Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/994

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүгдэгч Э.О,

нарийн бичгийн дарга Д.Нямсүрэн,

улсын яллагч К.Чимгээ,

хохирогч Ж.М нарыг оролцуулан эрүүгийн 2206 00000 1581 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Э.О, 1990 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, ********** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, /РД: **********/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.О нь 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөс 08-ны өдөрт шилжих шөнө 01 цагийн орчимд *********** тоотод иргэн Ж.Мтай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, түүний нүүр хэсэгт нь гараараа цохиж, түүний биед хамар ясны далд хугарал, таславчийн мурийлт, хамарт зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт, зулгаралт гэмтэл учруулснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн дүгнэлт:

Дээрх шүүгдэгч Э.О нь хохирогч Ж.Мын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

- Шүүгдэгч Э.О шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мандал орж ирээд бид хоёр хэрэлдсэн. Би угаалгын өрөө ороод цээж рүү нь зодсон. Хамар луу нь цохиогүй.” гэх мэдүүлэг,

 

- Хохирогч Ж.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Тухайн өдөр шөнө 01 цагийн үед би хадам эгчийн гэрт очсон. Орондоо ороод хэвтэж байхад энэ хүн намайг таньдаггүй хэн бэ гэж хэлээд маргаан үүссэн. Намайг угаалгын өрөөнд орж тамхи татъя гэж хэлэхээр нь дагаад ортол хамар луу цохисон. Би дараа нь цагдаа дуудсан. Цагдаа ирсний дараа тохиръё гэж хэлэхэд тохироогүй. Надаас уучлалт гуйгаагүй гомдолтой байна, эмчилгээний зардлаа нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг,

- Хохирогч Ж.Мын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөс 08-ны өдөрт шилжих шөнө Сүхбаатар дүүргийн эмнэлэг дээр очиж эхнэр, хүүхдэдээ шөл, цай дөхүүлж өгчхөөд 01 цагийн үед өөрийн эхнэрийн эгч болох Шинэтуяагийн амьдардаг гэр буюу Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 50 дугаар байрны 12 тоотод ирсэн. Тэгтэл хадам эгчийн гэрт үл таних урьд өмнө нь ганц хоёр удаа харж байсан нэг залуу хадам эгчийн хүүхдүүдтэй байж байсан. Тэгээд намайг гэрт орсны дараа тухайн ул таних залуу нь намайг нойл орж тамхилъя гэж хэлээд нойл руу дагуулаад орсон. Тэгээд нойл ороод шууд миний хамар хэсэгт гараа зангидаж байгаад нэг удаа цохисон. Тэгээд би хариуд нь өөрийгөө хамгаалж ноцолдож байгаад салаад цагдаа дуудсан.” гэх мэдүүлэг, /хх-ийн 6 дахь тал/,

 

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 5502 дугаартай: “...Дүгнэлт

1. Ж.Мын биед хамар ясны далд хугарал, таславчийн мурийлт, хамарт зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 12-13 дахь тал/,

 

- Шүүгдэгч Э.Оын мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн: “...2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөс 08-ны өдөрт шилжих шөнө би Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 50 дугаар байрны 12 тоотод Шинэтуяа гэх найзынхаа гэрт Шинэтуяагийн хүүхдүүд болох 5, 8 настай хоёр хүүхэдтэй хамт байж байсан. Тэр үед Шинэтуяагийн дүүгийн нөхөр Ж.М гэх залуу гаднаас орж ирсэн. Тэгээд Ж.М бид хоёр ойр зуурын хууч хөөрч суусан. Тэр үед Ж.М надад хандан чи яагаад базууртай яриад байна аа гэж хэлсэн. Тэр үед Шинэтуяагийн хүүхдүүд болох хоёр бага насны хүүхэд унтаагүй байсан болохоор Ж.Мыг хоёулаа нойл оръё гэж хэлсэн. Тэгээд Ж.М бид хоёр нойл орсон. Тэгээд нойлд ороод Ж.М бид хоёр маргалдаж бие биеэ заамдаж ноцолдсон. Тэр үед Ж.Мын хамраас цус гарч Ж.М цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дэх тал/,

 

- Шүүгдэгч Э.Оын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...Би өмнө өгсөн гэрчийн мэдүүлэг дээр дэлгэрэнгүй ярьсан байгаа. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 24 дэх тал/ зэргээр тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.  

 

Иймд шүүгдэгч Э.Оыг 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөс 08-ны өдөрт шилжих шөнө 01 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 50 дугаар байрны 12 тоотод иргэн Ж.Мтай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, түүний нүүр хэсэгт нь гараараа цохиж, түүний биед хамар ясны далд хугарал, таславчийн мурийлт, хамарт зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт, зулгаралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:

Шүүх шударга ёсны зарчмыг баримтлан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал, гэмт хэрэг гарсан, үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Э.Оад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар:

Энэ хэргийн улмаас хохирогч Ж.М нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрт учирсан 610.917 төгрөгийн хохирлоо баримтаар нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Э.О нь хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй тул шүүгдэгчийг хохирогчид 610.917 төгрөгийн төлөх төлбөртэй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Э.О нь цагдан хоригдсон хоноггүй болно. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Э.Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Оыг 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх  хэсэгт зааснаар Э.О нь 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Э.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Э.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Э.Оаас 610.917 /зургаан зуун арван мянга есөн зуун арван долоо/ төгрөг гаргуулж, хохирогч Ж.Мд олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Э.Оад урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР