Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
Хэргийн индекс | 135/2018/00009/И |
Дугаар | 46 |
Огноо | 2018-01-08 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 46
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Шарын гол сум, Дархан баг, 15 дугаар байрны 40 тоотод оршин суух, Шөруш овогт Бекейн ******* /регистрийн дугаар *******, утас 99035848/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Шарын гол сум, 2 дугаар баг, Дархан уурхайчмд 6-13 тоотод оршин суух, Артагууд овогт Нямаахүүгийн ******* /регистрийн дугаар *******, утас 99606302, 88036903/-д холбогдох
“1,000,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Н.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Б.******* миний бие нь 1977 онд төрсөн. Хувиараа бизнес эрхэлдэг бөгөөд барааны дэлгүүр ажиллуулдаг. 2016 оны 12 сард Манжуур бараандаа явж ирээд дэлгүүртэй сууж байтал Дулаан Шарын гол ХХК-д ажилладаг операторчин Н.******* гэх эмэгтэй орж ирж 450,000 төгрөгний куртикийг зээлж аваад 2017 оны 02 сар гэхэд бүгдийг өгч дуусгана. 150,000 төгрөгөөр 3 хуваагаад дуусгана гээд аваад явсан.
Тэгээд 1 сар болоход арай гэж гуйж араас нь дагаж явсаар 100,000 төгрөг аваад , зун 6,7 сард 10,000-аар 2 удаа 8000-аар нэг удаа гуйж араас нь дагаж явсаар сайхан хүүхдийн бөөн өгсөн 8,9,10 сарын мөнгөөр бас л гуйж нэхэж өчнөөн доромжлуулж дооглуулж явсаар 40,000 төгрөг арай хийж авсан.
Утсаа ерөөсөө авна гэж байхгүй юм л бол шүүхээр ав, цагдаагаар ав чаддаг юм бол гэж доромжилдог.
Би сард 1 удаа хаа хол манжуураас бараагаа татдаг бараа маань чанартай үнэтэй учраас 1-2 ширхэг л бараа ирдэг.
Би өдий олон жил наймаа хийхдээ ийм хүнийг үнэндээ л олж харсангүй. Иргэн Н.*******ээс гарсан зардал мөнгийг маань 1 жил болгосон мөнгийг хүүгээр нь бодож нийт 1,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Н.******* нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...миний бие 2016 оны 11 сарын 27-ны өдөр *******гийн дэлгүүрээс 300,000 төгрөгний үнэтэй цасны куртикийг авч сард 100,000 төгрөгөөр 3 хувааж өгөхөөр болсон.
2016 оны 12 сард би 100,000 төгрөгийг хэлснээрээ өгсөн.
Тэгээд 2017 оны 1 сарын 1-нд Төрийн банкнаас бүх дансыг маань хааж нөхрийн зээлийг төлүүлж би өөрөө бас сард 197,000 төгрөгийн цалингийн зээлтэй нөхрийн хамтран гээд сард үлдсэн мөнгийг нь татчихдаг 2017 оны 01 сарын 01-ний өдрөөс одоог хүртэл цалин мөнгө авдаггүй. Нөхрөөсөө салаад 3 жил болж байна. Өрх толгойлсон бага насны хоёр хүүхэдтэйгээ аавынхаа хашаанд амьдардаг .
Б.*******д би олдсон мөнгөнөөсөө боломжоороо сар болгон хийдэг. 2017 оны 08 сард 8000 төгрөг, 8 сарын 01-нд 10,000 төгрөг, 10 сарын 26-нд 10,000 төгрөг, 11 сарын 13-нд 40,000 төгрөг, 12 сарын 26-нд 40,000 төгрөг тус тус нийт 168,000 төгрөгийг өгсөн байгаа. Үлдэгдэл 132,000 төгрөгийг би удахгүй төлж барагдуулна. Харин хүү гээд байгаа 1 сая төгрөгийг төлөх боломж байхгүй. Сардаа 2 хүүхдийн 40,000-аар сард бид гурав амьдардаг” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Н.*******д холбогдуулан 1,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч Б.******* нь “куртикны үлдэгдэл мөнгө 282,000 төгрөг, хугацаандаа мөнгөө өгөөгүй учир олох байсан орлого 718,000 төгрөг, нийт 1,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардаж байна” гэж нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ тодруулсан болно.
Хариуцагч Н.******* нь “...үлдэгдэл 132,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. бусад шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргасан болно.
Хариуцагч Н.******* нь нэхэмжлэгч Б.*******гаас 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр куртик худалдан авсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогддог боловч уг куртикыг хэдэн төгрөгөөр худалдсан талаар талууд маргадаг болно.
Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч Б.******* “...Н.******* миний авчирсан куртикнээс үзэж байгаад 450,000 төгрөгийн үнэтэй куртикыг зээлээр худалдан авсан. Н.******* нь миний куртикыг авахдаа 2016 оны 12 дугаар сард багтааж 150,000 төгрөг төлөөд, үлдэх 300,000 төгрөгийг 2017 оны 1, 2 сард тус бүр 150,000 төгрөгөөр төлж дуусгахаар тохиролцсон” гэсэн тайлбар гаргасныг хариуцагч Н.******* үгүйсгэж, тэрээр “...Би Д.*******гаас куртикыг 300,000 төгрөгөөр худалдаж авсан. 300,000 төгрөгийг 3 хувааж 100,000 төгрөгөөр хувааж төлөхөөр тохиролцсон” гэсэн тайлбарыг гаргаж байх боловч хариуцагч тал энэхүү тайлбартай холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.
Өөрөөр хэлбэл хариуцагч Н.*******ийн гаргасан дээрх тайлбар нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Б.******* нь уг куртикыг Н.*******д 450,000 төгрөгөөр худалдсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д “ эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээг байгуулсанд тооцно”, 262 дугаар зүйлийн 262.1-д “Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 263 дугаар зүйлийн 263.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол зээлээр худалдах-худалдан авах гэрээг бичгээр хийнэ”, 263.4-д “Энэ зүйлд заасан журмыг зөрчиж гэрээ байгуулсан бол энэ хуулийн 196.1.1-д зааснаар гэрээг байгуулсан гэж үзэх бөгөөд энэ тохиолдолд худалдан авагч хүү төлөхгүй, гагцхүү эд хөрөнгийн үнийг төлнө. Төлбөрийг гэрээнд заасан хугацааны дотор гүйцэтгэнэ” гэж тус тус заасан байна.
Зохигч талууд Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.1-д заасны дагуу гэрээг бичгээр байгуулагаагүй байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу хариуцагч Н.******* нь куртикны үнийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй.
Хариуцагч Н.******* нь куртикны үнэд нийт 168,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.*******д өгсөн болох нь зохигч талуудын тайлбараар тогтоогдож байх тул куртикны үлдэгдэл үнэ 282,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Д.******* нь “...би өөрөө наймаа эрхэлдэг хүн. Манжуур хотоос бараа авчирч зараад бараагаа зарсан мөнгөөрөө дахин бараа авч эргэлдүүлдэг. Манжуур явахад маш их цаг зав зарцуулдаг. Хэрэв би Н.*******ээс 450,000 төгрөгөө тохирсон хугацаанд авсан бол өнөөдөр надад хохирол учрахгүй байх байсан. Учир нь надад орж ирэх байсан орлого орж ирээгүй учраас хохирол 718,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна..” гэх үндэслэлээр гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас учирсан хохиролд 718,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7-т “Үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй” гэж заасан боловч нэхэмжлэгч Д.******* нь дээрх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул нэхэмжлэгчийн гаргасан хариуцагч Н.*******ээс хохирол 718,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд хариуцагч Н.*******ээс 282,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгож, нэхэмжлэлийн үлдэх 718,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 222 дугаар зүйлийн 222.7-т зааснаар хариуцагч Н.*******ээс 282,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгож, нэхэмжлэлийн үлдэх 718,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,550 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.*******ээс улсын тэмдэгтийн хураамж 9,110 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА