Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цолмонгийн Сайхантуяа |
Хэргийн индекс | 128/2023/0431/3 |
Дугаар | 221/МА2024/0074 |
Огноо | 2024-01-30 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 221/МА2024/0074
Б ХХК-ийн нэхэмжлэлтэй
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч О.Оюунгэрэл
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн
Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч “Б” ХХК
Хариуцагч Нийслэлийн Засаг дарга
Нэхэмжлэлийн шаардлага: Хот суурин газрын гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөлд оролцогчдын хооронд байгуулах гурван талт гэрээний 5.3.11 дэх хэсэгт заасан заалтыг хэрэгжүүлэхгүй, биелүүлээгүй байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Чулуун овоо орчим ГХДТ-2014/2 багцын “А” хэсэгчилсэн талбайн 22.2 га газарт гэр хорооллын дахин төлөвлөлт барилгажуулах талбайд эхний ээлжийн орон сууцуудыг хангах инженерийн дэд бүтцийн зардалд зарцуулсан “Б” ХХК-ийн 3,889,154,746 төгрөгийг улс, орон нутгийн төсөвт тусгуулан, санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгах тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 128/ШШ2023/0827 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номуунаа
Хэргийн индекс:128/2023/0431/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Б” ХХК нь Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “А Хот суурин газрын гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөлд оролцогчдын хооронд байгуулах гурван талт гэрээний 5.3.11 дэх хэсэгт заасан заалтыг хэрэгжүүлэхгүй, биелүүлээгүй байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Чулуун овоо орчим ГХДТ-2014/2 багцын “А” хэсэгчилсэн талбайн 22.2 га газарт гэр хорооллын дахин төлөвлөлт барилгажуулах талбайд эхний ээлжийн орон сууцуудыг хангах инженерийн дэд бүтцийн зардалд зарцуулсан “Б” ХХК-ийн 3,889,154,746 төгрөгийг улс, орон нутгийн төсөвт тусгуулан, санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 128/ШШ2023/0827 дугаар шийдвэрээр: “Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 11 дүгээр зүйлийн 11.2, 18 дугаар зүйлийн 18.3.1, 18.3.3, 21 дүгээр зүйлийн 21.1.1, 21.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б давж заалдах гомдолдоо:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 128/ШШ2023/0827 дугаартай шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах журмаар гомдол гаргаж байна.
Шүүхийн 128/ШШ2023/0827 дугаар шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.3-т төсөл Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 125 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Хот, суурин газрын гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөлд оролцогчдын хооронд байгуулах гурван талт гэрээг захиргааны гэрээ мөн гэж дүгнээд, шийдвэрийн тогтоох хэсгийн 1-д “..төсөлд оролцогчдын хооронд байгуулах гурван талт гэрээний 5.3.11 дэх заасан заалтыг хэрэгжүүлээгүй, биелүүлээгүй байгаа нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож...”Б” ХХК-д 3,889,154,716 төгрөгийг улс, орон нутгийн төсөвт тусгуулан санхүүжүүлэхийг нийслэлийн Засаг даргад даалгаж” шийдсэн нь хууль буруу тайлбарлан дүгнэсэн, үндэслэлгүй шийдвэр.
Учир нь Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 125 дугаар тогтоолын хавсралтаар баталсан гурван талт гэрээ нь талуудын хооронд байгуулах гэрээний үлгэрчилсэн загвар тул тус үлгэрчилсэн загварыг талууд удирдлага болгон харилцан тохиролцож өөрчлөлт оруулах, гэрээ байгуулах, байгуулахаас татгалзах, тэгш эрхтэй.
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд нийслэлийн Засаг дарга, төсөл хэрэгжүүлэгч, иргэн хоорондын байгуулсан гурван талт гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ юм. Өөрөөр хэлбэл гэрээний зүйл нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэлтийн хүрээнд барилга байгууламж барих ажил бөгөөд энэ гэрээний зорилгоор нэхэмжлэгч буюу төсөл хэрэгжүүлэгч нь гурван талт гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу орон сууцны барилгын ажлыг гүйцэтгэдэг.
Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 125 дугаар тушаалаар батлагдсан гэрээний үлгэрчилсэн загвартай талууд маргаагүй, гэрээний үлгэрчилсэн загвар маргааны зүйл биш байтал түүнийг захиргааны гэрээ гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэсэнтэй нийцэхгүй. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т “Захиргааны ерөнхий хуулийн 3.1-д заасан үйл ажиллагаа нь захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй” гэсэнтэй нийцэхгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн 2023 оны 128/ШШ2023/0827 дугаар шийдвэр нь хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийсэн, захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй асуудлаар шийдвэр гаргасан хууль буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү” гэв.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүх “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
3. “Хот суурин газрын гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөлд оролцогчдын хооронд байгуулах гурван талт гэрээ”-г нэг талаас газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч иргэн, нөгөө талаас төсөл хэрэгжүүлэгч “Б” ХХК, гуравдагч талаас нийслэлийн Засаг даргыг төлөөлж Тамгын газрын дарга нар байгуулж байсан байх бөгөөд нэхэмжлэгч “Б” ХХК нь “энэхүү гэрээ болон Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулиар инженерийн болон нийгмийн дэд бүтцийн ажлыг нийслэлийн Засаг дарга хариуцан зохион байгуулах, хөрөнгийн эх үүсвэрийг улсын болон нийслэлийн төсөвт тусгуулан, санхүүжүүлэх үүргээ хэрэгжүүлэхгүй байна” хэмээн маргасан.
4. Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, 330 айлын орон сууцны барилгын гадна инженерийн шугам сүлжээний ажлын төсөвт өртөг 2.693.264.716 төгрөг болохыг 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 1768/2*** дугаар Барилгын хөгжлийн төвийн Барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэлээр тогтоосон, гадна инженерийн шугам сүлжээний ажлын хүрээнд 7 иргэн, хуулийн этгээдийн эзэмших, өмчлөх эрх бүхий газар, үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлж, талбайг бэлтгэхэд 1.195.890.000 төгрөг зарцуулсан тул, “...нийт 3,889,154,746 төгрөгийг улс, орон нутгийн төсөвт тусгуулан, санхүүжүүлэхийг нийслэлийн Засаг даргад даалгах” шаардлага гаргажээ.
5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасантай нийцээгүй байх тул маргааны үндэслэлд хамаарах нотлох баримт цуглуулан, үнэлж, хэргийг нэг мөр шийдвэрлэх нь зүйтэй байна.
6. Хот суурин газрын гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөлд оролцогчдын хооронд байгуулах гурван талт гэрээ”-ний 5.3-т Засаг даргын эрх, үүрэг, 5.3.11-д “төсөл хэрэгжүүлэхээр сонгосон талбайд хийгдэх инженерийн бэлтгэл ажил, инженерийн болон нийгмийн дэд бүтэц, орон сууц, нийтээр ашиглах барилга байгууламж барих, тохижилт хийх, эдийн засаг, нийгэм, байгаль орчны зохистой харьцааг хангах, батлан хамгаалах болон гамшгаас хамгаалах зориулалт бүхий барилга байгууламж барих ажлын жагсаалт гаргаж, улс орон нутгийн төсөвт тусгуулах, санхүүжүүлэх, захиалагчийн хяналт тавих”, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.1.2, 18 дугаар зүйлийн 18.3.1, 18.3.3, 21 дүгээр зүйлийн 21.1, 21.1.2-т тус тус заасан үүргээ хэрэгжүүлэхээс татгалзаж, хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь учир дутагдалтай байна.
7. Ийнхүү шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ шийдвэрийн 4.6-д “...батлагдсан зураг төслийн дагуу гадна инженерийн шугам сүлжээний ажлын хүрээнд 7 иргэн, хуулийн этгээдийн эзэмших, өмчлөх эрх бүхий газар, үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлж, талбайг бэлтгэхэд 1,195,890,000 төгрөгийг зарцуулсан талаар ямарваа нэгэн эрх бүхий байгууллагын дүгнэлт гараагүй, ... мэргэжлийн байгууллагаар хянан, баталгаажуулан дүгнэлт гаргуулсны үндсэн дээр шийдвэрлэхээр болохыг дурдах нь зүйтэй” гэж үзэхдээ Хот суурин газрын гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөлд оролцогчдын хооронд байгуулах гурван талт гэрээ”-ний 5.2 Төсөл хэрэгжүүлэгчийн эрх, үүрэг, 5.2.5-д “төсөл хэрэгжүүлэх газар чөлөөлөх, түр суурьшуулах, барилгажуулах ажлын зардал, хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх” гэж заасныг анхаараагүй, энэ талаарх нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй байна.
8. Орон сууцны барилгын гадна инженерийн шугам сүлжээний ажлын төсөвт өртөг 2.693.264.716 төгрөг болох талаар Барилгын хөгжлийн төвийн Барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэл гарсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, харин гадна инженерийн шугам сүлжээний ажлын хүрээнд 7 иргэн, хуулийн этгээдийн эзэмших, өмчлөх эрх бүхий газар, үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлж, талбайг бэлтгэхэд 1.195.890.000 төгрөг зарцуулсан нь Гэрээний 5.2.5-д заасан төсөл хэрэгжүүлэх газар чөлөөлөх, түр суурьшуулах, барилгажуулах ажлын зардалд хамаарах эсэх, гадна инженерийн шугам сүлжээний ажлын зардлаас тусад нь тооцож нэхэмжилж байгаа нь Гэрээний 5.3.11-д заасан нийслэлийн Засаг даргын орон нутгийн төсөвт тусгуулах зардал мөн эсэхэд шүүхээс нотлох баримтад тулгуурлан үндэслэлтэй дүгнэлт өгөөгүй байна.
9. Мөн Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 “Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх ажлыг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг дараах байдлаар шийдвэрлэнэ”, 21.1.1-д “төсөл хэрэгжүүлэгчийн хөрөнгөөр”, 21.1.2-т “улсын болон орон нутгийн хөрөнгөөр” гэж тус тус ялгаатай зааснаар Гэрээний 5.2.5 дахь заалт буюу төсөл хэрэгжүүлэгчийн санхүүжүүлэх зардалд тухайн зардал холбоотой эсхүл хариуцагч улс болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх ажлын алинд нь хамаарах эсэх талаар давж заалдах шатны шүүхээс шууд дүгнэлт өгөх боломжгүй байна.
Иймд анхан шатны шүүх хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдолтой нотлох баримтыг дутуу бүрдүүлж, хэргийн нөхцөл байдлыг бүрэн тодруулж дүгнээгүй, хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах журмыг зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 128/ШШ2023/0827 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн хариуцагч нийслэлийн Засаг дарга нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА