Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/930

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Д.Нямсүрэн,

улсын яллагч Я.Амарзаяа,

шүүгдэгч Г.Ж нарыг оролцуулан эрүүгийн 2106 01933 0219 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Г.Ж, 1984 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Их Уул суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт ****************** оршин суух хаягтай, урьд Хөвсгөл аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 132 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг, 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэг, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 3 жил, 2 сарын хорих ял, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгэр сарын 04-ний өдрийн 1934 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 228 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэгдсэн, хэрэг хариуцах чадвартай, /РД:*************/.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Ж нь 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ********* тоотод иргэн С.Бтэй “гар гэж хөөсөн” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар гараараа түүний гар нь тус газар цохиж, нүүрэн тус газар нь хутгаар зүсэх зэргээр биед нь халдаж, С.Бийн эрүүл мэндэд нь баруун хацарт зүсэгдсэн шарх, хамарт зулгаралт, баруун хацар, хамарт цус хуралт, баруун бугалганд цус хуралт гэмтэл үүсгэж хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн дүгнэлт:

Хавтас хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, шүүгдэгчийн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Г.Ж нь хүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

 

- Шүүгдэгч Г.Ж шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг,

 

- Шүүгдэгч Г.Жы мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...Би С.Бийг хаагуур явчихдаг юм гэж маргалдаж байгаад, маргаан даамжраад би шарах шүүгээнд байсан шар эрээн өнгийн ойролцоогоор 15 см-ын хутга аваад С.Бийн баруун нүдний доод зовхийг 1 удаа зүсчихсэн юм. Хутгаа аваад гэрээс гараад явахдаа хаясан, хаана хаяснаа санахгүй байна Би С.Бээс уучлалт гуйж, 350.000 төгрөгийг өгч хохирол болгосон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 80-81 дэх тал/

 

- Хохирогч С.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 6 дугаар сарын 07-ны өдөр манай гэрт Гомбодоржийн Г.Ж согтуу орж ирэхээр нь би хөөсөн. Үүнээс болж маргаан үүссэн. ...Г.Ж баруун гарын булчингийн хэсэгт нэг удаа цохисон, нүдний доод хэсэгт хутгаар зүссэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дахь тал/,

 

- Иргэн С.Бээс цагдаагийн байгууллагад ирүүлсэн: “...Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 8-83 тоотод бусдад хутгалуулсан...” тухай гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 11 дэх тал/,

 

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13-17 дахь тал/,

 

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 4991 дугаартай: “Дүгнэлт

1. С.Бийн биед баруун хацарт зүсэгдсэн шарх, хамарт зулгаралт, баруун хацар, хамарт цус хуралт, баруун бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Уг гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Баруун хацрын зүсэгдсэн шарх гэмтэл нь ирмэгтэй, бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хоёроос дээш удаагийн цохих үйлдлээр үүсгэгдэх боломжтой.

4. Баруун хацарт зүсэгдсэн шарх, цус хуралт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хамрын зулгаралт, цус хуралт, баруун бугалганы цус хуралт гэмтэл нь тус бүрдээ 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

6. Дээрх гэмтлүүд нь өөрөө унах үед үүсэх боломжгүй. Өөрөө өөртөө учруулах боломжтой гэмтлүүд байна.

7. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 26-27 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.  

 

Иймд шүүгдэгч Г.Жыг 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *********** тоотод иргэн С.Бтэй “гар гэж хөөсөн” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар гараараа түүний гар нь тус газар цохиж, нүүрэн тус газар нь хутгаар зүсэх зэргээр биед нь халдаж, С.Бийн эрүүл мэндэд нь баруун хацарт зүсэгдсэн шарх, хамарт зулгаралт, баруун хацар, хамарт цус хуралт, баруун бугалганд цус хуралт гэмтэл үүсгэж хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:

Шүүгдэгч Г.Жд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан прокуророос  шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжээр торгох ялын санал гаргаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь хуульд нийцсэн гэж шүүх шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар:

Энэ хэргийн улмаас хохирогч С.Б нь хохирол, хор уршгийн төлбөр нэхэмжлээгүй, шүүгдэгч Б.Г.Ж нь хохирогчид сайн дураараа 350.000 төгрөгийн хохирол төлж барагдуулсан байх тул шүүгдэгч Г.Жыг бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Ж нь цагдан хоригдсон хоноггүй болно. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Г.Жыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Жыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх  хэсэгт зааснаар Г.Ж нь 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Г.Ж нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Г.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Жд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР