Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/861

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүгдэгч Б.Т, Б.З нар,

нарийн бичгийн дарга Д.Нямсүрэн,

улсын яллагч Ц.Ганцэцэг,

шүүгдэгч Б.Зын өмгөөлөгч О.Цэрэнпунцаг нарыг оролцуулан эрүүгийн 2206 01740 1661 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Б.З, 1989 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт *********** тоотод оршин суух хаягтай, урьд 2011 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн Хан-Уул дүүргийн шүүхийн 158 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 2 жилийн хугацаагаар тэнсэж байсан, /РД:*************/ ,

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Б.Т, 1995 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхэд, эцэг эхийн хамт ************ тоотод оршин суух хаягтай, урьд 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Баянгол дүүргийн шүүхийн 524 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ял, 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1374 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан /РД:************/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Т нь 2022 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дизель хүрээ авто захын орчим иргэн Б.Зтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж, зүүн талын мөр лүү нь өшиглөж, эрүүл мэндэд нь “зүүн мөр өргөгч шөрмөсний хэсэгчилсэн урагдал, далны тогтооны урд лабрумын урагдал, зүүн мөрний үений шингэн хурагдалт, зүүн мөрөнд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг,

Шүүгдэгч Б.З нь 2022 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дизель хүрээ авто захын орчим, иргэн Б.Ттэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний толгой, нүүрэн тус газар нь гараараа цохиж, зүүн талын хавирга руу нь хөлөөрөө өшиглөж, эрүүл мэндэд нь “зүүн 7, 8-р хавирганы зөрөөгүй далд хугарал, зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн зулайн хуйх, чихний дэлбэнд цус хуралт гэмтэл” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн дүгнэлт

Хавтас хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Б.Т нь хохирогч Б.Зын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт нь:

- шүүгдэгч Б.Тгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг,

 

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дахь тал/,

 

- Хохирогч Б.Зын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 11 цагийн орчим да хүрээ захын Хаан банкны хажууд ланд-80 маркийн автомашинтай ганцаараа явж байсан. Б.Т замын хажууд зогсож байгаад надаас” машинаа зарах уу” гэж асуусан. Би “зарахгүй” гэсэн чинь ямбий” гэх зэргээр миний машиныг хэлээд хэл амаар доромжлоод байсан, тэгэхээр нь би “чи юу гээд байгаа юм бэ, хүүхэн шиг хэрэлдэж байхаар машин дотор суучих” гэж хэлээд машиндаа суулгасан. Хойноос машинууд сигналдаад байхаар нь би баруун гар тал руугаа эргээд гудамж руу эргээд зогссон. Б.Т бид хоёр машинаасаа буугаад Б.Т “чи юу гээд байгаа юм" гээд намайг заамдаад миний нүүрний баруун талын хацар хэсэгт зүүн гараараа 1 удаа цохьсон. Би газар унасан, намайг унасан байхад миний зүүн талын 1 мөрний урд талын хэсэгт 1 удаа хөлөөрөө өшиглөсөн. Би өөрийгөө хамгаалах зорилгоор эхлээд надад халдсаны дараа Б.Тгийн толгойн зүүн хэсэг, мөн цээжнийх нь зүүн хэсэг нь өөрөөсөө ходуулах зорилгоор цохисон. 2-3 удаа баруун гараараа цохьсон юм. Тэгээд удалгүй Цэрэнсодном ирээд бид хоёрыг салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23 дахь тал/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 4411 дугаартай: “...Дүгнэлт:

1. Б.Зын биед зүүн мөр өргөгч шөрмөсний хэсэгчилсэн урагдал, далны тогтооны урд лабрумын урагдал, зүүн мөрний үений шингэн хурагдалт, зүүн мөрөнд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр 3-5 хоногийн дотор үүсэн шинэ гэмтэл байна.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 38-39 дэх тал/, шүүгдэгч Б.Тгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56 дахь тал/, шүүгдэгч Б.Тгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 52 дахь тал/, шүүгдэгч Б.Тгээс гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай хүсэлт /89 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар,

 

Шүүгдэгч Б.З нь хохирогч Б.Тгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт нь:

- шүүгдэгч Б.Зын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг,

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дахь тал/,

- Хохирогч Б.Тгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дизель Хүрээ авто зах дотор автомашин худалдаалдаг. Өнөөдөр буюу 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 10 цагийн орчимд би Цахлайн тойрогт байрлах Хаан банкны салбарын үүд хэсэгт зогсож байтал урд талын автомашины зам дээр зогсож байсан хар ногоон өнгийн ланд крузер-80 маркийн автомашин дотроос зүс таних Зоригоо гэх /30 гаруй насны/ залуу хөөе, нааш ир” гэж дуудах үед нь "яасан бэ, ямар хэрэг гарсан бэ, ирээд уулз” гэж хэлэхэд Зоригоогийн машины хажууд зогсож байтал Цоомоо гэх залуу “хүрээд ирээ” гэж хэлсэн тул автомашины асуудлаар уулзах гэж байна гэж бодоод машины хажууд нь очиход машин дотор суучих гэсэн тул автомашины хойд талын суудал дээр суусан. Тэгээд машинтай хөдлөөд Хаан банкны ар талын гудамжаар орж, ертөнцийн зүгээр зүүн тийш гэр хорооллын гудамжаар явж, мухар гудамжны төгсгөл хэсэгт ирж зогссон. Тухайн үед машин дотор Зоригоо өөр хүн байгаагүй. Тэгээд Зоригоо машинаасаа бууж ирээд хойд талын хаалга нээгээд нүүр орчим руу гараараа 4-5 удаа цохисон. Тэгээд би “чи яагаад байгаа юм бэ" гэж хэлээд машинаас буугаад зогсож байтал Цоомоо ирсэн бөгөөд би Цоомоод хандаж "би чам шиг юманд зодуулахгүй, зүгээр байгаарай” гэж хэлэхэд Зоригоо над руу дайрсан бөгөөд бид хоёр бие биеэ заамдсан байдалтай байх үед Цоомоо миний баруун талаас хоёр гарыг тэвэрсэн байдалтай барьсан ба тухайн үед Зоригоо толгойн ар болон нүүр орчимд хэд хэдэн удаа гараараа цохьсон. Би зоригоотой зууралдаж байгаад газар унах үед Зоригоо миний зүүн талын хавирга орчимд 1 удаа өшиглөсөн...миний толгойн ар хэсэг болон зүүн хацар орчимд хөндүүр, зүүн өвдөгт шалбарсан, мөн зүүн талын хавирга хөндүүр амьсгалж болохгуй байна... Цоомоо намайг зодож цохьсон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 дахь тал/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 4202 дугаартай: “...Дүгнэлт:

1. Б.Тгийн биед зүүн 7, 8-р хавирганы зөрөөгүй далд хугарал, зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн зулайн хуйх, чихний дэлбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Учирсан гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5. Учирсан гэмтэл нь амь насанд аюул учруулахгүй.

6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй ” гэх дүгнэлт /хх-ийн 38-39 дэх тал/, шүүгдэгч Б.Зын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56 дахь тал/, шүүгдэгч Б.Зын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 52 дахь тал/, шүүгдэгч Б.Зын гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай хүсэлт /хх-ийн 90 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт  хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.  

Иймд шүүгдэгч Б.Тг 2022 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дизель хүрээ авто захын орчим иргэн Б.Зтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж, зүүн талын мөр лүү нь өшиглөж, эрүүл мэндэд нь “зүүн мөр өргөгч шөрмөсний хэсэгчилсэн урагдал, далны тогтооны урд лабрумын урагдал, зүүн мөрний үений шингэн хурагдалт, зүүн мөрөнд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэлд,

шүүгдэгч Б.З нь 2022 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дизель хүрээ авто захын орчим, иргэн Б.Ттэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний толгой, нүүрэн тус газар нь гараараа цохиж, зүүн талын хавирга руу нь хөлөөрөө өшиглөж, эрүүл мэндэд нь “зүүн 7, 8-р хавирганы зөрөөгүй далд хугарал, зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн зулайн хуйх, чихний дэлбэнд цус хуралт гэмтэл” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт үйлдэлд нь тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Зын өмгөөлөгч О.Цэрэнпунцаг нь шүүгдэгч Б.Зын гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлд маргаагүй болно.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч Б.Т, Б.З нар нь харилцан бие биедээ гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн бөгөөд энэ нь харилцан бие биедээ хохирол төлбөрийг сайн дураар нөхөн төлсөн гэж үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдалд авч үзэв, тэдгээр хуульд заасан  эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Шүүх шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хувийн байдал, харилцан бие биедээ гомдол саналгүйгээ илэрхийлж эвлэрсэн зэргийг харгалзан прокуророос шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 600 нэгжээр торгох ялын санал гаргаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь хуульд нийцсэн гэж шүүх шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар

Энэ хэргийн улмаас Б.Т, Б.З нар нь харилцан бие биедээ гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болно. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Б.З, Б.Т нарыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Т, Б.З нарт тус бүр 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх  хэсэгт зааснаар Б.Т, Б.З нар нь 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Т, Б.З нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Б.Т, Б.З нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Т, Б.З нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР