Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1036

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүгдэгч Х.Г, Г.Ц, Д.М нар,

нарийн бичгийн дарга Д.Нямсүрэн,

улсын яллагч Б.Бямбадагва /томилолт/,

шүүгдэгч Х.Гын өмгөөлөгч Л.Данзанноров, С.Дэлгэрмаа нарыг оролцуулан эрүүгийн 2101 00032 0035 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Х.Г, 1984 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ********** ажилтай, ам бүл 3, ах, охины хамт *********** тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, /РД:***************/,

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Г.Ц, 1987 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой. Олон улсын эрх зүйч мэргэжилтэй, ************ ажилтай, ам бул 5. эхнэр. 3 хүүхдийн хамт ************** тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, /РД:*************/,

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Д.М, 1989 оны 6 дугаар сарын 1-ний өдөр Багануур дүүрэгт төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ************** тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, /РД: *************/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.Г нь Г.Ц, Д.М нартай гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэж бүлэглэн, 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 31-ний өдөрт шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “СТ” барилгын 3 дугаар давхрын Сресторанд ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дунг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан,

Шүүгдэгч Г.Ц нь Х.Г, Д.М нартай гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэж бүлэглэн, 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 31-ний өдөрт шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “СТ” барилгын 3 дугаар давхрын “Скоор” /С/ pecторанд ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан,

Шүүгдэгч Д.М нь С.Өнөрцэцэг, Э.Цогтбаатар, Ц.Батболд нартай гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэж бүлэглэн 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр, 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр ******************* тоотод ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулж ажиллуулахад нь хөзөр тараагчаар ажиллаж гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хамжигчаар хамтран оролцсон, мөн үргэлжилсэн үйлдлээр Х.Г, Г.Ц нартай гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэж бүлэглэн 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 31-ний өдөрт шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “СТ” барилгын 3 дугаар давхрын С ресторанд ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулж ажиллуулахад нь хөзөр тараагчаар ажиллаж гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хамжигчаар хамтран оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн дүгнэлт

Хавтас хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Х.Г, Г.Ц нар гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэж бүлэглэн, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “СТ” барилгын 3 дугаар давхрын С ресторанд ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дунг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан, мөн Д.М нь мөрийтэй тоглоом зохион байгуулж ажиллуулахад нь хөзөр тараагчаар ажиллаж гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хамжигчаар хамтран оролцсон үйл баримт нь:

- шүүгдэгч Х.Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг,

- шүүгдэгч Г.Ц шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг,

- шүүгдэгч Д.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг,

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 18-22 дахь тал/,

 

            - Шүүгдэгч Д.Мын мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 18 цагийн үед намайг гэртээ байж байхад миний 80091000 дугаартай утас руу танил ах Х.Г өөрийн ***************** дугаарын утсаар залгаад ажил хийх үү гэж ярихаар нь би дотроо хөзөр тараах ажил гэж ойлгоод тэгье гээд зөвшөөрсөн. Тэгээд би 19 цагийн үед Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “СТ”-т байрлах “С” лоунжид ирээд Х.Г ахтай уулзсан. Тэгтэл Х.Г ах дүү хөзөр тараа, дуусахаар нь цагийн 30.000 төгрөгөөр тооцоог нь бодож мөнгө өгнө гэж хэлэхээр нь зөвшөөрөөд лоунжийн Вип өрөөнд орсон. Тухайн үед Х.Г ах, Г.Ц ах болон 4 хүний хамт юм яриад сууж байсан. Түүний дараа би өрөөний голын том ширээн дээр суутал Г.Ц ах хар өнгийн хөзөр өгөөд Х.Г ах болон танихгүй 4 хүнд хөзөр тарааж тоглоом эхэлсэн. Тэр үед хүмүүс хиса авахдаа Цээгийн ахтай ярьж авч байсан ба бэлэн мөнгө өгч байгааг нь хараагүй. Тоглоом эхлээд явж байтал Баяраа гэж ах ирээд Г.Ц ахтай уулзаад 100.000 төгрөг орчимд 5 ширхэг хисатай сууж тоглолтонд оролцсон. Тухайн хүмүүс тоглоомонд оролцох мөнгөн дүнтэй тэнцэх хэмжээний хисаг Г.Ц ахаас авдаг байсан тул нийт хэдэн төгрөг цугларсан талаар би мэдэхгүй...

...Миний мөнгийг тоглоом тоглож дуусаад өгье гэж тохиролцсон байсан. Мөнгөний талаар Г.Ц ах надад өгөх байсан. Г.Ц ах ширээнд байсан хүмүүст читон тарааж өгөөд мөнгийг нь дансаар шилжүүлж аваад байсан. Би лоунжийн вип өрөөнд очих үед мөрийтэй тоглоом тоглоход бэлэн болсон байсан. Тухайн үед мөрийтэй тоглоомыг Г.Ц ах зохион байгуулж байсан...” гэх мэдүүлэг /1xx-ийн 37-38, 106-107 дахь тал/,

- Гэрч Э.Цын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би тухайн өрөөнд байсан хүмүүсээс Х.Г, Цээгий, Амартүвшин нарыг ажлын шугамаар таньдаг харин бусад хүмүүсийг танихгүй. Манай байгууллагын VIP өрөөнд тухайн хүмүүс миний санаж байгаагаар 18-19 цагийн орчимд орж ирж мөрийтэй тоглоом тоглож эхэлсэн. Би ямар журмаар тоглодгийг мэдэхгүй, намайг ороход том ширээ тойроод суусан урд талдаа хиса өрсөн байдалтай сууж байсан. Тус өрөөнөөс Г.Ц чатаар тухайн уух эд зүйлийг захиалсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 42 дахь тал/,

- Гэрч Д.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Өчигдөр буюу 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 20 цагийн орчим намайг гэртээ байж байхад миний 99093047 дугаарын утас руу Г.Ц нь өөрийн ********** дугаарын утаснаас залгаад миний найз хүрээд ир, би ажил дээрээ байна гэхээр нь би зөвшөөрөөд 21 цагийн үед ганцаараа “С” лоунжид очсон. Тухайн газрын VIP өрөөнд ороход Цээгий, Амараа, Цэнгэл, Гүнболд болон үл таних нэг залуу нар ширээ тойроод хөзрөөр 13 гэдэг тоглоом тоглож байсан. Тэгээд би хоол идээд явах гэтэл тогооч нь байхгүй байсан бөгөөд Г.Ц дуудлагын хоол захиалахаар нь би хүлээж байгаад хоол ирэхээр нь идсэн. Удалгүй тэнд байсан хүмүүс 13 тоглохоо болиод “Техас” покер тоглоом тоглож эхлэхээр нь би Цээгийгээс улаан, саарал өнгийн читоноос мөнгө өгөлгүй аваад тоглож эхэлсэн. Миний ажигласнаар дансаар мөнгөө авч байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 46 дахь тал/,

- Гэрч Р.Сын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Г.Ц, Х.Г нар өнөөдөр манай найзууд ирсэн байгаа, бид нар тоглох гэж байна, та сонирхохгүй юм уу гэсэн. Ингээд зөвшөөрөөд “С lounge pub”-ын арын өрөөнд орж тоглосон. Тухайн өрөөнд 7 хүн байсан бөгөөд нэг хүн нь хөзөр тарааж өгч байсан. Надад Г.Ц хасаа өгч би тоглосон. Тухайн өрөөнд сууж байсан залуучуудыг таньж мэдэхгүй. Тэнд байсан хүмүүс Г.Ц, Х.Г нарын л найзууд байх шиг байсан. Бид нарын хувьд покер хөзөр буюу мөрийтэй тоглоом тоглосон...” гэх мэдүүлэг /1хх-ийн 49-50 дахь тал/,

- Гэрч Т.Нын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Найз Д.М нь 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр над руу залгаад би танай гэрийн ойролцоо С нэртэй пабд хэдэн хүмүүстэй мөрийтэй тоглоом покер тоглох гэж байна чи ирэх үү гэж асуухаар нь би зөвшөөрсөн юм. Миний ажигласнаар бол энэ хүмүүс ширээн дээр байсан цаасан дээр бичсэн дансанд мөнгө шилжүүлж байсан 50.000-100.000 төгрөг шилжүүлэн тоглож байх шиг байсан. Би эхлээд хэн зохион байгуулж байсан талаар мэдээгүй бөгөөд дотор ороод тоглож байхдаа Г.Ц, Х.Г нар нь зохион байгуулж байгаа талаар мэдсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 44-45 дахь тал/,

- Гэрч Б.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Г.Ц над руу залгаад манай pub-д тоглоом болж байна ирж тоглох уу гэж хэлсэн. Тэгээд эхэлсэн юм уу гэсэн чинь эхэлсэн явж байна гэхээр нь ирсэн. Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах С Lounge pub-д иртэл надаас тусдаа 8 хүн 1 нь диллер. Бөөдий, Г.Ц 2 тоглоогүй, үлдсэн 5 хүнтэй нь ширээнд сууж хасаатай мөрийтэй тоглоом тоглосон. Зун 06, 07 дугаар сарын үед Маршал тауны хажууд байх Кинг таунд 12 давхарт байрлах дотроо дээшээ гарсан шаттай өрөөнд 1 удаа тоглож байсан. Тухайн үед Г.Ц буюу Г.Ц над руу ярьж дуудаж тоглож байсан. Би авлагадаа суусан болохоор мөнгө өгөөгүй. Бусад хүмүүс ширээн дээр байсан Батдорж гэх нэртэй Хаан банкны дансанд мөнгөө хийж байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 58 дахь тал/,

- Гэрч Д.Гын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр унтаж байгаад гэртээ 11:00 цагийн үед сэрсэн. Тэгээд гэртээ байж байгаад 16:00 цагийн үед гэрээсээ гараад хотын төв рүү Компьютер ланд орсон. Тэндээс компьютерын сэлбэг харж байгаа буцаад гэр лүүгээ харих гэж байхад манай Г.Ц найз яриад уулзахаар болсон. Тэгээд би Г.Цийн ажил болох Замын цагдаагийн урд байрлах Минт баарны зүүн талд байрлах “Скор лоунж”-д 19:00 цагийн үед ирсэн. Намайг ирэхэд Г.Ц нэг ахтай, бас Х.Г гээд найз нь байсан. Х.Гтайгаа хамтарч лоунжоо ажиллуулдаг юм. Тэдний ажил дээр ирээд хоол идээд нэг шил пиво уусан. Тэгээд байж байсан чинь Лоунжны буланд байрлах VIP өрөө рүү Г.Ц байн байн орж гараад байсан. Тэгснээ энд манай ах нар, найзууд покер тоглож байгаа юм гээд намайг орох уу гэсэн. Тэгээд би орсон. Намайг ороход Г.Ц, Х.Г 2-оос гадна 4 хүн ширээ тойроод суучихсан хөзөр тоглож байсан. Би тэд нарыг танихгүй. Таньдгаас Г.Ц, Г.Цтой хамт ажилладаг Х.Гг л танина. Би хэсэг харж сууж байгаад намайг тоглох уу гэхээр нь жаахан хараадахья гээд 1 цаг гаран суусан. Тэгээд Г.Цтой хамт тамхилахаар өрөөнөөс гараад тамхины өрөө орсон. Тамхины өрөөнд Г.Ц намайг тоглох уу гэхээр нь надад мөнгө байхгүй гэсэн чинь хамаагүй ээ “Би чамайг цэнэглээд өгье гээд” тэгээд ороод суусан. Г.Ц надад 4 ширхэг шар читон өгсөн. Надад тайлбарлахдаа 1 шар читон нь 5 улаан читон болно, 1 улаан читон нь 5 саарал читон болно гэсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 69-70 дахь тал/,

- Гэрч Г.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний хувьд Худалдаа хөгжлийн банкны дансны гүйлгээ хийдэг. Харин Хаан банкны ********** данс байдаг. Хаан банкны данс дансны орлого, зарлагын гүйлгээний мэдээлэл нь ахын барьдаг ********** гэсэн өөрийнх нь хэрэглэдэг утсаар дамжуулан мэдээлэл очдог юм...” гэх мэдүүлэг /1хх-ийн 111 дэх тал/,

- Шүүгдэгч Г.Цийн мөрдөн шалгах ажиллагааны үед сэжигтнээр өгсөн: “...Өнөөдөр буюу 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 18:00-19:00 цагийн хооронд би өөрийн ажиллуулдаг С Lounge pub VIP-ын өрөөнд найзуудаа дуудаж мөрийтэй тоглоом зохион байгуулж тоглосон. Тухайн тоглолтод Гүнболд, Соронзонболд, Амартүвшин, Цэнгэл, Бямбаа нарыг дуудаж доод хэмжээ 20.000 төгрөг, дээд хэмжээ 100.000 төгрөгийг Хаан банкны ********** тоот Батдорж гэх хүний дансанд нийт 3.000.000 төгрөг ойролцоогоор таталт хийж эхэлсэн. Хаан банкны ********** тоот Батдорж гэх дансанд мөрийтэй тоглоом тоглож байгаа хүмүүсийн мөнгийг цуглуулдаг данс байгаа юм. Батдорж гэдэг хүн нь миний төрсөн дүү байгаа юм. Би дүүгийнхээ дансыг ашигладаг юм...” гэх мэдүүлэг /1хх-ийн 126-127 дахь тал/,

- Шүүгдэгч Г.Цийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...Уг цүнхтэй читон зэрэг нь манай хуучны найз Цогоогийн читон байгаа юм. Х.Г бид хоёр өчигдрийн хувьд ашигласан юм...

... Би Х.Гын хамтаар ****** поунж хамтран түрээслэн 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн ажиллуулж байна. 22 цагийн үед С лоунжийн арын вип өрөөнд Х.Г бид нар хөзөр тоглохоор болсон. Ингээд ширээ тойрч суугаад диллер хөзөр тараагаад мөрийтэй тоглоом тоглож эхэлсэн. Энэ тоглоомыг тоглохдоо бооцоо тавина, ширээн дээр читон буюу хасааг байрлуулж хүн тус бүр ижил хэмжээтэй тарааж өгсөн. Миний хувьд эхнэрийн нэр дээр байдаг Лексус маркийн суудлын автомашиныг бэлэн мөнгөний барьцаанд хүнээс мөнгө зээлсэн байсан. Мөнгө олж барьцаанд тавьсан машинаа авах бодолтой ийм зүйл хийчихлээ. Би харин вип өрөөнд ганц удаа ёндоогоо үзээд жаахан тоглочихъё гэж Х.Гас гуйгаад хийсэн зүйл юмаа...” гэх мэдүүлэг /1хх-ийн 161, 166 дахь тал/,

- Шүүгдэгч Х.Гын сэжигтнээр өгсөн “...Миний найз тус пабын зохион байгуулагч болох Г.Ц нь өглөө паб дээр байхад надад өнөө орой Вип өрөөнд хэдэн найзуудыгаа дуудаад покер тоглоом тоглох уу гэж надаас зөвшөөрөл авахаар асуусан, би хариуд нь түүнд татгалзахгүйгээр зөвшөөрсөн юм. Тэгээд удалгүй 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 18 цагийн орчим Г.Цийн найз болох Гүнболд, Соронзон, түүний 2 дүү, Цэнгэл, Батбаяр гэх хүмүүс ирсэн бөгөөд тэдгээр нь хоорондоо манай пабын Вип өрөөнд мөрийтэй тоглоом тоглож эхэлсэн. Г.Ц нь намайг ширээнд суугаад хамт техас покер тоглоом тоглох уу, ганц суучих гэж асуусан. Би тэгээд зөвшөөрөөд тоглосон бөгөөд би энэ тоглоом тоглоход ямар нэгэн мөнгө төгрөг юу ч өгөөгүй...” гэх мэдүүлэг /1xx-ийн 135 дахь тал/,

- Шүүгдэгч Х.Гын яллагдагчаар өгсөн: “...Манай найз Г.Ц эхнэрийнхээ машиныг барьцаанд мөрийтэй тоглоомд алдсан. Сар шинэ болох гэж байна, би хэдэн хүмүүс олоод вип өрөөнд покер тоглоё гэж надаас гуйсан юм. Би энэ асуудлыг найздаа зөвшөөрсөн юм. Манай найз Г.Цийн найзууд ирээд миний түрээслэн ажиллуулдаг С лоунижд тоглосон. Миний хувьд мөрийтэй тоглоом зохион байгуулж байгаагүй, анх удаа 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр манай С лоунжид Г.Ц бид хоёр таньж мэддэг найзуудаа дуудан випд покер тоглохыг нь зөвшөөрсөн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 224 дэх тал/,

- Шүүгдэгч Д.Мын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...Болсон явдлын талаар хэлэхэд 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Х.Г ахын утасны дугаараас Г.Ц ах ажил хийх үү гэж санал тавьсан. Надтай утсаар ярих үед би хийх талаар нь ойлгосон. Би өмнө нь өөр газар хөзөр тарааж байгаад мөн цагдаагийн алба хаагч нарт баригдаж шалгагдаж байсан. Х.Г, Г.Ц нар дээр болохоор анх удаагаа тухайн өдөр очиж ажилласан. Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Сакура центрийн 3 давхарт байрлах С лоунжийн вип өрөөнд ширээ зассан, читон хасаа ширээн дээр байрлуулсан, мөн хөзөр байсан. Миний хувьд өмнө өгсөн гэрчийн мэдүүлгүүдэд үнэн зөвөөр мэдүүлсэн, нэмж хэлэх зүйл байхгүй, хэлж ярьсан...” гэх мэдүүлэг /2xx-ийн 32 дахь тал/,

- Улсын Бүртгэлийн Ерөнхий газрын 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 10/1685 дугаартай “... “С бет” ХХК нь 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Халтарын Х.Г үүсгэн байгуулж, 100 хувь хувьцаа өмчлөгч...” гэх лавлагаа /2хх-ийн 46-47 дахь тал/,

- Хаан банкны 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 50/1311 дугаартай Г.Б********** тоот харилцах дансны 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 5.000.000 төгрөгийн орлогын гүйлгээ 5042240540 тоот харилцах данснаас, 53022500108 тоот харилцах дансанд 5.000.000 төгрөгийн зарлагын гүйлгээ Х.Г гэсэн утгатай, 5302500108 тоот харилцах данснаас 10.000.000 төгрөгийн орлогын гүйлгээ, 5302500108 тоот харилцах дансанд 5.000.000 төгрөгийн зарлагын гүйлгээ Х.Г гэсэн утгатай, 5302500108 тоот харилцах дансанд 7.500.000 төгрөгийн орлогын гүйлгээ, 5042575247 тоот харилцах дансанд 5.000.000 төгрөгийн зарлагын гүйлгээ Х.Г гэсэн утгатай, 5099787799 тоот харилцах дансанд 1.000.000 төгрөгийн орлогын гүйлгээ, 5302500108 тоот харилцах дансанд 1.000.000 төгрөгийн зарлагын гүйлгээ, 5099787799 тоот харилцах данснаас 2.000.000 төгрөгийн орлогын гүйлгээ, 5302500108 тоот харилцах данснаас 1.000.000 төгрөгийн орлогын гүйлгээ, 5071125465 тоот харилцах данснаас 2.000.000 төгрөгийн орлогын гүйлгээ 5099787799 тоот харилцах данснаас 1.000.000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн талаарх лавлагаа /2хх-ийн 210-211 дэх тал/ зэргээр,

- ******************* тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3хх-ийн 181-189 дэх тал/,

- Гэрч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр манай найз Цогтбаатар над руу утасдаад “тоглох уу” гэхээр нь “тэгье” гээд ******************* тоотод очсон. Тэнд 3 хүн байсан ба тэр гурван хүнтэй дөрвүүлээ мөрийтэй покер тоглосон...” гэх мэдүүлэг /3хх-ийн 216 дахь тал/,

- Гэрч С.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би урьд өмнө өгсөн мэдүүлэгтээ сандраад тус тоотод 2021 оны 12 сарын 25-ны өдөр нэг удаа тоглож байснаа мартаад мэдүүлэг өгсөн байна билээ. Би урьд нь 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Энглиш Гарден хотхоны 7/2 тоотод 1 удаа тоглож байсан надаас гадна гурвуулаа нийт дөрвүүлээ байсан.” гэх мэдүүлэг /3хх-ийн 221 дэх тал/,

- Гэрч Ү.Тийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 17 цагийн орчимд найз Цогтоо 88113797 дугаарын утаснаас залгаад “Үнэгүй нэг цэнэглээд өгье. Өнөөдөр ирээд суучих” гэсэн юм. Тэгээд орой 23 цагийн орчимд орсон чинь 1 сая төгрөгийн хасаа өгөөд 6 хүнтэй ширээн дээр суугаад Техас тоглож байхад гаднаас цагдаа нар орж ирсэн... Би тус тоотод 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс өмнө 2021 оны 12 дугаар сарын 25-ны үед тоглож байсан. Нийт 2 удаа тоглосон...” гэх мэдүүлэг /3хх-ийн 224, 226 дахь тал/,

- Гэрч Б.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр ...3 давхарт гараад покер тоглох зориулалтын ширээн дээр надаас гадна 6 хүн суугаад хүний 1 сая төгрөгийг Өнөрцэцэг гээд тэнд байсан эмэгтэйн дансанд хийгээд 22 ширхэг гараад хясаа аваад тоглож байхад гаднаас цагдаа нар орж ирсэн. Би энэ өдрөөс өмнө 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр нэг удаа тоглосон. ..надаас гадна 3 хүн байсан ба дөрвүүлээ тоглосон...” гэх мэдүүлэг /3хх-ийн 229 дэх тал/,

- Гэрч О.Дийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 3 давхрын жижиг өрөөнд 6 хүнтэй 1 ширээн дээр техас тоглосон мөрийний мөнгийг Батболд гээд хасаа барьж байсан хүнд 400 евро бэлнээр өгөөд, 30 орчим хясаа аваад, тоглоод 30 ширхэг хясаагаа алдаад жижиг өрөөнд ороод тамхи татаж байхад гаднаас цагдаа нар орж ирсэн...” гэх мэдүүлэг /3хх-ийн 234 дэх тал/,

- Гэрч А.Оийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2022 оны 01 дүгээр сарын 14-ний орой 22 цаг өнгөрч байхад өөрийн найз Очирбат руу уулзаж хувийн асуудлын талаар ярилцъя гэж залгасан юм. Тэгтэл Очирбат, Нямбат 2 Зайсан толгойн урд “Энглиш Гарден” хотхонд байна гэхээр нь би очсон. Тэгээд намайг очиход 10 орчим хүн тэр байранд байсан. 3 давхарт нь покер тоглоцгоож байсан. Тэгээд Очирбатыг хүлээгээд 2 давхарт нь байж байтал цагдаа нар орж ирсэн...” гэх мэдүүлэг /3хх-ийн 238 дахь тал/,

- Гэрч Х.Гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 20 цаг хүртэл гэртээ хүүхдүүдийн хамт байж байгаад 20 цагт гарч өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг угаалгасан юм. Машинаа угаалгаж дуусаад найз Цогтбаатарын **** гэсэн дугаар руу өөрийнхөө **** гэсэн дугаараас залгаж хаана байгааг асуусан. Тэгтэл Цогтбаатар Энглиш Гарденд байна гэсэн. ...намайг тэнд очиход таньдгаас Цогтбаатар, эхнэрийнх нь 2 дүү гээд 2 залуу байсан. 3 давхарт хэдэн хүмүүс покер тоглож байсан. Би утсаараа интернетээр тоглоод 2 пиво уугаад сууж байтал цагдаа нар орж ирсэн...” гэх мэдүүлэг /3хх-ийн 242 дахь тал/,

- Гэрч Д.Оын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Цогоо гээд дүү 19 цагийн орчим “ирээд тоглооч” гээд дуудахаар нь “Энглиш Гарден” хотхон дээр найз Нямбатын хамт очоод тоглохоор болоод “ахад нь мөнгө байхгүй байна, мөнгөтэй болохоороо өгье” гээд Батболд гэдэг залуу 1 сая төгрөгөнд тааруулаад хасаа өгсөн. Хэд байсныг санахгүй байна. Тэгээд тоглож байтал гаднаас цагдаа нар орж ирсэн...” гэх мэдүүлэг /3хх-ийн 236 дахь тал/,

- Эрүүгийн 2101 00052 0032 дугаартай хэргийн яллагдагч Э.Цын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Түвшинтөгс, Доржпүрэв...нарын 6 хүнтэй мөрийтэй тоглоом зохион явуулж байсан. Тэгсэн цагдаа нар орж ирсэн... Бид нарыг 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр мөрийтэй тоглоом зохион байгуулахад 7 хүн дуудсанаас 4 хүн ирж тоглосон...” гэх мэдүүлэг /4хх-ийн 19-20 дахь тал/,

- Эрүүгийн 2101 00052 0032 дугаартай хэргийн яллагдагч Ц.Батболдын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Цогтоо хүмүүс дуудаад мөрийтэй тоглоом зохиогоод би хясааг нь зөөж өгсөн. Дараа нь мөн ...2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр зургаан хүнтэй мөрийтэй тоглоом зохион байгуулж байхад цагдаа нар орж ирсэн юм...” гэх мэдүүлэг /4хх-ийн 27 дахь тал/,

- Эрүүгийн 2101 00052 0032 дугаартай хэргийн яллагдагч С.Өнөрцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр манай найз Цогтбаатар над руу залгаж манай ах нэг юм хийх гээд хөзөр холиод өгөөч гэсэн. ...намайг тэнд очиход Цогтбаатарын ах Батболд болон танихгүй 3 хүн мөриитэй покер тоглож байсан ба би очоод 1 цагийн 30.000 төгрөгөөр диллер буюу холигч хийсэн. Тухайн үед цаг гаран тоглуулаад байж байсан чинь цагдаа нар ирсэн. 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр танихгүй 4 хүн ирж тоглож байсан. Тоглоом 2 цаг үргэлжилсэн санагдаж байна. ...эхний удаа 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 30.000 төгрөгийг Цогтбаатараас бэлнээр авсан. Дараа нь цагдаа нар ирсэн учир мөнгө аваагүй...” гэх мэдүүлэг /4хх-ийн 34 дэх тал/ зэргээр тус тус тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт  хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.  

 

Иймд шүүгдэгч Х.Гынг Г.Ц, Д.М нартай гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэж бүлэглэн, 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 31-ний өдөрт шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “СТ” барилгын 3 дугаар давхрын Сресторанд ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дунг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Г.Цийг Х.Г, Д.М нартай гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэж бүлэглэн, 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 31-ний өдөрт шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “СТ” барилгын 3 дугаар давхрын С pecторанд ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Д.Мыг С.Өнөрцэцэг, Э.Цогтбаатар, Ц.Батболд нартай гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэж бүлэглэн 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр, 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр ******************* тоотод ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулж ажиллуулахад нь хөзөр тараагчаар ажиллаж гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хамжигчаар хамтран оролцсон, мөн үргэлжилсэн үйлдлээр Х.Г, Г.Ц нартай гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэж бүлэглэн 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 31-ний өдөрт шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “СТ” барилгын 3 дугаар давхрын /С/ ресторанд ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулж ажиллуулахад нь хөзөр тараагчаар ажиллаж гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хамжигчаар хамтран оролцсон гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч Х.Г, Г.Ц, Д.М нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй бөгөөд шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хувийн байдал, зэргийг харгалзан прокуророос шүүгдэгч Х.Гд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгжээр торгох, шүүгдэгч Г.Цид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3.000 нэгжээр торгох, шүүгдэгч Д.Мад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.500 нэгжээр нэгжээр торгох ялын санал гаргаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тохиролцсон нь хуульд нийцсэн гэж шүүх шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Г, Г.Ц, Д.М нарын гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого болох иргэн Г.БХаан банкин дахь ********** дугаартай дансан дахь 6.500.000 төгрөгийг улсын орлого болгохоор НШГАлбанд шилжүүлэх нь зүйтэй.

Шүүгдэгч нар нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж шүүх шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан Эрүүгийн Цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа Покер старс гэсэн бичигтэй хөзөр 2 хайрцаг, улаан өнгийн читон 304 ширхэг, хар өнгийн читон 19 ширхэг, ногоон өнгийн читон 87 ширхэг, шар өнгийн читон 49 ширхэг, деэлэр /dealer/ гэсэн бичигтэй читон 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Эрүүгийн Цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгаж, устгасан талаарх баримтыг шүүхэд ирүүлэхийг мэдэгдэж, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй.

Энэ хэрэгт шүүгдэгч Х.Г нь 28 хоног, шүүгдэгч Г.Ц нь 2 хоног тус тус цагдан хоригдсон, шүүгдэгч Д.М нь цагдан хоригдсон хоноггүй болно. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Х.Г, Г.Ц нарыг гэмт хэрэгт хамтран оролцон ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Д.Мыг үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэгт хамжигчаар оролцож ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулж ажиллахад хамжигчаар хамтран оролцсон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Гынг 1.000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 (нэг сая) төгрөгөөр торгох ялаар,

 Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Цийг 3.000 (гурван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 (гурван сая) төгрөгөөр торгох ялаар,

Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Мыг 1.500 (нэг мянга таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 (нэг сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Х.Гын урьд цагдан хоригдсон 28 /хорин найм/ хоногийн нэг хоногийг торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгөөр тооцон түүний эдлэх ялаас хасаж, түүний биечлэн эдлэх торгох ялыг 580 (таван зуун ная) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 580.000 (таван зуун наян мянга) төгрөгөөр,

Г.Цийн урьд цагдан хоригдсон 2 /хоёр/ хоногийн нэг хоногийг торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгөөр тооцон түүний эдлэх ялаас хасаж, түүний биечлэн эдлэх торгох ялыг 2.970 (хоёр мянга есөн зуун дал) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.970.000 (хоёр сая есөн зуун далан мянга) төгрөгөөр тус тус тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх  хэсэгт зааснаар Х.Г нь 580 (таван зуун ная) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 580.000 (таван зуун наян мянга) төгрөгөөр торгох ялыг, Г.Ц нь 2.970 (хоёр мянга есөн зуун дал) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.970.000 (хоёр сая есөн зуун далан мянга) төгрөгөөр торгох ялыг, Д.М нь 1.500 (нэг мянга таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 (нэг сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Х.Г, Г.Ц, Д.М нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

            6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Покер старс гэсэн бичигтэй хөзөр 2 хайрцаг, улаан өнгийн читон 304 ширхэг, хар өнгийн читон 19 ширхэг, ногоон өнгийн читон 87 ширхэг, шар өнгийн читон 49 ширхэг, деэлэр /dealer/ гэсэн бичигтэй читон 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Эрүүгийн Цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгаж, устгасан талаарх баримтыг тус шүүхэд ирүүлэхийг мэдэгдэж, мөрдөн шалгах нууц ажиллагааны үр дүнг бэхжүүлсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Г.Б Хаан банкин дахь ********** дугаартай дансан дахь 6.500.000 төгрөгийг улсын орлого болгохыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

             8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар Г.Батдоржийн эзэмшлийн Хаан банкин дахь ********** тоот харилцах дансан дахь мөнгөн хөрөнгийн зарлагын гүйлгээний шилжилт хөдөлгөөн,

            Х.Гын эзэмшлийн Хаан банк, Төрийн банк, Хас банк, Голомт банк, Худалдаа хөгжлийн банкууд дахь мөнгөн хөрөнгийн зарлагын гүйлгээний шилжилт хөдөлгөөн,

            С ХХК-ийн /РД:**********/ өмчлөлийн хувьцаа, эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөний тус тус хязгаарлах шийдвэрийг хүчингүй болгож, битүүмжлэлээс чөлөөлсүгэй

 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Х.Г, Г.Ц, Д.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР