Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
Хэргийн индекс | 105/2022/0778/Э |
Дугаар | 2022/ШЦТ/990 |
Огноо | 2022-06-28 |
Зүйл хэсэг | 11.4.1., |
Улсын яллагч | Б.Эрдэнэбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 2022/ШЦТ/990
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
шүүгдэгч Л.Н,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Нямсүрэн,
улсын яллагч Б.Эрдэнэбаяр /томилолт/,
шүүгдэгчийн өмгөөлөгч У.Сайнбилэг нарыг оролцуулан эрүүгийн 2206 01267 1395 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн Л.Н, 1996 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 26 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт ********** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД: ****************/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л.Н нь 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ганцын задгай тоотод “ахтай хамт архи дарс уулаа” гэх шалтгаанаар Ц.Этай маргалдаж, улмаар хохирогч Ц.Эын нүүрэн тус газарт хөлөөрөө өшиглөж, түүний биед тархи доргилт, баруун нүдний нулимсын сувгийн тасрал, баруун нүдний доод зовхинд язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр зэргийн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн дүгнэлт:
Дээрх шүүгдэгч Л.Н нь хохирогч Ц.Эын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт нь:
- Шүүгдэгч Л.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулна.” гэх мэдүүлэг,
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дахь тал/,
- Хохирогч Ц.Эын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Ганцын задгайд би Жаргал гээд найзынхаа гэрт ороод, юм яриад сууж байтал Жаргалын дүү Намжил гаднаас орж ирээд уурлаад ахтай архи дарс уулаа гэж маргалдаад бас намайг хэл амаар доромжлоод, тэгэхээр нь би за уучлаарай эгч нь явлаа гэсэн чинь Намжил намайг үстээд доошоо тонгойход нэг удаа нүүр лүү буюу нүд рүү өшиглөсөн. Би гомдол гаргасан өдрөө шүүх эмнэлэгт үзүүлсэн. Шүүх эмнэлэгт наадах чинь хагалгаанд орох юм байна, хүнд гэмтэл байна нарийн мэргэжлийн эмчид очоод нүдний эмчид үзүүлээрэй гэсэн чинь би 1 дүгээр эмнэлэг дээр очиж үзүүлэхэд хагалгаанд орно гэхээр нь би хувийн эмнэлэгт нь очиж хагалгаанд орсон. Нийт 600,000 төгрөгийн зардал гарсан. Би 0.5 литрийн савлагаатай хараа архи ах Жаргалтай нь хувааж уусан. Би өглөө уусан байсан учир тийм ч их согтолттой биш байсан, архи гарсан байсан. Намайг гэмтээсэн гэх Намжил нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан, Намжил нь жирэмсэн. Гэрт нь ороод удаагүй байж байтал дүү нь орж ирсэн. Намжил гэрт орж ирэхэд ах Жаргал нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор уурандаа намайг гар гичий минь гээд үстээд өшиглөсөн. Архи дарс цуг уусан гээд тэгсэн байх гэж бодож байна. Миний нүд хавдаад босож чадахгүй байсан, тэгээд 2 хоног хэвтсэн. 02 дугаар сарын 17-ны өдөр манай эгч ах 2 Эрдэнэчимэг, Нарангэрэл нар ирээд манай дүүгийн гэр лүү аваад явсан. Намайг оруулчхаад яваад өгсөн, тэгээд 02 дугаар сарын 19-ний өдөр ах, эгч 2 дахиж ирээд нүд чинь аймаар болсон байна, цагдаад ханд гээд тухайн өдрөө цагдаад хандсан. Эмнэлэгт гарсан зардал мөнгөө л төлүүлж авмаар байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9 дэх тал/,
- Гэрч А.Тын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Чи манай гэрээс зурагт аваад манай ах дуугүй болохоор нь дээрэлхээд байна гэж муудалцаж маргалдсан. Эхлээд Ц.Э Л.Нг түлхэж байх шиг харагдаж байсан. Би согтуу байсан болохоор санахгүй байна, манай дүү тэр үед жирэмсэн байсан, харин Л.Н хариуд нь нэг удаа нүүр лүү нь цохих шиг болсон. Ц.Э нэлээн согтуу байсан. Би бас нэлээн согтуу байсан болохоор юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Манай дүү Л.Н нь надаас болж ийм байдалд орчихлоо дөнгөж төрсөн нялх биетэй байгаа.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11 дэх тал/,
- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 3238 дугаартай: “...Дүгнэлт
1. Ц.Эын биед тархи, доргилт, баруун нүдний нулимсны сувгийн тасрал, баруун нүдний доод зовхинд язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих, өшиглөх үйлдлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.
3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтийн байдлаас хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 18-19 дэх тал/ зэргээр тогтоогдсон гэж шүүх дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.
Иймд шүүгдэгч Л.Нг 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ганцын задгай тоотод “ахтай хамт архи дарс уулаа” гэх шалтгаанаар Ц.Этай маргалдаж, улмаар хохирогч Ц.Эын нүүрэн тус газарт хөлөөрөө өшиглөж, түүний биед тархи доргилт, баруун нүдний нулимсын сувгийн тасрал, баруун нүдний доод зовхинд язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр зэргийн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:
Шүүгдэгчийн өмгөөлөгч У.Сайнбилэг нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм бурууд маргаагүй бөгөөд шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон болно.
Шүүх шударга ёсны зарчмыг баримтлан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал, гэмт хэрэг гарсан, үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Л.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар:
Энэ хэргийн улмаас хохирогч Ц.Э нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрт учирсан хохирол болох 450.000 төгрөгийг баримтаар нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Л.Н нь шүүхийн шатанд 250.000 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулсан болно. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Нгаас 200.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Эад олгохоор шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Л.Н нь цагдан хоригдсон хоноггүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Л.Нг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Нд 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Нгийн Баянзүрх дүүргээс зайлшгүй тохиолдолд эмнэлгийн байгууллагын тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд зорчихыг хязгаарлаж, хяналтдаа байлгахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Л.Н нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Л.Нд сануулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Л.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Л.Нгаас 200.000 /хоёр зуун мянга/ төгрөг гаргуулж, хохирогч Ц.Эад олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Л.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР