 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 33 тоот гэрээний хавсралтанд заасны дагуу төлөлт хийхгүй гэрээний үүргээ ноцтой зөрчиж төлбөрөө төлөхгүй байна. Иймд 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж төлөөгүй байгаа орон сууцны төлбөрийн үлдэгдэл болох 5.700.000 төгрөгийг иргэн С.*******аас гаргуулж өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Тэрбиш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Орон сууцны төлбөр болох 5,800,000 төгрөг төлөгдөөгүй. Түүнд нь алданги тооцсон бөгөөд эдгээр нь нийлээд 8,700,000 төгрөгийг С.*******аас гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Манай байгууллагын зүгээс 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын актаар ******* орон сууцаа хүлээлгэн өгсөн. С.******* нь *******-ийн барьж ашиглалтад оруулсан ******* тоот 3 өрөө орон сууцыг 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 33 тоот орон сууц захиалгаар барих гэрээний дагуу худалдан авсан. Тухайн үед байрны м2-ын үнийг 1.300.000 төгрөгөөр тохиролцсон тул хариуцагч тал 97,157,000 төгрөгөөр орон сууц худалдан авахаар болж гэрээ байгуулагдсан. Гэтэл орон сууц захиалагч нь 33 дугаартай зээлийн гэрээний хавсралтын дагуу төлөлтөө хийгээгүй буюу гэрээний үүргээ зөрчсөн. Гэрээний хавсралтад зааснаар орон сууцны төлбөр 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр төлөгдөж дуусахаар байсан. Захиалагч тал 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан гэрээний үүргээ ноцтой зөрчиж үлдэгдэл төлбөр 5.800.000 төгрөгийг төлөөгүй. Орон сууц захиалгаар барих гэрээний талууд нь байгуулсан гэрээний 6.2-т зааснаар 4.7-д заасан үүргээ биелүүлээгүй, 45 хоногоос хэтэрсэн бол хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1%-тай тэнцэх хэмжээний алданги нэхэмжилсэн. Бидний нэхэмжилж буй алдангийг тооцоход 3.800.000 төгрөг гарсан. Алданги нь төлөгдөх үнийн дүнгээс хэтрэхгүй гэж хуульд заасан байдаг учраас алдангид 2.900.000 төгрөг тооцсон гэв. Хариуцагч тал 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 6,300,000 төгрөгийн үлдэгдэл байсан бөгөөд 2016 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр 500.000 төгрөг төлсөн. Үүнээс хойш дахин төлөлт хийгээгүй. Энэ нь *******-ийн харилцагчийн гүйлгээ хэсгээс харагдана. 2016 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар орон сууцны үлдэгдэл төлбөр 5.800.000 төгрөг байсан. Гэрээнд заасан төлөлт хийх сүүлийн хугацаа нь 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдөр байсан. Өнөөдрийг хүртэл 5.800.000 төгрөгөөс төлөлт хийгдээгүй учраас гэрээний 6.2-т заасны дагуу 5.800.000 төгрөгөөс алданги тооцсон. гэжээ.
Хариуцагч С.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би тус компанитай анх 2013 оны 06 сард Орон сууц захиалгаар барих гэрээ байгуулж ******* тоот 3 өрөө 69,89 мкв байрыг худалдан авсан юм. Гэтэл тус байр нь гэрээнд заасан талбайн хэмжээндээ хүрэхгүй 8,78 мкв талбай дутаж тус компани нь Орон сууц захиалгаар барих гэрээний ерөнхий нөхцөлөө ноцтой зөрчсөн. Энэ ноцтой зөрчлөөс болж бүх асуудлууд ундран гарч ирсэн. Бид энэ их олон метр квадратын зөрүүтэй байрыг 11,414,000 төгрөгийг илүү төлж худалдаж авсан байна гэдэг асуудлыг тавихад ******* тоот 3 өрөө байрыг сольж авах саналыг тус компани тавьсан. Бид 8,78 мкв талбай дутуу 11,414,000 төгрөгөөр хохирч үлдэхгүйн тулд аргагүй ******* тоот руу нүүж орсон. ...Тус компани гэрээний дээрх 4 заалтыг өөрсдөө ноцтой зөрчсөний улмаас бидэнд бөөн чирэгдэл үүсч дахин 2 дахь удаагаа гэрээ хийгдэж засагдаж явж байна гэж ойлгон асуудлыг аль болох тус компани руу буруугаа чихэхгүй явж байтал алданги мөнгө нэхэж байгаа бол бид тус компанитай байгуулсан Орон сууц захиалгаар барих гэрээгээ цуцалж, байрыг нь хүлээлгэн өгөх хүсэлт гаргаж байна. Бидний буруутай үйл ажиллагаанаас үүдэн гарч ирээгүй тус компани анхны гэрээгээ биелүүлээгүй ноцтой зөрчсөний улмаас бид тус компанид төлсөн байрны мөнгөнөөсөө гадна энэ 4 жилийн хугацаанд нийт 28,932,803 төгрөгийн зардал гаргаж хохирчихоод байна. Түүнээс биш бид тус компанийг алдагдалд оруулаагүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна. Тус компанийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Манайх 2013 оны 6 сард анх *******-ийн эхний байрнаас 69.89 м2 талбай бүхий 3 өрөө орон сууц авахаар гэрээ байгуулсан. Энэ гэрээ анхнаасаа зөрчигдсөнөөс болоод ******* нь 2015 онд 69,89 м2 талбайтай байрыг сүүлд ашиглалтад 48 дугаар байрнаас сольж авахыг санал болгосон. Манайхыг орон сууц авахад талбайн хэмжээ дээр 9 м2 талбай дутсан бөгөөд уг дутсан талбай дээр 11,414,000 төгрөгийг манайх илүү төлсөн байсан. Тухайн үед *******-ийн ерөнхий захирал Анхбаяр нь биднийг хүлээж аваад м2 дутсан байна. ******* тоот нь 2 өрөө байраар зураг төсөлд тусгагдсан. Энэ байр нь 100,000,000 төгрөг болж байсан. Манайх 2013 онд 100,000,000 төгрөгөөр орон сууц худалдан авах боломжгүй байсан учраас нэхэмжлэгч тал хана өрж 3 өрөө байр болгосон. Гэрээний 3.1 дэх заалтыг нэхэмжлэгч тал зөрчсөн. Гэрээний 3.1-т батлагдсан зураг төслийн дагуу Барилгын тухай хууль, барилгын норм ба дүрэм, чанар стандартад барьж захиалагчид хүлээлгэн өгнө гэх заалт байсан. Үүнийг зөрчсөнөөс болж маргаан үүссэн. ******* нь орон сууц захиалгын гэрээний 3.3-т заасан хуучин орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний нэршлийг шилжүүлэхтэй холбоо зардлыг бүрэн хариуцна гэж заасныг зөрчсөн. Манайх орон сууц худалдан авах үедээ төлбөрийг бүрэн төлөх боломжгүй байсан учраас урьдчилгаа төлбөрөө төлөөд банкны 8%-ийн зээлд хамрагдсан. Гэтэл банк м2 зөрүүтэй болж маргаан үүссэн гэдгийг мэдсэн учраас барьцаа өөрчлөх хүсэлт тавьсан. Тиймээс зээлийн хорооны шийдвэрээр аль аль талынхаа эрсдлийг тооцож барьцаан дахь орон сууцыг сольж өгөхөөр болсон. Үл хөдлөх хөрөнгийн барьцаа байсан байрыг чөлөөлж шинэ байрыг барьцаалуулах гэхэд банкны талаас биш зээлдэгч талаас гарч байгаа асуудал учраас банк бэлэн мөнгөний шимтгэл бусад зардлыг манайхаар төлүүлж барьцааг өөрчилж өгсөн. Тэр үед орон сууц захиалгын гэрээний 3.3-т зааснаар гарсан зардлыг ******* хариуцахаар заасан хэдий ч гарсан зардлыг төлөөгүй буюу гэрээний тус заалтыг зөрчсөн. Мөн орон сууц захиалгын гэрээний 3.7 гүйцэтгэгч нь орон сууцны дотоод буюу өрөөний, инженерийн шугамыг өөрчлөхтэй холбоотой асуудлын талаарх мэдээллээр захиалагчийг хангана гэж заасан. Гэвч нэхэмжлэгч тал биднийг ямар нэгэн мэдээллээр хангаагүй. ******* нь батлагдсан зураг төслөө өөрчилсөн хэрнээ түүнийгээ танилцуулахгүйгээр анхны зураг төсөлд зурагдсан 69,89 гэх м2-аар манайд байраа худалдсан. Захиалагч нарын хувьд илүү төлсөн 11,114,000 төгрөгийг 2,1 жилээр банкны хүү тооцоход 1,915,552 төгрөгийг илүү төлсөн. Тиймээс нэхэмжлэгч талд асуудал гарлаа гэж хэлж байсан юм. Тухайн үед ******* солих гэж байгаа орон сууц 74.77 м2, анхны захиалгын орон сууцны 69,89 м2 талбайгаас үүссэн зөрүү мөнгө дээр график тогтоож төлье гээд гэрээнд гарын үсэг зурсан. Гэтэл манайх байр солихтой холбоотой гарсан төлбөрийг төлж байсан. Мөн миний хувьд маргаантай холбоотой асуудлаараа *******-ийн төв дээр хүсэлтээ өгч байсан. Манайх шинэ байранд ороход хуучин байранд хийлгэсэн тавилгыг шинэ байранд ашиглах боломжгүй байсан учраас дахин тавилга хийлгэсэн. Учир нь байр сольж нүүхэд тавилга элэгдэж дахин хэрэглэх боломжгүй болсон. Манайх шкаф болон гал тогооны тавилга хийхэд илүү хохирол амссан. Манай талаас орон сууцны төлбөрт эхлээд 500.000 төгрөгийг төлсөн. Дараа нь нэхэмжлэгч талыг анхны гэрээг зөрчсөнөөс болж манайд зардал гарч байна. Тиймээс тэр зардлыг хасч өгнө үү гэх өргөдлийг 3 удаа өгсөн. Нэхэмжлэгч талыг уг баримтыг гаргаж өгнө үү гэхэд өөр баримт гаргаж өгсөн байсан учраас өөрт байсан нэг хувь өргөдлөө нотлох баримтаар гаргаж өгсөн. Өргөдөл өгч байх үед Тэрбиш өмгөөлөгч өөрөө байсан. Мөн Тэрбиш өмгөөлөгчид байр сольж нүүхэд 5,800,000 төгрөгөөс илүү зардал гарсан гэдгийг хэлэхэд өмгөөлөгч би захиралдаа танилцуулчихаад дуудаж уулзъя гэж хэлсэн. Гэхдээ биднийг дуудаж уулзаагүй явсаар 2 жил гарангийн хугацаа өнгөрч байна. Манайх илүү зардал гарч байгаа учраас түүнийгээ байрны үлдэгдэл төлбөрт тооцсон гэж бодсон. Нэхэмжлэгч тал юм хэлэхгүй явсаар бидэнд холбогдуулж нэхэмжлэл гаргасан учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. гэжээ.
Хариуцагч С.******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би тус компанитай анх 2013 оны 6 сард Орон сууц захиалгаар барих гэрээ байгуулж, ******* тоот 3 өрөө 69,89 мкв байрыг худалдан авсан юм. Гэтэл тус байр нь гэрээнд заасан талбайн хэмжээнд хүрэхгүй 8,78 мкв талбай дутаж тус компани нь Орон сууц захиалгаар барих гэрээний ерөнхий нөхцөлөө ноцтой зөрчсөн. Энэ ноцтой зөрчлөөс болж бүх асуудлууд гарч ирсэн. Иймд бид сөрөг нэхэмжлэл гаргаж тус компанид 8,78 мкв-ын үнэ болох 11,414,000 төгрөгийг илүү төлж байр худалдаж авсан ба энэ илүү төлсөн 11,414,000 төгрөгөнд 2,1 жилийн хугацаанд банкны хүүнд л гэхэд 1,917,552 төгрөгийг төлсөн байна. Энэ 213.07.01-ээс 2015.08.12-ны өдөр хүртэл илүү төлсөн мөнгөний 2 жил 1 сарын хугацаанд төлсөн банкны хүү болоод өмнө шүүхэд өгсөн тайлбарт дурдсан зарим зардлуудаа тус компаниас нэхэмжилж байна. Бид тус компани гэрээгээ ноцтой зөрчсөнөөс болж 2013 оноос хойш тус компанид төлсөн байрны мөнгөнөөс гадна нийт 9,552,647 төгрөгийн зардал гаргаж хохирчихоод байна. Ийд *******-иас 9,552,647 төгрөгийг гаргуулж өгнө үү. ******* нь манай орон сууцанд бараг 9 м2 талбайн зөрүү гаргасан. Метр квадратын зөрүүгүй байрыг манайд өгсөн гэж бодсон учраас шинжээч томилуулъя гэж бодоогүй. Мөн орон байртай холбоотой маргаан үүсгээд яахав гэж бодсон учраас шинэ орон сууцандаа орсон. Гэхдээ *******-г шүүх дээр маргаан үүсгэхэд бидний итгэл багассан учраас дахин шинжээч томилуулахад орон сууцны талбайн хэмжээнд дахин 5,02 м2 талбайн зөрүү гарсан. Сөрөг нэхэмжлэлээр гарсан бүх гарсан зардлаа нэхэмжилсэн. Орон сууцны зээлийг манай талаас хоёр удаа хөөцөлдөхдөө 1 хувийн шимтгэл 605.660 төгрөг, өргөдлийн хураамж 15.000 төгрөг, байр худалдан авахад үл хөдлөх хөрөнгө дээр гарсан зардал 30.253 төгрөг, улсын бүртгэлийн үйлчилгээний хураамж 29.200 төгрөг, үйлчилгээний хураамж 3.000 төгрөг төлсөн. Манай гэрээ 2015 онд Улсын бүртгэлийн хэлтэст шилжигдсэн. 2016 оны 8 дугаар сард дахин хураамж өгсөн байдаг. Учир нь надад 2013 оны гэрээ, байр солих 2015 оны гэрээ зэрэг нийт 3 гэрээ байгаа. Мөн ипотекийн 8%-ийн зээлийг 5%-руу шилжүүлэхийн тулд дахин хураамжийг банкинд төлсөн байдаг. Тухайн үед нотариатын 100.000 төгрөгийн зардал гарсан. Дутуу м2 дээр төлсөн 11,114,000 төгрөгийн 2.1 жилийн хүү 1,917,552 төгрөг, 958,776 төгрөгийн алданги гарч байгаа. Тавилгатай холбоотойгоор 2,000,000 төгрөг, 1,850,000 төгрөгийн зардал гарсан. Өмнөх авсан байранд хэмжилт хийлгэхэд 105,000 төгрөгийн зардал гарсан. Өмнөх байр балконы хаалттай байсан. Сүүлд сольж орсон 48 дугаар байр нь балконы хаалтгүй байсан. Манай талаас нэхэмжлэгч талд балконы хаалтгүй байна гэдэг шаардлага тавихад хийж өгнө гэж хэлчихээд хийж өгөөгүй. Балконы хаалтыг 758,000 төгрөгийн зардал хийлгэхээр байгаа. Тэрийг мөн гаргуулж балконы хаалт хийлгэмээр байна. гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2013 он 2015 онд байгуулсан гэрээ дээр талуудын хариуцлагын асуудал яригдана. Хариуцагчийн хэлж байгаа нь үнэн. 69 м2 байр авахад яагаад дахин байрыг сольж гэрээ байгуулахаар болсон бэ? тохиролцоод 3 өрөө байр гэсэн. 2 өрөө байр өгөхөд 8м2 талбай зөрсөн. Иргэний хуулийн 253 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгч тал өөрийн гаргасан доголдлыг хүлээн зөвшөөрсөн. Мөн үүрэгтэй гэсний дагуу мөн хуулийн 253 дугаар зүйлийн 253.1-т зааснаар байрыг сольж мөнгөө тохиролцсон. Нэхэмжлэгч тал өөрсдөө доголдол гаргасан. Би хүлээн зөвшөөрөхгүй байна гэдгийг нэхэмжлэгч тал гаргаагүй. Хэдийгээр шинжээчийн дүгнэлт гарахад тусгай зөвшөөрлийн талаар ярьж байгаа боловч нэхэмжлэгч тал өөрсдөө талбайн хэмжээ дээр зөрүү гаргаж зөрчил гаргаж байгаа. Нэхэмжлэгч тал хүний эрх ашгийн талаас ярихгүй зөвхөн бизнесийн талаас нь тайлбар хийж ярьж байна. Нэхэмжлэгч тал доголдол гаргасан учраас дахин гэрээ байгуулсан. Хариуцагч тал банктай гэрээ байгуулах, дахин тавилга хийлгэх, талбайн хэмжилт хийхэд зардал гаргасан. Зардал гарсан учраас сөрөг нэхэмжлэл гаргасан. Иргэний хуулийн 253 дугаар зүйлд заасан доголдол гарсан учраас 2-3 удаа гэрээ байгуулах болсон. Мөн хуулийн 253 дугаар зүйлийн 253.2-т Энэ хуулийн 253.1-д зааснаар доголдлыг арилгахтай холбогдсон /ачих, тээвэрлэх, гүйцэтгэсэн ажлын хөлс, зарцуулсан материалын үнэ гэх мэт/ зардлыг худалдагч хариуцна гэж заасан. Талуудын байгуулсан гэрээний улмаас учирсан хохирол үр дагаврыг нэг тал хариуцна гэж мөн хуулийн 219 дүгээр зүйл, 261 зүйлд тус тус заасан байгаа. Гэрээтэй байх эсэх нь хамааралгүй. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан. *******-иас болж гэм хорын хохирол гарсан. Хариуцагчийн тайлбарыг дэмжиж байна. Гэрээнээс үүссэн хохирлыг нэхэмжлэгч тал хариуцах ёстой. Иргэний хуулийн 253 дугаар зүйл, 261 дүгээр зүйл, 219 дүгээр зүйлд заасны дагуу нэхэмжлэгч талаас 9,552,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Тэрбиш шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Сөрөг нэхэмжлэлийн 9,552,647 төгрөгийн шаардлага нь 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гаргасан байна. Сөрөг нэхэмжлэлд хариуцагч нарын одоо амьдарч байгаа Дархан-Уул аймаг, Дархан сум 14 дүгээр баг 2 хороолол 48 дугаар байрны 74,77 м2 байрнаас 5,2 зөрүү гарч 6,539,000 төгрөг нэхэмжилж байна. Энэ нь бусад зардалтай 9,552,647 төгрөг болсон гэж байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан огноо болон шинжээчийн дүгнэлтийн огноо зөрч байна. Ингэж гаргаж ирсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Сөрөг нэхэмжлэл гарсны дараа шинжээчийн дүгнэлт хийсэн. Сөрөг нэхэмжлэлийн дотор 6,539,000 төгрөгийг оруулж байгаа нь Дархан-Уул аймаг Дархан сум 16 дугаар баг 1 дүгээр хороолол 8 байр 34 тоотод байрладаг *******-ийн гаргасан дүгнэлт нь хуульд нийцэхгүй байна. Орон сууцны талбайн хэмжээг тооцох стандартыг барьсан. Стандарт дээр маргахгүй. Харин Барилга хот байгуулалтын яамны тусгай зөвшөөрлийг 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 3 жилийн хугацаатай олгосон бөгөөд энэ нь хавсралт болон гэрээний хамт хүчинтэй гэсэн байна. Гэтэл уг компани дүгнэлт гаргахдаа гэрээ болон хавсралтыг оруулаагүй байна. Барилга хот байгуулалтын яамны барилгын хөгжлийн төвийн 1/141 дугаартай албан бичигт Төрийн захиргааны төв байгууллагаас олгодог тусгай зөвшөөрөл нь гэрээ болон хавсралтын хамт хүчинтэй байдаг. Учир нь барилга хот байгуулалтын сайдын журам шинэчилсэн батлах тухай 2013 оны 89 дүгээр тушаалд зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй байгуулах гэрээнд тодорхой асуудлыг тусгасан бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигч энэхүү гэрээний дагуу эрх эдэлж, үүрэг хүлээх мөн хариуцлагын асуудлыг тусгасан байдаг. Иймд энэхүү гэрээ нь хууль зүйн хүчин төгөлдөр юм. гэсэн байна. Шинжээчийн дүгнэлт нь энэ шаардлагыг хангахгүй байна. ******* нь дүгнэлт гаргахдаа гэрээ болон хавсралтыг шинжилгээ хийсэн байгууллага гаргаж өгөөгүй. 2013 оны 6 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан 62 дугаартай гэрээтэй холбоотой асуудлыг хуулийн дагуу шийдээд явах боломж нь байсан. Гэтэл хариуцагч тал эрхээ эдэлж *******-ийн ******* хандаж байгуулсан 33 дугаартай гэрээний 2.1-т 3 өрөө байрыг худалдах үнэ 104,678,000 төгрөг үүнээс 7,521,000 төгрөгийг захиалагчид урамшууллаар хөнгөлж худалдаж байна гэж заасан. Талууд м2 зөрүүтэй байна гэдгийг ярилцаад дараагийн байрны үнийн үндсэн төлбөрөөс 7,521,000 төгрөгийг хасч байрыг худалдсан байна. Захиалагч тал 90,857,000 төгрөгөөр сүүлийн байраа авсан. Уг үнийг нь худалдагч болон худалдан авагч тал харилцан тохиролцсон гэж үзэж байна. Хариуцагч талын сүүлд авсан байрыг анх авсан үнээр нь үнэлсэн. Захиалагч талыг байрандаа жил гарангийн хугацаанд амьдарсны дараа гэрээ байгуулсан. Байрны үлдэгдэл 6,300,000 төгрөг үлдсэн гэдгийг гэрээний хавсралтад тодорхой заасан. 5 дугаар сарын 28-ны өдөр хуучин орон сууцны үнэ 94%, үүнээс хойш 12 удаагийн төлөлтийг сарын 525,000 төгрөгөөр төлөхөөр хуваарь гаргаж харилцан тохиролцож ******* гарын үсэг зурж иргэний үнэмлэхийн хуулбарын лавлагааг хавсаргасан. Энэ гэрээ хүчин төгөлдөр учраас сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мкв зөрчсөн эсэхийг одоо ярих нь хуульд нийцэхгүй. Барилгыг улсын комисс хүлээн авснаас хойш хөөн хэлэлцэх хугацааны 3 жилийн хугацаа дуусгавар болсон. Гэрээ байгуулахаасаа өмнө м2 зөрүүтэй холбоотойгоор шүүхэд хандах боломжтой байсан. Хуучин гэрээтэй холбоотой зардлууд нь талуудын хооронд байгуулагдсан гэрээнд ямар нэгэн байдлаар тусгагдаагүй. Энэ бол зөвхөн үл хөдлөх эд хөрөнгийг худалдах худалдан авахаар зохицуулсан гэрээ. 62 дугаартай гэрээ нь дуусгавар болсон. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргахад гэрээ дуусгавар болсон байна. Тухайн үедээ захиалагч талд м2-ийн зөрүү дээр маргах эрх нь байсан. Гэрээг С.*******ын саналаар байгуулсан. Гэрээ дуусгавар болсон, мөн захиалагч талын нэхэмжилж буй зардлын талаар гэрээнд тусгаагүй. 48 дугаар байранд 5,02 м2 зөрүү гарсан гэх 6.539.000 төгрөгийн хувьд хариу үйлдэл хийсэн учраас нэхэмжлэл гаргах эрхээ алдсан. Мөн хуульд заасан үндэслэлээр ******* дүгнэлт гаргаагүй. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор хариуцагч тал тайлбар өгсөн. Гэхдээ би 5,800,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар нь тайлбар сонссонгүй. Мөн 2015 оны гэрээтэй холбоотой асуудлаар тайлбар хэлээгүй. Хариуцагч тал 5,800,000 төгрөгийг ямар учраас төлөхгүй байсан бэ гэдэгтэй холбоотойгоор тайлбар хийхдээ тухайн үед 500.000 төлсөн гэж хэлсэн. Орон сууцны үлдэгдэл төлбөр төлөгдөхгүй явсаар байгаад 2016 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр 500.000 төгрөг төлөгдсөн. Уг төлөлт хийгдсэнээс 4 сарын дараа гэрээний хугацаа дууссан. Байрны гэрчилгээ хариуцагч талд гарсан. 2013 оны гэрээний хувьд ямар нэгэн маргаангүйгээр 2015 оны гэрээ хийгдсэн. Тус гэрээ нь *******-ийн санаачилгаар хийгдээгүй. Гэрээний 3.3-т гүйцэтгэгч нь захиалагчийг орон сууцны өмчлөх эрхээ баталгаажуулахад гүйцэтгэгчийн зүгээс шаардлагатай бүрдүүлбэр зохих бичиг баримтыг захиалагч орон сууцны төлбөрөө бүрэн төлсөн тохиолдолд өгөх үүрэгтэй гэж заасан. Уг заалт дээр захиалагчийг гэрчилгээ авахад ******* мөнгө төлнө гэж заагаагүй. Гэрээний 3.7-д захиалагч нь төлбөр төлөх хугацааг 15 хоногоос дээш хугацаагаар хэтрүүлсэн бол гүйцэтгэгч энэ талаар 2 удаа сануулна гэсэн. Энэ нь захиалагчтай холбоотой заалт. Үүнийг гүйцэтгэгч талтай холбогдуулах нь хуульд нийцэхгүй байна. гэжээ.ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *******-ийн хариуцагч С.*******д холбогдуулан 8,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Орон сууц захиалгаар барих гэрээний үлдэгдэл төлбөр 5,800,000 төгрөг алданги 2,900,000 төгрөг нийт 8,700,000 төгрөг гаргуулна гэж хариуцагч С.******* шүүхэд гаргасан хариу тайлбар, итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа ...2013 оны 06 дугаар сард худалдан авсан 8.78 мкв дутсанаас байр сольж нүүж орсноос бөөн чирэгдэл үүсч зардал гарч, нүүж орсон байр бас мкв дутсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, 2 ч гэрээ байгаа, банкинд байгаа гэрээнд өөр заалт байгаа гэж маргаж байгаа болно.
