Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 1457

 

МАГАДЛАЛ

 

2017.06.28                                             Дугаар  1457                                       Улаанбаатар хот

 

 

 

 

 

“Гүнгэрваа” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ш.Оюунханд, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 101/ШШ2017/01239 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Гүнгэрваа” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл ТӨААТҮГ-т холбогдох,

Гэрээний үүрэгт 48 812 325 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Т.Батсайхан,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ш.Ганбат,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: “Гүнгэрваа” ХХК нь 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдөр “Монгол цэрэг констракшн” ТӨААТҮГ-тай “Шонхор” хүүхдийн зуслангийн соёлын төвийн барилгын материал нийлүүлэх, худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Мөн энэ гэрээтэйгээ зэрэгцүүлэн түрээсийн гэрээ байгуулсан байдаг. Гэрээний үнэ, санхүүжилтийн нийт гүйцэтгэл 131 886 700 төгрөг болсон. Гэрээнд суурийн материал 11 094 325 төгрөг, карказны үнэ 47 718 000 төгрөг, тээврийн хөлс 8 000 000 төгрөг, кран түрээсэлсний хөлс 2 000 000 төгрөг, нийт 68 812 325 төгрөгийн бараа материал нийлүүлсэн бөгөөд үүнээс 20 000 000 төгрөгийг 2013 оны 09 дугаар сарын 27-ны өдөр төлсөн. Шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа хариуцагч тал үнийнхээ дүн дээр маргасан байдаг. Хариуцагч тал бидний тооцоолж үзсэнээр 3 000 000 төгрөг болох ёстой гэж маргасан тул үүнтэй холбогдуулж шүүх шинжээч томилсон байдаг. Шинжээчийн дүгнэлтээр 68 001 489 төгрөгийн бараа үйлчилгээ үзүүлсэн байна гэж гарсны дагуу шинжээчийн дүгнэлтийн зөрүү болох 48 812 325 төгрөгийг нэхэмжилсэн байдаг. Хариу тайлбартаа 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдөр гэрээ байгуулсан, 2013 онд ашиглалтад оруулахаар төлөвлөгдсөн байсан, ажлын санхүүжилт улсын төсвөөс бүрэн авагдсан хэдий ч мөнгө зориулалтын дагуу зарцуулагдаагүй гэж хэлдэг. Тэр бол зөвхөн тухайн байгууллагын л асуудал юм. 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 98,000,000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 261 096 438 төгрөгийг “Соёлын төвийн барилгын санхүүжилт” гээд орчихсон байдаг. Мөн компанийн тухай хуульд зааснаар компанийг өөрчлөхөд түүний эрх үүрэг, хариуцлага шинээр бий болж байгаа компанид шилжинэ гэж заасан байдаг. Иймд 48 812 325 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт хариуцагч талаас гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Энэхүү маргаантай холбогдуулж анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарсан байдаг. “Гүнгэрваа” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлж байгаагаар 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдөр “Гүнгэрваа” ХХК болон “Монгол цэрэг констракшн” ТӨААТҮГ-тай байгуулсан гэрээг үндэслэж тухайн нэхэмжлэлийг гаргасан гэж хэлээд байна. Гэтэл уг гэрээ нь 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан гэж хэлээд байгаа боловч энэ өдөр Батлан хамгаалах яамны харъяа “Монгол цэрэг констракшн” ТӨААТҮГ гэж хуулийн этгээд Монгол улсад байгаагүй. Энэ хуулийн этгээдийг Монгол улсын Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч буюу түүнээс эрх олгосон байгууллага, түүнчлэн үүсгэн байгуулах баримт бичгээр эрх олгосон байгууллагын шийдвэрээр 2013 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Батлан хамгаалах яамны сайдын А242 дугаар тушаалаар үүсгэн байгуулсан. Уг А242 тоот тушаалаар “Монгол цэрэг констракшн” ТӨААТҮГ-ыг үүсгэн байгуулахдаа Барилга захиалагчийн алба ТӨААТҮГ-ыг Батлан хамгаалах Аж үйлдвэрийн нэгдэл ТӨААТҮГ болон өргөтгөн зохион байгуулж, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт оруулсан байдаг. Энэ гэрээ нь “Монгол цэрэг жуулчин” ТӨААТҮГ-тай “Гүнгэрваа” ХХК хийсэн гэрээ байж таардаг. Энэ гэрээнээс нэхэмжилж байгаа мөнгөн дүнг “Монгол цэрэг констракшн” ТӨААТҮГ-ыг нэгтгэн зохион байгуулж, эрх залгамжилсан үндэслэлээр тухайн эд хөрөнгө нь Батлан хамгаалах Аж үйлдвэрийн нэгдэл ТӨААТҮГ-т шилжиж ирсэн гэдэг утгаар “Гүнгэрваа” ХХК нь нэхэмжлээд байгаа юм. Гэтэл Монгол улсын Батлан хамгаалах яамны сайдын 2014 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн А58 дугаар тушаалаар “Монгол цэрэг констракшн” ТӨААТҮГ-ыг эрх залгамжлалгүйгээр татан буулгаж, Батлан хамгаалах Аж үйлдвэрийн нэгдэл ТӨААТҮГ-т нэгтгэсэн байгаа юм. Монгол улсын Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 204.1.4 дэх хэсэгт хуулийн этгээдийг эрх залгамжлалгүйгээр татан буулгаж, улсын бүртгэлээс хасагдсанд тооцох болно гэдэг заалт байдаг. Үүгээрээ “Монгол цэрэг констракшн” ТӨААТҮГ-ын ямар нэгэн эд хөрөнгө болон үл хөдлөх хөрөнгө Батлан хамгаалах Аж үйлдвэрийн нэгдэл ТӨААТҮГ-т шилжиж ирээгүй. 2013 оны 08 дугаар сарын 08-ны өдөр “Монгол цэрэг констракшн” ТӨҮГ-ыг бий болгож, бүтцийн өөрчлөлтөөр нэрийг нь өөрчилсөн бөгөөд А242 дугаар тушаалын 4 дэх хэсэгт төрийн өмчит үйлдвэрийн газруудын бүтэц зохион байгуулалтыг өөрчилсөнтэй холбогдуулан “Шонхор” хүүхдийн зусланг Батлан хамгаалахын их сургуулийн, “Аврага” рашаан сувиллын газрыг Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн харъяанд шилжүүлсүгэй гэж уг тушаалд мөн тусгасан байдаг. Үүнээс үзэхэд 2013 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Батлан хамгаалах Аж үйлдвэрийн нэгдэл, “Монгол цэрэг жуулчин” болон “Монгол цэрэг констракшн” ТӨҮГ-уудын дотоод зохион байгуулалт, орон тоонд өөрчлөлт оруулахдаа Батлан хамгаалах Аж үйлдвэрийн нэгдэл ТӨААТҮГ-т ямар нэгэн “Шонхор” хүүхдийн зуслангийн буюу “Гүнгэрваа” ХХК-тай холбоотой өр авлагын асуудал шилжиж ирээгүй байгаа. Батлан хамгаалах яамны сайдын 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А173 дугаар тушаал байдаг. Энэ тушаал дээр зарим барилгыг санхүүжүүлэх талаар тусгасан байдаг. Энэ тушаалын 2 дугаар зүйл дээр Батлан хамгаалахын их сургуулийн харъяа “Шонхор” хүүхдийн зуслангийн Соёлын төвийн барилгын 86,163,558 төгрөгийг Батлан хамгаалахын их сургуулийн үйл ажиллагааны орлогын төлөвлөгөөний давсан орлогоос санхүүжүүлэхийг Батлан хамгаалахын их сургууль Хошууч генерал Я.Чойжамцад зөвшөөрсүгэй гэсэн тушаалыг Батлан хамгаалах яамны сайд гаргасан байдаг. Барилга угсралтын ажилд хяналт тавьж, хугацаанд нь ашиглалтад өгөх ажлыг зохион байгуулахыг Барилга захиалагчийн алба ТӨҮГ-ын дарга Дэд хурандаа н.Ганболдод үүрэг болгосон байдаг. Батлан хамгаалах Аж үйлдвэрийн нэгдэл ТӨААТҮГ-т “Шонхор” хүүхдийн зуслантай холбоотой эд хөрөнгийн болон өр авлагын асуудал огт байгаагүй. Үүнийг “Гүнгэрваа” ХХК-ийн нэхэмжлэл гаргасны дараа л Батлан хамгаалах Аж үйлдвэрийн нэгдэл ТӨААТҮГ нь мэдсэн байдаг. Энэ нь Батлан хамгаалахын яамтай холбоотой бөгөөд тухайн хуулийн этгээдүүдийн бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх болон үүсгэн байгуулахдаа харъяа Батлан хамгаалахын яамны сайдын тушаалаар хуваарилж зохицуулж өгсөн байгаа юм. Нэхэмжлэгчийн хариуцагч нь Батлан хамгаалах Аж үйлдвэрийн нэгдэл ТӨААТҮГ биш юм. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, жинхэнэ хариуцагчийг тогтоож өгөхийг хүсэж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл ТӨҮГ-аас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 48 812 325 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Гүнгэрваа” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар шинжээчийн ажлын хөлс 1 280 000 төгрөгийг нэхэмжлэгч “Гүнгэрваа” ХХК-иас нөхөн гаргуулж шинжээч Бэсгэ ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 402 100 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт "Эзэмшигчтэй нь тохиролцсоноор үүрэг гүйцэтгэгчийн өрийг гуравдагч этгээд шаардах эрхийг өөртөө шилжүүлэн авч үүрэг гүйцэтгэж болох бөгөөд энэ тохиолдолд энэ хуулийн 123.8 дахь хэсэгт заасан журам нэгэн адил үйлчилнэ гэж заасан байдаг. Анхан шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 06, 24-ний өдрүүдэд болсон талуудын хүсэлтийг хэлэлцэх шүүх хуралдлаанаар хариуцагчийн гаргасан нотлох баримтыг илүүд үнэлэн Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл ТӨААТҮГ-г жинхэнэ хариуцагч биш гэж үзэн нэхэмжлэгчид хариуцагчийг солих тухай, хамтран хариуцагчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан оролцуулах тухай зэргийг санал болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт "Шүүхэд урьдаас хөтөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямарч нотлох баримт байж болохгүй" гэж заасаныг мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.3 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн үзэхээр байна. Өөрөөр хэлбэл хариуцагчийг солих нь нэхэмжлэгчийн зөвшөөрөл буюу хүсэл зоригоос хамааралтай юм.

Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй бөгөөд шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйл 243.1 дэх хэсгийг тогтоох хэсэгтээ баримталсан нь ойлгомжгүй өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлнө гэж заасан байдаг. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хуульд нийцүүлэн дүгнэж чадаагүй тул давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.

Нэхэмжлэгч “Гүнгэрваа” ХХК нь хариуцагч Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл ТӨААТҮГ-т холбогдуулан гэрээний үүрэгт 48 812 325 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч нь “Монгол цэрэг констракшн” Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газартай /цаашид ТӨААТҮГ гэх/ 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдөр “Шонхор” хүүхдийн зуслангийн соёлын төвийн барилгын материал нийлүүлэх, худалдан авах гэрээний дагуу нэхэмжлэгч нь 2013 оны 9 дүгээр сарын 26-наас 2013 оны 10 дугаар сарын 26-ны хооронд барилгын материалыг нийлүүлэх, хариуцагч буюу худалдан авагч нь барааны үнэ 131 886 700 төгрөгийг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэхээс 20 000 000 төгрөгийг төлсөн, нэхэмжлэгчээс хүлээн авсан материалын үнэ 58 812 325 төгрөгийг хариуцагч төлөөгүй байгаа гэх нэхэмжлэлийн үндэслэлийг хариуцагч үгүйсгээгүй, “Монгол цэрэг констракшн” ТӨААТҮГ-ын дансанд гэрээний зүйлийн үнэ болох 98 000 000 төгрөгийн санхүүжилт 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр шилжсэн баримт хэрэгт авагджээ. /хх 194/

Дээрх үйл баримтаас хойш 2014 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Засгийн газрын 63 дугаар тогтоолоор “Монгол цэрэг констракшн”, “Транссэргэлт” аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газар, “Батпромимпекс” ХХК-г нэгтгэн, нэгдсэн зохион байгуулалтад оруулж, “Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл” ТӨААТҮГ болгон өөрчилж, Батлан хамгаалах яамны харъяанд байгуулсан үйл баримт тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй.

Дээрх үйл баримтаас дүгнэвэл Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт “Хоёр буюу хэд хэдэн хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоож, тэдгээрийн эрх, үүрэг, хариуцлагыг шинээр бий болсон хуулийн этгээдэд шилжүүлэхийг хуулийн этгээдийг нийлүүлэх гэнэ” гэж зааснаар гэрээний нэг тал болох “Монгол цэрэг констракшн” ТӨААТҮГ-ын эрх, үүрэг хариуцагч “Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл” ТӨААТҮГ-т шилжсэн гэж үзнэ.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан дээрх нотлох баримт, зохигчдын тайлбарыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь хуульд нийцүүлэн дүгнэлгүй нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.

Учир нь зохигчдын хооронд Иргэний хууийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авх гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй тул гэрээний үүргийн гүйцэтгэлийг нэхэмжлэгч шаардах эрхтэй.

Нэхэмжлэгчээс гэрээний дагуу хариуцагчид хүлээлгэн өгсөн бараа материалын тоо хэмжээ, чанарын талаар хариуцагч маргаагүй, нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг баримтаар няцааж чадаагүй, өөрийн татгалзлаа хариуцагч нотлох баримтаар нотлоогүй байна.

Түүнчлэн гэрээний зүйлийн үнийг хариуцагч хугацаанд нь төлөх боломжтой    байсан нь хэргийн баримтаар тогтоогдсон.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, дээрх үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 101/ШШ2017/01239 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Батлах хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл” ТӨААТҮГ-аас 48 812 325 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Гүгэрваа” ХХК-д олгосугай.” гэж,

шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад “хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 402 100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. “ гэсэн заалт нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 402 100 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Н.БАТЗОРИГ

                                                ШҮҮГЧИД                             Ш.ОЮУНХАНД

                                                                                              М.НАРАНЦЭЦЭГ