Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 140

 

“Шанддов” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Г.Банзрагч, Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баясгалан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Саранцэцэг нарыг оролцуулан хийж, Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний  өдрийн 30 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 221/МА2017/0099 дүгээр магадлалтай, “Шанддов” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 30 дугаар шийдвэрээр Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар “Шанддов” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн А/70 дугаартай захирамжийн “Шанддов” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/91, А/92, А/93, А/94, А/95, А/96 дугаартай захирамжуудыг хүчингүй болгожээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 221/МА2017/0099 дүгээр магадлалаар Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 30 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Шанддов” ХХК-ийн “Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн А/70 тоот захирамжийн “Шанддов” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 29 дүгээр зүйлийн 29.3, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/91, А/92, А/93, А/94, А/95 тоот захирамжуудыг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантулга, Г.Саранцэцэг нарын давж заалдах гомдлыг хангасан байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Болор-Эрдэнэ хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэлгүй дүгнэлт өгч, хууль буруу хэрэглэн магадлал гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй гэж нэхэмжлэгч тал үзэж байна.

Нэг. Давж заалдах шатны шүүх нотлох баримтад үндэслэлгүй дүгнэлт өгсөн тухай. Давж заалдах шатны шүүх “...анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг буруу үнэлсэн...” гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, манай компанийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Тодруулбал, магадлалын Хянавал хэсэгт “...Шанддов ХХК нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр маргаан бүхий талбайнуудыг гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй нь нотлох баримтаар тогтоогдож байна” гэх агуулга бүхий дүгнэлт хийжээ. Ийнхүү дүгнэхдээ 2012 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Иргэн, аж ахуйн нэгжийн эзэмшилд байгаа тариалангийн талбайн дэлгэрэнгүй бүртгэл, Атаршсан газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны паспорт, Уриншийн боловсруулалт хийгээгүй аж ахуйн нэгжийн ... дүгнэлт гэх нотлох баримтуудыг үндэслэсэн байна.

Гэтэл дээрх нотлох баримтуудад аль нь ч газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлийг нотлоогүй байхад ийнхүү дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй байдлаар дүгнэж чадаагүй гэж үзэхээр байна.

Хоёр. Давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн тухай. Хариуцагч Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг дарга 2013 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн А/70 дугаар захирамжийг гаргахдаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг үндэслэсэн боловч нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг дуусгавар болгох захиргааны акт гаргах үед дээрх хуульд заасан үндэслэл байгаагүй буюу үндэслэл бүрдээгүй байсан.

Гэтэл давж заалдах шатны шүүх нотлох баримтуудад үндэслэлгүй дүгнэлт өгснөөс Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар нотлогдож тогтоогдсон мэтээр хууль хэрэглэсэн нь хууль буруу тайлбарлан хэрэглэх үндэслэл болсон гэж үзэхээр байна. Нэгэнт нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг дуусгавар болгох хуульд заасан үндэслэл байгаагүй буюу үндэслэл бүрдээгүй байхад ийнхүү захиргааны акт гаргасан нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай /2002 оны/ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д заасан илт хууль бус акт гэж нэхэмжлэгч тал үзэж байгаа юм. Илт хууль бус актын дараа гарсан захирамжууд буюу Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын 2015 оны 5 дугаар сарын А/91, А/92, А/93, А/94, А/95, А/96 дугаар захирамжууд ч хуульд нийцээгүй. Давж заалдах шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадсангүй гэж үзэж байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль буруу тайлбарлан хэрэглэсэн алдаатай, анхан шатны шүүхийн шийдвэрийн шийдэл зөв боловч хууль хэрэглээний алдаатай тул өөрчлөлт оруулж зөвтгөх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн эхний шаардлагаа тодорхойлохдоо “Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын 2013 оны А/70 дугаар захирамжийн “Шанддов” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” гэсэн байх бөгөөд түүний дагуу анхан шатны шүүхээс “...хариуцагч маргаан бүхий актаар нэхэмжлэгчийн газрыг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6 дахь заалтуудыг баримтлан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг зөрчсөн” гэж дүгнэсэн нь буруу байна.

Учир нь, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан захиргааны актыг “илт хууль бус”-д тооцох үндэслэл нь илэрхий, ноцтой хор уршиг бүхий, засах боломжгүй алдааг ойлгох бөгөөд 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэдэг нь захиргааны актыг гаргах эрх зүйн үндэслэл огт байхгүй, эсхүл акт ямар ч хуульд үндэслээгүй гарсныг ойлгоно. Энэ нь захиргааны шийдвэр “хуульд үндэслэх” зарчим буюу эрх зүйт төрийн “хууль дээдлэх” зарчмыг зөрчиж байгаагаараа илт ноцтой алдаанд тооцогддог.

Маргаан бүхий актын хувьд хариуцагч Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсгийг үндэслэсэн байх бөгөөд энэ нь газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл байх тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй. Харин хариуцагч нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсгийг буруу тайлбарлан шийдвэр гаргасан байна.

Учир нь Тариалангийн тухай хууль /2004 оны/-ийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “өнжөөсөн газарт хөрсний үржил шимийг нөхөн сэргээх буюу сайжруулах арга хэмжээ авах болон тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчид тариалах үр дутагдах, тухайн жилд ган болох магадлал ихтэй нь тогтоогдсон зэрэг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас 2 жил хүртэл хугацаанд тариалалт болон уринш хийгээгүй тариалангийн талбайг хамааруулна” гэснээс үзвэл тариалангийн зориулалттай газрыг газар эзэмшигчээс жил бүр бүх талбайг бүрэн ашиглахыг шаардах боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, тариалангийн газрыг тодорхой шалтгаанаар 2 жил дараалан ашиглахгүй байж болдог онцлогтой байна.

Нөгөөтэйгүүр хариуцагч нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо “хүндэтгэн үзэх шалтгаан” байсан эсэхийг, тухайлбал нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаа “малын хөлийн замд байрлах, газрын үржил шим муутай газартаа жил бүр тариалалт хийх боломжгүй тул өнжиж байж тариалалт хийдэг, хөрөнгө санхүүгийн хүндрэл учирсан” гэх шалтгааныг тодруулалгүйгээр, тухайн шалтгааныг шийдвэрлэх боломжийг олголгүйгээр, мөн нэхэмжлэгчид албан ёсоор мэдэгдэлгүйгээр маргаан бүхий актыг гаргасан нь хууль бус байна.

Анхан шатны шүүхийн дүгнэсэнчлэн нэхэмжлэгч нь 2010, 2011, 2012, 2013 онуудад өөрийн эзэмшлийн газрын тодорхой хэсгийг тасралтгүй ашиглаж байсан, үр тариа тушааж байсан, газрын төлбөрөө төлж байсан болох нь нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд түүний тайлбарлаж буй “малын хөлд байрлах, газрын үржил шим муутай газраа өнжөөсөн, хөрөнгө санхүүгийн хүндрэлтэй байсан...” зэргийг “хүндэтгэн үзэх шалтгаан биш” гэж шууд дүгнэх боломжгүй юм.

Иймд, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан урьдчилсан нөхцөл хэргийн бодит байдалд бүрдээгүй байхад уг зүйлийг үндэслэн гарсан Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын 2013 оны А/70 дугаар захирамж хууль бус байна.

Гэтэл давж заалдах шатны шүүх дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр маргаан бүхий актыг хууль ёсны гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа анх “Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын 2013 оны А/70 дугаар захирамжийн “Шанддов” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж тодорхойлсон бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тэрээр уг актыг “илт хууль бус болохыг тогтоолгох” гэж шаардлагаа өөрчилсөн байдаг. Үүнээс үзвэл нэхэмжлэгчийн хүсэл зориг нь маргаан бүхий актын эрх зүйн үйлчлэлийг дуусгавар болгоход чиглэгдэж байна.

Захиргааны акт илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагын хувьд эрх ашиг нь хөндөгдсөн этгээд хэдийд ч захиргааны байгууллага, улмаар шүүхэд хандаж болдог бол хүчингүй болгуулах шаардлагын хувьд гомдол, нэхэмжлэл гаргах хугацааг захиргааны актыг мэдэгдсэнээс хойш тооцдогоороо ялгаатай юм.

Энэхүү маргааны хувьд анх маргаан бүхий актыг “хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагаар хэрэг үүсгэгдэн хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан бөгөөд тухайн үед хариуцагчаас Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын 2013 оны А/70 дугаар захирамжийг нэхэмжлэгчид албан ёсоор “мэдэгдэх” үүргээ биелүүлсэн гэдгээ нотлоогүй байна. Энэ байдал нь маргаан бүхий актыг хүчингүй болгоход хязгаарлалт болохгүй байх тул нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйн үүднээс уг актыг хүчингүй болгож шийдвэрлэх боломжтой байна.

Нэхэмжлэлийн хоёр дахь шаардлага болох хариуцагчийн 2015 оны А/91, А/92, А/93, А/94, А/95, А/96 дугаар захирамжууд нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хууль бусаар хүчингүй болгосны дараа гарсан учраас хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

Мөн хэдийгээр анхан болон давж заалдах шатны шүүхүүд дүгнээгүй боловч гуравдагч этгээд болох “Ногоон бут” ХХК-д 2015 оны А/91 дүгээр захирамжаар нэхэмжлэгчийн эзэмшиж байсан 76,2 га газрыг гадаад худалдаа, автомашины худалдаа, цэцэрлэгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг этгээдэд үр тарианы зориулалтаар шууд олгосон нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь  заалтыг зөрчсөн, А/92, А/93, А/94, А/95, А/96 дугаар захирамжуудаар нэр бүхий иргэдэд давуу эрхээр тариалангийн газар олгохдоо Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т заасан журмын дагуу олгосон гэдэг нь тогтоогдохгүй байгааг дурдаж байна.

Иймд, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй гэж дүгнэн, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар тогтов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 221/МА2017/0099 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний  өдрийн 30 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...61 дүгээр зүйлийн 61.1-д...” гэснийг “...40 дүгээр зүйлийн 40.1.6-д...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                      М.БАТСУУРЬ

            ШҮҮГЧ                                                                                   Г.БАНЗРАГЧ