Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 97

 

 

 

 

 

 

 

                                            

 

 

 

                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж,

нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,

улсын яллагч Т.Мижиддорж,

шүүгдэгч Г.Баттөгс,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон Цогт овогт Ганболдын Баттөгсөд холбогдох эрүүгийн 201626030869 дугаартай хэргийг 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1987 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 6, эцэг, эх, ах, эгч, дүүгийн хамт, Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо Яармагийн 10-1а тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд:

- 2005 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн албадан ажил хийлгэх ялаар,

- 2009 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 3 сарын 10-ны өдөр 233 дугаартай Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар Хан-Уул дүүргийн шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 26 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзан шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, ухаан бүрэн Боржигон Цогт овогт Ганболдын Баттөгс /РД:ШД87031672/,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Г.Баттөгс нь согтуугаар 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Дэнжийн 6-241 тоотод оршин суух хохирогч Н.Мягмарсүрэнтэй хашаанд нь архи ууснаас болж маргалдан зодолдож хохирогч  Н.Мягмарсүрэнгийн бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

1. Шүүгдэгч Г.Баттөгсийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

 “...Мөрдөн байцаалтын шатанд холбогдсон хэргийнхээ талаар үнэн зөв мэдүүлсэн байгаа. Иймд нэмж ярих зүйл байхгүй. Хохирогч Н.Мягмарсүрэн нь хөдөө орон нутагт байгаа учраас уулзаж, уучлалт гуйж чадаагүй. Хохирогчийн нэхэмжилсэн эмчилгээний зардлыг төлнө. Цаашид хагалгаанд орох мөнгийг нь мөн төл барагдуулна. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа. Тухайн үед баа зэрэг пиво уусан байсан. Надад хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. Хохирогчид хохирол төлбөрийг нь ажил хөдөлмөр эрхэлж гомдол саналгүй болгоно. Дахин алдаа гаргахгүй, зөв шударгаар амьдарч чадна...” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 201626030869 дугаартай хэргээс:

 

1. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Н.Мягмарсүрэнгээс мэдүүлсэн:

“...2016 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 18 цагийн орчим Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Дэнж 6-241 тоотод /манай хашаанд/ Баасанжав, Түвшин-Эрдэнэ хоёртой хамт явж байсан танихгүй залуу намайг зодож гэмтээсэн. Би гаднаас орж иртэл манай хашаанд байшингийн үүдэн дээр Баасанжав, Түвшин-Эрдэнэ, нөгөө танихгүй залуу 3 том савтай пиво уугаад сууж байсан. Тэгэхээр нь би “хашаанд архи пиво уулаа болиоч” гэхэд нөгөө танихгүй залуу нь намайг цохиж газар унагаасан. Өндийх гэтэл тэр залуу миний зүүн нүд рүү хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд би нүдээ дараад газар хэвтсэн. Тэр залууг Баттөгс гэдэг гэсэн.

Миний зүүн нүдний яс болон хамар, өвчүү хугарсан. Зүүн шилбэ хөхөрсөн байсан. Мөн баруун гуя хөхөрсөн байсан. Би 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Нүдний тасагт нүдний хагалгаанд орж, хэвтэн эмчлүүлсэн. Намайг цагдаа дуудах гэтэл Баасанжав, Түвшин-Эрдэнэ хоёр “битгий цагдаа дуудаа” гээд намайг гэрээс гаргахгүй байсан.

Тэгтэл гаднаас манай найз Буянхүүгийн ээж орж ирсэн. Тэгээд намайг гэрээс авч гараад цагдаа дээр авчирсан. Баттөгсөөс өөр хүн намайг зодоогүй. Баттөгс нь намайг зодчихоод яваад өгсөн. ...Тухайн үед би архи уусан согтуу байсан. ...Би сайн санахгүй байна. Би 280.000 төгрөгөөр толгой, цээж, нүүрний томографикийн зураг авхуулсан. 2016 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 1-р эмнэлэгт дахин үзүүлж нүдний хагалгаанд орсон. Нийт би өөрөөсөө 1.374.950 төгрөгийг эмчилгээнд зарцуулсан байгаа. Үүнд:  

- 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдөр “Мөнгөн гүүр” эмнэлэгт томографикийн зураг авхуулсан 280.000 төгрөг,

- 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр “Мөнхийн тун мед” ХХК-аас Катикүйн нэртэй эм авсан 6.500 төгрөг,

- 2016 оны 6 дугаар сарын 18-ны өдөр эм тариа худалдан авсан 48.250 төгрөг,

- 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Улсын 1-р төв эмнэлэгт Эрүү, нүүр, нүдний ерөнхий мэс засалд орсон төлбөр 76.200 төгрөг,

- 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр “ТЭУ” ХХК-нд Нүдний хагалгаанд ороход хэрэглэх эд зүйлийн төлбөр төлсөн 870.000 төгрөг,

- 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 1-р эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн ор хоногийн мөнгө 80.000 төгрөг,

- 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр “Мөнхийн тун мед” ХХК-аас Катикүйн, Ципринол гэх эм тариа худалдан авсан 14.000 төгрөг зэрэг баримттай зардлуудыг гаргуулан авмаар байна.

Тэр залуу намайг ямар шалтгаанаар зодсон гэдгийг мэдэхгүй байна. Би тэр залууг огт танихгүй, тэр өдөр л харсан. Бид хоёрын дунд өр авлага өс хонзонгийн асуудал огт байгаагүй. Би одоо Баттөгс гэж хүнээс 2.874.950 төгрөгийг гаргуулан авмаар байна...” гэсэн мэдүүлэг /хэргийн 18-20х/,

 

2. Гэрч Д.Түвшин-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2016 оны 6 дугаар сарын 14-ний өглөө би 9-10 цагийн орчим найз Мягмарсүрэнгийн гэрт очсон. Очиход Мягмарсүрэн гэртээ ганцаараа байсан. Бид хоёр ойрд уулзаагүй байсан учраас юм ярьж сууж байгаад ганц шил архи уухаар болсон. Тэгтэл бид хоёрт хоёуланд нь ямар ч мөнгө байгаагүй. Мягмарсүрэн бид хоёр тэдний хажуугийн дэлгүүр ороод худалдагчаас нь гуйж байгаад миний хэтэвчийг барьцаанд тавиад нэг шил 0,5 граммын Хараа нэртэй архи авсан. Тэрийгээ Мягмарсүрэнгийн гэрт орж хоёулаа хувааж уусан. Өөр хүн байгаагүй. Архиа ууж дуусчихаад бид хоёр гарч Яармагийн шинэ эцэс орж дэлгүүрээс хоолны бага зэрэг материал авсан. Энэ үед миний таньдаг дүү болох Баасанжав таарч надаас машиныг минь аваад явсан. Нисэх рүү хүн хүргэж өгнө гэж байсан. Эрүүл байх шиг байхаар нь би машинаа өгч явуулсан. Баасанжав нэг танихгүй залуутай хамт явж байсан.

Тэгээд явж байтал миний нэг таньдаг хүн таарсан. Тэр хүнээр би том 2 литрийн савтай пиво авхуулсан. Тэгээд тэр пивоо аваад Мягмарсүрэнгийн гэрт дахин очсон. Мягмарсүрэн бид хоёр хоол идчихээд пивоо задалж бага зэрэг уучихаад гарсан. Тухайн үед би гар утасгүй байсан учраас машинаа яасан талаар асуухаар дэлгүүр гарсан. Мягмарсүрэн бас хаалгаа түгжээд гарч байсан. Дэлгүүр орж утсаар ярьтал Баасанжав “одоо очлоо та хаана байгаа юм бэ” гэхэд нь би “Мягмарсүрэнгийнд байна, ах нь жаахан уучихлаа, одоо машинаар яахав, манайд аваачаад орхичих” гэхэд Баасанжав “би таньтай уулзах хэрэг байна, яваад очъё” гэж байсан.  

Тэгээд дэлгүүрээс гараад ирэхэд Мягмарсүрэн хаачсан нь мэдэгдэхгүй алга болчихсон байсан. Би Мягмарсүрэнг хүлээгээд гэрийнх нь гадаа байж байтал Баасанжав, Баттөгстэй хамт ирсэн. Тэгэхээр нь би эхнэрээ дуудаад машинаа өгч явуулсан. Энэ үед 15 цаг болж байсан байх. Баасанжав, Баттөгс хоёр дэлгүүрээс нэг том савтай пиво авсан. Тэр пивыг нь Мягмарсүрэнгийн хашаан дотор суугаад дөнгөж задлаад ууж байтал Мягмарсүрэн гаднаас Буянхүүтэй хамт орж ирсэн. Гол нь би Мягмарсүрэнгийн гэрт фудболк, сандаал хоёроо үлдээчихсэн байсан учраас түүнийг хүлээж байсан юм. 

Би ороод ирэхээр нь “чи хааччихдаг юм бэ” гэхэд “харин тиймээ, чи өөрөө алга болчихоо биздээ” гэсэн. Тэгээд шууд Баттөгсийг хараад “чи юу хийж яваа бацаан бэ” гээд уурласан. Баасанжав “агаа наадах чинь манай найз байгаа юмаа” гэхэд Мягмарсүрэн “чамд ямар хамаатай юм бэ” гэсэн. Тэгээд фудболкоо тайлаад шууд Баттөгс рүү “үзэх үү хоёулаа” гээд дайрч бариад авсан. Энэ үед Буянхүү хажууд хараад зогсож байсан. Тухайн үед Баттөгс дээгүүрээ нүцгэн сууж байсан. Тэгээд Мягмарсүрэнтэй барьцалдаж аваад, нэг нэг цохилцоод, хоёулаа газар саваад унасан. Унасан чигээрээ хоорондоо бие биенээ мөргөөд, цохиод, зууралдаад байсан. Баттөгс Мягмарсүрэнгийн дээр нь гарсан байсан. Би Баттөгсийг татаж авсан. Мягмарсүрэн газар үлдсэн. Тэр үед Баасанжав түүн дээр очиж газраас босгочихоод Баттөгсийг аваад хашаанаас гараад явсан. Ингээд Мягмарсүрэн бид хоёр тэдний гэрт орсон. Буянхүү хаачсан нь мэдэгдэхгүй алга болсон байсан. Мягмарсүрэн Баттөгс хоёрыг зодолдохыг харсан үгүйг  нь мэдэхгүй байна.

Зодооны дараа Мягмарсүрэнгийн зүүн нүд хавдсан, хөмсөг билүү хамраас нь цус гарсан байсан. Яг хаанаас нь гарсан байсныг би анзаарч хараагүй. Өөрөө цусаа гараараа нүүрэндээ арчиж нялсан байсан. Өөр биед нь ил харагдах гэмтэл шарх байгаагүй. ...Тэгээд Мягмарсүрэн гарч яваад удалгүй цагдаа дагуулаад ороод ирсэн. Хажууд нь Мягмарсүрэнгийн дүү нь эрэгтэй, эмэгтэй хоёр байсан. Зодооныг Мягмарсүрэн өөрөө эхлүүлсэн. Ямар ч хэрүүл маргаан болоогүй байхад гаднаас орж ирээд шууд Баттөгс рүү дайрч, фудболкоо тайлаад “хоёулаа үзье” гээд Баттөгсийг цохиход, Баттөгс зөрүүлээд цохисон. Намайг Баттөгсийг салгах үед Мягмарсүрэнгийн нүүр рүү нэг удаа Баттөгс жийж өшиглөсөн. Энэ хэрэг нь Хан-Уул дүүргийн 8-р хороо Дэнжийн 6-241 тоотод болсон. Мягмарсүрэнгийн биед учирсан гэмтлийг Баттөгс учруулсан. Зодоон болох үед Баасанжав, Баттөгс, Мягмарсүрэн бид дөрөв байсан. Тухайн үед бид нар бүгд согтуу байсан. Гэхдээ хийж байгаа үйлдлээ хянах чадвартай, болсон асуудлыг бүгд л мэдэж байгаа...” гэсэн мэдүүлэг /хэргийн 22-26х /,

 

3. Гэрч Б.Баасанжавын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

"...2016 оны 6 сарын 14-ний өглөө би 11 цагийн орчим найз Мийгаа гэх залуутай хамт гэртээ нэг том савтай пиво хувааж уучихаад гарч явж байгаад гудамжинд Түвшин-Эрдэнэ, Мягмарсүрэн хоёртой таарсан. Түвшин-Эрдэнэ машинтайгаа явж байсан учраас би машиныг нь гуйж аваад Нисэх рүү Мийгаагийн гэр рүү явахаар болсон. Тэгээд машинаа Батболд гэх найзыгаа гуйж бариулж явсан.

Нисэх рүү явж байх замдаа Баттөгс гэх найзтайгаа тааралдсан. Банк орчихоод явж байна гэж байсан. Архи уугаагүй эрүүл байсан. Тэгээд Баттөгсийг машиндаа суулгаад Баттөгс, Батболд, Мийгаа бид дөрөв хамт Нисэхэд Мийгаагийн гэрт очсон. Тэнд Баттөгс, Мийгаа бид 3 нэг шил 0.75 граммын архи хувааж уусан. Батболд машин барьж байсан учраас уугаагүй.

Удалгүй Түвшин-Эрдэнэ “машинаа авъя” гээд залгасан. Яармагийн Дэнж дээр Мягмарсүрэнгийн гэрт байна гэж байсан. Тэгээд Мийгаа гэртээ үлдээд, Баттөгс, Батболд бид гурав Дэнж орж машиныг нь өгөхөөр явсан юм. Мягмарсүрэнгийн гэрт ороход Мягмарсүрэн, Түвшин-Эрдэнэ хоёр 1 том савтай пиво ууж байсан. Би Түвшин-Эрдэнэд машиных нь түлхүүрийг өгсөн. Тэр үед Батболд ажил руугаа явлаа гээд яваад өгсөн.  

Баттөгс, бид хоёр тэндээ үлдэж, Түвшин-Эрдэнэ, Мягмарсүрэн хоёртой хамт пиво уусан. Пивоо уугаад сууж байтал Мягмарсүрэнг гадаа найз нь машинтайгаа ирж дуудсан. Тэгтэл Мягмарсүрэн, “Түвшин-Эрдэнэ, Баттөгс бид гурвыг хашаанд байж бай, би гарчихаад ирье” гээд гэрээсээ гараад хаалгаа түгжээд явсан. Тал пиво үлдсэн байсан тул бид гурав байшингийнх нь шатан дээр сууж байгаад үлдэгдэл пивоо уусан.

20-иод минут болсны дараа Мягмарсүрэн эргэж ирсэн. Ирэнгүүтээ Баттөгс рүү шууд “хоёулаа зодолдъё” гээд хувцасаа тайлж шидээд дайраад байсан. Уг нь ямар ч хэрүүл маргаан огт болоогүй. Гэнэт гаднаас орж ирээд шууд Баттөгс рүү дайраад байсан. Тэгээд тэр хоёр зууралдаж аваад хоорондоо цохилцсон. Тэгтэл Мягмарсүрэн доор нь ороод газар унасан. Тэр үед Түвшин-Эрдэнэ очиж салгасан. Тэгэхээр нь би Баттөгсийг аваад хашаанаас гарсан. Баттөгс бид хоёр гудамжны үзүүрийн дэлгүүрээс 1 том савтай пиво аваад хувааж уусан. Тэгээд пивоо ууж дуусгаад Баттөгсийг би явуулчихаад Мягмарсүрэнгийн гэрт буцаж очсон. Ороход Түвшин-Эрдэнэ тэр хоёр сууж байсан.

Гаднаас Мягмарсүрэнгийн найзынх нь ээж гэх хүн хүүхдээ асууж орж ирсэн. Мягмарсүрэн “та хоёр түр байж байгаарай” гэж хэлж гараад удалгүй цагдаа дагуулаад ороод ирсэн. Мягмарсүрэнгийн биен дэх гэмтлийг Баттөгс учруулсан. Гэхдээ Мягмарсүрэн зодооныг өөрөө шалтгаангүйгээр эхлүүлсэн. Зодооны үед Мягмарсүрэнгийн хамраас цус гарсан байсан. Өөр тэр хоёрын биед ямар нэгэн гэмтэл шарх учраагүй байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 30-32х/,

 

4.  Гэрч Б.Цэрэнбандийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:       

“...Би 2010 оноос хойш Баттөгсийг таньдаг болсон. Баттөгстэй сүүлд уулзахад хүнтэй зодолдсон чинь тэр хүн өргөдөл бичээд цагдаад өгчихсөн байгаа гэж хэлсэн. Тэр үед Баттөгс нь саарал биеийн тамирын өмдтэй, хар өнгийн тавчиктай, хар өнгийн фудболктой байсан...гэсэн мэдүүлэг /хэргийн 38-39х/,

 

5. Гэрч Д.Буянхүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2016 оны 6 сарын 14-ний өдөр би гэртээ байж байтал Мягмарсүрэн “намайг хүрээд ирээч” гээд 9 цагийн үед” гэртээ байна” гээд дуудсан. Би Мягмарсүрэнтэй уулзсан чинь Мягмарсүрэн “ганц юм ууя” гээд бид хоёр нэг шил архи хувааж уусан. Архи уучихаад Мягмарсүрэнг гэрт нь би хүргэж өгөх гээд хашааных нь үүдэнд очтол хашаанд нь Түвшин-Эрдэнэ, Баттөгс, Баасанжав гурав ...пиво уугаад сууж байсан. Би хашаа руу нь оруулж өгчихөөд гэр рүүгээ яваад өгсөн. Би зодоон болох үед байгаагүй. Намайг Мягмарсүрэнг хашаа руу нь оруулж өгөхөд түүний нүүр, царай зүгээр, ямар нэгэн шарх байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 45-46х/,

 

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 2016 оны 6 сарын 21-ний өдрийн хийсэн 8472 тоот актад:

1. Мягмарсүрэнгийн биед тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор, доод хана, гайморын хөндийн хана, хамар яс, өвчүү ясны хугарал, зүүн гайморын хөндийн цус хуралдалт, зүүн нүдний дээд доод зовхи, хацар, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2.5. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...гэсэн дүгнэлт /хэргийн 48х/,

 

7. Хохирогч Н.Мягмарсүрэнгийн хохиролтой холбоотой эмчилгээний зардлын баримтууд, өвчний түүх, амбулаториар эмчлүүлэгчийн картын хуулбар /хэргийн 88-92х, 93-96х/,

 

8. Шүүгдэгч Г.Баттөгсийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн:

“...Би 2016 оны 6 сарын 14-ний өдөр 13 цагийн үед Яармагийн эцэс дээр явж байгаад Баасанжав, Батболд хоёр “Түвшин-Эрдэнийн машинтай Нисэх орох гээд явж байна суучих” гэхээр нь би суугаад хамт явсан. Нисэхэд Мягмарсүрэн ахын гэрт очтол Баасанжав хамт байсан. Бид нар том савтай пиво нэгийг хувааж уусан. Батболд руу машины эзэн Түвшин-Эрдэнэ залгаад “машин аваад ир” гэхээр нь Баасанжав, Батболд бид гурав Түвшин-Эрдэнийн байгаа гэх хохирогч  Мягмарсүрэнгийн гэрт нь очсон юм.

Батболд хашаа руу нь орохгүй шууд үүднээс явлаа гээд машиных нь түлхүүрийг өгчихөөд яваад өгсөн. Түвшин-Эрдэнэ ганцаараа байсан. Баасанжав бид хоёр Түвшин-Эрдэнэтэй том савтай пиво нэгийг хувааж уугаад байж байтал гаднаас гэрийн эзэн Мягмарсүрэн, найз Буянхүүтэйгээ хамт орж ирээд, шууд үгийн зөрүүгүй над руу хараад “чи манай хашаанд архи уудаг хэн бэ, үзье хоёулаа” гээд намайг сууж байхад нүүр рүү өшиглөсөн.

Би өшиглөх үед нь гараараа хаагаад босож ирээд “чи, ахаа гээд байхад давраад байгаарай” гээд шууд заамдаж авсан. Намайг бас адилхан заамдаж аваад бид хоёр бие биенийгээ гараараа нэг нэг удаа цохиж аваад, хоёулаа согтуу байсан учраас заамдалцсан чигээрээ газарт унасан. Газарт унасан чигээрээ бие биенийгээ зуураад тавихгүй байсан чинь хажуу талаас Баасанжав намайг салгаж авсан. Би газраас босох үед Мягмарсүрэн миний цамцнаас зуурчихаад тавихгүй байхаар нь хөлөөрөө жийсэн чинь миний хөл нүүр рүү нь оносон.

Тухайн үед би их согтоогүй байсан. Хохирогч гэх залуу согтуу байсан. Хохирогчийг би ганцаараа зодсон. Би дух руу нь нэг удаа гараараа цохиод, нүүр рүү нь нэг удаа өшиглөсөн. Мягмарсүрэн намайг зүгээр сууж байхад өөрөө түрүүлж хэрүүл хийж намайг эхэлж цохисон. Мярмарсүрэн миний нүүр рүү гараараа нэг удаа цохисон. Тухайн үедээ жаахан хөхөрсөн байсанч би өөрөө би шүүх эмнэлэгт үзүүлээгүй, ...ямар нэгэн гомдол санал байхгүй. Угаасаа сүртэй гэмтэл учраагүй, миний бие зүгээр. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахиж зодоон цохион хийхгүй, хэргээ шийдэгдтэл архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байгаа...” гэсэн мэдүүлэг /хэргийн 55-58х, 68-69х/ зэрэг хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Мөн болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой гэрч Д.Намсрай, Д.Ганболд нарын мэдүүлэг /хэргийн 33-35х, 36-37х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 71х/, Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хэргийн 72х/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримт /хэргийн 73х/, Хан-Уул дүүргийн шүүхийн 2009 оны 01 сарын 14-ний өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хэргийн 78-80х/, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2009 оны 3 сарын 10-ны өдрийн 233 дугаар магадлалын хуулбар /хэргийн 81-82х/, Хан-Уул дүүргийн шүүхийн 2005 оны 5 сарын 23-ны өдрийн 147 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хэргийн 85-86х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан байх ба шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар болон хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмыг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул шүүх хууль ёсны үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой баримтууд гэж үнэллээ.   

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг дүгнэхэд

 

2016 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Дэнжийн 6-241 тоот дахь хохирогч Н.Мягмарсүрэнгийн хашаанд шүүгдэгч Г.Баттөгс нь гэрч Б.Баасанжав, Д.Түвшин-Эрдэнэ нарын хамт пиво уугаад сууж байхад гэрийн эзэн хохирогч Н.Мягмарсүрэн нь ирж, “хашаанд архи уудаг, чи хэн бэ” гэснээс болж, хохирогч шүүгдэгч нар нь маргалдан, зодолдож, улмаар шүүгдэгч Г.Баттөгс нь хохирогч Н.Мягмарсүрэнгийн нүүр хэсэгт гараараа цохих, газарт давхралдан унаад босохдоо хөлөөрөө жийж өшиглөх зэргээр зодож, түүний биед “тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор, доод хана, гайморын хөндийн хана, хамар яс, өвчүү ясны хугарал, зүүн гайморын хөндийн цус хуралт, зүүн нүдний дээд доод зовхи, хацар, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт” бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон, шүүгдэгчийн гэм буруутай энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан “бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан байна.  

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Г.Баттөгсөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул түүнийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.

 

Мөн гэмт хэрэг гарсан тухайн өдөр шүүгдэгч, хохирогч нарын бусадтай нийлэн шалтаг шалтгаангүйгээр үргэлжилсэн архидан согтуурсан байдал, мөн хохирогч Н.Мягмарсүрэнгийн “өөрийн гэрийн хашаанд архидан согтуурлаа” гэсэн шаардлагыг бусдад тавихдаа шүүгдэгч рүү “хоёулаа үзэлцэе” хэмээн дайрч давшилан зохисгүй авир гаргасан байдал нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсныг тэмдэглэх нь зүйтэй.

 

Энэ хэргийн улмаас хохирогч Н.Мягмарсүрэн биедээ хүндэвтэр гэмтэл авч, эмчилгээ хийлгэх, эм тариа авах зэрэгт тодорхой зардал гаргасан, мөн цаашид хийлгэх эмчилгээ үйлчилгээний зардал зэрэгт 2.874.950 төгрөг нэхэмжилсэн ба “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүйгээр/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, “...бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд ....ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зохицуулсан учир баримтаар нотдлогдож буй хэмжээнд нь гэм хорын хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх нь зүйтэй.   

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хохирогчид учирсан гэм хохиролд тооцон УНТЭ-ийн нүдний эмгэг судлалын тасагт хэвтэн эмчлүүлсэн төлбөрт эмчлүүлэгчээс гарсан зардлын 76.200 төгрөг, эмийн зардлын 48.179 төгрөг, бүгд 124.379 төгрөг /хэргийн 88х/, “ТЭУ” ХХК-нд төлсөн ухархайн шинжилгээний төлбөрийн 870.000 төгрөг, эм тариа, эмчилгээ үйлчилгээнд зарцуулсан 222.950 төгрөг, томографийн зардлын 280.000 төгрөг /хэргийн 92-93х/, бүгд 1.499.329 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид нөхөн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Харин хохирогч нь цаашид хамрын хагалгаанд ороход гарах зардал хэмээн  1.500.000 төгрөг /хэргийн 21х/ нэхэмжилсэн боловч энэ талаар тодорхой баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй, уг зардал нь ирээдүйд гарах зардал тул эрүүгийн хэргийн хамт нэг мөр шийдвэрлэх боломжгүй юм.

 

Шүүгдэгч Г.Баттөгс нь урьд Хан-Уул дүүргийн шүүхийн 2005 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 145 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн албадан ажил хийлгэх ялаар, мөн шүүхийн 2009 оны  01 сарын 14-ний өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгүүлэн Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2009 оны 3 сарын 10-ны өдрийн 233 дугаартай магадлалаар оногдуулсан  3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзан шийтгэгдэж байсан хэдий ч түүний хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд заасан ялтайд тооцогдох хугацаа дуусч ялгүй болсон байх тул тэрээр Эрүүгийн хуулийн хүндэвтэр ангилалд хамаарах гэмт хэргийг анх удаа үйлдсэн гэж үзэх юм.  

 

Шүүх, шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1 дэх хэсэгт заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэнийг мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт заасан ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцон үзэв.    

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дахь хэсэгт зааснаар Г.Баттөгсийн 2016 оны 10 сарын 11-ний өдрөөс 2016 оны 10 сарын 28-ны өдрийг хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаж хоригдсон нийт 17 /арван долоо/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

 

Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчтэй холбоотой иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус тогтоолд дурьдав.  

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэг, 290, 294, 297 дугаар зүйлийн 297.1 дэх хэсэг, 298, 299 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон Цогт овогт Ганболдын Баттөгсийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар Г.Баттөгсөд 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар албадан ажил хийлгэх ялаас санаатайгаар зайлсхийвэл эдлээгүй үлдсэн ялын найман цагийн ажлыг нэг хоногийн баривчлах ялаар тооцож солихыг Г.Баттөгсөд мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Баттөгсийн цагдан хоригдсон 17 /арван долоо/ хоногийг  мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2 дахь хэсэгт заасныг журамлан цагдан хоригдсон нэг хоногийг нь албадан ажил хийлгэх ялын найман цагтай тэнцүүлж, түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар Г.Баттөгсөөс 1.499.329 /нэг сая дөрвөн зуун ерэн есэн мянга гурван зуун хорин ес/ төгрөг гаргуулж, хохирогч Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо,  Дэнжийн 6-р гудамж, 241 тоотод оршин суух хаягтай, Монгол овогт Нямбаатарын Мягмарсүрэнд /РД:ХВ84031336/ олгож, Н.Мягмарсүрэн нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэн шийдвэрлүүлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

 

6. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчтэй холбоотой иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба ялтан,  хохирогч, тэдгээрийнтөлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд ялтан Г.Баттөгсөд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тогтсугай.

 

 

 

                    

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            С.БАЗАРХАНД