Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/983

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүгдэгч Б.И,

нарийн бичгийн дарга Д.Нямсүрэн,

улсын яллагч М.Энхбаатар,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нарыг оролцуулан эрүүгийн 2202 00219 0164 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Б.И, 1998 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Гагнуурчин мэргэжилтэй, хувиараа машин засварын ажил хийдэг, ам бүл 5, хадам ээж, эхнэр, хүүхдүүдийн хамт ********** тоотод оршин суудаг, урьд 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 65 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.2 дахь хэсэг, мөн хуулийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн Давж заалдах шатны шүүхийн 45 дугаартай магадлалаар шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд нийцүүлэн зүйл ангийг өөрчлөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жил 8 сар 22 хоногийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялыг шинэчлэн найруулсан эрүүгийн хуулийн 14.1 дүгээр зүйлийг баримтлан чөлөөлж шийдвэрлэсэн ба 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 10 сар 27 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдаж, 2019 оны 10 дугаар сарын 21-ны өдөр тэнссэн ялын хяналтын хугацаа дууссан, хэрэг хариуцах чадвартай /РД: ****************/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.И нь 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сод Эрхэс” ХХК-ийн зогсоолд байрлуулсан ***** УБК улсын дугаартай “SSANGYONG MUSSO” маркийн тээврийн хэрэгсэл дотор “Өвс” гэх нэршилтэй Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта-9 тетрагидроканнабинол”-ын /delta-9 tetrahydrocannabinol/ агууламжтай, цэвэр жин нь 0.5961 грамм хэмжээтэй, гялгар ууттай хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн дүгнэлт:

Дээрх шүүгдэгч Б.И нь мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйл баримт нь:

 

- Шүүгдэгч Б.И шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,

 

- Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 466 байрны 36 тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хх-ийн 7-15 дахь тал/,

 

- ***** УБК улсын дугаартай “SSANGYONG MUSSO” маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 16-21 дэх тал/,

 

- Б.Иийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /xx-ийн 22-25 дахь тал/,

 

- Б.Иийн биеэс биологийн дээж /шээс/ авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хх-ийн 26-28 дахь тал/,

 

- Гэрч У.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2022 оны 3 дугаар сарын сүүлээр хамтран амьдрагч болох Б.Иийн хамт Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 466 байрны орцны гадаа сууж байгаад хамт тамхилсан юм. Тухайн үед би Б.Иийн асаагаад татаж байсан тамхинаас нь хувааж татсан юм. Тухайн үед би мансууруулах үйлчилгээ бүхий тамхи татсанаа мэдээгүй. Энэ өдрөөс хойш 7-10 хоногийн дараа Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр манай хамтран амьдрагч Б.Иийг шалгасан. Энэ шалгалтын үеэр Б.И бид хоёрт тест тавьж шалгасан ба миний тестээс ТНС илэрсэн асуудал гарсан. Тухайн үед би хэзээ, хаана, яаж ийм зүйл хэрэглэснээ санахгүй байсан ба энэ талаар найз залуу болох Б.Ид хэлж асуухад “3 сарын сүүлээр гэрийн гадаа хамт тамхилж байхад татсан тамхи нь зүгээр тамхи биш өвс байсан юм” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-51 дэх тал/,

 

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч А.Батбаярын 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 2099 дугаартай: “...Дүгнэлт

1. Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “Б.И УШ98050412, 2022.04.01” гэж хаягласан шээсний дээжээс Тетрагидроканнабинол /THC/ илэрсэн. Тетрагидроканнабинол /THC/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна.” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 56-58 дахь тал/,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч А.Батбаярын 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 2100 дугаартай: “...Дүгнэлт

1. Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн “1” гэж дугаарласан гялгар ууттай ургамал мэт зүйлээс Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ илэрсэн. “2” гэж дугаарласан ногоон өнгийн хуванцар савтай хоосон эмийн капсул, “3” гэж дугаарласан цагаан өнгийн хуванцар савтай капсултай эм мэт зүйл тус бүрээс мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй.

3. Шинжилгээнд ирүүлсэн “1” гэж дугаарласан гялгар ууттай ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 0.5961 гр байсан ба шинжилгээнд 0.1 граммыг зарцуулав..." гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /xx ийн 74-77 дэх тал/,

- Шүүгдэгч Б.Иийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...2021 оны 8 дугаар сард би ***** УБК улсын дугаартай Муссо маркийн тээврийн хэрэгсэлтэй найзууд дээрээ очих зорилготой Гачуурт руу явж байсан юм. Ингэж явахдаа Монгол Шилтгээн өнгөрч яваад зам дагуу мансууруулах “өвс” гэх ургамал ургасан байсныг харсан. Улмаар зогсож байгаад хэсгийг түүж авсан. Улмаар оройтсон байсан тул цааш найз нар дээрээ очилгүйгээр шууд харихаар явсан. Машин бас доголдоод байсан юм. Улмаар түүсэн өвсөө машиндаа хийсэн ба нэлээн удаан хадгалсан. Машинд өвс хийснээ мартсан байсан. Тухайн өвснөөсөө 2 удаа хэрэглэсэн байсан. Гадаа хүйтрээд машин асахгүй болсон учраас би машинаа 10 дугаар сараас 3 дугаар сар хүртэл зогсоосон учраас нөгөө өвсөө мартсан байсан. Ингээд 2022 оны 3 дугаар сард машинаа янзалж байгаад машины хаалганы хавтсанд хийсэн байсан өвсөө олж тамхины цаасанд нэг ширхгийг нунтаглаж хийгээд үлдсэнийг нь мөн хаалгандаа хийсэн байсан. Энэ бэлдсэн байсан тамхиа найз эмэгтэй болох Дгийн хамтаар татаж хэрэглэсэн. ...би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн байдлаар гэм буруутайгаа маргалдах асуудал байхгүй. Хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг. /хх-ийн 152-159 дэх тал/ зэргээр тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.  

 

Иймд шүүгдэгч Б.Иийг 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сод Эрхэс” ХХК-ийн зогсоолд байрлуулсан ***** УБК улсын дугаартай “SSANGYONG MUSSO” маркийн тээврийн хэрэгсэл дотор “Өвс” гэх нэршилтэй Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта-9 тетрагидроканнабинол”-ын /delta-9 tetrahydrocannabinol/ агууламжтай, цэвэр жин нь 0.5961 грамм хэмжээтэй, гялгар ууттай хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:

Шүүх шүүгдэгч Б.Ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирлын шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан түүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.

           

Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд төлөх төлбөргүй байна.

Эд мөрийн баримтаар хураагдан Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж буй №1 гэж дугаарласан “хар өнгийн шатсан нунтаг зүйл бүхий мөнгөлөг цаас”, зиплок түгжээ бүхий ууттай, №1 гэж дугаарласан “зиплок түгжээ бүхий ууттай, уутны хамт 3.2 грамм жинтэй ургамал мэт зүйл”, №2 гэж дугаарласан “ногоон өнгийн эмийн сав, дотроо нэг ширхэг хоосон эмийн капсултай”, №3 гэж дугаарласан “цагаан өнгийн савтай дотроо цагаан өнгийн нунтаг зүйлтэй” эд зүйл зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, устгасан талаарх баримтыг тус шүүхэд ирүүлэхийг даалгаж тус тус шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б.Иийг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Ид 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Ид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

            4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди-г хэрэгт хавсаргаж, уг хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.И нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж буй №1 гэж дугаарласан “хар өнгийн шатсан нунтаг зүйл бүхий мөнгөлөг цаас”, зиплок түгжээ бүхий ууттай, №1 гэж дугаарласан “зиплок түгжээ бүхий ууттай, уутны хамт 3.2 грамм жинтэй ургамал мэт зүйл”, №2 гэж дугаарласан “ногоон өнгийн эмийн сав, дотроо нэг ширхэг хоосон эмийн капсултай”, №3 гэж дугаарласан “цагаан өнгийн савтай дотроо цагаан өнгийн нунтаг зүйлтэй” эд зүйл зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, устгасан талаарх баримтыг тус шүүхэд ирүүлэхийг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Ид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР