Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2024/0114

 

 

 

 

 

 

 

 

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг

“Улаанбаатар төмөр зам”-ын гомдолтой

  захиргааны хэргийн тухай

 

          Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн 

          Шүүх бүрэлдэхүүн:

          Шүүх хуралдаан даргалагч шүүгч Б.Тунгалагсайхан

         Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл

          Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа

          Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, Б.А

          Хэргийн оролцогчид:

          Гомдол гаргагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”

          Хариуцагч Төв аймгийн Батсүмбэр сумын татварын улсын байцаагч Б.Х

          Гомдлын шаардлага: Төв аймгийн Батсүмбэр сумын татварын улсын байцаагч Б.Х-ийн 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 05317**, 05317** дугаартай шийтгэлийн хуудсыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д зааснаар илт хууль бус болохыг тогтоолгох тухай

          Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 123/ШШ2023/0054 дүгээр шийдвэр

          Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

          Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А

        Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин

          Хэргийн индекс: 123/2023/0040/3

ТОДОРХОЙЛОХ нь:

          1. Гомдол гаргагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам” нь Төв аймгийн Батсүмбэр сумын татварын улсын байцаагч Б.Х-д холбогдуулан “Т аймгийн Б сумын татварын улсын байцаагч Б.Х-ийн 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн  05317**, 05317** дугаар шийтгэлийн хуудсыг тус тус Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д зааснаар илт хууль бус болохыг тогтоолгох” тухай гомдлын шаардлага гаргажээ.

          2. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 123/ШШ2023/0054 дүгээр шийдвэрээр: “1. Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.1 дэх хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсгийг тус тус баримтлан Т аймгийн Б сумын татварын улсын байцаагч Б.Х-ийн 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 05317** дугаартай шийтгэлийн хуудас, 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 05317** дугаартай шийтгэлийн хуудас тус бүрийг эрх бүхий албан тушаалтнаас шинэ шийтгэлийн хуудас гарах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсгийг баримтлан шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч шинээр шийтгэлийн хуудас гаргаагүй тохиолдолд шийтгэлийн хуудас тус бүр хүчингүй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

              3. Давж заалдах гомдлын агуулга: 

             3.1  Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б Б.А нар давж заалдах гомдолдоо: “Шийдвэрийн үндэслэх хэсгийн 2.6-д “...эрх бүхий албан тушаалтан нь гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүргийн хүрээнд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах, зөрчилд холбогдогчийг тогтоох, холбогдогч, хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас нотлох баримтыг гаргуулан авах эрх үүргээ хэрэгжүүлээгүй, үүний улмаас зөрчилд холбогдогчийн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар ... зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах хүсэлт гаргах зэрэг эрх зөрчигдсөн байна” гэж дүгнэжээ.

          Гэтэл шийдвэрийн мөн хэсгийн 2.7-д “... эрх бүхий албан тушаалтан нь шийтгэлийн хуудсаар тогтоогдсон гэх зөрчлийг гомдол гаргагч гаргасан эсэх, ... эдгээр нөхцөл байдлыг шүүхээс шалгах, улмаар шийтгэл оногдуулах эсэхийг шийдвэрлэх боломжгүй, энэ нь шүүхийн шинжлэн судлах цар хүрээнээс хэтэрсэн байна ...” гэх хоорондоо зөрчилтэй дүгнэлт гаргажээ.

          Нэгэнт гомдол гаргагчийн эрх зөрчигдсөн, түүнчлэн шийтгэлийн хуудсаар холбогдогчоо буруу тодорхойлсноос бодит байдалд биелүүлэх боломжгүйг тогтоосон байж шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзсэн нь үндэслэлгүй, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангах хангалттай боломжтой байсан гэж үзэж байна.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх хэсэгт заасан шийдвэр гаргах нөхцөл байдал үүсээгүй, шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн ямарваа нэгэн эргэлзээ бүхий нөхцөл байдал байхгүй атал дахин шинэ акт гартал түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь “шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасанд нийцэхгүй байна.

          Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, татварын улсын байцаагчийн 2023 оны 09 дүгээр сарын 11- ний өдрийн 05317**, 05317** дугаартай шийтгэлийн хуудсыг тус тус илт хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ: 

          1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болон Тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-гийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

          2. Т аймгийн Б сумын татварын улсын байцаагч Б.Х нь Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах төвийн 11-11 дугаарт иргэн А, Н нараас гаргасан “Б амралтын газраар үйлчлүүлэхэд төлбөрийн баримт олгоогүй” гэх гомдол мэдээллийн бүртгэлийн Т-230**, Т-230** дугаарт тус тус бүртгэгдсэн гомдлыг 2023 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч шийдвэрлэн, 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 05317**, 0537** дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.1 дэх хэсгийг баримтлан Бамралтын газар төлбөрийн баримт хэвлээгүй, сугалааны дугааргүй баримт олгосон үндэслэлээр 1.483.252 /нэг сая дөрвөн зуун наян гурван мянга хоёр зуун тавин хоёр/ төгрөгөөр тус тус /нийт 2.966.504 төгрөг/ торгох шийтгэл оногдуулсан байна.

          3. Гомдол гаргагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-аас “...гомдол гаргагчийн эрх зөрчигдсөн, түүнчлэн шийтгэлийн хуудсаар холбогдогчоо буруу тодорхойлсноос бодит байдалд биелүүлэх боломжгүйг тогтоосон байж шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзсэн нь үндэслэлгүй” гэж үзэн торгох шийтгэл оногдуулсан нь хууль бус байна ... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх хэсэгт заасан шийдвэр гаргах нөхцөл байдал үүсээгүй, шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн ямарваа нэгэн эргэлзээ бүхий нөхцөл байдал байхгүй атал дахин шинэ акт гартал түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь “шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасанд нийцэхгүй” гэж маргажээ.           

4. Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино”, 1.2 дугаар зүйлийн 5-д “Энэ хуульд өөрөөр заагаагүй бол хуулийн этгээдэд түүний төрөл, хэлбэр, өмч хөрөнгө, оршин байгаа газар, үйл ажиллагааны чиглэлээс үл хамааран шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэнэ” гэж тус тус тодорхойлж заасан.

            5. Дээрхээс үзвэл хуулийн этгээдийн бүртгэлгүй байгууллага буюу Б амралтын газарт Зөрчлийн тухай хуулиар шийтгэл хүлээлгэх үндэслэлгүй байжээ.

6. Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 9/90** дугаар албан бичгээр “Б амралт” нэртэй хуулийн этгээд улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэлгүй” талаарх лавлагаа, Төв аймгийн Татварын хэлтсийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 05/507 дугаар албан бичгээр Монгол Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг, “Б амралт”-ын татвар төлөгчийн гэрчилгээ, лавлагаа зэргээс үзвэл “Б амралт”-ын газар нь хуулийн этгээдийн эрхтэй байгууллага биш Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын салбар нэгж болох нь нотлогдож байна.

 

7. Анхан шатны шүүх “...зөрчлийг салбар нэгж болох Б амралтын газар гаргасан..., эрх бүхий албан тушаалтны зөрчил шалгах ажиллагааг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулаагүй үйлдлийг шүүхээс зөвтгөх боломжгүй...” гэх дүгнэлтийг хийж, шийтгэлийн хуудсыг тус тус дахин шинэ акт гарах хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

8. Өөрөөр хэлбэл эрх бүхий захиргааны албан тушаалтны шийдвэр илт хууль бус болох нь тогтоогдож байгаа тохиолдолд түүний үйл ажиллагааг зөвтгөхөөр шүүхээс дахин шинэ акт гаргуулахаар шийдвэрлэсэн нь гомдол гаргагчийн эрхийг зөрчсөн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн заалттай нийцэхгүй байна.   

9. Ийнхүү зөрчлийн холбогдогчийг зөв тодорхойлоогүй, хуулийн этгээдийн эрхгүй этгээдэд шийтгэл оногдуулсан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д заасан захиргааны акт илт хууль бус болох “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” шинжийг агуулж байх тул илт хууль бусд тооцож, гомдол гаргагчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.   

 Давж заалдах шатны шүүхээс “Б амралтын газар төлбөрийн баримт хэвлээгүй, сугалааны дугааргүй баримт олгосон” гэх маргааны үйл баримтад дүгнэлт өгөөгүй болно.

Мөн хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг ирүүлсэн боловч хүндэтгэн үзэх шалтгааныг нотлохгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2-т зааснаар шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.     

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 123/ШШ2023/0054 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг “Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.7, Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 5, 11.19 дүгээр зүйлийн 8.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Т аймгийн Б сумын татварын улсын байцаагч Б.Х-ийн 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 05317**, 0537** дугаар шийтгэлийн хуудас тус тус илт хууль бус болохыг тогтоосугай.”, 3 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн  48.1-д заасныг баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулж, гомдол гаргагчид буцаан олгосугай.” гэж тус тус өөрчилж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.   

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.3-т заасныг баримтлан гомдол гаргагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулж, гомдол гаргагчид буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

                                     ШҮҮГЧ                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

                                     ШҮҮГЧ                                           О.ОЮУНГЭРЭЛ

 

                                 ШҮҮГЧ                                            Ц.САЙХАНТУЯА