Нэхэмжлэгч тал 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Орон сууц захиалгаар барих 33 тоот гэрээний 2.3-т зааснаар орон сууцны зөрүү төлбөр 6,300,000 төгрөгийг хавсралт 1-ээр тохирсон хугацаанд төлөөгүйгээс төлбөр, алданги шаардаж байгаа бөгөөд хариуцагч тал бид нарт байгаа гэрээнд 6,300,000 төгрөг төлөх талаар байгуулсан гэрээ байхгүй гэсэн атлаа уг хавсралтад зааснаар эхний төлөлтийг төлсөн талаар маргаангүй, тус компанид орон сууц сольсноос гарсан зардлын талаар шийдвэрлүүлэхээр удаа дараа хандаж байсан, хариу өгөөгүй тул харилцан тооцсон байх гээд төлөлт хийгээгүй гэж тайлбарлан сольж орсон орон сууц ч мкв зөрүүтэй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа нь үндэслэлтэй байна.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Орон сууц захиалгаар барих 33 тоот гэрээг Орон сууцны ипотекийн зээлийн гэрээний барьцааны зүйл солих үед банкинд хүргүүлсэн гэрээ гэж тайлбарлаж байгаа болно.
Хариуцагч С.*******ын хувьд одоогийн амьдарч буй орон сууцыг тус компаниас өмнө нь гэрээгээр хүлээн авсан орон сууц доголдолтой байснаас 2 жилийн дараа сольж орж байгаа нь доголдолгүй орон сууцыг худалдан авах хүсэл зорилготой байсан энэ зорилго нь биелэгдээгүй болох нь хариуцагчийн хүсэлтээр томилогдсон шинжээч *******-ийн ...нийт талбайн хэмжээ 69.74 мкв гарсан... гэсэн дүгнэлтээр хариуцагчийн татгалзал үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 343 дүгээр зүйлийн 343.4-т зааснаар төрлийн шинжээр тодорхойлогдох эд юмс хийж захиалагчийн өмчлөлд шилжүүлсэн бол худалдах-худалдан авах гэрээг зохицуулсан журам үйлчилнэ гэснээр мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д ******* нь С.******* нарт биет байдлын доголдолгүй хөрөнгө шилжүүлэх үүргээ биелүүлээгүй, мөн 2013 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 62 тоот орон сууцны тохиролцсон ханшаар тооцолгүй 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдөр гэрээ байгуулах үеийн ханшаар тооцож байгаа нь үндэслэлгүй, орон сууцны мкв-ын зөрүүг бүхэлд нь шаардах эрхгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн гэрээний дагуу м.кв-ийн зөрүү 6,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас томилогдсон шинжээчийн дүгнэлтээр дутаж байгаа 5.03 м.кв-ийн үнэ /74.77 м.кв - 69.74 м.кв/ хасаж тооцон 739,000 төгрөг, алданги 369,500 төгрөг нийт 1,108,500 төгрөг хариуцагч С.*******аас гаргуулан нэхэмжлэгч *******-д олгон 7,591,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хариуцагч С.*******ын нэхэмжлэгч *******-д холбогдуулан гаргасан 9,552,647 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хариуцагч С.******* нь 2013 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 62 тоот Орон сууц захиалгаар барих гэрээний дагуу *******-иас Дархан сум ******* тоот 69.89 м.кв 3 өрөө орон сууцыг Орон сууцны ипотекийн зээлийн нөхцөлөөр худалдан авч амьдарч байсан боловч нийт талбайн хэмжээ 61.11 м.кв буюу 8.78 м.кв-ын зөрүүтэй байснаас талууд харилцан тохиролцон 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдөр ******* тоот 3 өрөө орон сууцыг солихоор тохирсон байна.
Талуудын солилцооноос болж С.*******, Ё. нар ХААН банкны Шинэ Дархан Тооцооны төвтэй 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан ЗГ /1616 Орон сууцны Ипотекийн зээлийн гэрээний үүргийг 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөр тасалбар болгон 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдөр гэрээг шинэчлэн байгуулсан байна.
Иргэний хуулийн 253 дугаар зүйлийн 253.1-д зааснаар худалдсан эд хөрөнгө нь доголдолтой бол худалдагч уг доголдлыг арилгах,тухайн төрлийн ижил эд хөрөнгөөр сольж өгөх үүрэгтэй, мөн хуулийн 253.2-т зааснаар доголдлыг арилгахтай холбогдсон зардлыг худалдагч хариуцах, мөн хуулийн 256 дугаар зүйлийн 256.1-д зааснаар учирсан хохирол, зардлыг нөхөн төлөх үүрэгтэй байна.
Орон сууцны Ипотекийн зээлийн гэрээний үүргийн барьцаа хөрөнгийг 105 дугаар байрны 9 давхар 92 тоот 3 өрөө орон сууцаар солих, гэрээг шинэчлэн хийх, мөн энэ хугацаанд солигдсон 62 тоот 69.89 м.кв орон сууцны зээлийг төлөх зэргээр зардал гаргасан тул хүүд төлсөн 1,917,552 төгрөг, бэлэн мөнгө гаргасан шимтгэлд төлсөн 605,066 төгрөг, зээлийн өргөдлийн хураамж 15,000 төгрөг, улсын бүртгэлд төлсөн хураамж 30,253 төгрөг, үйлчилгээний хураамж 29,200 төгрөг, үйлчилгээний хураамж 3,000 төгрөг, нотариатын зардалд 100,000 төгрөг, *******-иар хэмжилт хийлгэсний зардал 105,000 төгрөг бүгд 2,700,071 төгрөгийг *******-иас гаргуулан хариуцагч С.*******д олгох нь зүйтэй байна.
Уужим Хүслэн ХХК-аар хийлгэсэн гал тогооны тавилга, хувцасны шүүгээг *******-иас авсан Дархан сум, ******* тоот 69.89 м.кв 3 өрөө орон сууцанд тохируулан хийлгэсэн тул сольж орсон ******* тоот 3 өрөө орон сууцанд хэмжээ өөрчлөгдсөнөөс тохирохгүй болсон, салгаж буулгахад эвдэрч хэмхрэн ашиглах боломжгүй болсон тул үнэ 2,500,000 төгрөг, 1,850,000 төгрөгийг гаргуулна гэж байгаа боловч дээрхи гэрийн эд хогшлийг бүрэн ашиглах боломжгүй болсон эсэх, дараагийн байранд хэлбэр, хэмжээг өөрчилснөөс хохирол учирсан эсэх нь тодорхойгүй, мөн тагтны хаалтыг 780,000 хийлгэнэ гэж байгаа байгаа нь бодит учирсан хохирол зардалд тооцогдохгүй тул энэ талаар гаргасан 6,852,576 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Төрийн банк, төрийн сан 100 190 000 941 тоот дансанд тушаасан 154,150 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Төрийн банк, төрийн сан 100 190 000 941 тоот дансанд тушаасан 167,800 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.*******аас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан үнийн дүн болох 1,108,500 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 31,154 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д, нэхэмжлэгч *******-иас сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан үнийн дүн болох 2,700,071 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 58,151 төгрөгийг гаргуулан хариуцагч С.*******д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1,232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар 739,000 төгрөг, алданги 369,500 төгрөг нийт 1,108,500 төгрөгийг хариуцагч С.*******аас гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, 7,591,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 2,700,071 төгрөгийг *******-иас гаргуулан хариуцагч С.*******д олгож 6,852,576 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Төрийн банк, төрийн сан 100 190 000 941 тоот дансанд тушаасан 154,150 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Төрийн банк, төрийн сан 100 190 000 941 тоот дансанд тушаасан 167,800 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.*******аас улсын тэмдэгтийн хураамж 31,154 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д, нэхэмжлэгч *******-иас 58,151 төгрөгийг гаргуулан хариуцагч С.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэх үүрэгтэй бөгөөд хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