Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/989

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Д.Нямсүрэн,

улсын яллагч Н.Өнөрбаяр,

шүүгдэгч Т.Л нарыг оролцуулан эрүүгийн 2206 00000 1831 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Т.Л, 1978 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, аав, эхнэр, 1 хүүхдийн хамт амьдардаг, Улаанбаатар хотын *********** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2008 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96.2.1, 181.2.1 дэх хэсэгт зааснаар 7 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар 20 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус ял шийтгэгдэж байсан, /РД: ***********/.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Л нь 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр ************ тоотод хохирол Л.Птэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар толгой, нүүр хэсэгт нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж, дух, зүүн доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулайн хуйханд үс халцрал, зөөлөн эдийн няцрал зулайн хуйх, дал, нурууны зулгаралт бүхий гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн дүгнэлт

Дээрх шүүгдэгч Т.Л нь хохирогч Л.Пийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

- Шүүгдэгч Т.Л нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,

- 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол, /хх-ийн 1-3 дахь тал/,

- Хохирогч Л.Пийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр өгсөн “...Би Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хужирбуланд охин П.У, хүү Бын хамт амьдардаг. 2022 оны 5 дугаар сарын 02 ны өдөр би гэртээ охин Ундрахбулаг, бас манай охин хамтран амьдрагч Т.Л бид гурав байсан. Тэгсэн өглөө 10 цагийн үед Ундрахбулаг, Т.Лын хоёр гэнэт маргалдаад Т.Л манай охиныг хэл амаар доромжлоод байхаар нь би “чи манай охинтой хамт амьдарч чадах хүн мөн үү” гэж хэлэхэд Т.Л гэнэт над руу дайраад намайг түлхсэн чинь би нүүрээрээ модон сандал мөргөж унасан. Тэгсэн Т.Л ирээд миний толгойны зүүн хэсэгт болон зүүн хацар зүүн нүдний хажууд гараа атгаж байгаад 2-3 удаа цохисон бас миний баруун бөөр, 1 баруун хөлийн гуя хэсэгт 2-3 удаа өшиглөсөн. Тэгэхээр Т.Лыг би гэрээс яв гэж хэлсэн чинь гэрийн униар миний баруун гарын булчин хэсэгт нэг удаа цохисон. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би Т.Лтой хамт амьдардаггүй. Т.Л хааяа л манайд ирдэг...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дэх тал/,

- Гэрч П.Уийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороонд байдаг гэртээ аав Пүрэв, хамтран амьдрагч Т.Лын хамт байсан. Тэгээд 13 цагийн үед би хамтран амьдрагч Т.Лыг хоолоо ид гэсэн чинь уурлаад байсан. Тэгээд бид жаахан маргалдсан чинь аав хажуу талаас намайг өмөөрөөд Т.Лт хандаж чи миний охинтой амьдарвал амьдар эсвэл боль гэж хэлсэн. Тэгсэн чинь Т.Л аавыг түлхсэн чинь аав модон сандал мөргөөд унасан. Унасныхаа дараа Т.Л аав дээр очоод цамцнаас нь зуураад байсан тэгэхээр би гэрээс гарч яваад цагдаа дуудсан. Тэгээд цагдаа ирэхээр нь гэр рүү орсон чинь аавын зүүн нүд хөхөрсөн, зүүн шанаа нь хавдсан байсан. Харин Т.Л гэрт байхгүй явсан байсан. Гэр бүлийн жижиг маргаанаас болж маргалдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дахь тал/,

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 6567 дугаартай: “...Дүгнэлт

1. Л.Пийн биед дух, зүүн доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулайн хуйханд ус халцрал, зөөлөн эдийн няцрал, зулайн хуйх, дал, нурууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих, үрэх механизмаар үүснэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтлүүд нь 1-3 хоног доторх хугацаанд үүссэн байна...” гэх дүгнэлт /хх-ийн 27-28 дахь тал/ зэргээр тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.

Иймд шүүгдэгч Т.Лыг 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр ************** тоотод хохирол Л.Птэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар толгой, нүүр хэсэгт нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж, дух, зүүн доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулайн хуйханд үс халцрал, зөөлөн эдийн няцрал зулайн хуйх, дал, нурууны зулгаралт бүхий гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч Т.Лт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй бөгөөд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хувийн байдал, хохирогч гомдол саналгүйгээ илэрхийлж эвлэрсэн зэргийг харгалзан прокуророос  шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжээр торгох ялын санал гаргаж, түүнийг шүүгдэгч хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь хуульд нийцсэн гэж шүүх шийдвэрлэв.

Бусад асуудлын талаар

Энэ хэргийн улмаас хохирогч Л.П нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрт учирсан хохирлоо баримтаар нэхэмжилсэн зүйлгүй тул шүүгдэгч Т.Лыг бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Л нь цагдан хоригдсон хоноггүй болно. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Т.Лыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Лыг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх  хэсэгт зааснаар Т.Л нь 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Т.Л нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Т.Л нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Т.Лт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР